Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ж.Бд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Б.Батсайхан

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Б.Эрдэнэцогт

            Хохирогчийн өмгөөлөгч                               Б.Алтанчимэг

            Нарийн бичгийн дарга                                  С.Лхамсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ж.Бд холбогдох 1712000600008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Хар балгас гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржгон овогт Ж-гийн Батсайхан / /

 

Ж.Б нь 2017 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Хар балгас гэх газарт байх иргэн А.Цгийн гэрт түүнийг хонь хулгайлсан гэж хэлсний улмаас маргалдан, улмаар А.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Бд холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Б овгийн Ж-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож; Ж.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж; Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж; Шүүгдэгч Ж.Бд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж; Хохирогч А.Цгийн нэхэмжилсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 136 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт оршин суух Жигмидсорогдонгийн Батсайханд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж гэм буруутайд  тооцож тус зүйл ангиар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээни буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд шүүгдэгч Ж.Б нь хохирогчтой маргалдсаны улмаас иргэн А.Цгийн биед хөнгөн хохирол учруулж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийг аймгийн эмнэлэгт ирж хэвтэхэд өөрийн унаагаар үйлчлэн хэвтүүлэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад зардлыг сайн дураараа илүү хэмжээгээр нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэхгүйгээр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэнд дараах гомдлыг гаргаж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 136 тоот шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 1000 нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйл, 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ж.Бд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурорын зүгээс дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ж.Б нь 2016 оны 06 дугаар сарын 17-18-ныг шилжих шөнө Архангай аймгийн хотонгд сумын Бургалдай багын Хар балгас гэх газар иргэн А.Цг гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүч хэрэглэж, хонь хулгайлж авсан буцааж өгөөрэй гэж хувийн таагүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн  байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 136 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр тогтоол бол хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Ж.Б нь иргэн А.Цг зодож хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хавтас хэрэгт хохирлын хэмжээгээр нотлох баримт байхгүй байхад хохирогчийг зээл авсан гэхээр нь 3.000.000 төгрөгийг шилжүүлж зээлийг нь хааж өгсөн.  Эмнэлэгт хэвтэхэд нь хохирогчид туслалцаа үзүүлсэн байдаг. Энэ байдлуудыг харгалзан үзэж  анхан шатны шүүхийн 136 дугаартай шийтгэх тогтоолд заасан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэж гомдол гаргасан байна. Ял шийтгэлийн тал дээр санал байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Ж.Бд холбогдох хэрэгт гаргасан  шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

  Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж хэргийг хянан шийдвэрлэжээ. Тухайлбал:

 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ...гэж, 6 дахь хэсэгт...прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ...гэж тус тус хуульчилсан байхад прокурор /хавтаст хэргийн 52-55 талд авагдсан/  4 хуудас яллах дүгнэлт үйлдсэн атлаа 2 хуудас яллах дүгнэлт яллагдагч нарт гардуулж, хууль зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно гэжээ.

 Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хяналтын прокурор Б.Мээпам прокурорын тогтоол үйлдэж Ж.Бы үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа 2017 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр хяналтын прокурор Б.Батсайхан 116 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь уг хэрэгт тойргийн журмаар хувиарлагдсан прокурорын хяналт хэдийд, ямар шалтгаанаар, хэний шийдвэрээр нөгөө прокурорт шилжсэн нь тодорхойгүй, хэрэгт прокурорын хяналт хэрэгжсэн эсэх эргэлзээтэй байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

          ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

 

                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ