Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 00447

 

 

 

 

 

 

 

 

 

         2017 оны 02 сарын 23 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00447

 

    Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 30-326 тоотод оршин суух, Долоод овогт Авидаагийн Ойдов /РД: НО52102771/-ийн нэхэмжлэлтэй

 

Садан төрлийн холбоотой байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ойдов оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа хөтлөв.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч А.Ойдов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авидаа овогтой Ойдов миний бие 1952 оны 10 дугаар сарын 27-нд Төв аймгийн Лүн сумын хүн эмнэлэгт Рэнцэн овогт Авидаагийн ууган хүү болон мэндэлсэн билээ. Ээж маань төрөхийн хүндрэлээс болж насан өөд болсон юм. Миний бие нь өвөө Рэнцэн, аав Авидаа нарынхаа хамт амьдарч байсан ба намайг өсгөж өндийлгөсөн хүн маань миний өвөө байсан юм. Иймд намайг Рэнцэн өвөөгийн ач хүү гэдэгийг тогтоож өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ойдов нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Чулууны Жамцын ач хүү болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

А.Ойдовын гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяалал зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Авидаагийн Ойдов нь хэлмэгдэгч Сандагийн Рэнцэнгийн ач хүү болох нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/2496 дугаартай Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 417 дугаар Сандаг овогтой Рэнцэнгийн цагаатгалын үнэмлэх, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/4290 дугаартай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/193 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэлмэгдсэнд тооцох тухай тогтоол, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А.Ойдовын төрсөний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/1704 дугаартай архивын ерөнхий газар үндэсний төв архивын лавлагаа, Д.Тогоотөмөр, Т.Мягмардолоо нарын тодорхойлолт, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Хэрэгт ирүүлсэн баримтууд, гэрчүүдийн шүүхэд гаргасан мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг дүгнэвэл: 2016  оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/1704 дугаартай Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын лавлагаагаар Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 221 дүгээр хуудсанд өрхийн тэргүүн Эрэнцэнгийн Авидаа эрэгтэй, 32 настай, хүү Авидаагийн Ойдов 5 настай гэж бүртгэгдсэн, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 897 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын төрсний бүртгэлийн лавлагаагаар эцэг Рэнцэнгийн Авидаа, эх Цэрэндуламын Бадарч нарын гэр бүлд 1952 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ойдов овогтой Авидаа нь Төв аймгийн Лүн сумын 59-д бүртгүүлсэн төрөлтийн бүртгэлийн лавлагаа, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/193 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэлмэгдсэнд тооцох тухай тогтоолоор Төв аймгийн Лүн сумын харъяат 59 настай /1938 оны байдлаар/ урьд гэсгүй тушаалтай лам явсан. Сандагийн Рэнцэн хувьсгалын эсэргүү бүлэгт элссэн үндэслэлээр 1938 оны 10 дугаар сард баривчилсан хавтаст хэрэгт ялын төлөвлөгөө, таслан шийтгэх тогтоолгүй, өөр ямар нэг баримтгүй, мэдүүлэг байхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24.1.1-р зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-ыг баримтлан улс төрийн эсэргүү гэмт хэрэгт холбогдсон Сандаг овогтой Рэнцэний 15120 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, хэлмэгдсэнд тооцсон, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/4290 дугаартай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар Сандаг овогтой Рэнцэн нь Төв аймгийн Лүн сумын 4 дүгээр багийн харъяат 59 настай /1938 оны байдлаар/ урьд гэсгүй тушаалтай лам явсан. 1934 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан хэлгүй учир суллагдсан. Хэргийг хянаад 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/193 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож хэлмэгдсэнд тооцсон. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/2496 дугаартай Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар Авидаа овогтой Ойдовт Төв аймгийн Лүн сумын 4 дүгээр багийн харъяат байхдаа 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж мөрдөгдөж байсан Сандаг овогтой Рэнцэнд холбогдох хэргийн материал, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив болон төв орон нутгийн архивуудыг лавлагаануудыг үндэслэж таны өргөдлийн дагуу цагаатгалын үнэмлэхийг олгосон, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 417 дугаартай Сандаг овогтой Рэнцэнгийн цагаатгалын үнэмлэх, гэрч Д.Тогоотөмөрийн ...Дэлэгийн Тогоотөмөр миний бие Төв аймгийн Лүн сумын хүн эмнэлэгт 1956 оны 12 дугаар сарын 17-нд төрсөн. Манайх Рэнцэн өвөөгийнхтэй айл аймаг олон жил хамт байсан улс Рэнцэн өвөөгийн том хүү болох Авидаа  гуай хурдны морь уядаг өөрөө барилддаг сумын заан цолтой хүн байсан бөгөөд Авидаа гуайн хүү Ойдовтой хамт хурдны морь унаж тоглож наадаж өссөн нь үнэн. Авидаа гуайн хүү Ойдов нь Рэнцэн өвөөгийн ач хүү нь мөн гэдгийг баталж байна... гэсэн, гэрч Т.Мягмардолоогийн ...Авидаа гуай хөдөө мал малладаг байсан. Ойдовын ээж нь төрөхийн хүндрэлээс болж Ойдовыг 3 настай байхад нь насан өөд болсон. Ойдов өвөөтэйгээ хамт амьдардаг байсан. Рэнцэн гуай сумын төв дээр Ойдовтой хамт насан өөд болтлоо байсан ба Авидаа гуай байнга ирж хоол ундыг нь ойрдуулж өгдөг байсан. Иймд Ойдовыг Рэнцэн гуайн ач хүү мөн гэдгийг баталж байна... гэсэн мэдүүлгээр А.Ойдов нь Рэнцэнгийн ач хүү болох нь тогтоодсон гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч Авидаагийн Ойдовыг Сандагийн Рэнцэнгийн ач хүү болохыг тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т зааснаар Долоод овогт Авидаагийн Ойдовыг Сандагийн Рэнцэнгийн ач хүү болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                                 Б.САЙХАНЦЭЦЭГ