Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Ч.Л-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Б.Д, Ч.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д, Ч.Л нарт холбогдох 2016000180013 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, А овогт Б-н Д.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э овогт Ч-н Л.

Шүүгдэгч Б.Д, Ч.Л нарын бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул 3-р багийн нутаг “Эрдэнэ уул” гэх нэртэй газраас иргэн Д.Э-н хариулганы хохирогч Б.С, С.Г, Ч.Ч нарын өмчлөлийн 3 тооны адууг бэлчээрээс хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: ,

Шүүгдэгч Б.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Ч.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Д бид 2 хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хулгайн адуу гаргаснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...Э гэх хүнд хариулгаж байсан 1 тооны хээр морь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр алдагдсан байсан. Уг морь нь Э ахаас надад бэлгэнд ирсэн 13 настай адуу юм...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ30/,

Хохирогч С.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Э гэх хүнд хариулгаж байсан 1 тооны хар гүү 2019 оны 10 дугаар сарын сүүлээр алдагдсан байсан. Уг хар гүү нь Баянхонгор аймгийн Байдрагаас 800.000 төгрөгөөр авсан гүү юм...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ33/,

Хохирогч Ч.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн “...Э гэх хүнд хариулгаж байсан 1 тооны хээр морь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр алдагдсан байсан. Уг морь нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт төрсөн нутгийн унаган адуу юм...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ36/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн "... Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ уулын ард очсон юм. Очиход морь унасан нэг залуу 2 хээр морь, нэг хар гүү хөтлөөд ирсэн юм. Би тэр залууг танихгүй байсан тул нэрийг нь асуухад Д гэдэг юм гэж хэлсэн... Уг гурван адууг нь ачаад сумд ирээд гэртээ хоноод маргааш өглөө нь 11 цагийн үед орилоо М гэх ченж залууд авч ирж өгсөн юм ... нэг хээр морь нь онги тамгатай, 1 хээр морь нь цагаан нуруутай, цагаан оломтой, хар гүү нь тамга тэмдэгтэй эсэхийг нь ажиглаагүй юм... Эхлээд 5 үхэр ачиж ирье гээд гуйгаад 3 хоносон юм. Яг сумаас гарахдаа бол үхэр ачиж ирнэ гээд явсан юм. Газар дээрээ очоод 3 адуу ачиж ирсэн юм. Би тухайн үед энэ хүмүүст хулгайн юм биш биз гэж хэлсэн. Тэр Д гэх залуу Ду нар хулгайн адуу биш та санаа зоволтгүй гээд байсан…" гэсэн мэдүүлэг /1-р ХХ42-43/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 11 дүгээр сард зоддог Ц-н банди Э эхнэрийн хамт түүний төрсөн дүү гэх үл таних залуу нар  ирээд 3 тооны адуу манай нөхөрт худалдсан юм. Адууг нь манай сумын 2 дугаар багийн савар хочит Б гэх залуу цагаан өнгийн портер машинтай ачиж авч ирж өгсөн. 2 хээр морь, 1 хар гүү бүгд бүдүүн нас бие гүйцсэн адуунууд байсан юм. Им тамгыг нь би ажиглаагүй юм. Улаанбаатар хот руу 4-5 хоногийн дараа ачихдаа зургийг нь авсан байгааг угаалгаж өгье ... Э-н дүү миний адуу гэж өгсөн юм. Мөнгийг нь манай нөхөр М, Э-н дүүгийн данс руу шилжүүлсэн байх..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ44/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 10 дугаар сарын сүүлээр манай сахалт айлын залуу Ду нь Б ах бид хоёроос Чандмань сум ороод 3 тооны адуу ачаад ирье гээд 3 хоног гуйсан юм... Замдаа Ду утсаар байнга яриад тэнд байж байя гээд утсаар яриад яваад байсан ... Нэг баг өмссөн жаахан банди морьтой 3 тооны адуу хөтөлж ирээд адуугаа орхичихоод яваад өгсөн юм. Бид 3 адууг нь ачиж яваад машинтайгаа онхолдсон. Тэр хооронд Ду адуунуудаа дээш нь хонхорт аваачаад чөдрөлсөн юм. Ду хүн рүү утсаар яриад машинтай хүн дуудахад 1 үл таних ах эхнэр хүүхдүүдийн хамт пронтер маркийн машинтай ирээд татаж босгосон юм. Тэгээд тэр хүмүүсийг явсны дараа машинаа асаагаад морьдоо ачаад яваад хөдөө Б ахынд очиж хоноод өглөө нь дахиж морьдоо ачаад сум оруулаад орилоо М гэх ченжид өгсөн юм..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ45/,

Гэрч Н.М-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 10 дугаар сарын сүүлээр би агтны адуу авч байхад манай нутгийн Э гэх залуу ирж 3 тооны 2 хээр морь, 1 хар гүү надад зарсан юм ... 3 адууных нь им тамгыг нь би сайн санахгүй байна. Би тухайн үед мөнгийг нь мобайлдаж  шилжүүлсэн юм..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ50/,

Гэрч Д.Бс гаргаж өгсөн гэрэл зургууд /1-р ХХ9/, Б.Д-н Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ15/ /ХХ14/,  “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №ТҮХ-720/079 дугаартай /1-р ХХ54-56/, №ТҮХ-720/080 дугаартай /1-р ХХ62-64/,  №ТҮХ-720/081 дугаартай /1-р ХХ70-72/ үнэлгээний дүгнэлтүүд  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д, Ч.Л нарын 2019 оны 10 дугаар сарын  22-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэр “Эрдэнэ уул” гэх нэртэй газраас иргэн Д.Э-н хариулганы хохирогч Б.С, С.Г, Ч.Ч нарын өмчлөлийн 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан авахдаа  00-00 БНА улсын дугаартай “Хьюндэй Портер2” загварын  тээврийн хэрэгсэл болон иргэн Д.Б-н өмчлөлийн хар зүсмийн морийг ашиглан үйлдэж хохирогч нарт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

2015 онд батлагдсан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол 240 цагаас 720 цаг нийтэл тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж түүнчлэн “олон тооны мал” гэж 24 бог 8 бодоос дээш малыг ойлгоно гэсэн тайлбар хийн хуульчилсан байжээ. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар уг гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн түүнчилэн бусдын олон тооны мал хулгайлсан бол 2-оос 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр мөн “олон тооны мал” гэж 8 бог 2 бодоос дээш малыг ойлгоно гэж тайлбарыг нь өөрчилсөн нэмэлтийг оруулсан байна. Энэ нь тухайн гэмт хэргийг тодорхойлох шинж болон оногдуулах ял шийтгэлийн хувьд хүндэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байх зарчмыг баримтлан уг гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан эрүүгийн хуулиар гэмт хэргийн шинжийг тодорхойлон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Иймээс шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын малыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирол учруулснаараа 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Д, Ч.Л нарыг уул гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч Б.Д, Ч.Л нар нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлан ойлгож хохирол, хор уршгийг зориуд санаатайгаар хүсэж үйлдсэн байх тул гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж шүүх үзсэн  болно. Мөн уг гэмт хэргээс хэн илүү ашиг хүртсэн нь хэргийн зүйлчилэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р ХХ119, 127/, хохирогч Ч.Ч-н наториатаар батлуулсан хүсэлт /1-р ХХ196/, хохирогч Б.С-н “... хохирол бүрэн төлүүлж авсан тул энэ 2 хүнд гомдолгүй...” гэсэн хүсэлт /2-р ХХ11/,  хохирол төлсөн баримт /1-р ХХ205/ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар зүсмийн моринд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р ХХ78-80/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашинд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р ХХ83-85/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч нар нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Д, Ч.Л нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээнүүдийг тус бүрт авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгч Б.Д, Ч.Л нар нь бүлэглэн хохирогч Б.С, С.Г, Ч.Ч нарын өмчлөлийн 3 тооны адууг бэлчээрээс хулгайлан авахадаа  иргэн Б.Эрдэнэбатын өмчлөлийн 00-00 БНА улсын дугаартай “Хьюдэй Портер2” загварын  тээврийн хэрэгсэл болон иргэн Д.Б-н өмчлөлийн хар зүсмийн морийг ашигласан болох нь тогтоогдсон тул дээрх тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 төгрөг, морьны үнэ 1.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод шилжүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нараас хохиролд гарах төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А овогт Б-н Д, Э овогт Ч-н Л нарыг 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, Ч.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Д, Ч.Л нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээнүүдийг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д, Ч.Л нарт сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашиглсан  иргэн Б.Э-н өмчлөлийн 00-00 БНА улсын дугаартай “Хьюдэй Портер2” загварын  автомашины үнэ 8.000.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ унаж хэрэглэсэн иргэн Д.Б-н өмчлөлийн хар зүсмийн морьны үнэ 1.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Д, Ч.Л нараас хувь тэнцүүлэн гаргаж  улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Ч.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нараас хохиролд гарах төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА