| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0026/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Иргэдийн төлөөлөгч Ш.Мөнхсүх
Хохирогч Ч.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо
Шүүгдэгч Ү.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарь овогт Үржингийн Батхуягт холбогдох эрүүгийн 2019000000008 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ү.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ү.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын гудамжны 6-63 тоотод архидан согтуурч, иргэн Ч.Г-ын хэвлийн тус газарт зэвсэг буюу хутгыг хэрэглэн хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ү.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай цэргийн найз ирээд бид 2 хамтдаа нэг шил архи уусан. Тэгээд би амархан согтсон байсан болохоор сайн мэдэхгүй байна... гэмшиж байна. ... Би хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь эм тариандаа хэрэглээрэй гээд 100000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Ч.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд Батхуягийн гэрт очсон. Намайг очиход тэднийд хар Ү, Х, Б гурав 2 шил ерөөл архи уугаад дуусаж байсан. 20 цагийн орчимд Хүрлээ эхлээд гараад явчихсан. Тэгээд Б ах Ү хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд гэрээдээ яваад орой 21 цагийн үед Б ахынд очтол гэрт нь харанхуй дэн барьсан байсан. Тэгтэл Б ах гал тогооны шүүгээнээс хар цагаан иштэй хутга аваад миний хэвлийн орчим нэг удаа дүрчихсэн. Та намайг хутгалчихлаа гэхэд Б ах чи хэн бэ? гэхээр нь дүү нь байна, Т байнаа ахаа гэж хэлээд, Ургах наран цэцэрлэгийн хойд талын зам дээрээс такси бариад эмнэлэгт үзүүлж, би хагалгаанд орсон. Би эмнэлэгт 7 хоног хэвтэж, эмчлүүлээд гарсан. Тэгээд гадуур боолт хийлгэж байгаад оёдлоо авахуулсан. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Намайг эмнэлэгт байхад шүүгдэгч эргэж ирдэг байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг.
Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Ү.Б-ийн гэр рүү нь орж, гар утасны цэнэглэгч авах гэж орсон. Гэрт нь хар Ү хочтой Ү, Ү.Б-тэй хамт цэрэгт явж байсан Х-ийн Х гэх энэ 3 хүн архи хувааж уугаад, юм яриад сууж байсан. Тэгээд цэнэглэгчээ авчихаад Ү.Б цай хийж өгсөн, тэрийг нь уучихаад гэр рүүгээ яваад өгсөн. Намайг ороход 1 шил архи хувааж уугаад талдаа орчихсон инээлдээд юм яриад сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-3 дугаар хуудас/
Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ү.Б-ийн гэрт 16 цаг болж байхад очсон. Ү.Б согтуу байсан, хажууд нь Г, Х бас нэг өөр өндөр залуу байсан. ...2020 оны 01 сарын 19-ний өглөө 09 цагийн үед залгаад “Би эрүүлжүүлэх байранд байна. Гэр лүү очоод гэр цэвэрлээд өгөөч” гэж хэлэхэд нь “би амжихгүй нь ээ” гэхэд нь надад “одоохон яаралтай очоод үүдэнд хутга байгаа, тэрийг холдуулаад хаячих, гэр цэвэрлээд өг” гэж хэлэхэд нь би завгүй байна гэж хэлээд 30 минутын дараа би юу ч гэсэн гэрт нь очоод үзье, юу болсон юм бол гээд гэрт нь очиход Б-ийн гэрийнх нь цоож нь онгорхой, зүгээр зүүгээд орхичихсон байсан. Тэгээд би татаад эргүүлээд орсон. Тэгээд оронгуут үүдэн дээр нь хутга байна гэхээр нь байхгүй байсан. Харин угаалгын машины хажууд хутга хэвтэж байсан. Би тэгээд үүдний дэвсгэрийг гаргаад, орыг нь хураачихаад хутгыг нь урд хашааны наад талын үзүүр лүү шидсэн. ... Б өөрийнхөө 8012**** дугаарын утсаар 2020 оны 01 сарын 19-ний өглөө 09 цагийн орчим миний 9132**** дугаарын утас руу залгаад “би эрүүлжүүлэх байранд байна, чи манайд очоод гэр цэвэрлээд өг, гэрийн үүдэнд хутга байгаа, тэр хутгыг гаргаад хаячих” гэхээр нь би Б-ийн гэрт очиход гэрийнхээ хаалганд цоож зүүгээд орхисон байсан. Би цоожийг гараараа эргүүлтэл сул онгойсон тул хаалгыг нээгээд гэрт ортол үүдэнд хутга бол байгаагүй. Харин угаалгын машины хажууд хар цагаан иштэй хутга байхаар нь авч гараад урд хашаа руу газарт шидчихсэн. Гэрийнх нь үүдэнд дэвсээтэй байдаг хөх саарал өнгөтэй дэвсгэр цус болсон байхаар нь гадаа гаргаж тавьсан. Үүдний таамбарт нь том, жижиг 2 ерөөл архины хоосон шил байсныг хогийн саванд хийсэн. Ор дэвсгэрээ хураагаагүй байхаар нь хураачихаад би гэр лүүгээ явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 49-51 дүгээр хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02/029 дугаартай: “...Ч.Г-ын биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 67 тоот албан бичгээр ирүүлсэн хохирогч Ч.Г-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 61-64, 66-97 дугаар хуудас/
Тус аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө эрүүлжүүлэгдсэн болон хоногийн нөхцөл байдлын мэдээний хуулбар /хх-ийн 111-113 дугаар хуудас/
2020 оны 01 сарын 19-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэргийн газарт үзлэг хийх ажиллагааг үргэлжлүүлж байшингийн том өрөөнд үргэлжлүүлэхэд том өрөөний ордог довжоо хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйл дусалсан байдалтай байсныг шинжээч 1 кадр зураг авч, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ... Том өрөөний шалны хэсэгт цэнхэр, шаргал, саарал өнгийн хивс, шаргал өнгийн хивсэнцэр тавьсан байх ба тухайн хивсэнцэр дээр улаан хүрэн өнгийн цус мэт толбо дусалсан байдалтай үүссэн...Үзлэгийг үргэлжлүүлэн гарч Д.Н-ийн угаалгын машины хажууд байсан гэх хутгыг заалгахад тус байшингаас гарч ертөнцийн зүгээр 53 метр урагш зайд байрлах урд талын хашааны доод хэсэгт мурийсан, бариул хэсэг нь цагаан хар өнгийн хутга байсныг хураан авсан. ...” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 дугаар хуудас/
Эд зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 5/07 дугаартай тогтоол, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17, 20, 23 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-22 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын гудамжны 6-63 тоот хашаанд өөрийн гэртээ Ч.Г-ын хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б ах гал тогооны шүүгээнээс хар цагаан иштэй хутга аваад миний хэвлийн орчим нэг удаа дүрчихсэн. Та намайг хутгалчихлаа гэхэд Б ах чи хэн бэ? гэхээр нь дүү нь байна, Т байнаа ахаа гэж хэлээд, Ургах наран цэцэрлэгийн хойд талын зам дээрээс такси бариад эмнэлэгт үзүүлж, би хагалгаанд орсон.....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ү.Б-ийн гэрт 16 цаг болж байхад очсон. Ү.Б согтуу байсан, хажууд нь Г, Х бас нэг өөр өндөр залуу байсан. ...2020 оны 01 сарын 19-ний өглөө 09 цагийн үед Б залгаад “Би эрүүлжүүлэх байранд байна, гэрлүү очоод гэр цэвэрлээд өгөөч” гэж хэлэхэд нь “би амжихгүй нь ээ” гэхэд “одоохон яаралтай очоод үүдэнд хутга байгаа, тэрийг холдуулаад хаячих, гэр цэвэрлээд өг” гэж хэлэхэд нь би завгүй байна гэж хэлээд 30 минутын дараа юу ч гэсэн гэрт нь очоод үзье, юу болсон юм бол гээд гэрт нь очиход Б-ийн гэрийнх нь цоож нь онгорхой, зүгээр зүүгээд орхичихсон байсан. Тэгээд би татаад эргүүлээд орсон. ...угаалгын машины хажууд хутга хэвтэж байсан. Би тэгээд үүдний дэвсгэрийг гаргаад, орыг нь хураачихаад хутгыг нь урд хашааны наад талын үзүүр лүү шидсэн. ...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 67 тоот албан бичгээр ирүүлсэн хохирогч Ч.Г-ын өвчний түүхийн хуулбар, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02/029 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 5/07 дугаартай тогтоол, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02/029 дугаартай шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн хэвлийн орчим нэг удаа хутгалж түүнд хүнд хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ү.Б-ийн хохирогч Ч.Г-ын биед хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд зэвсэг хэрэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.
Иймд шүүгдэгч Ү.Б-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д овогт Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгчид 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулах талаарх дүгнэлтийг тус тус харгалзан үзлээ.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Г-ийн хэлэлцүүлэгт”... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, хуульд зааснаас доогуур ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ” шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 54-59 дугаар талд авагдсан гэрч Р.Б, Б.М, Ш.О нарын мэдүүлгүүдийг шүүгдэгчийн ахуй амьдрал, хувийн зан байдлыг тодорхойлсон баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ү.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар цагаан иштэй,ажлын хэсэг нь мурийсан хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шүүгдэгч Ү.Б нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 22 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ү.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-д 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ү.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цагаан иштэй, ажлын хэсэг нь мурийсан хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ү.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
Шүүгч Д.Адъяасүрэн