| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0037/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/41 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/41
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Б.Мөнхдөл,
иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхжаргал,
хохирогч О.Э,
шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.7 дахь хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөндлөн овогт Чанцалын Ат холбогдох эрүүгийн 2017000610031 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Чын А /РД:ЕС69052509/, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1969 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Г аймгийн С сумын 3 дугаар баг .... оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, урьд 1992 онд Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Ч.А нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г аймгийн С сумын ..... тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр О.Эыг согтуурсан, орон дээр цаашаа хараад хэвтэж байхад алах зорилгоор хурдан шатах тослох материал буюу бензин нүүрэн дээр нь асган асаагуураар асааж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ч.А нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчимд Г аймгийн С сумын ...... тоотод байх өөрийн гэртээ нөхөр О.Эыг архидан согтуурсан байдалтай орон дээр цаашаа хараад унтахаар хэвтэж байхад өөрийг нь зодсон гэх шалтгаанаар хурдан шатах тослох материал буюу бензин толгой хэсэг рүү нь цацаж асаагуураар асаан галдан шатааж онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нөхөр болон манай хашаанд байдаг Гтэй хамт гурвуулаа 750 граммын 3 шил архи уугаад би тасарсан байсан. Юу болсон талаар мэдэхгүй байгаа. Өглөө эрүүлжүүлэхээс гараад мэдсэн. Э бид хоёр 10 гаран жил хамт амьдарч байгаа. Өмнө нь муудаж байгаагүй. Савтай бензин гадаа байсан. Эыг намайг зодсон гэдгийг мэдэхгүй байгаа. Г надад зодсон гэж хэлсэн. Би их амархан согтдог, уучихаараа ухаанаа алдчихдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Улсын яллагчаас сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эхнэр А өдөр нь архи уусан байсан. Тэгээд орой нь цалин буугаад мартын 8-ны өдөр баярлуулж чадаагүй учраас манайд хамт амьдарч байсан Г бид гурав 750 граммын 3 шил архи хувааж уугаад А тасарсан байсан. Тухайн үед миний буруутай үйлдлээс болж ийм хэрэг болсон. Би унтах гээд хэвтэж байхад толгой дээр хүйтэн зүйл асгасан. Тэгээд босоод иртэл гал асахаар нь би хөнжлөөрөө хучиж гараад унтраагаад гаднаас орж ирэхэд гэрт орон дээр гал асаж байсныг бас унтраасан. Гийн хэлснээр Аийг зодсоноос болоод миний хань ийм хэрэг хийсэн байх. Намайг зүгээр унтаад өгсөн бол эхнэр минь дагаад унтах байсан. Тэрнээс миний эхнэр хэзээ ч намайг алах хүн биш. Би гадаа гараад хөнжлөөрөө галаа унтрааснаа, дүү рүүгээ ярьсанаа мэдэж байгаа. Надад биеэ хамгаалах чадвар байсан. Би өөрөө буруу хараад хэвтэж байсан болохоор анзаараагүй. Хэрвээ гаднаас юм бариад орж ирж байхыг мэдсэн бол таслан зогсоох байсан. Тухайн үед хэрэлдэж маргалдсанаа сайн санахгүй байгаа. Харин одоо унтаж амарцгаая гэж хэлээд орондоо хэвтсэнээ санаж байна. Одоо миний биед ямар нэгэн зовиур байхгүй. Гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний нүүрэнд тухайн үед цэврүү үсэрсэн байсан. Тэрнээс хүнд гэмтэл учирсан зүйл байхгүй. А бид хоёр 13 жил хамт амьдарч байгаа. Хоорондоо таарамжгүй харилцаа байхгүй гэв.
1.3. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Э, А бид нар тэдний гэрт өдрөөс эхлэн 2 шил 750 граммын Хараа нэртэй архи авч хувааж уугаад бүгд нилээн согтоцгоосон. Орой болоод би гэрт ороо засаад унтаж байсан чинь Э, А нар хоорондоо маргалдаж муудалцаад түжигнээд эхэлсэн. Би сэрээд юу болов гээд босоод ирсэн чинь Э Аийг гэрийн баруун талд байх орныхоо өмнө газар шалан дээр унагачихсан хоолой дээр нь хөлөөрөө гишгэсэн байхаар нь би босч очоод салгах гэтэл Э намайг барьж аваад миний өмсөж байсан цамцны захаар хоолойг минь боогоод чамд хамаагүй чи цаашаа байж бай гэж хэлээд газар түлхэж унагасан. Тэгтэл А надад хандаад цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь би утсаа аваад цагдаа дуудах гэсэн чинь Э над дээр ирээд миний утсыг булааж аваад шидсэн, хаашаа орсон гэдгийг нь би мэдээгүй, утсаа хайгаад олоогүй. Тэгээд Э, А нар тайвшираад больцгооё унтаж амарцгаая гэж ярилцаад Э орондоо орсон тэр үед А гэрээс ганцаараа гарч яваад удалгүй буцаж гэрт орж ирэхдээ гартаа нэг хүрэн пивоны савтай зүйл барьж орж ирээд энэ мууг шатааж ална гэж хэлээд нөгөө гартаа барьсан байсан савтай зүйлийнхээ тагийг нээгээд Э руу цацаад халааснаасаа асаагуур гаргаж ирээд асаагаад Э руу шидсэн. Тэгэхэд гал дүрс гэж асаад Эын нүүр, толгойн хэсэгт гал авалцаж шатсан мөн тэр хавийн орны хөнжил, гудас, гэрийн хөшиг зэрэг нь шатсан. Тэр үед Э босч ирээд нөмрөөд хэвтэж байсан хөнжлөөрөө өөрийнхөө толгойг ороогоод гэрийн хаалгаар гадагш гарсан. Би шанагаар ор луу ус цацаж асч байсан галыг унтраасан. Аийн гал тавьсан асаагуур Эын хэвтэж байсан орон дээр байж байхаар нь би аваад хогийн сав руу хийсэн. Э гаднаас гэрт буцаж орж ирэхэд түүний нүүр, хүзүү хэсэг нь түлэгдсэн байсан. Э гэрт орж ирээд эхнэр Атээ хандаад яаж байгаа юм бэ гэж асуухад А өөдөөс нь хохь чинь чи яагаад намайг хөлөөрөө дэвсэлсэн юм бэ гэж хэлээд би чамайг гэртэй чинь шатааж ална гээд саванд үлдсэн бензинээ гэрт цацаад савыг нь гэрээс гаргаж шидээд асаагуураа хайгаад олоогүй учраас дахин гал тавьж чадаагүй. Тэгээд Эын дүү Б нөхрийн хамт ирээд цагдаа, эмнэлэг дуудсан. Өнгөрсөн шинэ жилийн өмнө 12 дугаар сард Э ямааны толгой хуйхлана гэж 2,5 литрийн пивоны савтай бензин авч ирсэн. Тэр бензины үлдэгдэл байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20, 21 хуудас/
1.4. Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед манай ах Э фейсбүүкээр над руу залгаж яриад ахыг нь эхнэр А шатаачихлаа хүрээд ир гэж хэлээд нүүрээ харуулсан. Тухайн үед нүүр нь битүү цэврүүтсэн байдалтай харагдсан. Би нөхөр Ариунболдын хамт Э ахын гэрт очиход гэрээс нь бензин үнэртэж байсан. Мөн гэрийн баруун талд байх орон дээр байсан гудас, дэр нь шатсан байдалтай байсан. Э ахын нүүрэн дээр цэврүү нь хагарчихсан арьс нь хууларчихсан байсан. Би А эгчид хандаж та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд ах чинь намайг зодсон гүйцээнэ гэж хэлээд гал асаагуур нэхээд байсан. Удалгүй цагдаа ирсэн. Ахын гэрт очиход А эгч нилээн согтуу байсан. Г хэлэхдээ Э ах орон дээр хэвтэж байтал А нь гаднаас пивоны савтай бензин оруулж ирээд толгой руу цацаад асаагуур асаагаад шидчихсэн гэж хэлж байсан. Э ахын улаан хоолой, 2 шанаа хэсэг битүү түлэгдэлттэй Уланбаатар хот руу явж эмчлүүл гэсэн. Гүн түлэгдэлт үүссэн байна гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/
1.5. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Э ах 21 цагийн үед фэйсбүүкээр над руу залгаж яриад ахыг нь ийм болгоод түлчихлээ гээд нүүрээ харуулсан. Би эхнэр Эыг дагуулаад Э ахын гэрт очиход Э ах А эгч чинь намайг ийм болгочихлоо гээд толгой нь түлэгдсэн байдалтай байж байсан. Тэгээд би цагдаа дуудаад дараа нь эмнэлэг дуудсан. Эхнэр бид хоёрыг очиход гэрээс бензин үнэртэж байсан. Мөн гэрийн баруун талын орны гудас хөнжил, орны цаад талын хөшиг нь шатсан байдалтай байсан. Э ахын нүүрэн дээр цэврүүтсэн байдалтай зарим талаараа арьс нь хууларсан байсан. А эгч нилээн согтолттой ахыг нь шатаачихлаа гээд орилоод байсан. Бид хоёрыг очиход Э ах, А эгч, бас нэг хашаанд байдаг Г гэх эмэгтэй байсан. Юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Тэр хоёр болон хамт байсан Г нь хүртэл нилээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/
1.6. Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаар дүгнэлтэнд: О.Эын биед баруун, зүүн чихний дэлбээ, хүзүүнд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа болон нийлсэн ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 41-42 хуудас/
1.7. Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр дүгнэлтэнд: Ч.Аийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 47-48 хуудас/
1.8. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 369 дугаартай дүгнэлтэнд: Ч.А нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Ч.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ч.Ат эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч Д.Дэжидмаа, тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч Г.Нарантуяа, ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч Л.Баттулга гэжээ. /х.х-ийн 57-58 хуудас/
1.9. Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2101 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “2017700061 дугаартай хэргийн шинжилгээний обьект” гэж хаяглан “Сэнгүр” гэсэн шошго бүхий 2,4 литрийн хүрэн өнгийн хуванцар савтай шаргал өнгөтэй шингэн зүйлээс шатах тослох материалын агуулга илэрч байна. Шинжилгээг нарийвчлан шинжилгээ хийх аргачлал, техникийн боломжгүй байна.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Ц гэжээ. /х.х-ийн 62-64 хуудас
1.10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-7 хуудас/
1.11. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 8 хуудас/
1.12. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түргэн тусламжийн дуудлагын хуудасны хуулбарууд, О.Эын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /х.х-ийн 82-85 ,89-91, 94-99 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ч.Аийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Улсын яллагч Б.Мөнхдөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Аийг хүнийг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж үйлдэхийг завдсан гэсэн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь: хэдийгээр хохирогч О.Э нь архидан согтуурч унтахаар хэвтэж байсан болох нь хохирогч О.Э, гэрч Б.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч хохирогч О.Э нь биеэ хамгаалж чадахгүй байсан гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна. Шүүгдэгч Ч.А нь түүний толгой хэсэгт бензин асгахад хохирогч О.Э нь унтаагүй сэрүүн байсан ба гал асах мөчид нөмөрч байсан хөнжлөөрөө толгойгоо хучиж галыг унтрааж гэрээс гарч биеэ хамгаалсан болох нь хохирогч О.Э, гэрч Б.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ч.А нь бензин ашиглаж галдан шатаах аргаар халдлагыг үйлдсэн боловч тухайн халдлага нь шууд хохирогч О.Э руу чиглэсэн, бусдад аюул учруулхуйц хэмжээгээр нөлөө үүсгээгүй, халдлагад ашигласан бензин, гал тархсан хэмжээ зэргээс үзэхэд олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох нөхцөл байдал үүсээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Аийн тодорхой хэмжээний бензин хэрэглэж хохирогч О.Эын толгой хэсгийг шатаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхжаргал нь шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч Ч.Аийг гэм буруугүй гэж үзэж байгаа учраас хариуцлагаас чөлөөлөх саналтай байгаа болохоо илэрхийлсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат нь шүүгдэгч Ч.А нь маш их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас өөрийгөө хянах чадваргүй байсан, хохирогчийн хууль бус үйлдлээс болж энэ хэрэг үйлдэгдсэн, Ч.А, О.Э нар нь 13 жил хамт амьдарсан, өс хонзонгийн асуудалгүй, урьд нь ийм асуудал үүсэж байгаагүй, тухайн үед хохирогч өөрийгөө хамгаалах чадвартай байсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.7 дугаар зүйлд зааснаар яллах нь үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх саналтай байна. Учир нь хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэмт хэргийн хувьд шууд алах зорилго агуулаагүй. Тухайн үед согтуу хүний авир болон нөхөртөө гомдсон, уурласан байдлаас болж энэ хэрэг гарсан гэсэн гэм буруугийн дүгнэлтүүдийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: хавтаст хэрэг авагдсан хохирогч О.Э, гэрч Б.Г, О.Энхболор, Б.Ариунболд нарын мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаар дүгнэлт, шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2101 дугаар дүгнэлт зэргээр шүүгдэгч Ч.А нь согтуугаар хохирогч О.Эыг архидан согтуурсан байдалтай орон дээр цаашаа хараад унтахаар хэвтэж байхад өөрийг нь зодсон гэх шалтгаанаар хурдан шатах тослох материал буюу бензин толгой хэсэг рүү нь цацаж асаагуураар асаан галдан шатааж онц харгис хэрцгийгээр алахыг завдсан болох нь нотлогдож байгаа болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.А нь хохирогч О.Эыг онц харгис хэрцгийгээр алах зорилгоор толгой хэсэгт рүү нь бензин цацаж галдан шатаасан шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас буюу хохирогч О.Э нь нөмөрч байсан хөнжлөөрөө толгойгоо хучин галыг унтраасны улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна.
ХОЁР. Шүүгдэгч Ч.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Миний эхнэрийн хийсэн гэмт хэрэг их хүнд зүйл ангиар шийтгэгдэх гэж байна. Тиймээс бид хоёрын олон жил хамт амьдарсан болон эхнэрийн минь биеийг байдлыг бодоод хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
2.2. Гэрч Н.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “А нь нөхрийнхөө хамт хоёулаа амьдардаг, зан байдлын хувьд даруухан хүн. Хүнтэй муудалцаад зодоон хийгээд байсныг мэдэхгүй. Хүнтэй дажгүй сайхан энгийн харьцаатай, уг дуу цөөтэй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
2.3. Гэрч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “А нь даруухан, цагаахан зантай хүн. Архи уухгүй 6 жил болж байгаад сүүлийн нэг жил архи уугаад байдаг болсон. Хүнтэй эвсэг харилцаатай, элдэв янзын ааш зан байхгүй, өөрийн хариуцсан ажлыг сайн хийдэг, хүнд тусархуу зантай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/
2.4. Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай бэр А нь хүнд тусархуу, хүн их дайламтгай, цэвэрч нямбай зантай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/
2.5. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай эгч 1969 онд Дорноговь аймагт төрсөн. Дорноговь аймгийн Төмөр замын сургуульд 8 дугаар анги төгсөөд барилгын сургуульд явж бетон армотурчин мэргэжилтэй болоод эмнэлэгт сувилагч хийж байгаад ажилгүй болсон. А нь ааш зангийн хувьд илүү дутуу зан байхгүй. Сүүлд архи жаахан уудаг байж байгаад архинаас гараад 4-5 жил болж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/
2.6. Гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 1986 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Төмөр замын сургуульд анх элсэн орж Атэй танилцаж байсан. Бид хоёр 8 дугаар анги хүртэл суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгсөж байсан. А нь их дуугүй, ноомой хүүхэд байсан. Хичээл сургууль, амьдрал ахуйн хувьд дундаж л байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37 хуудас/
2.7. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би А эгчийн нөхрийг Э гэдэг болохыг нь мэддэг болоод 2-3 жил л болж байна. Энэ хоёр дундаасаа хүүхэдгүй. Манай эгч нөхөртэйгөө архи их уудаг байсан. Түүнээс болоод архаг архичдын эмчилгээнд хүртэл явж байсан. Архи уухаараа хааяа муудаж зодолддог байсан. Би нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна. учир нь байнга хамт байдаггүй байсан. Манай эгч Ч.А нь даруу төлөв зантай, амьдрал ахуйн хувьд нэг их боломжтой биш жаахан тааруу” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 38-39 хуудас/
2.8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 107, 110-121 хуудас/
2.9. Ч.Аийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, /х.х-ийн 103, 104 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Аийг хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат нь хорих ялын доод хэмжээг оногдуулах саналуудыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Ч.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэрэг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг үндэслэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн урьд нь 2 удаа ял шийтгүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон эрээн орны бүтээлэг 1 ширхэг, 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй хүрэн өнгийн пивоны сав 1 ширхэгийг тус тус устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Аийг хүнийг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй мэдсээр байж үйлдэхийг завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Хөндлөн овогт Чанцалын Аийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон эрээн орны бүтээлэг 1 ширхэг, 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй хүрэн өнгийн пивоны сав 1 ширхэгийг тус тус устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.БАТТУЛГА
Т.ЭНХМАНДАХ