Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 316

 

“СУАТ” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ/2016/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0443 дугаар магадлалтай, “СУАТ” ХХК-ний нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөред холбогдох захиргааны хэргийг хариуцагч Х.Жантөрегийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч СУАТ ХХК”-ний захирал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04-04-027/302 тоот албан шаардлагыг 2015 оны 08-р сарын 04-ний өдөр миний нэр дээр ирүүлсэн ба уг албан шаардлагын дагуу авсан арга хэмжээний хэрэгжилтийг 2015 оны 10-р сарын 21-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргаж хүргүүлэхээр албан тоотыг бэлэн болгоод байхад Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Күлзира, Байгаль орчны хяналтын улсын байцаагч X.Жантөре нар манай компанид ирж ... илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр намайг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн.

... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга н.Раднаасэдийн нэр дээр 2015 оны 11-р сарын 06-ны өдөр гомдол гаргасан..., гомдлын хариу 2015 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл манай компанид ирээгүй байхад бидэнд огт мэдэгдэхгүйгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11-р сарын 24-ний өдрийн 1911 дугаартай захирамжаар шийтгэвэр баталгаажуулсныг 2015 оны 12-р сарын 30-ны өдөр манай компанид хүргүүлсэн байна.

Бид нараас шалтгаалах арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлсэн ба манай компаниас шалтгаалахгүй аймаг, орон нутаг, улсын хэмжээнд хөрөнгө мөнгөнөөс болж шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлуудыг биелүүлсэнгүй гэж захиргааны арга хэмжээ тооцохоор шийдвэрлэсэн хяналтын улсын байцаагчийн шийдвэрт ... МХЕГ-ын даргад гомдол гаргаад байхад 1911 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт: “СУАТ” ХХК-ний захирал С.Шарив нь 2015 оны 10-р сарын 21-ний өдрийн 01 дугаартай зөрчлийн тухай тэмдэглэл болон шийтгэвэрт гарын үсэг зурахаас татгалзсан ба хуулийн хугацаанд эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй, шийтгэвэр хүчин төгөлдөр болсон тухай дурдсан байна.

Бид сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангиликийн гаргасан захирамжийг гардан авсан даруй МХЕГ-ын даргын туслах болон өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нарт хандаж бидний тус газрын даргад гаргасан гомдлын хариуг бидэнд ирүүлээгүй байгаа шалтгааныг лавлаж асуухад танай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад уг асуудлыг шалгаж хянаж үзэхээр шилжүүлсэн гэсэн хариу сонсоод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамедийн нэр дээр 2016 оны 01-р сарын 07-ны өдрийн 03 тоот албан бичгээр хүсэлт гаргасан юм.

Тус газрын даргын 2016 оны 01-р сарын 08-ны өдрийн 2/14 тоот албан бичгийг манай компанид 2016 оны 01-р сарын 12-ны өдөр хүргүүлж дээрх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байна. Уг албан тоотод  “...өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол...” шалгалт хийхгүйгээр өргөдөл, гомдлыг буцааж болно гэж заасан нөхцөл байдлууд тогтоогдсон учир өргөдлийг буцаасан тухай мөн дурдсан байна.

Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0027878 тоот шийтгэвэрийг хянаж үзээд хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Жантөре шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Күлзира, байгаль орчны хяналтын улсын байцаагчид Н.Уатхан, Х.Жантөре нарын бүрэлдэхүүнтэйгээр НААҮ-ний “СУАТ” ХХК-ийн харъяа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус компаний ерөнхий инженер Б.Мухтар, ахлах лаборант Х.Ардах, химийн лаборант Т.Айыкхан нарыг байлцуулан 2.2 кодтой Төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжийг шалгах хяналтын хуудас-аар хяналт шалгалт хийж, эрсдэлийн түвшинг үнэлэхэд 44 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан ба хяналтын хуудасны асуумжаар хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04-04-027/302 тоот улсын байцаагчийн 4 заалт бүхий албан шаардлага өгч, уг шаардлагын биелэлтийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлэхээр заасан.

Өгсөн албан шаардлагын хариуг дээр дурдсан хугацаанд ирүүлээгүй бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх явцад өгсөн албан шаардлагын биелэлтийг бүрэн хангаж ажиллаагүй, байцаагчийн зүгээс тавьсан шаардлагад холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил дутуу байв.

... 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн.

... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасан. Манайхаас жил болгон шаардлага тавьдаг, нэхэмжлэгч талаас энэ асуудлыг биелүүлж чадахгүй байгаа. Ямар ч гэсэн зөрчил байгаа тул арга хэмжээ авах ёстой, гэхдээ миний бие нэхэмжлэгч талыг харж үзээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй төгрөгөөр торгож шийтгэвэр бичсэн.

Шийтгэврийн нэг хувийг компанийн захирал С.Шаривт өөрт нь өгсөн байгаа. Тухайн үед С.Шарив дарга би энэ шийтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй, торгуулиа төлүүлэх газарт очиж төлүүлж аваарай гэж хэлж байсан. Тэгээд би шийтгэвэрээ өгөөд явсан. Дараа нь 15 хоног хүлээгээд төлөөгүй учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хохирлоо барагдуулж өгөх талаар хүсэлтээ өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1911 тоот захирамж гарч, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0027878 дугаартай шийтгэврийг баталгаажуулсан болно.

...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар торгууль оногдуулсан нь үндэслэлгүй, хариу өгөөгүй бол торгоно гэсэн үндэслэл уг зүйл, заалтад байхгүй гэж тайлбарлаж байна. Уг зүйл заалтад хариу ирүүлээгүй тохиолдолд албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байгаа гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 53 дугаар зүйлийн 53.3, 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “СУАТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0027878 дугаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 443 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Х.Жантөре хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэгч талыг зөвтгөж хариуцагч бидний гомдлыг авч хэлэлцээгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тегрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсэн заалтаар албан шаардлагын биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй зөрчил гаргасан тул торгож арга хэмжээ авсан. Шүүхээс хуулийг буруу тайлбарлаж буруу дүгнэлт хийжээ.

Нэгэнт хугацаандаа албан шаардлагын биелэлт ирүүлээгүй тул гүйцэтгэлийн шалгалт хийсэн хийгээгүй торгох хуулийн үндэслэлтэй юм. Улсын байцаагч хүн төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж хууль сахиулах, гарсан зөрчлийг арилгуулах үүрэгтэй. Хуулинд торгуулийн хэмжээ өндөр учраас аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагаас мултрахын тулд хуулийн цоорхой ашиглан төрийн ажилд хүндрэл учруулах талтайг анхаарах нь зүйтэй.

Иймд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0443 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дахин хянаж хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Суат” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Күлзира, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Уатхан, Х.Жантөре нар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Суат” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04-04-027/302 дугаар албан шаардлагаар 4 төрлийн зөрчил тогтоосон, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, албан шаардлагын дагуу авсан арга хэмжээний хэрэгжилтийг “...2015 оны 10 дугаар сарын 20-ны дотор аймгийн МХГ-т албан ёсоор мэдэгдэж, шалгуулах, ...дурдсан хугацаанд албан шаардлагын хариуг ирүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан арга хэмжээ тооцох” тухай уг албан шаардлагад тусгайлан заасан,  албан шаардлагыг “Суат” ХХК-ийн захирал С.Шарив хүлээн авч, гарын үсгээ зурсан байна.

Нэхэмжлэгч “Суат” ХХК нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын хяналт шалгалтаар тогтоосон зөрчлүүд болон улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04-04-027/302 дугаар албан шаардлага “биелэгдэх боломжгүй” талаар болон түүнд заасан “... 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор зөрчлийг арилгах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх” хугацааны талаар маргаагүй, хуульд заасан хугацааны дотор эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй, түүнчлэн, албан шаардлагад заасан хугацаа буюу “2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр”-ийн дотор албан шаардлагын хариуг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлээгүй байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Жантөре “Суат” ХХК-ийн “...албан шаардлагын хариуг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй” зөрчилд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  0027878 дугаартай шийтгэвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг баримтлан тус компанийн захирал (албан тушаалтан) С.Шаривийг 384,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “... улсын байцаагчийн албан ... шаардлага...-ыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... торгох”-оор заасантай нийцжээ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий захиргааны актын шууд үндэслэл болсон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж, хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээрх заалтаар “улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг  тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй” тохиолдолд захиргааны арга хэмжээ ногдуулах эрхийг хяналт шалгалтын улсын байцаагчид олгосон, уг эрхээ хэрэгжүүлэхэд улсын байцаагч заавал гүйцэтгэлийн шалгалт хийсэн байх урьдчилсан нөхцлийг хуулиар шаардаагүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... нэгэнт хугацаандаа албан шаардлагын биелэлт ирүүлээгүй тул гүйцэтгэлийн шалгалт хийсэн хийгээгүй торгох /эрхтэй/” гэх гомдол үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Суат” ХХК нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04-04-027/302 дугаар албан шаардлагын дагуу авсан арга хэмжээний талаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны дотор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй тул улсын байцаагч О.Жантөре 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  0027878 дугаартай шийтгэвэрээр тус компанийн захирал С.Шаривт захиргааны торгох хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ/2016/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0443 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Суат” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0027878 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА