Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 730

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2020          8             05                                     2020/ШЦТ/730

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

            улсын яллагч С.Оюунжаргал,

            хохирогч Д.Намжилцэрэн,

            шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Э.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000208 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 01-нд Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл-3, эх, дүү нарын хамт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.Б/регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 05 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатар дүүргийн замын Цагдаагийн хэлтсийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота приус-30” маркийн 52-39 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Хүдэрбат жолоочтой “Тоёота приус-30” маркийн 29-06 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж “Тоёота приус-30” маркийн 29-06 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ө.Дөлгөөнжаргалыг эрүүл мэндэд нь хөнгөн, зорчигч Д.Намжилцэрэнгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө 11 цагийн үед Халдвартад 2 найзтайгаа уулзахаар гарсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед 1 найз маань ирээд машин дотор байсан айрагнаас 1, 1 аягыг уусан. Үүрийн 5 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хажууд явж байгаад гэрлэн дохион дээр хальт зүүрмэглээд сэртэл урд машин тулаад осол гаргасан...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би машинаа жолоодон 04.20 цагийн үед ганцаараа Сэлбэд байх ажил руугаа явах замд зүүнээ баруун хойд чигт Дамбын замаар 40 орчим км цагийн хурдтай явж байгаад хэсэг нойрмоглон унтсан байсан. Гэнэт сэрэхэд миний өөдөөс машин орж ирсэн би тулаад харсан учир зогсох арга хэмжээ авч чадалгүй машиныхаа зүүн урд талаар тэр машины зүүн урд тал руу мөргөөд зогссон. Машинаасаа бууж ирээд харахад би урсгал сөрж нөгөө машиныг мөргөсөн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-86-87/,

 

Хохирогч Д.Намжилцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Би салхитаас таксины дуудлага аваад явж байсан. Дамбын цагдаагийн хэлтсийн гэрлэн дохион дээр зогсож байтал ардаас гишгээд ороод ирсэн. Миний эгэмний яс хугарсан. Тархиндаа бага зэргийн хавантай гэсэн гэмтлүүд гарсан. Биеийн байдал гайгүй. Одоо 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...Сэлхийн зуслан орж нэг эмэгтэйг суулгаад гуравуулаа хотын төв орохоор Дамбын орчим Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хажуугийн замаар явж байтал өөдөөс Приус маркийн машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би Хүдэрээг цаашаа дараарай машин ороод ирлээ гэж хэлтэл тас хийн миний сууж явсан машиныг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,

 

Хохирогч Ө.Дөлгөөнжаргалын “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 04 цагийн үед би Сэлхийн зусланд найзынхаа гэрт байж байгаад хувь дуудлагын такси дуудсан гадаа ирчлээ гэхээр нь найзтайгаа гарч ирээд би ганцаараа Приус маркийн машины арын суудалд суусан. ... би гар утсаа үзээд явж байтал жолооч энэ ямар өвчтэй амьтан бэ урсгал сөрөөд ороод ирлээ гэж хажуудаа суусан залуутай ярьж дуусаагүй түс тас хийх чимээ гарч миний сууж явсан машин хажуу тийшээ савагдаж зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-38-41/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5997 тоот актын “…Ө.Дөлгөөнжаргалын биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт, баруун, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-51-52/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5975 тоот актын “…Д.Намжилцэрэнгийн биед цээжний зүүн талын эгэм ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-58-59/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11/, Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13, 17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8, 14-15/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-128/, хохирогчийн өвчний түүх /хх-109-120/, Жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-20/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-148/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-149/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-144/, хохирлын баримтууд хх-/49-72/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-162-164/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 05 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатар дүүргийн замын Цагдаагийн хэлтсийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота приус-30” маркийн 52-39 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Хүдэрбат жолоочтой “Тоёота приус-30” маркийн 29-06 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ө.Дөлгөөнжаргалыг эрүүл мэндэд нь хөнгөн, зорчигч Д.Намжилцэрэнгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Намжилцэрэн, Ө.Дөлгөөнжаргал нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжилгээний №5997 тоот актын дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Э.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Бын согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Намжилцэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Бын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хууль заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Бын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Намжилцэрэнд 1.918.000 төгрөгийн, хохирогч Ө.Дөлгөөнжаргалд 370.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Н.Бямбасүрэнд 5.890.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Э.Бын зүгээс дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Д.Намжилцэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул түүний гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.   

 

Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Бын №1317495 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албан шилжүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Э.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Э.Бд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

5.Шүүгдэгч Э.Б нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Д.Намжилцэрэн нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Э.Бын жолоочийн В ангиллын №1317495 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт хураагдаж ирсэн Тоёота приус-30 маркийн 52-39 УАВ улсын дугаартай №02718627 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ялтан Э.Бд буцааж олгосугай.

 

9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР