Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0203

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 796 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ш.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,

Хэргийн индекс: 128/2021/0670/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 796 дугаар шийдвэртэй шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг буруу хэрэглэсэн тухай

3.2.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь 2018 оноос хойш эзэмших эрх бүхий газрын төлбөрөө төлөөгүй болох нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 020131842 дугаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх бөгөөд газраа эзэмших, ашиглах боломжгүй байсан учир газрын төлбөр төлөхөө зогсоосон гэж тайлбарлах боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ ... 35.3.3-д “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрөө төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, ...” гэжээ.

3.3.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрх авснаас хойш газрын төлбөрт жил бүр 7,004,000 төгрөг төлж ирсэн бөгөөд 2018 оныг хүртэл хугацаанд 49,028,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тухайн газрын дуудлага худалдааны үнэ 204,000,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийг цуцлах хүртэл нийт 253,028,000 төгрөг төлсөн байсан. Гэвч “А” ХХК газар эзэмших эрх анх авснаас хойш цуцлах хүртэл тухайн газрыг нэг ч удаа зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд хариуцагч тухайн газрын ашиглах боломж олгоогүй.

3.4.Тодруулбал, “А” ХХК нь газар эзэмших гэрчилгээ авч газраа хууль тогтоомжийн дагуу ашиглах гэтэл тухайн газар Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй давхацсан байсан. Улмаас ус сувгийн удирдах газраас тухайн газрыг хашаалсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалтад оруулж тус газар руу нэвтрэхийг хориглосон. Тус асуудалтай холбогдуулан нэхэмжлэгч компанийн зүгээс уг асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр нийслэлийн Газрын алба, хотын үе, үеийн удирдлагууд хандаж ирсэн хэдий ч зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүй.

3.5.Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлд “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд тус зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасан.

3.6.Нийслэлийн Засаг даргын зүгээс анх газар олгохдоо хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу тухайн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн эзэмшихийг хүсэж буй газар нь хууль тогтоомжоор олгогдох боломжтой эсэхийг бүрэн судалж тогтоолгүйгээр ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд хамаарах газар олгож улмаар тус газрын төлбөрийг 8 жилийн турш төлүүлсний дараагаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтын үндэслэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчимд огт нийцэхгүй үйлдэл юм.

3.7.Шүүх “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан маргаан бүхий акт буюу нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/449 дүгээр захирамжийн эрх зүйн үндэслэлийг холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж дүгнэсэн хэдий ч тухайн захиргааны акт нь өөрөө захиргааны үйл ажиллагааны зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байхад шүүх тус нөхцөлийг дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.8.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн тухай

3.9.Шүүх нэхэмжлэгч болон манай компанийн газрыг Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй давхацсан үйл баримтын талаарх асуудлыг шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн кадастрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Ус сувгийн удирдах газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 7/2212 дугаар албан бичгээр ирүүлсэн ус хангамжийн хамгаалалтын болон хориглолтын бүсийн зураг зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103.000 м.кв газар нь усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд хамаарч байна. Хэдийгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаантай гэх боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д зааснаар тус газарт иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх боломжгүй газар болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж тайлбарлан манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан хариуцагчийн захиргааны актыг зөвтгөсөн.

3.10.Аливаа иргэн, аж ахуйн нэгж газар эзэмших хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу хүсэлт гаргадаг бөгөөд тухайн хүсэлтийг төрийн байгууллага хүлээн авч хүсэлтэд дурдсан газрыг олгох боломжтой эсэхийг судлан холбогдох шийдвэрийг гаргадаг. Манай компанийн зүгээс маргаан бүхий актад дурдсан газрыг эзэмших хүсэлт гаргахдаа тухайн газрыг Ус хангамжийн эс үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд хамаарч байгаа эсэхийг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан.

3.11.Улмаар тухайн нөхцөлийг мэдээгүйн улмаас Ус хангамжийн эс үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй давхацсан газар эзэмших эрх авсан нь нэхэмжлэгч манай компанийн буруу биш бөгөөд харин хариуцагчийн зүгээс анх газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас уг алдаа гарсан байхад шүүх тус үйлдлийг хариуцлагыг нэхэмжлэгчид үүрүүлж хариуцагчийн үйлдлийг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3.12.Нэхэмжлэгч компани маргаан бүхий актаар хүчингүй болгосон нэгж талбарын 168022/0070 дугаар бүхий 10,3 га газрын эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 821 дүгээр захирамжаар 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан.

3.13.Тухайн үед 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Усны тухай хууль, 2002 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тус тус хэрэгжиж байсан. Тус Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “ус хангамжийн эх үүсвэр” гэж гүний худаг, цуглуулах шугам, усан сан, насосын станц, цэвэршүүлэх байгууламжийг хэлнэ, 12 дугаар зүйлийн 12.2-д “Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр нь хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй байна ...”, 12.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 34.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд тус хэсгийн 12.8.1-д “газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис хадгалах”, 12.8.2-д “орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих”, 12.8.3-д “байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөөгүй бордоо ашиглан таримал ургамал тарих, бодис, арга технологи хэрэглэн хөнөөлт шавьж, мэрэгчийг устгах” гэж заасан бөгөөд мөн хуулийн 12.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд энэ хуулийн 12.8-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 12.9.1-д “унд ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх”, 12.9.2-д “хөрсөнд төрөл бүрийн бордоо хэрэглэх” гэж тус тус заасан бол тухайн үеийн Усны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Усны нөөцийн сан бүхий газарт цацраг идэвхт, халдвар тараах болон химийн хорт бодисын хаягдал хадгалах, устгах, хог хаягдал, бохирдуулах бодис, үйлдвэрлэлийн бохир ус хаяхыг хориглоно” гэж заасан байдаг.

3.14.Манай компанийн газар эзэмших зориулалт нь “Хүлэмж”-ийн зориулалттай бөгөөд тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дээрх зохицуулалтуудад заасны дагуу Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд “Хүлэмж”-ийн зориулалтаар газар эзэмших эрх авахыг хориглоогүй байсан. Мөн газар эзэмших эрхийг цуцалсан хариуцагч А/449 дүгээр захиргааны актыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэхдээ одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Газрын тухай хуульд тусгагдсан 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтыг хэрэглэсэн бөгөөд энэхүү заалт нь Газрын тухай хуульд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлтээр орсон байдаг.

3.15.Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрх авахдаа тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор авсан бөгөөд аливаа иргэн, аж ахуйн нэгж ирээдүйд хууль тогтоомж хэрхэн өөрчлөгдөхийг тааж мэдэх боломжгүй бөгөөд аливаа хуулийн өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгжид үүссэн өмчлөл, эзэмшлийн эрхийг шууд хөндсөн тохиолдолд тухайн хуулийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт тусгагдсан “хөдлөх, үйл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно ...” гэсэн заалтуудад нийцүүлэн хэрэглэх ёстой.

3.16.Шүүх дээрх нөхцөлийн талаар огт дүгнэлт өгөөгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

3.17.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай

3.18.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна” гэж тус тус заасан.

3.19.Шүүхэд тайлбар гаргах эрхгүй этгээдээс тайлбар хүлээн авсан тухай

3.20.Хариуцагч нийслэлийн Засаг дарга 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардан авах эрхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.С гэх хүнд олгосон байдаг бөгөөд тухайн этгээд нэхэмжлэлийг гардан авсан. Үүний дараагаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн Засаг дарга, нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн мэргэжилтэн Г.У гэх хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон.

3.21.Гэтэл хариуцагчийн зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э гэх хүн гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөх ёстой атал нийслэлийн Засаг даргаас төлөөлөх итгэмжлэл аваагүй буюу төлөөлөх эрхгүй, тайлбар гаргах эрхгүй этгээд шүүхэд тайлбар ирүүлсэн байхад шүүх түүнийг хүлээн авч үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

3.22.Шүүх хуралдаанд төлөөлөх болон тайлбар гаргах эрхгүй этгээдийг оролцуулсан тухай

3.23.Нийслэлийн Засаг даргын зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай компанийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээр дурдсаны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн мэргэжилтэн Г.У гэх хүнийг оролцуулахаар 01/3747 тоот итгэмжлэл олгосон байдаг. Гэсэн хэдий ч тухайн итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.2, 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.6-д заасан эрхүүдээс бусад эрхийг эдлүүлэх буюу тус заалтуудад заасан эрхийг эдлүүлэхгүй гэж заасан байдаг. Түүнээс үзвэл Г.Урангоо нь шүүх хуралдаанд нийслэлийн Засаг даргыг төлөөлөн оролцох, тайлбар гаргах эрхгүй байсан гэдэг нь харагдаж байгаа бөгөөд гэтэл шүүх түүнийг шүүх хуралдаанд оролцуулж, тайлбар авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 796 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1.Нэхэмжлэгч “А” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.2.Анх нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 821 дүгээр захирамжаар[1] нэхэмжлэгч “А” ХХК-д хүлэмжийн барилга байгууламжийн зориулалтаар 10,3 га газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулж[2], улмаар нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар[3] газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр хугацаатайгаар сунгаж, гэрээ байгуулсан.

2.3.Маргаан бүхий А/449[4] дүгээр захирамжаар “А” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, уг газар нь ус хангамжийн хамгаалалтын болон хориглолтын бүсэд хамаарч байгаа гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.4.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

2.5.Мөн Газрын тухай хуулийн 3.1.15."ус хангамжийн эх үүсвэр" гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг хэлэхээр, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох” гэж тус тус заасан.

2.6.Нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103.000 м.кв газар нь бүхэлдээ ус хангамжийн хамгаалалтын болон хориглолтын бүсэд хамаарч, тусгай хамгаалалтад байдаг гэдэг нь  Ус сувгийн удирдах газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 7/2212 дугаар албан бичиг[5], түүгээр ирүүлсэн зургууд, нэхэмжлэгчийн кадастрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл[6] зэргээр тогтоогдож байна.

2.7.Нэхэмжлэгч компани нь 2011-2017 оны газрын төлбөрийг төлсөн, харин 2018-2021(1,2 улирлын) оны газрын төлбөрийг төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар[7] тогтоогдож байна.

2.8.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч захиргаанаас нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг “ус хангамжийн хамгаалалтын болон хориглолтын бүсэд хамаарч байгаа”, “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

2.9.Харин нэхэмжлэгч компаниас “газар эзэмших эрх анх авснаас хойш цуцлах хүртэл тухайн газрыг  нэг ч удаа зориулалтын дагуу ашиглаагүй, хариуцагч газрыг ашиглах боломж олгоогүй, анх газар олгохдоо хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу тухайн газар нь хууль тогтоомжоор олгогдох боломжтой эсэхийг бүрэн судалж тогтоолгүйгээр газар олгож, газрын төлбөрийг 8 жилийн турш төлүүлсний дараагаар хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтыг үндэслэн хүчингүй болгосон нь захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлт гаргахдаа тухайн газрыг ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд хамаарч байгаа эсэхийг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан, эрүүл ахуйн бүстэй давхацсан газарт газар эзэмших эрх авсан нь нэхэмжлэгчийн буруу биш” зэрэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

2.10.Маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан  нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгасан хэсэг нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээр байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2.11.Учир нь нэхэмжлэгч компанийн “2018-2021(1,2 улирлын) оны газрын төлбөрийг төлөөгүй” буюу газар эзэмшигчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй” болон түүний эзэмшил газар нь “хуулиар газар эзэмшихийг хориглосон, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд хамаарч байгаа” зэрэг үндэслэлийг шүүхээс үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.12.Мөн захиргааны байгууллагаас хуулийг хэрэгжүүлэх зорилгоор өмнө нь гаргасан шийдвэрээ эргэн харж, эерэг нөлөөлөл бүхий хууль бус шийдвэрээ хуульд нийцүүлэх, тодруубал, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших эрх олгохыг хориглоно” гэсэн хариуцагч захиргаанд хуулиар үүрэг хүлээлгэсэн заалтыг хэрэгжүүлэх, хуульд нийцээгүй өмнөх шийдвэрээ өөрөө хүчингүй болгон алдаагаа зассан шийдвэрийг шүүхээс хууль бус гэж хүчингүй болгох үндэслэлгүй юм.

2.13.Түүнчлэн, нийслэлийн Засаг даргаас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр[8] Б.С-д нэхэмжлэл гардан авах эрхийг олгож, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэлээр Г.У-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоогоос шүүх хуралдаан дээр тайлбар гаргасан, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэлд холбогдуулан хариу тайлбар гаргасныг буруутгах нь үндэслэлгүй.

2.14.Мөн нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/3747 дугаар албан бичгээр[9] “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг төлөөлөх итгэмжлэлийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн мэргэжилтэн Г.Урангоод олгож, уг итгэмжлэлээр түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 “энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх”, 21.2 “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ”, 28 дугаар зүйлийн 28.2.1-д “нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах”, 28.2.6-д “шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах” гэж заасан эвлэрэхээс бусад эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцуулах эрхийг олгожээ.

2.15.Иймд “шүүхэд тайлбар гаргах эрхгүй этгээдээс тайлбар хүлээн авсан, шүүх хуралдаанд төлөөлөх болон тайлбар гаргах эрхгүй этгээдийг оролцуулсан” зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг анхан шатны шүүхээс гаргасан гэж үзэхээргүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.16.Эдгээр үндэслэлээр маргаан бүхий захирамж хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 769 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 47 дахь тал

[2] Хэргийнг 91-95 дахь тал

[3] Хэргийн 53 дахь тал

[4] Хэргийн 10 дахь тал

[5] Хэргийн 117-119 дэх тал

[6] Хэргийн 124-129 дэх талууд

[7] Хэргийн 120-123 дахь тал

[8] Хэргийн 30 дахь тал

[9] Хэргийн 34 дэх тал