Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00058

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2016/00906 дугаар шийдвэртэй, Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй, Г.Чинбатад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 113 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Чинбат 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээлж авахаар тохиролцон зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 18 дугаар байрны 08 тоот 30 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Г.Чинбатын дансанд 70 000 000 төгрөгийг шилжжүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Г.Чинбат ямар ч төлбөр хийгээгүй.

Г.Баярсайхан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шаардлага гаргасан боловч тооцооны алдаа гаргасан байсныг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч Г.Чинбатаас үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 5 600 000 төгрөг, алданги 37 800 000 төгрөг, нийт 113 400 000 төгрөгийг барьцааны хөрөнгө болох 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний хувьд “Очир-Ундраа” банк бус санхүүгийн байгууллагад 48 000 000 төгрөгийн өртэй, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6-23 тоот байрыг барьцаалсан байсан юм. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу Т.Гантөгс гэдэг хүнээс 48 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 5 хоногийн хугацаатай зээлж өрөө төлсөн. Т.Гантөгс нь мөнгө өгч авалцахдаа албан ёсны гэрээ хийгээгүй, өөрийн тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж бидэнд баримт өгөөгүй. Тухайн үед манай байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас битүүмжилсэн байсан тул байрыг чөлөөлөх боломжгүй болсон байсан. Хөөцөлдөж байсан зээл бүтэхгүй болсон учир Т.Гантөгс барьцаа нэхсэн ба 48 000 000 төгрөгийг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээл болгох санал тавьсны дагуу өөрийн эцэг, эхийн нэр дээрх Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 18 дугаар байрны 08 тоот орон сууцыг барьцаалж, 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг Т.Гантөгстэй хамтарч ажилладаг О.Нэргүйтэй хийсэн.

Зээлийн гэрээ байгуулахдаа хүү, алданги тооцож 55 000 000 төгрөгийн зээл авсан мэтээр хийсэн. Бид зээлийг өндөр хүүтэй төлөх болсон учраас эхний сард 4 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг гээд нийт 18 000 000 төгрөг төлсөн ч үндсэн зээлээс хасагдаагүй, зээлийн хэмжээ улам ихэсч өрийн дарамтад орох болсон. Ингээд Ц.Баярсайхантай уулзахад үндсэн зээлээс та төлөлт хийгээгүй, зээлийн хүүгээ л төлсөн гэсэн бөгөөд аав, ээж, эхнэр, миний ажил, гэр орноор байнга дарамтлах болсон. Дарамт шахалт их байснаас машинаа Я.Гантөгсийн нэр дээр, эхнэрийн нэр дээр байсан 0.7 га газрыг А.Мөнхбатын нэр дээр шилжүүлэн өгсөн. Өөрт байгаа эд хөрөнгөө өгөөд л байхад дарамт дуусахгүй байсан.

Би зам засварын ажил эрхэлдэг учраас төлбөрийг тоног төхөөрөмж, эд зүйлээр төлсөөр байтал хөгшин ээж, аав дээр очиж өр нэхэж байсан. Зээлийн хүү 21 000 000 төгрөгийг бэлнээр, 1 000 000 төгрөгийн шатахууны карт, гагнуурын аппарат, цахилгаан үүсгүүр зэрэг 6 000 000 төгрөгийн үнэ бүхий зүйл, Чингэлтэйн Ар гүнтийн газрыг 5 000 000 төгрөгт А.Мөнхбатын нэр дээр, Тоёота Королло Спасио маркийн машиныг 6 000 000 төгрөгт О.Нэргүйн дээр тус тус шилжүүлсэн. Ингээд аргагүй эрхэнд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Баярсайхантай 70 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ хэлбэрийн хувьд шаардлага хангасан боловч уг гэрээгээр шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг тэр дор нь О.Нэргүй өөрийн дансанд шилжүүлж авсан. Мөнгө шилжүүлэх үед Ц.Баярсайхан, О.Нэргүй нар хамт байсан ба хоорондоо холбоотой нэг сумын хүмүүс гэдэг нь фото зураг бусад баримтаас харагдана.

2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мөнгөний шаардлага гарч, зээл өгөх хүн хайж хүү Ч.Энхбат 95351111 гэх утас руу залган Ц.Баярсайхан гэх хүнтэй холбогдон “10-р хороололд байрлах зочид буудлын 3 давхрын өрөөнд хүрээд ир” гэсний дагуу очиж зээл авах учир байдлаа хэлж, ярилцаж байхад гаднаас Т.Гантөгс гэх хүн ирж 48 000 000 төгрөгийн зээл олгож болно гэснээр анх 48 000 000 төгрөг авсан. Харин 70 000 000 төгрөгийг өөрөө захиран зарцуулаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа:

Анх 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ц.Баярсайхан, Т.Гантөгс гэх хүмүүстэй уулзаж 48 000 000 төгрөгийн зээл авч, тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй байсан ч, тухайн үед төлөх боломжгүй байснаас Ц.Баярсайхан нь 58 000 000 төгрөгийн зээл болгох шаардлага тавьсан. Мөн барьцаа хөрөнгө шаардсан учир өөрийн эцэг эхийн байрыг барьцаалах болж О.Нэргүйтэй 55 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлийн төлбөр 10 000 000 төгрөг, хүүд 8 000 000 төгрөгийг тооцож төлсөөр байтал 2 сарын дараа зээлийн хэмжээ багасахгүй улам нэмэгдсээр байсан. Дахин мөнгө өг гэж шаардсан ч хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй, дарамт шахалтад зээлийн гэрээ хүчээр хийгдсэн учраас 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадахгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа юм уу, эсвэл  Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл гээд хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа мэт тайлбарлаж байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийг талаар талууд харилцан тохиролцсон байх ёстой. Ц.Баярсайхан, Г.Чинбат нарын байгуулсан хэлцэлд гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан.

Ц.Баярсайхан, Г.Чинбат нар 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг өөрсдийн хүсэл зоригоор байгуулсан тул хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйл, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т заасан шаардлага хангасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Чинбатаас 113 400 000 төгрөгийг гаргуулах, үүргийг гүйцэтгэлийг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002320 дугаарт бүртгэгдсэн С.Гомбодоо, Г.Бямбажав нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 18 дугаар байрны 08 тоот 30 ам.метр талбайтай 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Баярсайхнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660 800 төгрөг, Г.Чинбатаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 508 000 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан хариуцагч Г.Чинбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 5 600 000 төгрөг, алданги 37 800 000 төгрөг, нийт 113 400 000 төгрөг шаардсан нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, уг гэрээг өмнө нь О.Нэргүйтэй байгуулсан зээлийн гэрээний үлдэгдлийг тооцож байгуулсан тул 70 000 000 төгрөгийг бодитойгоор аваагүй гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 70 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ц.Баярсайхан хариуцагчийн дансанд 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

Харин дээрх гүйлгээг хийгдмэгц хариуцагч Г.Чинбатын данснаас иргэн О.Нэргүйн дансанд 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн, энэ үед нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Г.Чинбат нар хамт явж байсан, эдгээр нь зээл олгох үйл ажиллагаагаар холбогдсон харилцан хамаарал бүхий этгээдүүд гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, баримтаар няцаагаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь тухайн хэргийн үйл баримтыг илэрхийлэх нотлогооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд нэхэмжлэгч нь О.Нэргүйтэй хамтран бусдад мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулдаг талаарх хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэгчийн дансны хуулга, бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх дээрх мөнгөн хөрөнгийг зээлдэгч өөрийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулах боломж байгаагүй гэж дүгнэн 70 000 000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн эзэмшилд бодитойгоор шилжүүлэн өгсөн гэж үзээгүйг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, Ц.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв . Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч Г.Чинбатад төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй.  

 

Түүнчлэн бичгээр байгуулсан дээрх гэрээний дагуу хариуцагч нь төлбөр төлөх үүрэггүй боловч хүчин төгөлдөр бус гэж тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2016/00906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Т.ТУЯА