Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0233

 

 

“К б” ХХК дахь банкны

эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэгч: “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудаар MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг хүчингүй болгож, MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У,

Хэргийн индекс: 128/2021/0304/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудаар MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг хүчингүй болгож, MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 51 дүгээр зүйлийн 51.7, 52 дугаар зүйлийн 52.2, 56 дугаар зүйлийн 56.1.2, Шүүхийн тухай хуулийн 2012 оны/ 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудын холбогдох хэсгийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Дээрх дүгнэлт нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасныг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3, 34.4 мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6., 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсныг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэр болсон.

3.2.Төрийн захиргааны байгууллага 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7207 тоот албан бичгээр маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг “К б” ХХК-д /1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал/, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6720 дугаартай албан бичгээр “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид МҮ-012029, МҮ-001865 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны болон 19-ний өдрийн дотор төлөх боломжтойг /1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал/, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6706 дугаартай албан бичгээр маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж байсан билээ.

3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан хуулийг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэн ажилласныг буруутгаж буй шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

3.4.“К б” ХХК болон нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай  барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжид гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагаас маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдээд байхад ч нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх саналыг манай байгууллагад ирүүлж байгаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан хуулийн зохицуулалтыг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд энэ нь төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй.

3.5.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлж авсан хуулийг этгээдийг” хэлнэ хэмээн хуульчилсан. Нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш барьцаалагч, харин цуцлагдсан маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан “Ц” ХХК, “Үт” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.6.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан.

3.7.“Ц” ХХК, “Үт” ХХК-ууд нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МҮ-004016, МҮ-013676, МҮ-012029, МҮ-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7-д заасны дагуу төлөөгүй тул төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоож Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсныг хэрэгжүүлэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, дүгнэлт өгөх боломжгүй тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч “К б” ХХК дахь эрх хүлээн авагчаас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр MV-013676, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 шийдвэрээр MV-012029, MV-001865, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр MV-004016 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тушаалыг хүчингүй болгож, MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр “Ц” ХХК-ийн MV-013676, маргаан бүхий 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр “Ц” ХХК-ийн MV-012029, “Ү” ХХК-ийн MV-001865, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр MV-004016 тусгай зөвшөөрлүүдийг ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр тус тус цуцалжээ[1].

3.Нэхэмжлэгч “К б” ХХК дахь эрх хүлээн авагчаас “К бны барьцаанд бүртгэлтэй тусгай зөвшөөрлүүдийг иргэний шүүхээр үл маргах журмаар “К б”-ны өмчлөлд шилжүүлж, төлбөр барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийг хариуцагчаас зөрчсөн” гэж маргадаг.

4.Хариуцагчаас “төлбөр төлөх, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах мэдэгдлийг гуравдагч этгээд “Ц” ХХК,  “Ү” ХХК, К б, түүний эрх хүлээн авагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж байсан, хуулийн дагуу төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэрийг гаргасан, Шийдвэр гүйцэтгэх газраас манай байгууллагад албан бичиг ирүүлэхдээ бусдад шилжүүлэхийг хориглосон харин цуцлахыг хориглосон бичиг ирүүлээгүй, хуулиар цуцлахыг хориглосон заалт байхгүй” гэж, харин гуравдагч этгээд “Ц” ХХК,  “Ү” ХХК-ийн төлөөлөгчөөс “цуцлахаас өмнө мэдэгдээгүй, талуудын оролцоог нь хангаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардлагыг биелүүлэлгүйгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь хуульд нийцээгүй” гэж тус тус маргажээ.

5.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”,  34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

6.Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй.”, 51.6-д “Тухайн тусгай зөвшөөрөл барьцаалагч нь уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүрэг хүлээхгүй.”, 51.7-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй.” гэжээ.

7.Түүнчлэн уг хуулийн 51 дүгээр зүйлийн 51.8-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.7-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ.”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 52.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус зохицуулжээ.

8.Хэрэгт авагдсан баримтуудаас[2]  Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 05 дугаар сарын 14-ний 1572 шийдвэрээр “Л” ХХК-иас MV-004016 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “Ц” ХХК шилжүүлэн авсан, уг тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1257 дугаар шийдвэрээр “К б” ХХК-д барьцаалсныг бүртгэсэн, Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 1520 шийдвэрээр “Т” ХХК-иас MV-012029 ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д шилжүүлж, улмаар уг тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1258 шийдвэрээр мөн “К б” ХХК-д барьцаалсныг бүртгэсэн, Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаар шийдвэрээр “Ц” ХХК-д  MV-013676 ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож, уг тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1243 дугаар шийдвэрээр “К б” ХХК-д барьцаалсныг бүртгэсэн гэдэг нь тогтоогдов.

9.Мөн хэрэгт авагдсан баримтуудаас[3]  Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 510 дугаар шийдвэрээр “Э Б Д И” ХХК-иас MV-001865 ашиглалтын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “Үт” ХХК-д шилжүүлж, уг тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1338 дугаар шийдвэрээр “К б” ХХК-д барьцаалсныг бүртгэсэн гэдэг нь тогтоогдож байна.

10.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэсэн, уг үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь биелүүлээгүй, төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.

11.Мөн хуулиар тусгай зөвшөөрлийг барьцаалсан тохиолдолд тусгай зөвшөөрөл барьцаалагч нь уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүрэг хүлээхгүй барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй байна.

12.Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт[4] “Ц” ХХК-ийн MV-004016 тусгай зөвшөөрлийг цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/392 дугаар албан бичгээр “К б” ХХК-д, “Ц” ХХК-ийн эзэмшлийн MV-012029, “Ү” ХХК-ийн MV-001865 тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөр төлөгдөөгүй тул цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6720 албан бичгээр, “Ц” ХХК-ийн MV-013676 тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7/3912 албан бичгээр “К б” ХХК-ийн эрх хүлээн авагчид” хүргүүлсэн гэж дурджээ.

13.Эдгээр хариуцагчийн тайлбарт дурдсан албан бичгүүдийг хэрэгт бүрэн цуглуулж, уг албан бичгүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.8-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.7-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл барьцаалагчид хүргүүлсэн мэдэгдэл мөн эсэхэд дүгнэлт өгөх, уг мэдэгдлийг үндэслэн барьцуулагчаас тусгай зөвшөөрлийг өөрт шилжүүлэн авах саналыг хариуцагч байгууллагад ирүүлсэн эсэх, хэрэв саналыг хүргүүлсэн тохиолдолд хариуцагчаас уг хүсэлтэд хариу өгсөн эсэх, барьцаалагчаас уг хуульд заасан шилжүүлэн авах саналыг ирүүлээгүй тохиолдолд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдалд хамаарах эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, энэ талаар талуудын тайлбарыг авч, дүгнэлт өгөх шаардлагатай.

14.Тодруулбал, тусгай зөвшөөрлүүдийг  цуцалсан маргаан бүхий актууд гарах цаг хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Ц” ХХК,  “Ү” ХХК хэвээр байсан, эсхүл, “К б”, “К б”-ны эрх хүлээн авагчаас тусгай зөвшөөрлүүдийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байсан эсэх нөхцөл байдлыг тогтоох нь тухайн үед газрын төлбөр төлөх үүрэг “Ц” ХХК,  “Ү” ХХК-д, эсхүл “К б”, “К б”-ны эрх хүлээн авагчид  байсан гэдгийг тогтооход ач холбогдолтой бөгөөд уг тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хариуцагч захиргааны хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэр хууль зөрчсөн эсэхийг шүүх шалгаж, дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

15.Дээрхээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагчид хүргүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4/10820 албан бичигт “Дээр дурдсан ашигт малтмал ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн тул бусдад шилжүүлэх, барьцаанд тавих захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хариу ирүүлнэ үү” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар тусгай зөвшөөрлийг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөгдөх эсэх, хариуцагч захиргаа нь битүүмжилсэн тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

16.Анхан шатны шүүхээс дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгөөгүй, тодруулбал, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг тогтоож, дүгнэлт өгөөгүй, шүүхээс өгсөн дүгнэлт нь хэргийн оролцогчдын маргаж буй нөхцөл байдлуудтай уялдаагүй байгаа нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэх зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 51-53 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 47-48, 104, 106, 109, 113, 241, 242, 244 дэх тал[2]

 

 

[3] Хэргийн 1-р хавтас 47-48, 247, 248 дахь талууд

[4] Хэргийн 1-р хавтас 47-50 дахь тал