Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01568

 

С.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01375 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1364 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: С.М

         Хариуцагч: Ж.Бд холбогдох    

         Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 6,630,000 төгрөг гаргуулах тухай, 

         Сөрөг нэхэмжлэл: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг

         Хариуцагчийн өмгөөлөгч М.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Д.Ж, хариуцагч Ж.Б, түүний өмгөөлөгч М.М, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Ж.Бтай 2018-01-07-ны өдөр 5 сая төгрөгийг сарын 10% хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Миний бие зээлийн гэрээний дагуу өдөр бүр 120,000 төгрөг буцаан авахаар тохиролцсон боловч зээлээ авснаас хойш надад өдөр бүр төлөх ёстой 120,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний хугацааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байна. 2018-01-07-ны өдрөөс 2018-03-07-ны өдөр хүртэлх 2 сарын хүүд 1сая төгрөг, алданги 2018-03- 08-ны өдрөөс 2018-03-28-ны өдөр хүртэл хугацааных 630,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 281.1, 282.4,232.6-р гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд хүү,алданги тооцох эрх нь байгаа. Зээлийн гэрээг  Ж.Б өөрөө гараар бичсэн дээр маргаан байхгүй юм. Иймд үндсэн зээл 5 сая төгрөг, хүү 1 сая төгрөг, алданги 630,000 төгрөг, нийт 6,630,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: С.М Дүнжингарав худалдааны төвийн лангуу түрээслэгч нарт өдрийн зээл буюу сарын хүүтэй зээл өгч зээлээ өдөрт нь буцаан авахаар мөнгө зээлүүлдэг ажил эрхэлдэг мөнгө хүүлэгч юм.  Ж.Бын охин Б.Туяа нь Дүнжингарав худалдааны төв дээр лангуу түрээслэн ажиллуулдаг байсан ба анх 2017 оны эхээр С.Мэс 4 сая төгрөг зээлж 3 сарын хугацаатай төлж барагдуулсан. Үүний дараа 5сая төгрөгийн зээл авсан ба сүүлийн зээл болох 6 ,5сая төгрөгийг 2017 оны 07 дугаар сард аваад 2017-10- 09-ний өдөр төлж дуусгах ёстой байсан ч төлж чадаагүй тул 3,830,000 төгрөгийн үлдэгдэл гарсан. Нарантуул зах дээр лангуу ажиллуулдаг Б.Туяагийн ээж Ж.Б нь өөрийн бараанаас зээлийн төлбөрт тооцож өгч төлдөг байсан. Б.Туяа нь Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэхээ больж, энэ тухайгаа нэхэмжлэгч С.Мд хэлээд одоогоор зээлээ төлөх боломжгүй байна гэхэд С.М нь үлдсэн мөнгөнийхөө 830,000 төгрөгийг одоо өгчих 3сая төгрөгийг бага багаар нь боломжоороо өгчхөө гэж хэлсэн. Ингээд 2017 оны 12 дугаар сард хариуцагч 330,000 төгрөгийн барааг Б.Туяагийн зээлийн үлдэгдэл төлбөрт тооцон өгсөн ба үлдэгдэл 3,5сая төгрөгийн зээлийн өр төлбөр Б.Туяа дээр үлдсэн. Бараа тооцож өгсний дараа С.М нь Ж.Б дээр дахин ирээд ... та надаас 5сая төгрөг зээлээд охиныхоо өрнөөс 500,000 төгрөг хасуулчих, би танд 4,5 сая төгрөг өгөөд та надад 5сая төгрөгөөс хүү бодож төлнө, би охинд чинь 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан ч танд 5 хувийн хүүтэй зээлүүлье гэж хэлсэн. Ж.Б 5 хувийн хүүтэй төлж чадахгүй гэхэд 4 хувийн хүүтэй зээлье гэхэд хагас жилийн дотор төлчих гэсэн. Ингээд 2018-01-07-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Ж.Б нь гадаа бараа ирээд яарч байсан учраас гэрээг уншилгүй гарын үсэг зурсан. Охин Б.Туяагийн өрнөөс 500,000 төгрөг хасуулж байгаа тул зээлийн гэрээний нэмэлт нөхцөл дээр зээлийг бэлнээр хүлээн авсан гэж бичсэн байдаг. Ж.Б чи миний дансруу мөнгөө шилжүүлээгүй шүү дээ гэж хэлэхэд С.М Би танд гэрээ хийсэн өдрөө мөнгөө бэлнээр өгсөн гэж гүтгэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар цагдаагийн хамтаар очиход цайны газрын камер нь зөвхөн касс руугаа хардаг байсан учраас нэхэмжлэгч, хариуцагч нарын сууж байсан ширээний бичлэг байгаагүй. Ингээд дэд ахлагч Э.Пүрэв-Очир Ж.Быг харьяа иргэний хэргийн шүүхэд хандах хэрэгтэй гэж хэлээд салсан. Нэхэмжлэгч С.М нь эргүүлийн цагдаа Э.Бат-Эрдэнэд мөнгөө цайны газар дотор өгсөн гэж нэг яриад, дэд ахлагч Э.Пүрэв-Очирт болохоор мөнгөө цайны газраас гараад өгсөн гэж огт өөр зөрүүтэй хэлдэг. Цагдааг явсны дараа С.М барааг чинь хурааж авна гэхэд Ж.Б хуулиар шийдүүлнэ гэж маргасаар салсан байдаг. Ингээд нэхэмжлэгч С.М өгсөн гээд байгаа мөнгө зээлээ дахин нэхэлгүйгээр нөгөөдөр нь буюу 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.М анхнаасаа шүүхэд хандах зорилгоор зээл авсан гэж бичүүлж авсан зээлийн гэрээг байгуулж, Б.Туяагийн өр төлбөрийг өөрийн гэсэн бараа, лангуутай Ж.Баас гаргуулах баримт материал бүрдүүлсэн. Учир нь Б.Туяагийн үлдэгдэл өр төлбөр болох 3 830 000 төгрөгийн сарын 10 хувийн хүүг 3 сараар бодож, нийт зээлийн өрийг гаргахад 5сая орчим төгрөг болж байгаа юм. Б.Туяа нь лангуугүй болж, түрээсийн үйл ажиллагаа явуулахаа больж, мөн өөр дээрээ ямар нэгэн эд хөрөнгөгүй учраас нэхэмжлэгч С.М нь охин Б.Туяад зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй болоод ирмэгц охины ээж Ж.Баар төлүүлэхээр анхнаасаа санаатай худал хэлж мөнгө зээлүүлэх санал тавин, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулан, иргэний үнэмлэхийг нь канондуулж хаягийг нь тодорхойлоод шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч зээлдүүлэгч нь зээлийг бодитойгоор зээлдэгчид олгоогүй тул зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохгүй. Иймд нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн гаргасан нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Нэхэмжлэгч С.М нь охин Б.Туяад зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй болоод ирмэгц охины ээж Ж.Баар төлүүлэхээр анхнаасаа санаатай худал хэлж мөнгө зээлүүлэх санал тавин, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулан, иргэний үнэмлэхийг нь канондуулж хаягийг нь тодорхойлоод шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн  282.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч зээлдүүлэгч нь зээлийг бодитойгоор зээлдэгчид олгоогүй тул зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохгүй. Мөн С.М нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй явуулж зээлийн гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 56.1.1, 282.4-р С.М, Ж.Б нарын хооронд 2018-01-07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь С.Мөнх-Эрдэнийг гүтгээд байна. Хэлж ярьж байгаа зүйлүүдээ нотлох үүрэгтэй. Хэлж байгаа зүйлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Б.Туяатай байгуулсан зээлийн гэрээ гэж байгаа бол хэрэгт нотлох баримтаар гаргаад өгсөн бол хуульд нийцнэ. Ээж охин хоёр гэдгийг шүүх дээр ирээд мэдсэн. Хавтаст хэрэгт байгаа зээлийн гэрээг нотлох баримтаас хасуулъя, эсвэл сөрөг нэхэмжлэл гаргаад хэрэгсэхгүй болгоё гэж яриад байна. Бид бодитоор зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн. Ийм учраас Иргэний хуулийн 282.4-т заасан хуулийн шаардлага хангасан. Зээлийн гэрээний 5.1-д зааснаар 5сая төгрөгийг бэлнээр хүлээж авлаа гээд гарын үсэг зурсан. Энэ гарын үсэг нь сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа Ж.Б гэсэн гарын үсэгтэй тохирч байгаа. Хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг шийдэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01375 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Баас  нийт 6,600,000 төгрөг гаргуулж С.Мд олгож, нэхэмжлэлээс 30,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 120 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1364 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо: “...Нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан 2018-01-07-ны өдрийн зээлийн гэрээний 5.1 дэх хэсэгт “Нарантуул 1 ОУХТөв шашны агуулах түрээсэлж ажиллуулдаг, 5 сая төгрөгийг бэлнээр хүлээн авлаа Ж.Б” гэсэн бичвэрийг үйлдэж, хариуцагч Ж.Б нь гарын үсэг зурсан тул зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь дан ганц гэрээний заалтаар тухайн үйл баримт нотлогдохгүй бөгөөд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь мөнгө бэлнээр хүлээлгэн өгсөн баримт эсхүл дансны хуулга, мөн бусад нотлох баримтаар нотлогдож байж зээлдүүлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн мөнгөө шилжүүлж, зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэх учиртай. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь мөнгийг дансаар шилжүүлсэн дансны хуулга байхгүй байхад гэрээнд мөнгийг дансаар шилжүүлсэн гэж заасан бол гэрээ байгуулагдсан гэсэн үг гэж үзэж буйгаас огт ялгаагүй байна. Мөн хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа 5 сая төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй, өдөрт 120 000 төгрөг буцаан төлөхөөр 43 хоногийн хугацаатай зээлэхээр тохиролцож гэрээн дээр гараараа бичсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн гэрээн дээр сарын хүү нь өөр буюу 10% гэж бичсэн, 43 гэсэн хоногийг 50 хоног гээд баллаж дээр нь засч бичсэн, 2018-03- 07-ны өдрийг хүртэл гэдгийг мөн засч баллаж бичсэн хуурамч зээлийн гэрээ байдаг. Хариуцагчийн өмгөөлөгчөөс энэхүү хуурамч зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т заасны дагуу нотлох баримтаас хасуулах хүсэлт өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Хуурамч нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс хариуцагчийг тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн атлаа мөнгө өгөөгүй байж өгсөн мэтээр ярьж буй нэхэмжлэгчийн тайлбарыг нотлогдсон мэтээр дүгнэж, шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Эдгээр зөрчлийг хуульд нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал мөн үндэслэлгүй байна. Хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Анхан шатны шүүхээс гагцхүү зээлийн гэрээний дээрх заалтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчээс Ж.Бд мөнгө шилжүүлсэн гэдгийг бодитойгоор нотлох баримт байхгүй, мөн хариуцагчаас бүхий л учир шалтгаанаа тайлбарласаар байхад мөнгийг үнэхээр шилжүүлж, гар дээр нь өгсөн эсэхэд анхаарал хандуулахгүйгээр ердөө л гэрээнд заасан гэсэн үндэслэлээр хэт нэг талын баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Иргэний хуулийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан бөгөөд энэхүү заалтын дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдэгчид мөнгийг шилжүүлж өгсөн болох нь бичгийн болон бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх учиртай. Гэтэл зээлийн гэрээнд мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж бичээд гарын үсэг зуруулсан нь мөнгө өгсөн гэдгийг бодитойгоор нотолж чадахгүй бөгөөд энгийн ухамсрын түвшинд ямар ч хүн гэрээгээ байгуулж, гарын үсэг зурсны дараагаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж мөнгө, эд хөрөнгийг шилжүүлж, хүлээн авах нь ойлгомжтой юм. Анхан шатны шүүхээс дүгнэсэнчлэн гэрээнд гарын үсэг зурсан л бол та мөнгийг авсан байна, төлөх үүрэгтэй гэж үзэх нь мөнгө хүүлэгчдийг өөгшүүлж, хууль мэдэхгүй энгийн ард иргэдийг улам хохирооход хүргэх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ч санаатайгаар тусдаа мөнгө бэлнээр хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй, их хэмжээний мөнгийг дансаар шилжүүлээгүй, мөн зээлийн гэрээнд мөнгийг бэлнээр хүлээлгэн өгнө ч биш бүр хүлээн авлаа гэж тусгаж хариуцагчаар гарын үсэг зуруулсан нь нэхэмжлэгч анхнаасаа ямар санаатайгаар Ж.Бд гэрээ байгуулахыг санал болгосныг илтгэж байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн алдааг зөвтгөж хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал мөн үндэслэлгүй байна. Нотлох баримтыг дутуу үнэлсэн: Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн Хаан банкны  дансны хуулгаас харахад гэрээ байгуулсан 2018-01-07-ны өдөр нэхэмжлэгчийн данснаас хариуцагч руу зээл олгосон гүйлгээ байхгүй, нэхэмжлэгч 5 сая төгрөгийг данснаасаа бэлнээр авсан ч гүйлгээ байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч бэлнээр өгсөн гээд байгаа зээл нь хаанаас, яг ямар эх үүсвэрээс авсан гэдэг нь тодорхойгүй байдаг. Мөн шүүх хуралдаан дээр хэргийн бүх үнэн мөнийг мэдэж буй гэрч Б.Туяа мэдүүлэхдээ Туяа хөрөнгө мөнгөгүй учраас өөрийнх нь Мөнх-Эрдэнэд өгөх зээлийг нэхэмжлэгч ээжээс нь авахаар ээжтэй нь зээлийн гэрээ байгуулсан. Учир нь ээж нь нэр дээрээ хашаа байшинтай. Мөн нэхэмжлэгч зээл олгох үедээ ямагт нэг хүнтэй хамт явж зээлээ олгодог, зээлийн гэрээг нэг хувь хийдэг гэх мэтчилэн ач холбогдолтой олон зүйл мэдүүлснийг хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Иймд  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         С.М 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.Бд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 80,000 төгрөг нийт 5,080,000 төгрөг /хх1/ шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018-03-14-ний өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж /хх 73/ хүүд 920,000 төгрөг, алдангид 210,000 төгрөг шаардсан байв. 2018-03-28-ны өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлэн /хх 91/ алдангид 420,000 төгрөг нэмсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, алданги 630,000 төгрөг, нийт 6,630,000 төгрөг шаарджээ.

        Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй /хх 24-25, 82, 108/ маргаж, сөрөг нэхэмжлэл /хх 110/ гаргаж, хууран мэхэлж байгуулсан 2018-01-07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 6,600,000 төгрөгийн шаардлагыг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...талууд 2018-01-07-ны өдөр гэрээ байгуулж, 5 сая  төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр, алданги төлөх нөхцөлтэй байгуулсан байна... 5,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж авлаа гэж Ж.Б гарын үсэг зурсан байна...иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, алданги 600,000 төгрөгийг гаргуулна...”  гэсэн дүгнэлт хийснийг давж давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээжээ. 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Гэрээ тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана. Гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

        С.М 2018-01-12-ны өдөр нэхэмжлэл гаргах үед 2018-01-07-ны өдрийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа дуусаагүй байсныг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь Иргэний хуулийн 198, 281, 208 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна.  

        Түүнчлэн, гэрээний зарим заалт засвартай байхад шүүх уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон шалтгаанаа шийдвэрт дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчжээ.  

         Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01375 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1364 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 120,550 төгрөгийг захирамжаар Ж.Бд буцааж олгосугай.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ