| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0023/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Иргэний нэхэмжлэгч Г.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч У.Түвшин
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ч.Г-д холбогдох эрүүгийн 1919004370005 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Г нь хүчингүйд тооцогдсон “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр И.М-ын эзэмшлийн соната-NF маркийн 34-55 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочид дараах зүйлийг хориглоно/ 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, ... мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг
сонгож явна гэснийг, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс хойш 35 дугаар зөрлөгийн зүүн урд Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дээр иргэн Г.Г-ийн жолоодож явсан приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж уг авто машинд зорчиж явсан иргэн С.Н, С.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Би тухайн үед Улаанбаатараас Сайншанд сум орохоор ганцаараа найз М-ын эзэмшлийн 34-55 *** улсын дугаартай соната-6 маркийн авто машинтай 14 цагийн үед гарсан. Тэгээд 35 дугаар зөрлөг өнгөрөөд явж байхад миний урд талд нэг машин явж байсан юм. Харин нэг улаан өнгийн Сэлэнгэ аймгийн дугаартай машин 35 дугаар зөрлөгийн уулзварын урд талын зогсоол дээрээс хөдлөөд явж байгаа бололтой байсан. Би тэр машины хажуугаар нь ороод урдаа явж байсан приус-30 маркийн авто машины араас нь 70-80 орчим км/цагийн хурдтай явж байсан. Урд явж байсан приус-30 маркийн авто машин баруун гар талруугаа дохио өгөхөөр нь машины зүүн гар талаар дохиогоо өгөөд гүйцэд түрүүлэхээр зүүн гар тал руугаа дартал өөдөөс ирэх урсгал дээр их бүдэг гэрэлтэй машин зам дээр зогсож байгаа харагдсан. Тэгээд л би сандраад баруун гар талруугаа дартал нөгөө урд яваа приус-30 маркийн автомашины араас нь мөргөөд миний машин засмал замын зүүн талруу гараад шороон дээр очоод зогссон....би хохирлыг 6 сар гэхэд төлж дуусгана. Ар гэрт өвчтэй хүн байгаа учир төлөлт хойшлогдож байна. Эхнэр Б-ын эзэмшлийн суудлын автомашин бий. Мөн манай гэрийн Загсгал цайны орлого, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг зүйл байна. Хохирлыг төлнө” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Тухайн өдөр 16 цагийн үед эхнэр С.Н, С.Э нарын хамт Иххэт сумаас 82-57*** улсын дугаартай хар өнгийн өөрийн эзэмшлийн приус-30 маркийн автомашинтай гарсан. Би машинаа барьж хажууд эхнэр суугаад ар талд Э суугаад явж байсан. Тэгээд засмал замд 30-р зөрлөг дээрээс нийлээд явж байхдаа Сайншандаас гарах гэж байгаа А-тай ярихад одоо аймгаас гарна гэж байсан. Би замаараа Айраг суман дээрээс юм аваад яваарай гэж хэлсэн ба замдаа тааралдаад уулзалдъя гэж тохирсон байсан. Тэгээд 35 дугаар зөрлөг дөнгөж өнгөрөөд явж байхад А-ын машины гэрэл харагдсан ба уг машины гэрлээр нь би таниад өөрийнхөө машины гэрлээр баруун гар талруугаа дохио өгөөд А-ын машины хажуугаар нь гараад хурдаа хасаад зөөлхөн яваад зогсох гэтэл гэнэт араас машин ирээд мөргөчихсөн. Тэгээд юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд машин хажуу талаараа харчихсан байсан... надад учирсан хохирлыг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Би өөрт учирсан хохирлоо хурдан хугацаанд авмаар байна. 6 сар гэхэд төлж өгнө гэж байна, би үүнээс өмнө яаралтай авах саналтай байна. 1 сая төгрөг өгье гэж байна, би бүх мөнгөө бөөнд нь авах саналтай байна.” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэргийн газар дээр засмал замын баруун талд 52-87 *** дугаартай приус-30 маркийн авто машин зүүн гар талаараа хажуулдсан байдалтай, уг машины зүүн урагш засмал замын баруун талд 34-55 *** улсын дугаартай соната 6 маркийн авто машин ертөнцийн зүгээр зүүн урагш чигт харж, замаас гарч зогссон байдалтай байв. ... Уг хэргийн газар дээр тухайн 2 авто машины тормозны ямар нэгэн ул мөр мэдэгдэхгүй байв. ... хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан учир шинжээч дүрс бичлэгээр хэргийн газрын үзлэгийг бэхжүүлэв. ...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12 дугаар хуудас/,
Хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Г болон найз Э нарын хамт Иххэт сумаас 82-57 *** улсын дугаартай хар өнгийн приус-30 маркийн автомашинтай 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой 16 цагийн үед гарсан юм. Тэгээд манай нөхөр машинаа бариад би хажууд нь суугаад ар талд манай найз Э суугаад явж байсан юм. Тэгээд бид нар засмал замд ороод 35 дугаар зөрлөг дөхөөд явж байхад Сайншандаас гарч байгаа манай сумын машины жолооч А-тай манай нөхөр утсаар яриад Айраг сумаас Иххэт сум руу юм ачиж явуулах гээд замдаа зогсож уулзах гээд ярьсан юм. Тэгээд бид нар 35 дугаар зөрлөг дөнгөж өнгөрөөд явж байхад урдаасаа нэг машин ирж байгаа харагдсан ба манай нөхөр А ах энэ ирж байна гээд л машины гэрлээ анивчуулж, өөдөөс ирж байгаа машиндаа дохио өгөөд засмал замын баруун талруу гарч, зогсох гээд дохио өгөөд л баруун гар тал руугаа дарах үед гэнэт араас түсхийгээд чимээ гараад л манай машин миний сууж явсан талаараа хараад унасан юм. ... Тэгээд намайг А ах аваад аймгийн эмнэлэг хүргэж өгөхөөр явсан. Намайг эмч үзээд хүзүүний 3-р үе цуурсан байна гэж байсан. Өөр гэмтэл хугарал гайгүй байна гэсэн юм. ... Миний хохирол төлбөрийг барагдуулаад өгчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. ... Надад учирсан хохирол болох 169.700 төгрөгийг Г төлж барагдуулаагүй байгаа. Миний хувьд төлбөрөө авчих юм бол гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-18, 75 дугаар хуудас/,
Хохирогч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумаасаа буюу гэрээсээ Сайншанд сум орох гэж приус маркийн тээврийн хэрэгсэлтэй гурвуулаа хөдөлсөн юм. Тэгээд Сайншанд сум нэлээд дөхчихсөн 35 дугаар зөрлөгийн тэр хавьд дохиогоо өгөөд манай машин дөнгөж зогстол гэнэт би юу болоод байгааг мэдэхгүй, ухаан алдчихсан байна. Тэгээд нэг мэдсэн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаан орсон. Тухайн үед юу болсон талаар огт мэдээгүй. Нурууны нэг үе хугарсан, хүзүүний аман хүзүү хугарч бяцарсан. Би маш их гомдолтой байна. Эрүүл мэндээрээ ноцтой хохирсон. Гэм буруутай хүнээр учирсан хохирлоо төлүүлнэ. ... Миний хувьд Улаанбаатар хотод очоод эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэхэд Ганболд гэх хүн миний эмчилгээний зардал мөнгийг гаргасан юм. Яг хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэснийг нь бол мэдэхгүй. Ганболд гэх хүнд баримт нь байгаа байх. Харин миний хувьд өөрөөсөө гаргаж эм тариа авсан болон хоол авч идсэн, мөн ойр зуурын хэрэглээний зүйл авсан, намайг сахиж байсан хүн ирсэн болон буцсан зардлыг нэхэмжилнэ. Эдгээр нь баримтаараа байгаа. Нийтдээ 559.550 төгрөг болж байна. Энэ мөнгийг Г гэх хүнээс нэхэмжилнэ. Миний хувьд гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцож чадахгүй. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 19-21, 74 дүгээр хуудас/,
Гэрч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би өнөөдөр Сайншандаас Иххэт сумруу явах гээд өөрийнхөө эзэмшлийн 15-01*** улсын дугаартай мицибуши челенжер маркийн жип машинтай орой аймгаас 16 цагийн үед сумынхаа хүмүүстэй хамт гарсан юм. Тухайн үед Иххэт сумаас Г надтай утсаар яриад замаараа Айраг сумаас юм аваад яваарай гэж ярьж байсан ба замдаа тааралдаад уулзалдъя гэж байсан юм. Тэгээд би явж байгаад утсаар ярихад 30 дугаар зөрлөгийн тэндээс засмал замд нийлж байна гэж ярьж байсан юм. Тэгээд намайг 35 дугаар зөрлөгийн урдаас хойшоогоо явж байхад нэг машин өөдөөс ирж байгаа харагдсан ба гэрлээрээ л дохиод байхлаар нь Г-г ирж байна гэж мэдээд засмал замын баруун гар талруугаа шахаад дохиогоо өгөөд замаа чөлөөлөөд шороон хэсэгт гарч зогсоод гэрлээ унтраагаад подварын гэрлээ асаагаад зогсож байсан юм. Тэгэхэд Г машинтайгаа ирээд бид нарыг өнгөрөөд дохиогоо өгөөд зогсох гэж байгаа бололтой байсан ба араас нь нэг машин мөн дохиогоо өгөөд хурдаа хасаад зогсох гэж байгаа бололтой байсан юм. Тэр үед тэд нарын араас нь явж байсан машин их хурдтай хажуугаар зөрөөд өнгөрч байсан ба толинд нүдний буланд машины гэрэл гялбах шиг болсон юм. Тэгээд л буугаад хартал нөгөө хурдтай зөрөөд явсан цагаан өнгийн машин засмал замын зүүн талд замаас гараад зогсож байсан ба Г-ийн машин засмал замын баруун талд нь хажуу талаараа хараад уначихсан байсан. Харин Г-ийн ард нь явсан машин болохоор зүгээр гэрлээ асаагаад зогсож байсан. Гэтэл нөгөө хурдтай зөрөөд өнгөрсөн машин Г-ийн машиныг мөргөөд засмал замын зүүн талруу шороон дээр гараад зогссон байсан юм билээ. ... Тэгээд эмнэлэг дээр очоод хүмүүсээ үзүүлж байх хооронд Г-ийн машины ард нь ирж зогссон машины жолооч нь надад ярихдаа миний өмнө уг машин дохиогоо өгөөд зогсох гэж байхлаар нь би дагаад дохиогоо өгөөд зогсох гээд араас явж байсан машинд мөн анхааруулах дохио өгөөд зогсох гэж байхад намайг гүйцэж түрүүлж, хажуугаар орж ирээд миний урд зогсох гэж байсан машины араас нь мөргөчихсөн гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар 35 дугаар зөрлөг дөнгөж өнгөрөөд явж байхад урдаас нэг машин ирж байгаа харагдсан ба манай нөхөр “А ах энэ ирж байна” гээд л машины гэрлээ анивчуулж, өөдөөс ирж байгаа машиндаа дохио өгөөд засмал замын баруун талруу гарч зогсох гээд дохио өгөөд л хажуу тийшээгээ дарах үед гэнэт араас түс гээд чимээ гараад л манай машин миний сууж явсан талаараа хараад унасан юм. Тухайн үед манай нөхөр яг хэдэн км/цагийн хурдтай явсныг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ их зөөлхөн явсан ба өөдөөс нь ирж байгаа машинтай уулзах гээд хурдаа хасаад дохиогоо өгөөд замын хажуу руу гарах үед л мөргөчихсөн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч И.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн 34-55*** улсын дугаартай цагаан өнгийн соната-6 маркийн автомашин бол миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би уг машинаа зарах санаатай байсан ба 2019 оны 10 сарын сүүлээр манай найз Г чи машинаа зарах гэж байгаа бол зартал чинь би унаж байя гэхээр нь би зөвшөөрсөн юм. ... Г-ын хувьд миний машины эвдрэлийн үнэ болох 1.985.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
Шинжээч Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...34-55*** улсын дугаартай соната маркийн автомашины жолооч нь машиныг зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, схем зургаар тогтоогдсон. Учир нь тухайн хэргийн газрын үзлэгээр 34-55*** улсын дугаартай соната маркийн автомашины тормосны мөр тухайн хэргийн газарт байхгүй байсан. ...Тухайн нөхцөл байдалд бол 82-57 *** улсын дугаартай приус-30 маркийн автомашин нь ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд явж байсан байдаг ба баруун гар талруугаа дохиогоо өгч, зорчих хэсгээ чөлөөлөх үйлдэл хийж байгаа нь эгнээ байраа зөв эзэлж явсан гэж үзнэ. Энэ нь хэргийн газрын үзлэгээр автомашин анх мөргөлдсөн гэх “А” цэг нь тухайн засмал замын хойноосоо урагш чиглэлд явах зорчих хэсгийн баруун талын зах хэсэгт байгаа нь эгнээ байраа зөв эзэлж явсан гэж үзэхээр байна. Мөн 34-55*** улсын дугаартай соната маркийн автомашин нь эгнээ байраа зөв эзлэн явсан байдаг ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий “Хас үнэлгээ” ХХК- ны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаартай тайланд: “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-д: “...тоуота приус-30 маркийн 82-57 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 7.810.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40 дүгээр хуудас/,
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн: “...Цагдаагийн Ерөнхий газрын “АСАП” сангаас Ч.Г-д /РД:ЕЭ75030172/ жолооч мөн эсэхийг шалгаж үзэхэд В ангиллын 926322 дугаарын хүчингүй үнэмлэхтэй байна. Г.Г /РД:ЕД83041279/ нь жолооч мөн эсэхийг шалгаж үзэхэд В ангиллын 528239 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг тус тус хориглоно.” гэснийг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дах хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчжээ. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Д, замын зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Г, нарын хийсэн хэргийн газрын үзлэг болон зам тээврийн ослын схем зурагтай танилцахад ямар ямар нэгэн тоормосны мөр байхгүй байгаа нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзнэ. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас /,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/0523 дугаартай шинжээч Э.А-ын: “...С.Н-ийн биед хүзүүний 6 дугаар нугаламын сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хүзүүний 6 дугаар нугаламын сэртэнгийн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
“Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...хохирогч С.Н-ээс гаргаж өгсөн 169.700 төгрөгийн хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргасан. ...” гэжээ. /хх-ийн 59-63 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/016 дугаартай шинжээч Э.А-ын: “...С.Э-ийн биед хүзүүний 2 дугаар нугалам, нурууны 12 дугаар нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт болон Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 15802 дугаартай өвчний түүх /хх-ийн 81-82, 83-95 дугаар хуудас/,
“Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...хохирогч С.Э-ээс гаргаж өгсөн 559.555 төгрөгийн хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргасан. ...” гэжээ. /хх-ийн 99-124 дүгээр хуудас/,
Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгээс хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан “Зөрчлийн арга хэмжээ авсан материалын хуулбар /хх-ийн 125-128 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 51 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Ч.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр И.М-ын эзэмшлийн соната-NF маркийн 34-55 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12 дугаар бүлэг 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэснийг, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс хойш 35 дугаар зөрлөгийн зүүн урд Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дээр иргэн Г.Г-ийн жолоодож явсан приус-30 маркийн 82-57*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж уг авто машинд зорчиж явсан иргэн С.Н, С.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч С.Н, С.Э, гэрч Г.Г, Ч.А, шинжээч Ч.У нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий “Хас үнэлгээ” ХХК- ны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/0523, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/016 дугаартай дүгнэлт болон Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 15802 дугаартай өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах ач холбогдолтой юм.
Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.
Шүүгдэгч Ч.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь хэсэгт заасан “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг,12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн жолоочийн үүргээ биелүүлээгүй нь гэрч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: намайг 35 дугаар зөрлөгийн урдаас хойшоогоо явж байхад нэг машин өөдөөс ирж байгаа харагдсан ба гэрлээрээ л дохиод байхлаар нь Г-г ирж байна гэж мэдээд засмал замын баруун гар талруугаа шахаад дохиогоо өгөөд замаа чөлөөлөөд шороон хэсэгт гарч зогсоод гэрлээ унтраагаад подварын гэрлээ асаагаад зогсож байсан юм. Тэгэхэд Г машинтайгаа ирээд бид нарыг өнгөрөөд дохиогоо өгөөд зогсох гэж байгаа бололтой байсан ба араас нь нэг машин мөн дохиогоо өгөөд хурдаа хасаад зогсох гэж байгаа бололтой байсан юм. Тэр үед тэд нарын араас нь явж байсан машин их хурдтай хажуугаар зөрөөд өнгөрч байсан ба толинд нүдний буланд машины гэрэл гялбах шиг болсон юм. Тэгээд л буугаад хартал нөгөө хурдтай зөрөөд явсан цагаан өнгийн машин засмал замын зүүн талд замаас гараад зогсож байсан ба Г-ын машин засмал замын баруун талд нь хажуу талаараа хараад уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээч Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...34-55*** улсын дугаартай соната маркийн автомашины жолооч нь машиныг зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, схем зургаар тогтоогдсон. Учир нь тухайн хэргийн газрын үзлэгээр 34-55*** улсын дугаартай соната маркийн автомашины тормозны мөр тухайн хэргийн газарт байхгүй байсан...”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн: “...Цагдаагийн Ерөнхий газрын “АСАП” сангаас Ч.Г /РД:ЕЭ7503****/ жолооч мөн эсэхийг шалгаж үзэхэд В ангиллын 926322 дугаарын хүчингүй үнэмлэхтэй байна гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Г-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Ч.Г-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хохирлоос төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогч С.Э-ийн эмнэлэгт байх хугацааны эмнэлгийн төлбөр болон хохирогч С.Н-ийн эмчилгээний зардалд 169700 төгрөг, С.Э-ийн 559550 төгрөг нэхэмжилснийг төлсөн болох нь хохирогч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Хохирогч С.Э нь цаашид эмчлүүлэх шаардлагатай болох нь хохирогчоос ирүүлсэн “...хэвтрийн дэглэм сахиж гэртээ байна. Хүзүүний аппараттай 3 сарын турш байх ёстой, 1 жилийн хугацаанд ажил хийх боломжгүй болсон...” гэсэн өргөдөл,нэхэмжлэлээр тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан /хх 51/ хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн эд хөрөнгөнд учирсан хохирол 7810000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хохирлыг 6 сар гэхэд төлж дуусгана. Ар гэрт өвчтэй хүн байгаа учир төлөлт хойшлогдож байна. Эхнэр Б-ын эзэмшлийн суудлын автомашин бий. Мөн манай гэрийн Загсгал цайны орлого, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг зүйл байна. Хохирлыг төлнө” гэсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар тогтоогдсон хохирлоос зарим хэсгийг төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулах боломж олгохыг хүссэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж,хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...надад учирсан хохирлыг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Би өөрт учирсан хохирлоо хурдан хугацаанд авмаар байна. 6 сар гэхэд төлж өгнө гэж байна, би үүнээс өмнө яаралтай авах саналтай байна. 1 сая төгрөг өгье гэж байна, би бүх мөнгөө бөөнд нь авах саналтай байна...” гэсэн мэдүүлэг болон эд хөрөнгөнд учирсан хохирлыг төлөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Г-д иргэний нэхэмжлэгч Г.Г-д 7810000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй ба хэрэгт хавсаргагдан ирсэн камерын бичлэгийг хэргийн хамт архивт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч овогт Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д иргэний нэхэмжлэгч Г.Ганжигүүрт 7810000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,хэрэгт хавсаргагдан ирсэн камерын бичлэгийг хэргийн хамт архивт хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-с 7.810.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Г-д олгож, хохирогч С.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН