Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 155

 

Л.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

          Прокурор Х.Еркебулан,

          Хохирогч А.З, түүний өмгөөлөгч Б.Д,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1103 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Еркебуланы бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Л.Мад холбогдох эрүүгийн 1709 0081 20194 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Л-ын М, 1976 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Чига Туссин” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26/1 дүгээр байрны 27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

 

Л.М нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 26/1 дүгээр байрны 27 тоотод эхнэр А.З-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “гэр бүлийн хардалтын” улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Учир нь:

Прокуророос Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлүүлэхээр  ирүүлснийг  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.М болон хохирогч А.З нар нь гэр бүлийн харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлгүүд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол ...” гэж, тухайн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар ...” гэж, мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус зохицуулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “... Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ...” гэж, 5.1.1-т “... “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...” ойлгохоор тусгажээ.

Дээрх хуулийн заалтуудаас харахад шүүгдэгч Л.М нь өөрийн гэр бүлийн харилцаатай эхнэр болох А.З-ын бие махбодид халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж, Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг зөв хэрэглэх шаардлагатай байна. Иймд шүүгдэгч Л.М-д холбогдох хэргийг прокурорт буцаав.

Үүнээс гадна Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрхэд халдсан байдгийг холбогдох хуульд тодорхой зохицуулсан байгааг анхаарах нь зүйтэй гэжээ.

Прокурор Х.Еркебулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх бөгөөд захирамж нь үндэслэл бүхий биш байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлохдоо “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” үйлдэл байхаар заасан ба энэ шинжийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хүндрүүлэх шинж байхаар хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнгын шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байх ба гэмтэл учраагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээр гэмтэл учирсан бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохирох аль нэг зүйл, хэсгээр хүндрүүлэх шинжээр нь /10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэж заасан/ зүйлчлэн ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд яллагдагч Л.Мын хувьд нэг удаагийн үйлдлээр эхнэр А.Зын бие махбодид халдаж хөнгөн гэмтэл учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл хэргийг хүлээн авч хянасан шүүгчээс мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон асуудлуудыг дахин шалгуулах буюу яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлүүлэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Хохирогч А.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна ...” гэв.

Хохирогч А.З-ын өмгөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл хууль зөрчсөн. Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн яллагдагч Л.Мад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгүүлэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөв тайлбарлаж яллагдагч Л.Мад холбогдох хэргийг прокурорт буцаасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, яллагдагч, хохирогч нарын харилцааны түүх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооход нөлөөлж болох нөхцөл байдлыг дутуу шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Л.М нь өөрийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, хөнгөн хохирол учруулсан байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн яллагдагч Л.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг зөрчсөн болохыг дурдаж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Еркебуланы бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1103 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Еркебуланы бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ