Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Бд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ц.Бат-Эрдэнэ

            Шүүгдэгч                                                       Б.Б

            Нарийн бичгийн дарга                                  С.Лхамсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Бд холбогдох 201603000537 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Б овогт Б-ийн Б

 

Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан хугацаа буюу хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа 2012 оны 09 дүгээр сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Ширт гэх газраас иргэн   Д.Баярсайханы 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч                1 500 000 төгрөгийн, давтан үйлдлээр 2013 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Буйлантын ар гэх газраас иргэн С.Норовсамбуугийн 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 200 000 төгрөгийн,  2013 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Хамуут гэх газраас иргэн Ж.Амаржаргалын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 750 000 төгрөгийн,  2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн Ц.Батжаргалын 2 тооны  адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 500 000 төгрөгийн,  2014 оны 12 сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Өндөр Хангай гэх газраас иргэн П.Бат-Очирын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 800 000 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Барзан гэх газраас иргэн Э.Ариунтуяагийн 1 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 300 000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 13-17-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Тавантолгой гэх газраас иргэн П.Баярхүүгийн 3 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн буюу нийт 7 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн улмаас бусдад нийт 9.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжаар:

Тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 422 тоот яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоосон болно. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт яллах дүгнэлтийн хавсралтыг яллагдагчид гардуулаагүй, Б.Бг нийт 7 удаагийн үйлдлээр бусдын 14 тооны бод малыг хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзсэн боловч яллах дүгнэлт болон шүүх хуралдаанд улсын яллагч түүнийг олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт яллаагүй, прокурорын 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 252 тоот тогтоолыг хэргийн оролцогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэд танилцуулж, гардуулаагүй, түүний хуульд заасан гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал болон мөрдөн байцаалтын шатанд эрхийг нь зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, гомдлыг бүрэн шалгаагүй зэргээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдлоо. Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох 201603000537 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаж, худал хэрэг хүлээлгэсэн гэх оролцогчийн гомдлыг хуульд заасан хүрээнд бүрэн шалгах,

2. Б.Бгийн хувийн байдал ялангуяа 7 дугаар анги төгссөн гэх боловч бичиг үсэг мэддэггүй гэх асуудлыг бүрэн тогтоох,

3. Хэрэгт 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хэргийн материалыг хэргийн оролцогчдод бүрэн танилцуулах,

4. Шүүгдэгч Б.Бд прокурорын яллах дүгнэлт болон хавсралтыг бүрэн гардуулах,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан 2 ширхэг адууны шир, толгойг мөрдөгч н.Бат-Эрдэнэд хүлээлгэж өгсөн ба хэрэв өгсөн бол хэрхэн шийдвэрлэсэн, ямар нэг байдлаар устгасан бол ямар онцлог содон шинж тэмдэгтэй байсан, ямар эрхийн актаар шийдвэрлэсэн талаар тодруулж шалгах зэрэг болно гээд

Шүүгдэгч Б.Бд холбогдох 201603000537 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж; Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж; Захирамжийг эс зөвшөөрвөл прокурор ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Б.Б нь:

- Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа буюу хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа 2012 оны 09 дүгээр сарын орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Ширт гэх газраас иргэн Д.Баярсайханы 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж 1.500.000 төгрөгийн,

- давтан үйлдлээр 2013 оны 05 дугаар сарын орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Буйлантын Ар гэх газраас иргэн С.Норовсамбуугийн 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж 1.200.000 төгрөгийн,

- 2013 оны 12 дугаар сарын орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Хамуут гэх газраас иргэн Ж.Амаржаргалын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж 1.750.000 төгрөгийн,

- 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн Ц.Батжаргалын 2 тооны! адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж 1.500.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Өндөр Хангай гэх газраас иргэн П.Бат-Очирын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж 1.800.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Барзан гэх газраас иргэн Э.Ариунтуяагийн 1 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж 300.000 төгрөгийн,

- 2016 оны 10 дугаар сарын 13-17-ны орчим Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Тавантолгой гэх газраас иргэн П.Баярхүугийн 3 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж 1.800.000 төгрөгийн буюу нийт 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 9.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас Б.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 22/а дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 422 тоот шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүх хуралдаанаас гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргаж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“ Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол хуульд заасан хариуцлага хүлээлгэж, гэм буруугүй бол цагаатгах тогтоол гаргана. Анхан шатны шүүхийн шийдвэр нь цагаатгах болон шийтгэх гэсэн хэлбэртэй байна.  Гэтэл энэ журмыг зөрчсөн гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 “ Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гарсан шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн материалыг яллагдагч болон өмгөөлөгчид танилцуулаагүй зүйл гарсан. Захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Бд холбогдох хэрэгт бичсэн прокурор Н.Цогтбаярын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх Б.Бд холбогдох хэргийг тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 422 тоот яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоожээ.

 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт яллах дүгнэлтийн хавсралтыг яллагдагчид гардуулаагүй, Б.Бг нийт 7 удаагийн үйлдлээр бусдын 14 тооны бод малыг хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзсэн боловч яллах дүгнэлт болон шүүх хуралдаанд улсын яллагч түүнийг олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт яллаагүй, прокурорын 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 252 тоот тогтоолыг хэргийн оролцогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэд танилцуулж, гардуулаагүй, түүний хуульд заасан гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал болон мөрдөн байцаалтын шатанд эрхийг нь зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, гомдлыг бүрэн шалгаагүй зэргээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хянан хэлэлцэж шийдвэр гаргах асуудлыг нэг бүрчлэн зааж, хуульчилсан байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудтай бүрэн танилцаж, хэргийг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлалгүй,  урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр анхан шатны шүүх хуралдаан хийж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-ийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр  энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атлаа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-ийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ гэж заасан нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна. Дээрх хуулийн зохицуулалт нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн явцад дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ойлголт бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас уг асуудлуудыг хэлэлцээд хэргийг прокурорт буцаах тухай ойлголт биш юм.     

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээр ямар хэмжээгээр гаргуулах зэргийг  зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэхээр заасан ба гэм буруутайд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт байхгүй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх  шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч өөрийн санаачлагаар хянан хэлэлцэж шийдвэр гаргах тухай эрх олгогдсон байх тул шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангах, оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхийг сайтар хянаж хэргийг нэг мөр хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж байвал зохино.       

  

 Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3-т заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.