Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 966

 

 

 

 

 

 

 

 

  2020          09             11                                               2020/ШЦТ/966

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д ,

Улсын яллагч С.О,   

Шүүгдэгч Я.Д , түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Я-гийн Д-д холбогдох 2003 00324 0255 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 8, “Шар зам ирээдүй” хоршоонд жолооч ажилтай байсан, Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг 380 айлын байр 13 тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шуүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Я-гийн Д, регистрийн дугаар ..............;

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.Д  нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны шөнийн 22 цаг 43 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн замд “Шар зам ирээдүй" хоршооны эзэмшлийн “Хьюндай Соната-6” маркийн 37-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 6О км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км- ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч 44 настай Ц.Э-ыг мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Я.Д  нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны шөнийн 22 цаг 43 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн замд “Хьюндай Соната-6” маркийн 37-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 6О км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч Ц.Э-ыг мөргөсний улмаас амь насыг нь хохироосон болох нь ;       

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн:...тухайн осол болсон зам нь асфальтан, уруу, хуурай, суурингийн доторх, гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-5-14/,   

- шинжээчийн дүгнэлт : “Шинжилгээнд ирүүлсэн 200300324 тоот хавтаст хэргийн материалд зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурганд тэмдэглэгдсэн тоормосны мөрний 29.8 метр уртаар Huyndai Sonata-6 маркийн 37-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд 72 км/цаг гарч байна” гэх дүгнэлт /хх-74-78/,

- жолоодох эрхийн лавлагаа /хх-97/,    

-цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт: талийгаач Ц.Э-ын цогцост хийсэн шинжилгээгээр хоёр уушигны тархмал няцрал, элэг, давсагны няцрал, эрүү ясны олон сэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй ил хугарал, зүүн дунд чөмөг, шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн хөмсөг, сарвуунд няцарсан шарх, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд авто ослын үед үүсэх боломжтой. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ /хх-52-61/,

- хууль ёсны төлөөлөгч Д.Д ын: “...2020.05.25-ны шөнө 02 цаг 30 минутын үед  миний 96454507 дугаарын утас руу танихгүй 2 дугаараас 2 удаа залгасан, би аваагүй өглөө нь 08:10 минутад залгахаар нь утсаа автал цагдаагаас ярьж байна, таны нөхөр Ц.Энхболд зам тээврийн осолд орж нас барсан байна гэж хэлсэн...гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-23- 25/,

- гэрч А.Цэлмэгийн:...2020.05.25-ны 21 цагт Дархан хот орохоор Сонота-6 маркийн автомашинд суугаад хөдөлсөн гэнэт миний сууж явсан машин хүчтэй тоормослон, дотор сууж явсан хүмүүс орлилдсон. Жолооч машинаа зогсоогоод буусан…1 эрэгтэй хүн замын голд дээшээ хараад хэвтэж байсан, жолооч толгойг нь өвөр дээрээ тавьсан утсаар ярьж харагдсан” гэх мэдүүлэг /хх-47/,  

- 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Драгон дээрээс Дархан хот орохоор Х.Соната-6 маркийн автомашинд зорчиж явсан  Д.Гэрэлмаа, Б.П , Г.А  нарын гэрчээр өгсөн...гэнэт их хүчтэй чимээ гарч машинд байсан хүмүүс “юу болсон бэ” гэж уулга алдсан. Энэ үед жолооч машинаа зогсоосон “хүн мөргөчихлөө” гэж хэлсэн тухай мэдүүлэг /х-41, 43, 45/,  

- шүүгдэгчийн...2020.05.25-ны шөнө, 4 зорчигчтой Дархан-Уул аймаг руу гарсан. 21 цаг 40 минутын үед 22-н товчоон дээр бүртгүүлээд гарсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад эмээлтийн пост гараад зорчих хэсгийн 2-р эгнээгээр...уруудаад явж байтал...Өөдөөс ирж явсан 2 машин өнгөрөх үед тэдгээр машины ар талаар юм сүйтгэнэх шиг болохоор нь тоормоз гишгээд баруун гар тийш жолооны хүрдээ дартал зүүн талын толь тас гээд явчихсан, машинаа зогсоогоод буугаад хартал хүн уначихсан замын голд цагаан зураасны ойролцоо хэвтэж байсан...тухай мөрдөн байцаалт /х-88/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.    

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан техникийн шинжээч үзлэгийн тэмдэглэл худал үйлдсэн, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь тухайн осол болсон авто зам нь суурингийн гаднах зам уу, суурингийн доторх зам уу гэдэг нь бүрэн тогтоогдоогүй, хохирогч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоогоогүй, тус хэрэгт иргэний хариуцагч болох этгээдийг татаагүй байх тул хэргийг прокурорт буцаах тухай санал дүгнэлт гаргасан боловч дараах үндэслэлээр хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд :                    

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн схемийн бичвэрт :...Тус осол болсон газрыг “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн зам”, “суурингийн доторхи” гэж бичигдсэн, тухайн үзлэгийн тэмдэглэл, хамаарах баримтад Я.Д  гарын үсгээ зурсан буюу хүлээн зөвшөөрсөн /х-5-14/, шүүх хуралдаанд мөн энэ талаар маргаан, гомдол бүхий мэдүүлэг өгөөгүй, түүнчлэн осол болсон “Эмээлт” гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэрт хамаарч байгаа буюу суурин газар гэж үзэх тухай прокурорын дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт тус хэрэгт байхгүй байна.                     

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн схем, хохирогч осол болох үед согтолтын хүнд зэрэгтэй байсан тухай шинжээчийн дүгнэлт /х-5-14, х-56/ зэргээс үзэхэд хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.1, 5.2, 5.6-т заасан үүргийг зөрчсөн гэх үндэслэл бүхий боловч энэ байдал нь Я.Д д холбогдох эрүүгийн хэргийг үгүйгэх үндэслэл болохгүй, харин шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах үндэслэлтэй. Учир нь Я.Д  нь хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон явсан жолоочийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.4-д заасан үүргээ чанд баримтлаагүй, зөрчсөн байх тул явган зорчигийн үүргийн зөрчилтэй харьцуулашгүй ноцтой гэж үзнэ.       

3. Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ “Шар зам ирээдүй” хоршооны жолооч байсан, гэвч ажил олгогч ба ажилтны 2019.06.01-ний өдрийн гэрээнд “жолооч зам тээврийн осол гаргавал хохирлыг 100 хувь хариуцна” гэж зааснаар “Шар зам ирээдүй” хоршоог иргэний хариуцагчаар татаагүй /х-177-179/ байх боловч энэ байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, тус хэргийн улмаас  шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, улмаар шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч нар иргэний хариуцагчаар татуулах хүсэлт гаргаагүй байх тул “иргэний хариуцагч”-аар татаагүй гэх үндэслэлээр  шүүгдэгч Я.Д д холбогдох эрүүгийн хэргийг буцаах боломжгүй гэж үзэв.         

Харин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмын дагуу хохирогчийн төлөөлөгч нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгч нар  Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу “Шар зам ирээдүй” хоршоог иргэний хариуцагчаар татуулах хүсэлт гаргах эрхтэй ба иргэний хариуцагчаар татах тухай Иргэний хуулийн хүчин чадлаас давж үйлчлэх “гэрээ” хийгдэх үндэслэлгүй болохыг тэмдэглэв.         

Иймд шүүгдэгч Я.Д г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн  12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-т заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 6О км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Ц.Э-ын амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас нийт 7.376.470 төгрөг нэхэмжилсэн, 6.206.470 төгрөгт хамаарах нотлох баримтыг хэрэгт цугларсан /хх-133-175/, мөн насанд хүрээгүй 2 хүүхдэд нийт 12.000.000 төгрөгийн гэм хорын төлбөр нэхэмжилсэн /х-25, шүүх хуралдааны тэмдэглэл/  байх ба шүүгдэгч Я.Д  нь 7.087.000 төгрөгийг шүүхийн өмнөх шатанд /х-25, 176/, шүүхийн шатанд 1.500.000 төгрөг нийт 8.587.000 төгрөгийг төлжээ.        

Хохирогчийн төлөөлөгч нь насанд хүрээгүй 2 хүүхдэд гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгчээс шаардэх эрхтэй боловч амь хохирогчийн хөдөлмөрийн орлогод хамаарах буюу тухайн орлогыг зөв, бодитой тодорхойлсон нотлох баримтгүй, мөн насанд хүрээгүй 2 хүүхдэд тогтоолгосон тэжээгчээ алдсаны тэтгэмжид холбогдох баримтгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.        

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :        

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн /х-93/ байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан байх тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх ба тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсгйин 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 8, эхнэр, хүүхдүүд, зээ нарын хамт амьдардаг болон түүний амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт цугларсан /х-87, 89, 91, 98, 101, 102, 103-104, 111-112, 113-124/ байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, харин шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд В ангилалд хамаарах “Хьюндай Соната-6” маркийн 37-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон байх тул тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 04 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.          

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний ВС ангиллын 311977 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :     

 

1. Шүүгдэгч Я.Д г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д г В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д гийн эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.        

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

5. Шүүгдэгч Я.Д гийн ВС ангиллын 311977 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.   

6. Шүүгдэгч Я.Д г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.         

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР