| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0148/Э |
| Дугаар | 556 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д овогт Б Б-д холбогдох эрүүгийн 1910021370032 дугаартай 187/2020/0148/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... .. дүгээр сарын ............-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, ......настай, ......., ......боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... Сэлэнгэ аймгийн ......... дүгээр баг ........ дугаар гудамж ..........тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 3 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
Сэлэнгэ аймгийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 70 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,
Сэлэнгэ аймгийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан, Д овогт Б Б-т /РД:МЖ87042116/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр Гэрэлт хотхоны 17/7 тоот өрөөнд нууцаар нэвтэрч хохирогч Э.А-ийн эзэмшлийн Леново А3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлан 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр Гэрэлт хотхоны 17/7 тоот өрөөнд нууцаар нэвтэрч хохирогч Э.А-ийн эзэмшлийн Леново А3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлан 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/
3. Хохирогч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Пүл комплет ХХК-нд инженер ажилтай. 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр барилга дээрээ ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед барилгын өрөөндөө Леново маркийн зөөврийн компьютероо үлдээгээд өрөөгөө цоожлоод явсан. Маргааш өглөө 10 цагийн үед ирэхэд манай өрөөний цоож эвдээд дотроос нь миний компьютер хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/
4. Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд орой 22:00 цагийн үед барилгын ажил хийж байсан Бямбаатай мөнгөө нийлүүлж байгаад Хараа нэртэй 0.5 граммын савалгаатай архи авч гудамжинд сууж байгаад хувааж уусан. Маргааш өглөө нь 08:00 үед босоод байраа шалгахад 2 давхарт байрлах инженерийн өрөөний хаалганы цоож эвдэрсэн байдалтөай онгорхой байхаар нь орж харахад багаж хэрэгслүүд байхаар нь доошоо буусан. тэрнээс хойш удххгүй 10:00 цаг өнгөрч байхад захирал, инженерүүд ирээд зөөврийн компьютер байхгүй болчихсон байна гээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/
5. Тэнцвэр-Эстимейт ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Х-467 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-32/
6. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Инженер Амаржаргалын байрлаж байсан өрөөний хаалгыг эвдэж дотогш орж ширээн дээр нь байсан хар өнгийн зөөврийн компьютерийг хулгайлан авсан ба уг өрөөнөөс өөр эд зүйл аваагүй гарч яваад таксины жолоочид 40.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 3 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
Сэлэнгэ аймгийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 70 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,
Сэлэнгэ аймгийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр Гэрэлт хотхоны 17/7 тоот өрөөнд нууцаар нэвтэрч хохирогч Э.А-ийн эзэмшлийн Леново А3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлан 1.000.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, мөн түүний хувийн байдал /...33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийхгүйгээр дахин гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн шатнаас оргон зайлж эрэн сурвалжлагдсан...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д овогт Б Б-д 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д овогт Б Б-д 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын эдлэх 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Бод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР