Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0942/З |
Дугаар | 221/МА2022/0230 |
Огноо | 2022-03-31 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2022/0230
“Б-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч “Э т т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа,
Нэхэмжлэгч: “Б-Э” ХХК
Хариуцагч: “Э т т” ХК, “Э т т” ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: ““Э т т” ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Технологи сервис энд солюшн” ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “Технологи сервис энд солюшн” ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах“,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Ж.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч З.О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2021/0942/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б-Э” ХХК нь “Э т т” ХК, “Э т т” ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Э т т” ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Технологи сервис энд солюшн” ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “Технологи сервис энд солюшн” ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э т т” ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Технологи сервис энд солюшн” ХХК-ийг шалгаруулсан тендерийн тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, “Э т т” ХК-ийн “Технологи сервис энд солюшн” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, гэрээ байгуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч “Э т т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Гүйцэтгэх захирлын 20221 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/259 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202108495 дугаар нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.
3.2.Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/6244 тоот гомдол хянасан тухай албан бичгээр Захиалагчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12/2140 болон 01/2141 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн. Тус шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт, зөвлөмжөөр “Технологи сервис энд солюшн” ХХК нь харьцуулах хамгийн бага үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгон, ЭТТ-2021/756 дугаар Цагаан хадны нүүрс буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гэрээ байгуулсан.
3.3.Нэхэмжлэгч “Б-Э” ХХК-д “Э т т” ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/2399 тоот “Тендерээс татгалзах тухай” албан бичгээр хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг хангахгүй байгаа тул шалгараагүй болохыг мэдэгдсэн.
3.4.Анхан шатны шүүхийн 87 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх зүйлийг баримтлан “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
3.5.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1, 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-д заасан тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах нь Үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал байхад анхан шатны шүүхээс “гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулиар тусгайлан олгосон Үнэлгээний хороо, Захиалагчийн эрх хэмжээнд халдсан шийдвэр юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн “Э т т” ХК-ийн “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Э т т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэв. Үүнд:
1.Нэхэмжлэгч “Б-Э” ХХК-аас ““Э т т” ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Технологи сервис энд солюшн” ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “Технологи сервис энд солюшн” ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “Э т т” ХК, “Э т т” ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргажээ.
2.“Э т т” ХК-иас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Тендерийн урилгаар[1] зарласан “Цагаан хадны нүүрс ачилт, буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт “Б-Э” ХХК-ийг Үнэлгээний хорооны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, зөвлөмжөөр[2] шаардлагад нийцсэн гэж үзэн гэрээ байгуулах эрх олгохыг Захиалагчид зөвлөмж болгон хүргүүлсний дагуу захиалагч “Э т т” ХК-иас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12/2141 албан бичгээр[3] “Б-Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн байна.
3.Гэвч “Технологи сервис энд солюшн” ХХК-иас гаргасан гомдлын дагуу “Б-Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон болон “Технологи сервис энд солюшн” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон гэдгийг Сангийн яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/6244 албан бичгээр[4] захиалагч “Э т т” ХК-д мэдэгджээ.
4.Үүний дагуу Үнэлгээний хорооны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар[5] “Хяналтын камер” нийлүүлэгчийг сонгох тендерийг дахин үнэлж, тендерт оролцсон “Технологи сервис энд солюшн” ХХК, “Б-Э” ХХК-иуд захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримтад заасан бусад нөхцөлийг хангасан гэж тодорхойлж, харьцуулах хамгийн бага үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тул “Технологи сервис энд солюшн” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг захилагчид зөвлөмж болгон хүргүүлснийг захиалагч “Э т т” ХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/2400 албан бичгээр[6] “Технологи сервис энд солюшн” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох болсныг мэдэгдэж, гэрээг[7] талууд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан.
5.Анхан шатны шүүхээс “худалдах авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны арга, технологи захиалагчаас тодорхойлсон техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг үзүүлэлт бүрээр хянаагүйгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй “Технологи сервис энд солюшн” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн Үнэлгээний хорооны 2021 оны тендер 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт, зөвлөмж хуульд нийцээгүй” гэж үзэн тус Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгож, мөн “Э т т” ХК-ийн “Технологи сервис энд солюшн” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, гэрээ байгуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосон.
6.Хариуцагчаас энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгож, мөн “Э т т” ХК-ийн “Технологи сервис энд солюшн” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, гэрээ байгуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосон” хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул энэ үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлгүй.
7.Харин хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийн “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ийнхүү гэрээ байгууллагыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргажээ.
8.Анхан шатны шүүхээс “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ийнхүү гэрээ байгуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэхдээ “...шаардлагад нийцсэн өөр тендер байхгүй тул 10 дугаар сарын 19, 11 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээгээр нэгэнт шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж шийдвэрлэх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд, мөн 29 дүгээр зүйлийн 29.1-д захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэж заасанд нийцнэ гэж шүүх үзлээ.” гэж дүгнэсэн.
9.Гэтэл Үнэлгээний хорооны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, зөвлөмжийг Сангийн яамнаас хүчингүй болгосон байхад энэхүү хүчингүй болсон үнэлгээг үндэслэн “Б-Э” ХХК-ийг 10 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээгээр нэгэнт шаардлагад нийцсэн гэж, мөн 11 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээг шүүхээс хууль бус гэж хүчингүй болгож байгаа атлаа “Б-Э” ХХК-ийг 11 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээгээр нэгэнт шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
10.Үүнээс гадна, анхан шатны шүүхийн шийдвэрт “Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр хуульд нийцээгүй гэж шүүх үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн тул 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаж, 27.3-д зааснаар шаардлагад нийцсэн “Б-Э” ХХК-ийн тендерийг шалгаруулж, 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч гаргахаар байна., Тухайн тендерийн үнэ нь 297,777,000 төгрөг бөгөөд шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлсэн “Б-Э” ХХК-ийн тендерийн үнэ 297,643,100 төгрөг байгаа нь дээрх дүнд багтсан, шаардлагад нийцсэн өөр тендер байхгүй тул 28 дугаар зүйлд заасан тендерийн үнээр харьцуулах үнэлгээ хийгдэхгүй.” гэж дүгнэсэн.
11.Энэхүү дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:”, 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэж заасантай тус тус нийцээгүй байна.
12.Тодруулбал, анхан шатны шүүхээс “Б-Э” ХХК-ийн тендерийг шалгаруулж, “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь захиалагч болон үнэлгээний хороонд хуулиар олгогдсон тендерийг хянан үзэж, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргах, тендерт оролцсон этгээдийг сонгон шалгаруулах зэрэг хуулиар захиалагч, Үнэлгээний хорооны бүрэн эрхэд хамаарах, тэдний сонгох боломжид хамаарах үйл ажиллагаанд дээр дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаас бусад үндэслэлээр шүүхийн хяналтын цар хүрээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүхээс “гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулиар тусгайлан олгосон Үнэлгээний хороо, Захиалагчийн эрх хэмжээнд халдсан шийдвэр” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
13.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг баримтлан ““Б-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн “Э т т” ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Технологи сервис энд солюшн” ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “Технологи сервис энд солюшн” ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Б-Э” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ““Э т т” ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Технологи сервис энд солюшн” ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “Технологи сервис энд солюшн” ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоосугай.” гэж өөрчилж, хариуцагч “Э т т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ