Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 09

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: “ДЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч: ОАУБХ болон УБ-гч Э.О-д тус тус холбогдох “Улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0001/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ДЦ” ХХК-ийн захирал Ч.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээд А.З, түүний өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “ДЦ” ХХК-ийн захирал Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаар захирамжаар буюу 13-р жагсаалтад “ ДЦ” ХХК-д барилгын материал худалдааны төв байгуулах зөвшөөрөл, 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олгосон. 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 317 тоот шийдвэрийг үндэслэн 4000 м2 газрыг 30 жилийн хугацаатай Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүү гэрээ байгуулан газар эзэмших гэрчилгээ олгосон. “ДЦ” ХХК нь барилга худалдааны үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаад 2004 оноос эхлэн иргэн А овогтой З-д түрээсэлж байсан ба 2004 онд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тохирч “ДЦ” ХХК-иас улсын бүртгэлийн албанд бичиг хүргүүлж иргэн А.З-д эд хөрөнгийн өмчлөх Y-2101008724 дугаартай гэрчилгээг УБ-гч Б.Нарангэрэл гаргаж улмаар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр УБ-гч Э.О ИО ХХК-д Y-2101008724 тоот гэрчилгээ гаргаснаар Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүүтэй хийсэн гэрээг зөрчин түрээсийн газарт үл хөдлөхийн гэрчилгээ гаргасан тул 2101008724 тоот гэрчилгээг хүчингүй болгож, 2018 онд Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажил эхлэх болсон тул тус газрыг чөлөөлж өгнө үү[1]

Миний мэдсэнээр үл хөдлөх хөрөнгө гэдэг бол газраас салахаараа зориулалтын дагуу ашиглах боломжгүй, өөрийн гэсэн чанараа алддаг зүйлийг хэлдэг. Газаргүйгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг яаж гаргаад өгчихдөг юм бэ? Газаргүйгээр үл хөдлөх хөрөнгө байх үндэсгүй учраас газрыг чөлөөлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. УБ-гч энэ компани хүсэлт гаргасан учраас гэрчилгээ олгосон гэж байна. Энэ газар бол аймгийн Засаг даргын захирамжтай, гэрээний дагуу эзэмшдэг. Энэ дээр бусдад буюу өөр этгээдэд үл хөдлөх хөрөнгө өмчлүүлсэн байгаа нь хууль бус байна. Яагаад газрын зөвшөөрөлгүй байж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан юм бэ? Ямар арга замаар ийм зүйл болсон нь их тодорхой бус байна. Түрээсийн газар байхад үл хөдлөх хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан нь хууль бус гэж үзэж байна. А.З бид хамаатан хүмүүс нэгнийхээ бизнесийг дэмжиж тухайн үед 15 жилийн хугацаатай гэж албан бичиг хийж өгч байсан. Түрээсийн гэрээн дээр үндэслэсэн байгаа. Анх нэг чингэлэгний газар 40 000 төгрөгөөс эхэлсэн. Одоо 120000 төгрөг болсон. А.З сард 500-аад мянган төгрөг төлдөг. Гэрчилгээ гаргуулахдаа газрын гэрчилгээг хавсаргаж өгөөгүй. Надаас зөвшөөрөл хүсэхэд нь адилхан бизнес хийдэг хүмүүс гээд тодорхойлолт өгч тусалсан. Дараа нь шилжүүлэх гэж байна гээд ирэхэд нь би зөвшөөрөл өгч байсан. Энэ бүхний эцэст газрыг энэ хүнд шилжүүлэх боломжгүй. Энэ хүнийг дуудаж ирээд өөрөө өгсөн зүйл байхгүй” гэв.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДЦ” ХХК-ийг төлөөлөн Б.Л би оролцож байна. “ДЦ” ХХК-ийн нэхэмжлэлд “ДЦ” ХХК-ийн эзэмшлийн 0.4 га газарт байгаа ИО ХХК буюу А.З-гийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Энэ нэхэмжлэлийг анх ОАУБХ-ийн хэлтэст албан бичгээр хүсэлт гаргаж байсан боловч заавал шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэв.

           Хариуцагч ОАУБХ болон УБ-гч Э.О-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2 дугаар хороолол 27 дугаар байрны урд “ДЦ” ХХК-ийн хашаанд байрлах 56 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “ИО” ХХК бүртгэлтэй байна. Иргэн З 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “ДЦ” ХХК-ийн газар дээр 56 м.кв бүхий павилоныг барьж анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журмын 3.5 газар “өмчлөх, эзэмших, ашиглах эрх болон түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх нь тус бүр өөр өөр этгээдэд байгаа тохиолдолд тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг түүн дээр байрлах эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлсэн эсэх талаар гэрээ, хэлцэл эсвэл тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна” гэсэн заалтыг үндэслэн газар эзэмшигч байгууллагаас тодорхойлолтыг авч бүртгэсэн байна. Иргэн А.З нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн үүсгэн байгуулсан “ИО” ХХК-д үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэх тухай мэдүүлэг гаргасныг улсын бүртгэгч хүлээн авч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журам-ын 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэгт “Иргэн өөрийн үүсгэн байгуулсан нэг гишүүнтэй хуулийн этгээдийн өмчлөлд эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлэх, эсхүл нэг гишүүнтэй хуулийн этгээдийн гишүүн нь өөрийн өмчлөлдөө эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлэх зэрэг тохиолдолд тухайн иргэний өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн хуулбар зэргийг үндэслэн бүртгэнэ гэсэн заалтыг үндэслэн бүртгэсэн” байна. Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно. Иймд дээрх бүртгэл нь бүртгэлийн хууль, журмын дагуу бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна[2] гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “ДЦ” ХХК-ийн газар дээрх 56 м2 павилоныг анх удаа улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдуулаад газар нь зөвшөөрөлгүй тохиолдолд улсын бүртгэлд бүртгэсэн, энэ нь хууль бус гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Улсын бүртгэлийн тухай хууль 2003 онд анх батлагдсан. Энэ хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулаад гарсан журмын дагуу тухайн газар эзэмшигч болон газар дээрх үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч өөр өөр этгээдүүд байж болох бөгөөд харин газар эзэмшигч ашиглагчаас зөвшөөрөл авсны үндсэн дээр бүртгэнэ гэж хуулинд заасан байгаа. Бүртгэлийн хуульд заасны дагуу А.З-гийн гаргасан өргөдөл болон бусад холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хуулийн дагуу бүртгэл хийгдсэн. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.З өөрийн үүсгэн байгуулсан “ИО” ХХК-д уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасан. Энэ нь мөн хууль, журамд заасан зохицуулалтаараа тухайн нэг үүсгэн байгуулагчтай компани нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө иргэн, хуулийн этгээдэд шилжүүлж болох талаар зохицуулалт байгаа. Тиймээс иргэний хүсэлт, тухайн хуулийн этгээдийн гэрчилгээ зэргийг нь үндэслэн өмчлөлийг нь шилжүүлэн бүртгэсэн нь хууль зүйн үндэстэй байна. Улсын бүртгэлийн байгууллагаас мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй учраас мэдүүлгийг хүлээн авч бүртгэлээ хийсэн. Тухайн газар, эзэмшигч, ашиглуулагчаас зөвшөөрөл авсан байгаа тул хуулийн дагуу бүртгэл хийсэн. Мөн Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэсэн ерөнхий зохицуулалт байгаа. Гэхдээ бүртгэл хийхээс өмнө энэ хуулийн заалт зохицуулалтууд манай бүртгэлийн хуультай уялдаатай. Гэхдээ тухайн газар дээр барьсан үл хөдлөх хөрөнгийг буулгах нураах асуудал бол тусдаа асуудал юм. Бүртгэл хууль, журамд зааснаар хийгдсэн тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Газар өөр хүнийх байсан ч үл хөдлөх хөрөнгийг өөр хүнд өмчлүүлж бүртгэж болдог. Үл хөдлөх хөрөнгийг бүртгэх үндэслэл болсон газрыг өмчлөх хугацаа дууссан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн өмчлөл дуусгавар болдог. Энэ тохиолдолд газар эзэмшигчийн зөвшөөрөл авсан байгаа учраас гэрчилгээ гаргасан. Энэ мэдүүлгийг буцаах, татгалзах үндэслэл байхгүй” гэв.

 

          Хариуцагч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож байна. Ү-2101008724 дугаартай 56 м үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.З хүсэлт гаргаж, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн улсын бүртгэгч Б.Нарангэрэл бүртгэл хийсэн байдаг. Энэ бүртгэл нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэсэн. Энэ үед журам батлагдаагүй байсан. Миний хувьд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийсэн бүртгэлтэй холбоотойгоор энд хариуцагчаар ирсэн гэж ойлгож байгаа. Энэ бүртгэлийг эд хөрөнгийн бүртгэл хөтлөх журамд зааснаар хийсэн. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “ИО” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хүсэлт гаргаад уг үндэслэлээр хийсэн. Бүртгэлийн үйл ажиллагаа нь анхны бүртгэлээс эхлээд шат шатны дарга, хяналтын байцаагч нарт хянагдаж байдаг. Бүртгэлийг үнэн зөв гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэл дээр ярихад хууль, журамд заасан шаардлагатай гэсэн нотлох баримт бүрэн авагдсан. Бүртгэлийн журам зөрчсөн зүйл байхгүй. Энэ хүмүүсийн хооронд хийгдсэн гэрээ, яриа хэлцэл бол өөр шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан гэж ойлгож байна. Энэ тохиолдолд газар эзэмшигчийн зөвшөөрлийг 2004, 2015 онд авсан байсан. Одоо өргөтгөлийн барилгын асуудал яригдаж байгаа юм байна. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанаас ирсэн кадастрын зурагнаас харахад “ИО” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байгаа газар нь “ДЦ” ХХК-ийн эзэмшиж байгаа газар дээр ороогүй харагддаг. Манай байгууллага газар чөлөөлүүлэх үйл ажиллагаа хийдэггүй. Газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн бүртгэл биш гэж үзэж байна. Түрээсийн газар гэж хаана ч байхгүй. Энэ бол “ДЦ” ХХК-ийн эзэмшиж байгаа газар дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөр хүн авч болохгүй гэсэн зүйл байхгүй. 2004-2018 он хүртэлх хугацаанд энэ үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавиад зээл аваад, зээлээ хаагаад явж байсан тухай бүх бүртгэл хийгдсэн байгаа. Тиймээс энэ бол иргэд хоорондын маргаантай асуудал дээр төрийн байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. “ДЦ” ХХК зөвшөөрлөө албан ёсоор өгсөн. 2004 оны бүртгэл хийхтэй холбоотой 50 дугаар журам байдаг. Энэ бүртгэл нь 50 дугаар журам гарахаас өмнө хийгдсэн бүртгэл байгаа. Тухайн үед бүртгэл хийх журам батлагдаж гараагүй байсан учраас хуулийн дагуу бүртгэл хийсэн. Бүртгэл хууль, журмын дагуу хийгдсэн гэж үзэж байна. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр энэ үл хөдлөх хөрөнгийг “ИО” ХХК 200 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Үүрэг ногдуулсан бүртгэлтэй байгаа юм байна. Газартай холбоотой эзэмших эрхийг манайх бүртгэдэггүй гэв.

         Гуравдагч этгээд А.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ИО” ХХК-ийн захирал А.З миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 27 дугаар байрны урд байрлах Зуун айл худалдааны төвийн хашаан доторх газар дээр өөрийн өмчлөлийн 56 м.кв үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг. Ч.Ц нь анх миний газар дээр чи хичнээн ч жил ашиглаж болно. Чи юу л барина дураараа бол гэж хэлсний дагуу би уг үл хөдлөх хөрөнгийг барьсан. Тэгээд түрээсийн гэрээ хийсэн газраа эхлээд 15 жилээр гэрээ хийж ашиглахаар болсон тэгээд цаашаа сунгана гэж ойлгуулсан. Би энэ хүнд итгэж насныхаа амьжиргааны хөрөнгөтэй боллоо гэж ойлгож одоо болтол уг үл хөдлөх хөрөнгийнхөө үр шимээр амьжиргаагаа залгуулж байна. Ч.Ц нь миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож газар чөлөөлж өгөхийг шүүхэд хүсчээ. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие түрээсийн гэрээ болон хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй тул гэрчилгээг хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байгаа болно. Иймд Ч.Ц-ийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү[3]

Би анх 2002 онд Ч.Ц захиралтай тохиролцоод энэ үл хөдлөх хөрөнгийг барьсан. Өөрийнх нь санаачлагаар барьж байсан. Би өмнө нь Далай ээж төвд ажиллаж байгаад дараа нь энд ирсэн. Энэ бүхэнд Ч.Ц-тэй ярилцаж тохиролцож байсан. Дараа нь гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж байсан. Гэрчилгээг гаргуулахдаа хүртэл “ДЦ” ХХК-ийн зөвшөөрлөөр энэ бүх бүртгэлийг хийсэн. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэрээ хийгээд төлбөрөө төлөөд яв гэж Ч.Ц хэлж итгэл үнэмшил төрүүлээд явсан. Ноднин манай эхнэртэй муудалцсанаас хойш манай тогийг хүртэл салгаж байсан. Түрээсийн илүү төлбөр авч байгааг намайг дээрэлхэж байна гэж ойлгож байна. Би Хаан банкны зээлтэй байгаа нь үнэн. Надад ч гэсэн хүндрэлтэй байгаа. “ДЦ” ХХК-ийн газар дээр байгаа гэдгээ зөвшөөрч байна гэв.

        Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хууль, журмыг зөрчсөн гэх зүйл байхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийг бүртгэхдээ газраас бусад үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулахдаа гаргасан мэдүүлэг, хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, барилгын байршлын тойм фото зураг, “ДЦ” ХХК-ийн 2004 оны 01 дүгээр сарын 27-ны 02 дугаар албан бичиг, газар ашиглах гэрээ, газрын гэрчилгээ зэргийг үндэслэж бүртгээд Ү-2101008724 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон байдаг. Тухайн үед хуулиа баримтлан бүртгэл хийдэг байсан. Газар дээр баригдсан барилгыг бүртгэхдээ тухайн газар хэний эзэмшил, өмчлөлд байна вэ? Тэр этгээдийн зөвшөөрлийг үндэслээд бүртгэдэг байсан. Тэгэхэд тухайн газрын хууль ёсны эзэмшигч нь “ДЦ” ХХК байсан. Энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байсан. Энэ газар дээр үл хөдлөх хөрөнгө болох барилга барьж газрыг ашиглаж болохыг 15 жилийн хугацаагаар зөвшөөрсөн нь албан бичгээр нотлогдож байгаа. А.З Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар эрхийнхээ хүрээнд хүсэлтээ хуульд зааснаар гаргаад бүртгэл хийлгэсэн. Түүний хүсэлтийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” 15.2 Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол Улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна гэж заасныг зөрчөөгүй. Тус хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй учраас улсын бүртгэл хийсэн байна. Хариуцагч Э.О-ын хувьд анхны бүртгэлд өөрчлөлт оруулсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “ИО” ХХК-ийг үүсгэн байгуулсан А.З-гийн үл хөдлөх хөрөнгийг мэдүүлэг, эд хөрөнгийн хувийн мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, компанийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм зэргийг үндэслэж энэ өөрчлөлтийг хийсэн байна. А.З-гийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод Ү-2101008724 дугаар гэрчилгээг “ИО” ХХК-ийн нэр дээр олгож өмчлөлийн зүйлийн өөрчлөлтийг бүртгэсэн байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хуулийн шаардлагыг мэдүүлэгт хавсаргасан баримтууд хангаж байсан учраас бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул бүртгэж гэрчилгээ олгосон байна. Иймээс Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаа “ДЦ” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нь үл хөдлөх хөрөнгө буюу газрыг бусдад ашиглуулах гэрээ хийгээд бусдад ашиглуулж болно. Харин энэ тухайгаа өмчлөгч байгууллагад мэдэгдэх үүрэг нь “ДЦ” ХХК буюу хууль ёсны эзэмшигчид байгаа. Иргэн А.З “ДЦ” ХХК хоорондын тохиролцоо нь газар ашиглуулах түрээслүүлэх гэрээгээр харагддаг. Мөн зөвшөөрөл олгосон байгаа нь “ДЦ” ХХК-ийн албан бичгээр нотлогддог. Талуудын тайлбараас харахад тэдгээрийн хооронд хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байна. Энэ байдлаас үзэхэд захиргааны актын улмаас улсын бүртгэлийн үйл ажиллагааны улмаас “ДЦ ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Кадастрын зурагны хувьд 2010 онд хийгдсэн байна. Энэ зураг дээрээс харахад “ДЦ” ХХК-ийн эзэмшлийн газар дээр А.Згийн барилга байгаа эсэх асуудал энэ хэрэгт хамааралгүй зүйл гэж үзэж байна гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч “ДЦ” ХХК-иас ОАУБХ болон УБ-гч Э.О-д тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн “Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэг. “Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх” нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “ДЦ” ХХК-иас ОАУБХ болон УБ-гч Э.Оад тус тус холбогдуулан “Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Уг нэхэмжлэлийн шаардлага нь ОАУБХ-ийн хэлтэст хамааралгүй бөгөөд уг газрын маргаан нь “ДЦ” ХХК болон “ИО” ХХК /захирал А.З/-ийн хооронд газар эзэмших, ашиглах асуудлаар үүссэн маргаан байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэг /Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга/-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд газар эзэмших, ашиглах талаар үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан.

Иймд “ДЦ” ХХК болон “ИО” ХХК /захирал А.З/-ийн хооронд газар эзэмших, ашиглах /чөлөөлүүлэх/ асуудлаар үүссэн маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаанд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэг /Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус/-т зааснаар нэхэмжлэгч “ДЦ” ХХК-ийн захирал Ч.Ц-ийн гаргасан “Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ДЦ” ХХК-ийн захирал Ч.Ц, “ИО” ХХК-ийн захирал А.З нар нь уг маргаан бүхий газрын талаарх гомдлоо Орхон аймгийн Засаг даргад гаргаж шийдвэрлүүлсний дараа зохих харъяаллын шүүхэд хандах эрхтэй болно.

Хоёр. Улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “ДЦ” ХХК-д Орхон аймгийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаар “Хот байгуулалт, барилга байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн[4] 1 дүгээр хавсралтын 13-т зааснаар 0.4 га газрыг “Барилгын материал худалдааны төвийн барилга”-ын зориулалтаар эзэмшүүлж, 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн газар ашиглах гэрчилгээ[5]-г олгожээ. Улмаар 2004 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээ[6]-г байгуулж, 066 дугаартай Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ[7]-г, мөн 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ-г[8] байгуулж, 0086023 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[9] тус тус олгож, “ДЦ” ХХК нь газар эзэмших эрхтэй болжээ.

“ДЦ” ХХК нь өөрийн эзэмших эрх бүхий газраа иргэн А.З-д Түрээсийн гэрээ-ний үндсэн дээр үнэ төлбөртэйгээр, 15 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбар, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2006, 2008, 2010, 2011, 2013, 2017 онуудад байгуулж байсан Түрээсийн гэрээ[10] зэргээр тогтоогдож байгаа бөгөөд А.З нь “ДЦ” ХХК-ийн захирал Ч.Ц-тэй түүний эзэмшлийн газар дээр барилгын материал худалдаалах зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө барих талаар харилцан тохиролцож, түүний зөвшөөрснөөр 2004 онд тухайн үл хөдлөх хөрөнгийг шинээр барьж дуусгасан байна.

Улмаар А.З нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1/Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар тогтооно/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг /Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд.../, 13.5 дахь хэсэг /Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана/, 13.9 дэх хэсэг /Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй.../-т заасны дагуу уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ОАУБХ-ийн байгууллагад бүртгүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж, уг мэдүүлэгтээ гараар бичсэн өргөдөл[11], “ДЦ” ХХК-ийн 2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай “Магадлагаа гаргах тухай” гэсэн Тус компанийн эзэмшлийн 04 га газарт иргэн А овогтой З-гийн хувийн 7мх8м-ийн хэмжээ бүхий павилон байрладаг болох нь үнэн болно. Уг павилоны 56 м.кв газрыг 15 жилээр эзэмшихээр тохиролцов гэсэн агуулгатай албан бичиг[12], “ДЦ” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар[13], үл хөдлөх хөрөнгийн зураг[14] болон үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлэг зэргийг хавсарган өгчээ.

Иргэн А.З-гийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан материалыг ОАУБХ-ийн байгууллага /одоогийн УБХ/ хүлээн авч хянаад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг /Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ/, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг /Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ/-т заасны дагуу “ДЦ” ХХК-ийн хашаанд 56 м.кв үл хөдлөх хөрөнгийг А.З-гийн нэр дээр өмчлөх эрхийг улсын бүртгэлтийн Ү-2101008724 дугаарт бүртгэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож,.../-т заасны дагуу 000102338 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг[15] олгосон байна.

Иргэн А.З нь 000102338 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаарт бүртгэгдсэн “ДЦ” ХХК-ийн хашаанд байрлах 56 м.кв үл хөдлөх хөрөнгийг өөрийн үүсгэн байгуулсан “ИО” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг[16] холбогдох баримтуудын[17] хамт гаргасныг ОАУБХ хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэг /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 39 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 3 дугаар зүйлийн 3.5 /Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх болон түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх нь тус бүр өөр өөр этгээдэд байгаа тохиолдолд тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлсэн эсэх талаар гэрээ, хэлцэл эсхүл тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна/, 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэг /Иргэн өөрийн үүсгэн байгуулсан нэг гишүүнтэй хуулийн этгээдийн өмчлөлд эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлэх, эсвэл нэг гишүүнтэй хуулийн этгээдийн гишүүн нь өөрийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлэх тохиолдолд тухайн иргэний өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуусан гэрээ, дүрмийн хуулбар зэргийг үндэслэн бүртгэнэ/-т заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-21010087244 дугаарт бүртгэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож,.../-т зааснаар улсын бүртгэлийн 000417120 дугаартай гэрчилгээг[18] олгожээ.

Хариуцагчаас газар болон үл хөдлөх хөрөнгө өөр өөр этгээдийн нэр дээр байж болох бөгөөд эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсаргаж ирүүлсэн “ДЦ” ХХК-ийн тодорхойлолт, холбогдох баримтуудыг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэл хийсэн гэж тайлбарлаж байна.

А.З-гийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэх бүртгэл нь 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд “газар, газар дээрх үл хөдлөх хөрөнгө өөр өөр этгээдийн эзэмших, өмчлөх эрхэд хамаарч байгаа тохиолдолд бүртгэлийг хэрхэн хийх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байна. Харин мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан мэдүүлэгт хавсаргах баримт бичигт 13.5.4.газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”-ыг хавсаргахаар заажээ.

Иргэн А.З-гийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсарган өгсөн материалд түүний нэр дээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаагүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэг /Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно/-т заасныг зөрчиж байгаа хэдий ч “ДЦ” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ болон тус компаниас хүргүүлсэн албан бичиг зэргийг үндэслэн “ДЦ” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар дээр байрлах иргэн А.З-гийн 56 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн нь нэхэмжлэгч “ДЦ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Учир нь газар эзэмшигч “ДЦ” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэг /Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу эсхүл зарим хэсгийг бусдад ашиглуулж болно/-т заасан газар эзэмшигчийн эрхээ хэтрүүлж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлийг авалгүйгээр иргэн А.З-д өөрийн компанийн эзэмших эрх бүхий газрын зарим хэсгийг үнэ төлбөртэйгээр, тодорхой хугацаатайгаар ашиглуулсан нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 247 дугаартай албан бичиг[19] болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд иргэн А.З нь “ДЦ” ХХК-ийн зөвшөөрөлтэйгээр, харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн газар дээр барилгын материал худалдаалах зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтад оруулан, уг үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх талаар “ДЦ” ХХК-ийн захирал Ч.Ц-т мэдэгдэж, түүний тодорхойлолтыг авсан байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдвол түүний зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгдэх тул “ДЦ” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол бусдын хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, харин нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагаатай холбоотой байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ДЦ” ХХК-ийн ОАУБХ болон УБ-гч Э.О-д тус тус холбогдуулан гаргасан “Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.9, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ДЦ” ХХК-ийн ОАУБХ болон УБ-гч Э.О-д тус тус холбогдуулан гаргасан “Иргэн А.З болон “ИО” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ДЦ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         П.УУГАНЦЭЦЭГ