| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0027/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч З.Алтанцэцэг
Шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Э-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт П.О-д холбогдох эрүүгийн 1919004370005 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.О,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.О нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны шөнө согтуугаар Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-ийн салтааруу өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай нөхрийн дүү болох М надруу залгаж, манай гурван найз гараад ир гээд байна хоёулаа хамт гарах уу гэж асуухаар нь одоохондоо хүүхэд харах хүнгүй байгаа тул нөхрөөсөө асуугаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд нөхөртэйгөө ярихад хөдөө шугаманд гарсан байна, орой очоод болъё гэхээр нь М-д манай нөхөр орой ажлаасаа ирнэ гэж байна гэж хэлчхээд байж байтал манай том эгч нөхөртэйгөө нэг шил архи аваад хүрээд ирсэн. Тэрийг бид гурав хувааж ууж байхад манай нөхөр ирж, бид хэд хоол хийж идэцгээгээд унтах гэж байхад миний утас дуугарахаар нь очиж хартал М залгасан. Тэгээд би нөхрөөсөө айгаад нөхөртөө худлаа хэлээд гэрээсээ гараад офицерын хойд талын хуучин колонкийн тэнд М-тэй уулзаж Цэцэн хан худалдааны төвөөс ундаа авч гэр бүлийн талбай руу очоод байж байтал маркийг нь мэдэхгүй авто машинтай гурван залуу ирсэн. Тэр гурван залуу М-ийн найзууд гэсэн. М бид хоёр авто машинд сууж, дэнжийн дэлгүүрийн гадаа очсон. Хоёр залуу нь бууж дэлгүүр ороод М бид хоёр нэг залуутай нь хамт авто машинд үлдсэн. Дараа нь тэнд хамт явж байсан нэг залуугийн гэрт очиж авсан хоёр шил архиныхаа нэгийг нь уусан тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна, ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ... хохирогчийн нэхэмжилсэн 400000 төгрөгийг өгсөн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байхад 18 цагийн үед М өөрийнхөө 9688**** дугаарын утсаар яриад Ж-ийн төрсөн өдөр тэмдэглэж байна миний найз хүрээд ирэхгүй юу гэхээр нь хөгшин нь ажилтай байна очиж чадахгүй нь гэж хэлсэн. Дараа нь 21 цагийн үед Жагаа 9687**** дугаарын утсаар надруу залгаад чи хүн дуудаад байхад юун маягтай юм гэхээр нь надад чөлөө өгөхгүй байна гэж хэлсэн. 22 цагийн орчимд М Ж-ийн 9687**** дугаарын утсаар яриад найз нь согтчихлоо ирж аваад гэрлүү хүргээд өгөөч гэхээр нь хаана ямар айлд очих юм гэхэд дэнжийн дэлгүүрт ирэхэд болно гэхээр нь би ажлаас гараад Буянтшанд худалдааны төвийн урд засмал зам дээрээс цагаан өнгийн приус маркийн машин такси бариад дэнжийн дэлгүүрийн гадаа очтол М байхгүй, харин Ж нэг залуутай тэврэлдчихсэн явж байхаар нь би очоод чи наад хүүхнээ яагаад тэврээд явж байгаа юм бэ. Т хаачсан юм гэж асуухад тэр залуу Т “Хийморь” дэлгүүр явсан гэж хэлсэн. Тэгтэл Ж намайг Т чамайг 60 мянгаар үнэлүүлэх гэж байхаар нь би өмнөөс нь үнэлүүлчихлээ гэхээр нь би чи намайг яахаараа тэгж хэлдэг юм гээд уурласан тэгээд би Т руу явах гэхэд Ж миний араас ирж татаж чангаагаад байхаар нь би чи гудамжинд ёс зүйгүй ярих ярихгүй юм яриад битгий хашгичаад бай гээд бид хоёр зууралдаад дэнжийн дэлгүүрийн хойд талын засмал замаар баруун тийш явахад Ж надтай зууралдаад байхаар нь би чамайг гэрт чинь хүргээд өгье үгүй бол таксинд суулгаад өгье гэхэд үгүй би Т-ийн араас явна гээд миний араас явж байгаад намайг араас үсдэхээр нь би эргэж хараад чи намайг яагаад үсдэж байгаа юм гээд Ж-г түлхтэл миний салтааруу өшиглөсөн. Би Ж-д өшиглүүлээд доошоо тонгойгоод суутал доогуур нойтон болчихоор нь босоод урагшаа яваад засмал замын гэрэлтүүлгийн ойролцоо очоод дотуур өмдөндөө гараа хийгээд үзтэл цус гарсан байсан...миний хэлүүг язарсан байна гээд хоёр оёдол тавьж өгсөн...гэсэн мэдүүлэг / хх-ийн 31-34-р тал /
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/040 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:”...Ц.Б-ийн биед бэлэг эрхтний их уруулын шарх гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт / хх-ийн 37-р тал /
Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...хоёр эмэгтэй маань хоорондоо юм ярьж байгаад маргалдаж эхэлсэн манай найз Н М гэх хүүхнийг нь аваад караоке руу явсан нэг хүүхэн нь надтай дэнжийн дэлгүүрийн урд талд үлдсэн бид хоёрыг байж байхад бас нэг танихгүй найз нь гээд эмэгтэй ирээд надтай цуг байсан хүүхнийг авч явах гэхэд уурлаж агсраад тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр хоёр хоорондоо зууралдаад маргалдаад байхаар нь би яваад өгсөн. Би явж байхдаа эргэж харахад уг хоёр эмэгтэй хоорондоо маргалдаад зууралдаж байгаад газар унаж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21-р тал /
Гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...би нэлээн согтсон байсан тул караокенаас гарч яваад О-ын 9687**** дугаарын утсаар найз Б-г гэрт хүргээд өгөөч гэж дуудахад найз нь ажлаасаа бууж байна одоо очлоо гэж хэлсэн...Ж миний салтаа руу өшиглөчихсөн тэгээд миний доогуур нойтон болоод эмнэлэгт очиж үзүүлэхэд цус гарсан байсан эмчид үзүүлж оёдол тавиулсан гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг. / хх-ийн 8-9-р тал /
Гэрч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...23 цагийн үед дүү Б-руу яриад манай найз согтуу байна гэрлүү хүргээд өгөөч гэхээр нь би очтол найз нь миний салтааруу өшиглөчихлөө доошоо цус гараад эмнэлэг дээр ирээд байна ээжид хэлэх гэхээр даралт нь ихсэх байх гэж ярихаар нь би дүүтэй нь эмнэлэг дээр очсон...гэсэн мэдүүлэг / хх-ийн 14-15-р тал /
Гэрч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт таксинд явж байхад Дэнжийн дэлгүүрийн баруун талын автобусны буудал дээр хар бараан өнгийн урт куртиктай эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод машиныхаа буруу талын хаалгыг онгойлготол намайг согтуу хүн өшиглөчихлөө би цус алдаад байна та цагдаа юмуу эмнэлэг дуудаад өгөөч гэсэн энэ үед миний машины урд гэрэлд цагаан хувцастай эмэгтэй хүн замаар баруун тийшээ явж байсан хаанаас гарч ирснийг анзаараагүй тэгээд би машинтайгаа зөөлхөн хөдлөөд тэр эмэгтэйн хажуугаар нь өнгөртөл миний машины буруу талын хойд хаалгыг нэг удаа өшиглөөд зам дээр хоцорсон... гэсэн мэдүүлэг / хх-ийн 22-24-р тал /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 55 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх дэнжийн дэлгүүрийн хойд засмал замын хажууд хохирогч Ц.Б-ийн салтааруу өшиглөж бэлэг эрхтний язрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж надтай зууралдаад байхаар нь чамайг гэрт чинь хүргээд өгье үгүй бол таксинд суулгаад өгье гэхэд үгүй би Т-ийн араас явна гээд миний араас явж байгаад намайг араас үсдэхээр нь би эргэж хараад чи намайг яагаад үсдэж байгаа юм гээд Ж-г түлхтэл миний салтааруу өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... манай найз Н М гэх хүүхнийг нь аваад караоке руу явсан нэг хүүхэн нь надтай дэнжийн дэлгүүрийн урд талд үлдсэн бид хоёрыг байж байхад бас нэг танихгүй найз нь гээд эмэгтэй ирээд надтай цуг байсан хүүхнийг авч явах гэхэд уурлаж агсраад тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр хоёр хоорондоо зууралдаад маргалдаад байхаар нь би яваад өгсөн. Би явж байхдаа эргэж харахад уг хоёр эмэгтэй хоорондоо маргалдаад зууралдаж байгаад газар унаж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт таксинд явж байхад Дэнжийн дэлгүүрийн баруун талын автобусны буудал дээр хар бараан өнгийн урт куртиктай эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод машиныхаа буруу талын хаалгыг онгойлготол намайг согтуу хүн өшиглөчихлөө би цус алдаад байна та цагдаа юмуу эмнэлэг дуудаад өгөөч гэсэн энэ үед миний машины урд гэрэлд цагаан хувцастай эмэгтэй хүн замаар баруун тийшээ явж байсан хаанаас гарч ирснийг анзаараагүй... гэсэн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/040 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч П.О-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч П.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, 1-7 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхдүүдээ гэртээ өөрөө асардаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч П.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө,бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч Л.Э, П.О, багийн засаг дарга,өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нь шүүгдэгчийг 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, охин М нь өвчний учир хяналтад байдаг болон түүний хувийн зан байдлыг тодорхойлсон баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн нэхэмжилсэн 400000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч П.О нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 55/ тогтоогдож байна.
Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт үлдээж архивт шилжүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг сидины бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН