Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 943

 

     2020        08          25                                              2020/ШЦТ/943

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай нэг хавтас хэргийг  2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 08 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл-4, эмээ, өвөө, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт БМ

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед оршин суух иргэн Б.Хгэрээс гарч явахдаа тавиур дээр тавьсан байсан монетон бөгжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан иргэн Б.Х “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ эрэгтэй хүний монетон бөгж хулгайд алдсан...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас)

 

2. Хохирогч Б.Хмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 06 дугаар сарын 30-ны шөнө нөхөр Билгүүн 01 цаг 30 минутын орчим жаахан архи уусан, халамцуу “оюутан ангийн найз Маар хүргүүлж ирлээ” гээд гэртээ орж ирсэн. Би нөхрийгөө гэртээ орж ирэхээр нь ээмэг, бөгж, цагийг нь тайлж аваад зурагтын дээд талын тавиур дээр тавиад унтаж амарсан. Маргааш өглөө би 11 цагийн орчим охинтойгоо хамт гэрээсээ гарч зах орчхоод 14 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд урьд шөнө манай нөхрийг хүргэж өгсөн М гэх залуу манай гэрт ирсэн байсан. Тэгээд 15 цагийн орчим М манай гэрээс гараад явсан. Мааг гараад явснаас 10 орчим минутын дараа би нөхрийнхөө ээмэг, бөгж, цаг тавьсан байсан тавиур руу харахад нөхрийн монетон бөгж алга болсон байсан. Тэгээд би нөхрөөсөө “чи бөгжөө эндээс авч зүүсэн юм уу” гэж асуухад нөхөр үгүй гэж хэлэхээр нь Мааг аваад гарсан байна гэж бодоод М аагийн гар утас руу залгаж дуудсан. Өнөөдөр Маас өөр хүн манай гэрт орж ирээгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)

 

3. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...манай “Н” барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 06 сарын 30-ны өдөр Товогтой М нэг ширхэг 5.5 граммтай цэвэр монетон эрэгтэй хүний бөгжийг 357.000 төгрөгөөр тавьсан. Т.М нь 2020 оны 07 сарын 06-ны өдөр тухайн монетон бөгжөө ирээд авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)

 

4. Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 06 дугаар 30-ны өдөр хамт тогоочоор ажилладаг байсан найз болох М өдөр 12 цагийн үед “манай байрны гадна ирсэн байна” гэхээр нь би “гэртээ хүүхэдтэйгээ байна, чи ороод ирээч” гэж хэлсэн. Тэгээд М манайд орж ирсэн. Гэрт орж ирээд том өрөөнд суусан. Би урьд өдөр нь Мтай уулзахдаа “маргааш найз машинаа янзлуулна, хамт ханьтай яваад өгөөч” гэж дуудсан байсан. Тэгээд би тухайн өдөр “амжихгүй юм шиг байна” гэж хэлээд хоол цай хийж өгөөд хамт кино үзэж байхад эхнэр ирсэн. Эхнэр ирсний дараахан 30 гаран минутын дараа М “би гэр лүүгээ явлаа” гээд манайхаас гарсан. Мааг манай гэрээс гарч явсны дараа эхнэр “зурагтын хажуу талын тавиур дээрээс бөгжөө авчихсан юм уу" гэж надаас асуухаар нь “аваагүй” гэж хэлтэл “энд байсан бөгж чинь алга болсон байна” гэж хэлсэн. М аагийн утас руу залгаж “найзынхаа бөгжийг авсан уу” гэж асуутал М “би аваагүй сайн үзээч” гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)

 

5. “Тэнцвэр Эстимэйт" ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2129 дүгээр хөрөнгийн үнэлгээ: “...монетон бөгж 650.000 төгрөг...” гэх тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас)

 

6. Шүүгдэгч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

 “...би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, шүүгдэгч нараас  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед тоотод оршин суух иргэн Б.Хгэрээс гарч явахдаа тавиур дээр тавьсан байсан монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 650.000 төгрөгийн хохирол санаатай  учруулсан болох нь: 

- хохирогч Б.Хмэдүүлэг (хх-7), гэрч Б.С мэдүүлэг (хх-16), гэрч Б.Бмэдүүлэг (хх-21), “Тэнцвэр Эстимэйт" ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх-23-24), шүүгдэгч Т.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-42) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Т.М нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр иргэн Б.Хгэрээс гарч явахдаа тавиур дээр тавьсан байсан монетон бөгжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

“Тэнцвэр Эстимэйт" ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2129 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан эд зүйлсийг 650.000 төгрөгөөр үнэлсэн байх ба хэргийн 35 дугаар талд шүүгдэгч Т.Маас хураан авсан монетон бөгжийг хохирогч Б.Хуланд биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.

Иймд шүүгдэгч Т.Мыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Т.Мд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүйг харгалзан түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Мд нь оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.