Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

      2020          08           31                                        2020/ШЦТ/779

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч С.Болорзул,

          шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709001060929 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 10-нд Дорнод аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, хүүхдийн хамт түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Д /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Л.Д нь 2017 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Уранчимэгийн гэрээс Самсунг загварын 2 ширхэг гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 592.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          шүүгдэгч Л.Д шүүх хуралдаанд “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Урнаа над руу 12 цагийн үед залгаад “Чи миний болон манай нөхрийн утсыг аваад явсан юм шиг байна аваад ир гэхээр би юу яриад байгаа юм бэ би утсыг чинь аваагүй гээд ярьж байгаад би утсаа салгасан. Тэгээд би цүнхэндээ үзсэн чинь 2 ширхэг гар утас байхаар нь би буцаагаад залгасан чинь өөр хүн утсыг нь аваад байсан. тэгээд би 2,3 хоногийн дараа очиж тэр утаснуудыг аваачиж өгөх гээд гэрээсээ гараад автобус хүлээгээд зогсож байсан чинь миний цүнхнээс утаснууд нь алга болцон байсан. самсунг эс-5, эс-6 маркийн гар утаснууд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-60-62/,

 

Хохирогч Б.Уранчимэгийн “...өмнө нь Дашмаа манайд ирж хонож байхдаа миний монетон бөгжийг хулгайлаад аваад явчхаж байсан болохоор би нөхрийнхөө утсыг болон өөрийнхөө утсыг дэрэн доороо хийгээд унтсан. Би өглөө 06 цагийн үед сэрээд босоод хартал Дашмаа нь манайд байхгүй миний утас болон манай нөхрийн утсыг хулгайлаад аваад явчихсан байсан. Тэгээд би Дашмаагийн утас руу маргааш өдрийн 11 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан. Мөн өөрсдийнхөө утас руу залгахад утас холбогдохгүй байсан. тэгэхээр нь маргааш нь би Дашмаагийн байсан 120 автобусны буудлын тэнд байдаг 8-р байрны 1-р орцны подвол руу ороод асуутал эндээс хоёр гурав хоногийн өмнө нүүж гарсан гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш дахиж Дашмаа руу залгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-34-35/,   

 

Хохирогч Э.Эрдэнэчулууны “...Л.Д манай эхнэртэй мөн бага охинтой юм яриад том өрөөнд үлдсэн. Миний утас тухайн үед манай эхнэр Уранчимэгт байсан, тэгээд өглөө сэртэл манай эхнэр Уранчимэг нь нөгөө Дашмаа чинь чи бид хоёрын утсыг хоёуланг нь дэрэн доороос хулгайлж аваад явчихсан байна гэж хэлэхээр нь наадах чинь яасан сонин хүн бэ гээд хаягаар 120-ийн тэнд байдаг нэг байранд очиход нүүгээд явчихсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,       

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-69/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-49/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-70-89/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-92-94/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр 116 дугаар байрны 15 тоотод оршин суух хохирогч Б.Уранчимэгийн гэрээс Самсунг загварын 2 ширхэг гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 592.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Уранчимэг, Э.Эрдэнэчулуун нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Л.Дгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Л.Дгийн дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уранчимэг, Э.Эрдэнэчулуун нарт “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр нийт үнэлгээ 592.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Уранчимэг, Э.Эрдэнэчулуун нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Дгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгч Л.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Л.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Л.Д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Л.Дд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР