Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 24

 

 

 

 

   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919000060020 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:              

Монгол Улсын иргэн, А.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч А.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 01 дүгээр сарын 02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Виктория" баарны үүдэнд хохирогч Н.Э, Э.Б нарыг  зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “ хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 01 сарын 01-ний өдөр 2 найз М, Л нарын хамт орой 19 цагийн үед арын эмийн сангийн доор байрлах бильярдын газар бильярд тоглож, 1 шил архи, хэдэн пивотой авсан байсан. Тэгээд эхнэртэйгээ Хур говийн караокед нэг өрөө байна уу? гэж утсаар ярьхад, байна гэхээр нь бильярдаасаа гарч 22 цагийн үед 'Хур говь” зочид буудлын караокед дуу дуулахаар орсон. Манай эхнэр “Хурь говь” зочид буудалд ажилладаг юм. Дуу дуулж байхад гаднаас "Хур говь”-ийн ажилтан Э гэдэг залуу цээж нүцгэн орж ирэхээр нь яагаад шалдан орж ирж байгаа юм бэ гэж хэлээд гаргасан. Би “Хур говь” буудлаас ер нь их согтуу гарсан. Гараад өөрийнхөө найз нартайгаа маргалдаж салаад 23 цаг өнгөрөөгөөд ганцаараа “Виктория” бааранд очоод ганц пиво аваад сууж байтал хажуугаас хүн цохих шиг болсон, харсан чинь “Хур говь” зочид буудалд шалдан орж ирсэн Э байсан. Тэгээд би баарнаас гараад зодолдсон ...гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч

 байна.” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө “Хур говь” зочид буудлын доор байрлах караокед өөрийн найз Э-ын хамтаар дуу дуулаад байж байтал манай найз Э нь бие засах гээд цээж нүцгэн гараад явтал удалгүй араас нь Заяа гэх “Хур говь” зочид буудлын кассын ажилтан Нарангаравын нөхөр нь болох залуу өөрийн найзууд болох танихгүй 5-6 хүнтэй бид хоёрын өрөөнд орж ирсэн. Манай найз Э нь гаднаас орж ирэхдээ цээж нүцгэн орж ирсэн чинь дээгүүрээ шалдан нүцгэн орж ирлээ гэж хэлээд томроод бариад авсан. Тухайн үед Заяа гэх хүний найзууд нь салгаад аваад гарсан. Тэгээд хувцасаа солиод Эрхэмбаяр түрүүлээд гарсан чинь “Хур говь”-ийн үүдэнд мөргүүлсэн байсан. Би мөн очиж салгасан. “Хур говь” зочид буудлаас салцгааж, өөрийн найз Э-г дуудсан. Э нь удалгүй ирж аваад “Виктория” баарнаас хүнээс очиж юм авна гэж хэлээд “Виктория” баар орсон. Орохоор нь араас Э бид хоёр пиво авахаар орсон. Тэгээд яг юу болсныг мэдэхгүй., З гэх залуутай Эрхэмболд зодолдоод цохиулаад унасан. Би өөрийн найзыг өмөөрөөд очсон чинь мөн адил цохиод унагасан. Би тэгээд юу болсныг санахгүй байна. Ямар ч гэсэн эмнэлэгт ухаан орсон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7, 77-78 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ байж байхад манай найз Э нь гар утсаар залгаж, найзыгаа гэр рүү хүргээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би Э-г “Хур говь” зочид буудлын гадаа зогсоол дээрээс аваад “Виктория” баарлуу явсан. Виктория баарнаас би хүнээс юм аваад очсон. Би “Виктория” баарлуу түрүүлээд орсон. Удалгүй араас Э, Б нар нь ирсэн харагдсан. Мөн Э нь нэг халзан залуутай уулзаад зогсож байгаа харагдсан. Тэгээд удалгүй байж байтал халзан залуу манай найз Э-ийн нүүрэн тус газар цохиод унагааж байгаа харагдсан. Би хараад найзыгаа өмөөрөөд очсон чинь намайг нүүрэн тус газар 2-3 удаа цохиод унагаасан. Тухайн үед би цохиулсан болохоор их манараатай байсан. Нэг харсан чинь хамгаалагч нь хэдэн хүнтэй ирсэн, салгаад зогсож байсан. Надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

 

Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 сарын 01-ний өдөр өөрийн 2 найз М, Л нарын хамтаар гадуур явсан. Тухайн өдөр 22 цагийн үед 'Хур говь” зочид буудлын караокед дуу дуулахаар орсон. Дуу дуулж байхад гаднаас "Хур говь”-ийн ажилтан нэг намхан залуу цээж нүцгэн орж ирэхээр яагаад шалдан орж ирж байгаа юм бэ гэж хэлээд гаргасан. Би “Хур говь” буудлаас би ер нь их согтсон гарсан. Гараад би өөрийнхөө найз нартайгаа маргалдаж салаад ганцаараа “Виктория” бааранд очоод ганц пиво аваад сууж байтал хажуунаас хүн цохих шиг болсон Тэгээд харсан чинь “Хур говь” зочид буудалд шалдан орж ирсэн намхан залуу байсан. Тэгээд би баарнаас гараад би зодолдсон байх. Би яг юу болсныг сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 сарын 01-ний өдөр “Хур говь” зочид буудлын доод талын караокед дуу дуулаад байж байтал 23 цагийн үед манай “Хур говь” зочид буудлын касс Н-ын нөхөр З нь өөрийн найзууд болох танихгүй, өмнө харж байгаагүй хэдэн залуучуудтай орж ирсэн. Тухайн үед өрөөнд Ууганбаяр бид хоёр байж байсан. Тэгээд гаднаас Э бие засаад орж ирээд, орж ирсэн хүмүүсийн хажуугаар гарч байхад З нь дээгүүрээ нүцгэлсэн залуу руу томроод байна уу гээд томроод байсан. Тэгээд бид нар араас нь гарсан. Үүдэнд З нь Э-г цохьсон уу, мөргөсөн үү ямар нэгэн чимээ гарсан. Тэгээд нөгөө хүмүүс гараад явсан. Би Э-г харахад зүүн талын нүд нь хавдаж эхэлсэн. Тэгээд би Эрхэмболдыг аваад өнөөдөр хүнтэй муудахгүй шүү гэж хэлээд Э-г дуудаж гэр рүүгээ хүргүүлэх гэж явсан. Э нь “Виктория” баарнаас хүнээс юм авна гээд орсон. Араас Э бид хоёр пиво авахаар орсон. Ороход Э-г цохьсон З нь байсан. Э юм яриад зогсож байсан. Тэгээд З нь гэнэт Э-г цохиж унагахаар нь би гүйж очсон чинь намайг бас цохиод унагаасан. Би тухайн үед газарт унаж, юу болсныг санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 сарын 01-ний өдөр “Хур говь” зочид буудлын доод талын караокед дуу дуулаад байж байтал 23 цагийн үед би бие засахаар гарч, бие засаад орж иртэл Б нь чи яасан том гар вэ? гэж хэлсэн. Тэгээд үүдэнд тухайн хүмүүсэй маргалдсан чинь Б нь намайг барьж аваад нэг удаа зүүн талын нүдэнд мөргөсөн. Тухайн үед хүмүүс салгасан. ... Араас нь Б бид хоёр Виктория баарлуу орсон чинь намайг мөргөдөг Б нь байсан. Би тухайн үед очиж юм ярьсан. Яг юу ярьснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан буцаад баарнаас гарах явцад Б нь намайг цохиод унагаасан. Мөн Б-г цохиод унагааж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ байж байтал Э нь гар утсаар залгаж, гэр рүү хүргээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би “Хур говь” буудалд очиж авсан. Би “Виктория” баар ороод хүнээс юм авахаар очсон юм. Би “Виктория” баарлуу түрүүлээд орсон. Хүнээс юм аваад байж байтал араас Э, Б хоёр нь араас орж, ирсэн байсан. Э нь нэг халзан залуутай уулзаж байгаа харагдсан. Тухайн үед тэр халзан ах Э-г цохиод унагаасан. Араас нь Б очоод халзан залууг цохьсон чинь Б-г цохиод унагаасан. Би очоод салгах гэсэн чинь намайг бас 2-3 удаа цохьсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны өдөр 00 цагийн орчим санагдаж байна. Би өөрийн бааранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тус баарны текний урд бүтэн нэрийг нь мэдэхгүй Гөөхий З гэх залуу пиво уугаад сууж байтал гаднаас зүс таних нэг залуу орж ирээд шууд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёр барилцаад авахаар гар гээд гадагшаа хөөгөөд гаргасан. Тухайн гаднаас орж ирдэг залуу найз бололтой 2 залуутай хамт гурвуулаа  З гэх халзан залуутай зодолдоод байсан. Ерөнхийдөө З-г элбээд зодолдож байгаа харагдсан. Би дотроос хүмүүс дуудаж салгасан чинь тухайн 3 залуу цус нөжтэйгөө холилдон хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 21-22 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/08 дугаартай шүүх эмнэлгийн шинжээч Э.Анхбаярын: “...Н.Э-ийн биед баруун нүдний дээд, доод зовхины шарх, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан баруун нүдний дээд, доод зовхины шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/09 дугаартай шүүх эмнэлгийн шинжээч Э.Анхбаярын: “...Э.Б-ын биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна, дотно хэсгийн цус хуралт, баруун далны доод хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалганы гадна, дотно хэсгийн цус хуралт, баруун далны доод хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-ийн 30 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Викториа" баарны үүдэнд хохирогч Н.Э, Э.Б нарыг  зодож,  Н.Э-ийн биед баруун нүдний дээд, доод зовхины шарх, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, Э.Б-н биед баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн найзыг өмөөрөөд очсон чинь мөн адил цохиод унагасан. Би тэгээд юу болсныг санахгүй байна. Ямар ч гэсэн эмнэлэгт ухаан орсон.  ...” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би найзыгаа өмөөрөөд очсон чинь намайг нүүрэн тус газар 2-3 удаа цохиод унагаасан. Тухайн үед би цохиулсан болохоор их манараатай байсан. Нэг харсан чинь хамгаалагч нь хэдэн хүнтэй ирсэн, салгаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны өдөр 00 цагийн орчим санагдаж байна. Би өөрийн бааранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тус баарны текний урд бүтэн нэрийг нь мэдэхгүй З гэх залуу пиво уугаад сууж байтал гаднаас зүс таних нэг залуу орж ирээд шууд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёр барилцаад авахаар гар гээд гадагшаа хөөгөөд гаргасан. Тухайн гаднаас орж ирдэг залуу найз бололтой 2 залуутай хамт гурвуулаа З гэх халзан залуутай зодолдоод байсан. Ерөнхийдөө З-г элбээд зодолдож байгаа харагдсан. Би дотроос хүмүүс дуудаж салгасан чинь тухайн 3 залуу цус нөжтэйгөө холилдон хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас,Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/08, 02/09 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

                             

Шүүгдэгчид торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч Э.Б, Н.Э нар нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгэл эдэлж байсан  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 53 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь   мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Я овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 / ер  / хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН