Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж

        Нэхэмжлэгч: “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч: ОАЗД-д холбогдох

“ОАЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Ц, гэрч Б.О, Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХХ” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7 дугаар хороололд орон сууцны зориулалтаар 7 га газрыг эзэмшдэг болно.

Гэтэл тус захирамжийн биелэлтийг хангахгүй, “ХХ” ХХК-ийн эзэмшил газар дээр гэрээ байгуулах, гэрчилгээ олгох ажиллагааг явуулалгүй удаашруулж, өнөөдрийг хүрсэн бөгөөд манай компанийн эзэмшлийн газар эзэмших эрх олгосон захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгожээ. Газрын гэрээ, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь төрийн захиргааны чиг үүргийн хүрээний ажил бөгөөд “ХХ” ХХК-ийн зүгээс энэхүү эрх үүргэ хэрэгжүүлэхийг ОАЗД болон холбогдох этгээдүүдэд хандаж байсан.

Мөн энэхүү сэрэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа “ХХ” ХХК-ийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй байх болно.

Иймд “ХХ” ХХК-ийн газар эзэмших хууль ёсны эрх ашигт үндэслэлгүйгээр халдаж, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг гаргасан байх тул энэхүү захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү." гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбараа маргаан бүхий захирамжийн хуулийн үндэслэл, агуулга, болсон үйл явдал гэсэн байдлаар тайлбар хэлнэ. Захирамжийн хууль хэрэглээний хүрээнд үзвэл Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэж байгаа байдлаар эрх бүхий албан тушаалтан иргэн 6 үндэслэлээр цуцлах хуулийн зүйл заалттай байгаа. Эндээс хар ямар хуулийн 40.1.6 хэрэглэсэн. Хуулийн заалтад байгаа урьдчилсан нөхцөл бүрдэж байж хэрэглэх ёстой. Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6.д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн  газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан нь ямар урьдчилсан нөхцөлд шаардах вэ? гэхээр гэрээ байгуулагдсан байх ёстой, гэрээнд тусгасан зориулалт гэж байх ёстой, тэр зориулалтын дагуу ашиглаагүй байх ёстой, ашиглаагүй 2 жил болсон байх ёстой, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг нөхцөлүүд бүрдэж байж эрхийг дуусгавар болгох акт гаргах ёстой байсан. Энэ хуулийн заалтыг хэрэглэх гэхээр “ХХ”ХК-тай байгуулсан гэрээ байхгүй. Тэгэхээр гэрээнд заасан зориулалт гэдэг зүйл байхгүй болно. Гэрээгүй байж гэрээний дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна. 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг асуудлыг хавтаст хэрэгт өгсөн материалаас харахад 2015 оны 11 сарын 06-аас захиргааны байгууллагад яаж, хэрхэн хандаж байсан бэ? гэхээр итгэмжлэл өгсөн 3 хүнээр дамжуулан холбоотой байсан. Хариуцагч талаас буруутгаж байгаа гол үндэслэл нь захирамж гарснаас хойш ор сураггүй алга болоод гэнэт гарч ирээд байгаа мэт ярьж байгаа. Гэхдээ энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэхдээ энэ хугацаанд ямар ажиллагаа хийсэн бэ? гэхээр захиргааны байгууллага руу албан тоот илгээж байсан. ОАЗД болон “ХХ” ХХК-ийн хооронд гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулах асуудлыг шийдвэрлээд өгөөч гэхээр манай талаас тухайн га газраа нэмэгдүүлэх, хашаагаа нураалгах гэсэн асуудлыг шийдэж чадалгүй өдий хүрсэн. Эдгээр байдлыг харахаар төрийн захиргааны байгууллагатай холбоотой байсан нь харагдаж байна. Мөн ОАЗД болон Засаг даргын Тамгын газрын удирдлагуудыг Хятад улс руу авч явж уулзалтууд хийж байсан баримтууд хэрэгт байгаа. Уулзалтын тэмдэглэл, гэрэл зургууд хэрэгт авагдсан байгаа. Бид хоорондоо байнга харьцаж байсан гэдгийг илтгэж байгаа. Гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нь манай эрх хэмжээний асуудал биш Анх “ХХ” ХХК-д газар олгож шийдвэрлэсэн захирамжийн 3-т энэ ажлыг зохион байгуулж хүлээлгэн өгөхийг даалгаж заасан байна. Гэтэл энэ хүний ажлаа хийгээгүй, явагдах ёстой үйл ажиллагаа явагдаагүйн улмаас бид буруутан болсон мэт байдал үүсэж байна. Тиймээс 2 жил дараалан энэ  газрыг ашиглаагүй гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Та бүхэн гэрээ байгуулаагүй байж гэрээний дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.”гэв.

           Хариуцагч ОАЗД Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ХХ” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ОАЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамжаар 7 га газрыг эзэмшдэг гэж нэхэмжлэлдээ дурджээ. Уг захирамжаар Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дэх орон сууцны 7 дугаар хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар “ХХ” ХХК-д 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн. 2. Газрын тухай хуульд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28 тоот, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 тоот албан бичгүүдээр “ХХ” ХХК-д гэрээ байгуулан, гэрчилгээ авч газраа баталгаажуулахыг удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй. 3. Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг гаргахдаа “ХХ” ХХК-ийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/06 тоот Тайлбар, санал авах тухай албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч ямар нэгэн хариу ирүүлээгүй болно.

Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХ” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 7 га газар 3 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл “ХХ” ХХК захирамж гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл таг чимээгүй болсон. Төрийн байгууллагаас “ХХ” ХХК руу газар эзэмших гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авахыг удаа дараа мэдэгдэж байсан боловч хариу ирүүлээгүй. Манайхаас албан бичиг явуулсан хариу ирээгүй. Гэрээ байгуулж, гэрчилгээ олгох асуудал нь 2 талын эрх, үүргийн асуудал байдаг. Манай талаас гэрээ байгуулж, гэрчилгээ аваач ээ гэж мэдэгдсэн. Гэтэл огт хариу өгөөгүй учраас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Засаг даргын Тамгын газраас тайлбар, санал авах тухай албан бичиг хүргүүлсэн. Үүнд танай компани гэрээ байгуулж, гэрчилгээ авахгүй цаашид энэ асуудал хэвээр байх юм бол газар ашиглуулах захирамжийг хүчингүй болгоно гэдгийг мэдэгдээд хариу өгөх боломжоор хангаж албан бичиг явуулсан байдаг. Иймд сонсох ажиллагааг хийгээд удаа дараа мэдэгдээд байхад хариу ирүүлээгүй. Тиймээс 2018 оны 02 сарын 21-ний А/78 захирамжаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б-гийн тайлбарыг дэмжиж байна. Нэмж тайлбарлах зүйл байхгүй.” гэв.

        Гэрч Б.О шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2017 оны 12 дугаар сард 7 га газартай холбоотой асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулах асуудлаар Орхон аймгийн төрийн захиргааны байгууллагуудад хандах итгэмжлэл надад олгосон. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр саруудад Засаг даргатай уулзахаар ирэхэд Орхон аймгийн өвөлжилтийн байдал хүнд байгаатай холбоотой гадуур ажилтай байна гээд уулзаж чадалгүй буцсан. Дараа нь 2018 оны 02 сарын 06-нд ирээд хүлээж байж уулзаж байсан. Тэгэхэд Ц даргад цохож өгсөн. Ингээд Д.Ц дарга дээр орохоосоо өмнө нотариат ороод хуулбарыг баталгаажуулж аваад Д.Ц-той уулзахад аль хэдийн цуцалсан гэж хэлсэн. Тэгээд намайг Хууль эрх зүйн хэлтсийн  дарга Ганзоригтой уулз гэж хэлсэн. Ганзоригтой уулзахад Ганзориг нь 1 дүгээр сард захирамжийг хүчингүй болгосон гэж хэлсэн. Албан тоот явуулахаар хаяг тодорхой бус гээд хариу ирэхгүй байна гэхэд нь би итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байна. Надад тэр захирамжаа  өгөөч гэхэд албан ёсны хаягаа өгчих эргээд холбогдъё гэж байсан. Тэгээд хаягаа үлдээгээд явсан. 2018 оны 02 сарын 27-нд надад албан бичиг ирлээ гэхээр нь очоод автал 02 дугаар сард хүчингүй болгосон захирамж байсан.” гэв.

         Гэрч Т.Г шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2014 оны 01 сараас “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан. 2016 оныг дуустал ажилласан. Энэ хугацаанд аймгийн удирдлагуудад итгэмжлэлийн дагуу албан хүсэлт болон албан тоот хүргэж төлөөлөн уулзалт хийж байсан. 2017 оны 02 сараас Засаг дарга албан тоот өгснөөр ажлын чиг үүргээ хэлсэн. 21 га газрыг Засаг дарга 8.4 га болгож ашиглах эрх олгосон захирамж гарч байсан. Үүний дагуу хүсэлтүүдээ өгөөд явсан. Үүнийг хэрэгжүүлэхийг хүсэж удаа дараа албан бичиг өгч байсан. Газрын албаны мэргэжилтэн, Орхон аймгийн ерөнхий архитектор нар 21 га газрын барилгажих талбайн хэмжигдэхүүнийг гаргаад багасгаж 16.8 хавьцаа гарсан. Үүнийг тал талаар нь хуваагаад 8.4 га газрыг ашиглах санал гаргаж албан тоот хүсэлтүүдээ өгч байсан. Зоригоо, Дангаасүрэн дарга нарын үед 7 га гэж захирамж гарсан. Ажлын хэсгийнхэн уулзаж энэ асуудлаар буюу 21 га газартай холбоотойгоор Очир-Ундраа ХХК-тай уулзсан. Сумъяацогт дарга тэр үед  удахгүй захирамж гаргаж өгнө гэж хэлсэн учраас маргааш нь 21 га газар дээр ажлын хэсэг байгуулах захирамж өгсөн. Дархан-Уул аймагт шүүх хуралдаан болоод очиход Ц очсон байсан. Бүгдийг нь мэдэж байгаа. Сумъяацогт дарга бид 2 уулзсан. Энэ 7 га газар гэж захирамж гарсан байхад бидний зүгээс 8.4 га газар дээр зөвшөөрөл өгөөч гэж хүсэлтээ гаргаж байсан. Танай хөрөнгө оруулагч нар найдвартай хүмүүс юм уу? гэсэн учраас би Хятад улс руу авч явна гэж хэлээд Хятад улсад очиж уулзалт, танилцуулга хийж байсан. Тэгээд 2 сарын дараа эргээд Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргатай уулзахад надад танайх дотоод асуудлаа шийдээд ир тэгээд захирамж гаргах байх гэж байсан. Дараа нь Сонгуулийн өмнө Гантөгс, Ц дарга нар хашаагаа буулга гээд биечлэн уулзаж байсан. Тэгэхэд нь танайх захирамжаа гаргачихвал хашаагаа буулгаж болж байна. Одоо энэ их хашааг хаанаа буулгах юм бэ? гээд учир явдлаа айлбарлаж байсан.“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

ОАЗД 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамжаар “ХХ” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дэх орон сууцны 7 дугаар хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

ОАЗД Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.3 /г/, /ж/, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь заалтуудыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаартай захирамж гарган “ХХ” ХХК-д 7 га газар ашиглуулах тухай А/574 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй, газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй нь захиргааны байгууллагын үндсэн үүрэг, энэ үүргээ биелүүлээгүй учир А/78 дугаар захирамж үндэслэлгүй гэж маргасан тухайд:

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтлана, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж хуульчилсан байгаагаас дүгнэхэд газар ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг захиргааны байгууллагад үүрэг болгоогүй байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл /гэрээ/ гэнэ.” гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д газар эзэмшүүлэх гэрээний агуулгыг тодорхойлсон зэрэг нь гэрээ байгуулахад 2 тал адил эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохыг хуульчилсан байна. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй нь зөвхөн захиргааны байгууллагын үүрэг байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13-д газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах гэж заасны дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмыг тодорхой зохицуулсан ба газар ашиглах гэрээ байгуулж гэрчилгээ олгоход захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид давуу эрх олгож, үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй болохыг анхаарах нь зүйтэй.

ОАЗД А/78 дугаар захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”. заасан заалтыг захирамжийн үндэслэл болгосон. Захиргааны байгууллагын зүгээс гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг “ХХ” ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч компани ОАЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамжаар олгосон 7 га газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой байсан нь хэрэгт авагдсан ОАЗД нарт гаргаж байсан хүсэлтүүд болон гэрч Т.Г-ын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Хэдийгээр гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй боловч “ХХ” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын А/574 дугаар захирамжид 7 га газрыг орон сууцны зориулалтаар олгосон, өмнө нь 21 га газар ашигладаг байхдаа орон сууцны хорооллын барилга барьж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар тогтоогдож байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч “ХХ” ХХК-д 7 га газрыг ямар зориулалтаар ашиглуулахаар олгосон нь тодорхойгүй байсан гэж үзэх боломжгүй юм.

Мөн ОАЗД-ын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг Захиргааны Ерөнхий хуулийн Захиргааны үйл ажиллагааны зарчим гэсэн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зохицуулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэсэн заалтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч компани аймгийн Засаг даргын шийдвэрээр олгосон 7 га газрыг ашиглах тухай гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй нь тухайн газар ашиглах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Дээрхи байдлуудаас дүгнэхэд Аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудын хүрээнд, өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А/78 дугаартай захирамж гарган “ХХ” ХХК-д 7 га газар ашиглуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамжийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14-04-020/162 дугаар дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийг ОАЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугар захирамжаар ашиглуулахаар шийдвэрлэсэн 7 га газраа актаар хүлээн авч газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээг авч газар ашиглах эрхээ баталгаажуулаагүй болохыг тогтоосон байна.

Нэхэмжлэгч компани нь гэрээ байгуулж, гэрчилгээ олгох тухай захиргааны байгууллагуудын албан бичгийг хүлээж авч байгаагүй, сөрөг нөлөөлөл бүхий А/78 дугаартай захирамж гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч “ХХ” ХХК газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авах тухай хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргаж байгаагүй /ОАЗД Д.Б-д 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр л хүсэлт гаргасан/, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд тус тус заасны дагуу газар ашиглах гэрээ байгуулж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүүн талаар гомдол гаргаж байгаагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласныг, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ОАЗД-ын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5/06 дугаар албан бичиг гаргаж, “ХХ” ХХК-д баталгаат шуудангаар явуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласныг, орчуулагч С-ыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4  дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн “ОАЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА