| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00005/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 06
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: У.Анхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Шүрхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,
Шүүгдэгч: Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 1926002500294 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт Т.М
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Өвгөн толгойн хадан өтөг” гэх газар хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 290.478.66 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би гар аргаар сул шороо угаасан. Манай өвөлжөөний хажуу талд байдаг газар байгаа юм. Өмнө нь уурхай ажиллаж байсан эрэг. Мөнгөний хэрэг гарсан учраас шороо угааж үзье гэж бодоод очсон. Алт олборлоё гэсэн зорилготой тэнд очиж шороо угаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэв.
Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Өвгөн толгойн орчимын газар нь хуучин гар аргаар алт олборлогч иргэдийн нөлөөгөөр эвдэгдсэн талбай байсан. Иргэн Т.М ажилласан гэх газар нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй хуучин эвдэгдсэн байсан талбай. Т.М ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй. Нөхөрлөл болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ уг хүнд байхгүй тусгай зөвшөөрөлгүй, манайд ийм хүн ямар нэгэн хүсэлт тавьж байгаагүй. Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээнд гарсан хохирлоо нөхөн төлсөн. Миний зүгээс гомдол санал байхгүй. /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Т.М нь гар аргаар алт олборлодог хүн. Өөр аймаг суманд хүмүүстэй алтанд яваад ирлээ гэж ярьдаг. М-д усан помп мотор, цахилгаан үүсгүүрийн мотор, жижиг пайжуур байдаг гэж өөрөөс нь сонссон би өөрөө нүдээр харж байгаагүй. Т.М нь элдэв ааш авиргүй, хүнтэй нийтэч, хүнтэй маргаан хийж байхыг би хараагүй, даруу төлөв ааштай хүн байдаг. /хх-ийн 34 хуудас/,
Яллагдагч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш шороо угааж пайжуураар шигшсэн. Би ганцаараа ажилласан хамтран ажилласан хүн байхгүй. Усан помп мотор 1 ширхэг, цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхэг, жижиг оврын гар аргаар хүрзээр шороо хийж угаах зориулалттай файжуур 1 ширхэг гэсэн техник хэрэгсэлтэй байсан. Усан помп мотороор голоос ус татаж жижиг пайжуураа цахилгаан мотороороо ажиллуулаад дээрээс нь ус хийж угаадаг. Шороогоо би хүрзээр шиддэг байсан. Миний ажилласан техникүүд бүгд миний эзэмшлийн техникүүд байгаа юм. Байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн. /хх-30-33, 67-68 /,
“МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19/068 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлтэнд:...Иргэн Т.М нь нийт 149.86 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2019.08.01-ний өдрийн хэмжилтээр тогтоогдлоо. Уг талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. /АМГТГ-ын 2019.08.21-ний өдрийн 7/5843 тоот албан бичгийг хавсаргав. Иргэн Т.М нь нийт 149.86 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь “МОНСЛОВ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 120.772.46 төгрөг/. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 9560.89 төгрөгөөр тогтоосон. Өвөрхангай аймгийн ******* сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Өвгөн толгойн хадан өтөг” нэртэй газарт иргэн Т.М нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүтэн давхцалтай байна. /БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 06б/5586 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. Нөхөн сэргээлтийн зардал 198.582.56 төгрөг. /хх-ийн 36-50 хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19/036 тоот албан бичигт: Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дахь ”Өвгөн толгойн хадан өтөг” нэртэй доорх солбилцол бүхий талбай нь ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газартай тус тус давхцалгүй. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалгүй байна. /хх46/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/30 дугаартай үнэлгээний тайлан, хохирол төлсөн баримт, /хх-ийн 3-7, 12, 14, 12-18, 91 хуудас/,
Шүүгдэгч Т.М-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 67, 68 хуудас/,
Шүүгдэгч Т.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.М холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Өвгөн толгойн хадан өтөг” гэх газар хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 290.478.66 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Өвгөн толгойн хадан өтөг” гэх газар хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 290.478.66 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.М нь зохих журмын дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл аваагүй, шүүгдэгчийн явуулсан үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц-гийн Т.М нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй. Нөхөрлөл болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ уг хүнд байхгүй тусгай зөвшөөрөлгүй. Манайд ийм хүн ямар нэгэн хүсэлт тавьж байгаагүй, гэрч Ц.Сайнбаярын Т.М нь гар аргаар алт олборлодог хүн, өөр аймаг суманд хүмүүстэй алтанд яваад ирлээ гэж ярьдаг. М-д усан помп мотор, цахилгаан үүсгүүрийн мотор, жижиг пайжуур байдаг гэж өөрөөс нь сонссон би өөрөө нүдээр харж байгаагүй гэх мэдүүлгүүд, “МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19/068 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/30 дугаартай үнэлгээний тайлан, хохирол төлсөн баримт, шүүгдэгч Т.М яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Т.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.М оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Т.М-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Т.М 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Өвгөн толгойн хадан өтөг” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулахдаа ашигласан усан помп мотор 1 ширхэг, цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхэг, жижиг оврын файжуур 1 ширхэг нь шүүгдэгч Т.М өмчлөлийнх болох нь,
Мөн шүүгдэгч Т.М нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Өвгөн толгойн хадан өтөг” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулахдаа дээрх техник хэрэгслийг ашигласан болох нь шүүгдэгч Т.М, гэрч Ц.С нарын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж,
Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 290478 төгрөг, усны нөөцөд учруулсан хохиролд 198582 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Т.М-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.М тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Т.М-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй
6. Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль орчинд учирсан хохиролд 489060 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Т.М өмчлөлийн усан помп мотор 1 ширхэг, цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхэг, жижиг оврын файжуур 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч Т.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.