Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 731

 

 

 

 

 

 

 

       2020          08          05                                        2020/ШЦТ/731

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Ц.Буянхишиг,

          шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Л холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000000766 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Увс аймаг, Өндөрхангай суманд 1975 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт оршин суух,

1998 оны 02 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Н.Л /регистрийн дугаар /,

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Н.Л нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн зуун модны зуслан 9 тоот хашаанд иргэн Б.Заяабаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 8 цагийн үед Ар хустайн зуслангийн гэртээ очсон. Очоод машинаасаа буутал Заяабаатар гэрээсээ шагайж харсан. Би гэрийнхээ үүдэнд очиход Заяабаатар төмөр бариад гэрээсээ гараад ирсэн. Тэгээд намайг цохих гээд далайгаад ирэхээр нь төмрөөс нь бариад цааш зууралдсан. Зууралдаж явж байгаад төмөр амбаар шахагдсан. Тэгээд нэг хартал нуруунаас нь цус гарч байсан. Тэгээд төмрийг нь авч шидчихээд цагдаа дуудсан...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Заяабаатар буцаад гэртээ орсон би ч яваад гэрийнхэн гадаа очиход гэрээсээ төмөр бариад гараад ирсэн. Би төмрөөс бариад бид хоёр ноцолдоод явсаар байгаад хашаанд байх төмөр амбаарт Заяабаатар нуруугаараа тулаад Заяабаатар доошоо болоод суусан би харсан. Заяабаатарын нуруунаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 3-5/,

 

Хохирогч Б.Заяабаатарын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2020 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг орчим гэртээ байж байтал гадаа машин дугарахаар нь гэр дотор үүдэн хэсэгт байсан орны төмөр турбаг аваад гарч очиход өмнө нь намайг зодож байсан Лхагвадорж гэх хүн машинаасаа буугаад манайх руу алхаад ирж байсан. ...бид хоёр барьсан банз турбагаараа хоорондоо цохилцсон, би тэр үед Лхагвадоржийг дийлэхгүйгээ мэдээд турбагаа хаяад намайг албал ал гээд хэлсэн тэгэхэд Лхагвадорж гартаа барьж байсан банзаа хаяад намайг багалзуурдаж авахаар нь би өөрийгөө хамгаалаад Лхагвадоржтой ноцолдсон бид хоёр ноцолдоод явж байх үед манай хажууд байх төмөр амбаарыг би нуруугаараа налсан юм. Тэгээд газарунаад бостол миний нуруунаас цус гарч байсан. ...Тэр Лхагвадорж надтай ноцолдож намайг түлхээд явсаар байгаад амбаарын дээврийн налуу төмөр нь илүү гарсан хэсэгт нуруугаар минь тулгаж нуруугаар доошоо дартал тэгэхэд миний нуруу өвдөөд явчихсан. Тэгээд газарт унасан миний дээрээс өшиглөөд зодоод байсан. Миний нуруунаас цус гараад байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5873 тоот актын “…Б.Заяабаатарын биед нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-25/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-38-39/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.Л нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн зуун модны зуслан 9 тоот хашаанд иргэн Б.Заяабаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Заяабаатарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №5873 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Лийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Лийн хохирогч Б.Заяабаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Лийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Заяабаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин хохирогч Б.Заяабаатар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

Шүүгдэгч Н.Лийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Н.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Н.Лид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Н.Л нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Л 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Хохирогч Г.Отгонбаяр нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР