Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 10

 

“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00970 дугаар шийдвэртэй, “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХХХ-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Төлбөрт хураасан төлбөр төлөгч “ХХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоотод байршилтай 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 85 хувийн гүйтцэтгэлтэй сэндвичин барилгыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ гэх 1 092 260 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

ХХХХ нь үнэлгээг хэзээ хийснээ огт мэдэгдээгүй үнэлгээ хийсэн тухай мэдэгдлийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн байтал 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгснийг гарын үсэг зурж хүлээн авсан. Газар гэхэд л маш том талбай эзэлж байгаа тул үнэлгээ үнэхээр бага байна. Бид 2.5 тэрбум байх ёстой гэж үзэж байна. Иймд Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03673 дугаартай “ХХХХ” ХХК-иас 1 310 082 681 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгох шийдвэрийн дагуу манай алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. Гэвч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул “ХХХХ” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот хаягт байршилтай 2000 м.кв талбайтай, 85 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй сэндвичэн барилгыг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 02/140, дугаар тогтоолоор  битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 140/03 дугаар тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч “ХХХХ” ХХК-д 2016 оны 2 дугаар сарын 16, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрүүдэд албан бичгээр удаа дараа үнийн саналаа өгөх /гүйцэтгэх захирал ХХХХ, итгэмжпэгдсэн төлөөлөгч ХХХХ/ талаар мэдэгдэл өгсөн. Улмаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 1 092 260 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ тухай “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХод, төлөөлөгч ХХХХ нарт мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар “Өнөөдөр” сонинд зарлуулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар үнэлгээчин тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар “Үндэсний шуудан” сонинд мэдээллэсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн 21658 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

ХХХХ нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “ХХХХ” ХХК-ийн ХХХХХХХХХ дүүрэг ХХ хороо, ХХХХХХХХХ тоот байршилтай 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 85 хувийн гүйтцэтгэлтэй сэндвичин барилгыг 1 092 260 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“ХХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, 2000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, 85 хувийн гүйцэтгэлтэй сэндивчин барилгыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ тогтоосон зах зээлийн бодит үнэ гэх 1 092 260 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ч хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр маргасан байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/03673 тоот шийдвэрт “ХХХХ” ХХК-иас 1 310 082 681 төгрөг гаргуулж “Голомт” банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “ХХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 85 хувийн гүйцэтгэл бүхий /сэндвич/ барилгыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасантай нийцжээ.

/хх 26-28, 38, 51-р тал/

 

Хариуцагч байгууллагын зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал ирүүлэхийг өмчлөгч буюу төлбөр төлөгч “ХХХХ” ХХК-ийн эрх бүхий этгээдүүдэд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 3/5836, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/9868 дугаар албан бичгээр мэдэгдсэн байх боловч санал ирүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

/хх 52, 57-р тал/

 

Харин төлбөр авагчийн хувьд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 07/381 тоот албан бичгээр “төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөхгүй, зээлийн барьцаа буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хөрөнгөнд үнэлгээ өгөхгүй байгаа тул шинжээч томилуулан үнэлгээ тогтоолгох” тухай хүсэлтээ илэрхийлж байжээ.

 

Иймээс ХХХХ “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох үүргийг даалгасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасантай нийцэж байх бөгөөд үнийн талаар саналаа илэрхийлэх, харилцан тохиролцох талуудын эрхийг хариуцагч байгууллага зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

/хх 58-р тал/

 

Түүнчлэн нэхэмжлэлд дурдаж буй үнэлгээ хэзээ хийсэн талаар мэдэгдээгүй, шинжээчийн тогтоосон үнэлгээний тайланг төлбөр төлөгчид танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь ХХХХны 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №3/13300 дугаар Мэдэгдлээр няцаагдаж байх тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв, үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан ажиллагаа хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

/хх 68-р тал/

 

Дээрх байдлаар талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах санал болгох үнийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх боловч үнийн санал авсан гэж хэргийн үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт хийснийг залруулж, энэ нь уг шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА