Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 784

 

 

 

 

 

 

 

            2020          09           01                                      2020/ШЦТ/784

 

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

                        улсын яллагч Э.Намуун,

                        иргэний хариуцагч Х.Хонгорзул,

                        хохирогч Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн,

            шүүгдэгч П.Х, түүний өмгөөлөгч Н.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт П.Х холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000220 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, П.Х /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч П.Х нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Сонор Плаза” төвийн урд “Тоуоtа Наrriег” маркийн 99-41 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас “Mitsubishi Dingo” маркийн 56-44 УБ улсын дугаартай Б.Тэмүүжингийн унаж явсан мотоциклтой мөргөлдөж, жолоочтой “Mitsubishi Dingo” маркийн 58-19 УНҮ улсын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Х шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...багшийн дээд сургуулийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байгаад багшийн үргэлжилсэн шугам давж зүүн гар тийш эргэх үед 3 дугаар эгнээнд явж байсан автомашин хурдаа саагаад зогсохоор нь эргэх гэхэд гэнэт 1-р эгнээгээр мотоцикльтой хүн гарч ирээд яах ийхийн зуургүй ирээд мөргөчихсөн…” гэсэн мэдүүлэг /хх-64-65/,

 

Хохирогч Б.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт “…Би төв зам дагуу 1 дүгээр эгнээгээр мотоциклтойгоо зорчиж байсан. Эсрэг урсгалаас давхар шугам давж миний урдуур 9941 улсын дугаартай “Toyota Harrier” маркийн машин орж ирсэн. Би зогсоох арга хэмжээ авсан боловч намайг мөргөсөн. Би урагшаа 2 метр шидэгдсэн. Тэгээд түргэний эмчид үзүүлтэл эгэмний хугаралтай байна гэмтэл рүү явж үзүүл гэхээр нь Хүдэртулга бид 2 Гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн. Эмчилгээний зардалд 7.652.800 төгрөг нэхэмжилж байна. 6 сарын дараа дахин хагалгаанд орж төмөр ялтасаа авхуулна. Энэ хагалгаа нь 2.500.000 төгрөгөөр хийгдэнэ гэсэн. Мотоцилклын гэмтэлд 8.325.000 төгрөгийг нэхэмжилнэ. Ингээд нийт 18.474.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...арслантай гүүрнээс ертенцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд Багшийн дээд сургууль руу зргэх гарцан дээр эсрэг урсгалаас цагаан өнгийн Тоёота Харьер маркийн 99-41 УБЗ улсын дугаартай автомашин үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн. Би тухайн үед ойрхон явсан болохоор зогсоох арга хэмжээ авсан боловч тэр машины баруун хойд талын крыло буфер орчим мөргөж газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,

 

Иргэний хариуцагч Х.Хонгорзул шүүхийн хэлэлцүүлэгт “…Манай нөхрийн буруутай үйлдлээс ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Хохирогчийн эрүүл саруул байгаад баярлаж байна. Нэхэмжилсэн мөнгийг нь төлнө...” гэв.

түүний  мөрдөн байцаалтад өгсөн“...Манай нөхөр бид хоёр албан ёсоор гэр бүл болоод 10 жил гаруй болж байна. Уг автомашин миний эзэмшилд бүртгэлтэй байдаг боловч манай нөхөр бид хоёр дундаа хэрэглэдэг. Автомашиныг жолоодон явахад надаас зөвшөөрөл авах шаардлагагүй ээ. Ослын улмаас машины талын хойд крило хонхойсон, хойд буфер жаахан эвдрэлтэй харагдаж байсан. Гэхдээ үнэлгээ хийлгэх шаардлагагүй бид нар өөрсдөө завсарлаад авчихна. Манай нөхөр зам тээврийн осол гаргасан болохоор хэрвээ ямар нэгэн байдлаар гэм буруутай нь тогтоогдвол гарсан бодит зардлыг бид хоёр төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-34-35/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №6718 тоот актын “…Б.Тэмүүжингийн биед баруун эгэм ясны зөрөөтэй далд хугарал, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-58-59/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-16/, хохирлын баримтууд /хх-31-33/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-80-81/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч П.Х нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Сонор Плаза” төвийн урд “Тоуоtа Наrriег” маркийн 99-41 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас “Mitsubishi Dingo” маркийн 56-44 УБ улсын дугаартай Б.Тэмүүжингийн унаж явсан мотоциклтой мөргөлдөж, жолоочтой “Mitsubishi Dingo” маркийн 58-19 УНҮ улсын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Тэмүүжингийн мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн №6718 тоот актын дүгнэлт, шүүгдэгч П.Хүдэртулгын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч П.Х нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 7.652.800 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 8.321.500 төгрөг, шүүхийн шатанд 6 сарын дараа хагалгаа хийлгэх шаардлагатай, уг хагалгааны зардал 2.500.000 төгрөг нийт 18.474.300 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогчийн дээрх нэхэмжлэлээс 6 сарын дараа хийлгэх хагалгааны зардал болох 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийн шүүхийн шатанд төлсөн 500.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч П.Хас 7.152.800 төгрөгийг, иргэний хариуцагчаас эд хөрөнгөд учирсан хохирол болох 8.321.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Тэмүүжин олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч П.Хүдэртулгын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний хохирогчид учруулсан бодит хохирлоос тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, шүүгдэгч хохирогч нар хоорондоо төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч П.Хүдэртулгыг 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч П.Х нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч П.Х Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хас 7.152.800 төгрөг, иргэний хариуцагч Х.Хонгорзулаас 8.321.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Тэмүүжин (РД:УЗ95051672)-д олгосугай.

 

5.Хохирогч Б.Тэмүүжин нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

           

6.Шүүгдэгч П.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР