Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2020/0177

 

П.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 491 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу П.Б нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 491 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/322 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамжийн П.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“ П.Б нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0491 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 9 дүгээр байрны 01 тоот хаягт орших орон сууцны өмчлөгч бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласаар ирсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаартай захирамжаар “... хавсралтад заасан байршлуудад ... газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах”-аар заасны дотор П.Б-н үл хөдлөх хөрөнгө тусгагдсан гэсэн. Гэтэл тухайн захирамж нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Аливаа захиргааны байгууллага, албан тушаалтнаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, зөрчих захиргааны актыг гаргахдаа тухайн этгээдийг уг шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар , санал гарагх боломж олгож, сонсох ажиллагааг заавал явуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамж гарахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй, нэхэмжлэгчид түүний 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийж, газрын төлбөр төлж ирсэн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх асуудлаар Нийслэлийн Засаг даргаас мэдэгдэж байгаагүй, уг асуудлаар тодруулж, тайлбар авсан зүйлгүй атлаа гэнэт нураах шийдвэр гаргасан. Түүнчлэн мөн хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулахгүй байх тохиолдлуудыг нэрлэн заасан боловч тэдгээр нөхцөл үүсээгүй бөгөөд сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлоогүй тул шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-ыг баталжээ. Уг журмын дагуу уг асуудлыг шийдвэрлэх дэс дараалласан ажиллагаа хийгдэх, үүний дотор 5.5-д зааснаар “... тэмдэглэл хөтлөх, нотлох /фото зураг авах, дүрс бичлэг хийх/ газар дээр нь үзлэг хийх, ... ажиллагаа хамаарна” гэжээ. Гэтэл хариуцагчаас эдгээр ажиллагааг хийгээгүй, нөхцөл байдлыг бодитойгоор шалган тогтоож, баталгаажуулаагүй бөгөөд энэхүү харилцааг тусгайлан зохицуулсан журмыг зөрчсөн болох нь шүүхээс асуусан гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар энэ нь нотлогддог.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/3535 дугаартай албан бичгээр газар чөлөөлөх мэдэгдлийг *******д хаяглан ирүүлсэн. Үүнд тухайлсан ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байсан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаартай захирамжийн 179-д нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхөөр заасан гэж хариуцагчаас тайлбарласан ... Гэвч тухайн захирамжийн хавсралтаас харахад “Б” ХХК-ийн өргөтгөл гэж заасан байсан. Хуулийн дагуу иргэн, хуулийн этгээд нь тус тусдаа өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээн, үйл ажиллагаанаасаа үүсэх үр дагаврыг бие даан хариуцдаг. Иймд “Б” ХХК-д чиглэсэн захирамжийг имтлан иргэн П.Б-нхөрөнгийг чөлөөлөх нь хуулийн үндэслэлгүй байна. Мөн дээрх үл хөдлөх хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршиж байхад захирамжийн хавсралтад 4 дүгээр хороо гэж буруу заасан ... Түүнчлэн Захиргааны актад өргөтгөл 50 м.кв газрыг чөлөөлүүлэхээр заасан боловч дээр дурдсан бодит байдлыг тогтоох урьдчилсан ажиллагаануудыг хийгээгүйгээс өргөтгөлийн хэмжээ тодорхойгүй тул чухам аль хэсэг дэх 50 м.кв талбай болох нь ойлгомжгүй болсон. Шүүхээс гэрчийн мэдүүлэг, план зургаар тогтоогдсон гэдэг ч эдгээр баримтуудын алинд нь ч хэмжээг нарийн тогтоосон зүйл байхгүй.

Хариуцагчаас шүүх хуралдаанд “... явган зам хаасан зөрчилтэй” гэж тайлбарладаг хэдий ч бодит байдалд иргэдийн хөдөлгөөнд саад учруулаагүй, тухайн ойр орчмын явган замуудтай ижил өргөнтэй байгаа болох нь шүүхээс хийгдсэн үзлэгээр тогтоогдож, баталгаажсан болно. Үүнээс гадна нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулсан цагаасаа байрны СӨХ, оршин суугчидтай хамтран ажиллаж, орчин тойрондоо анхаарч ирсэн бөгөөд захиргааны актыг гаргах үндэслэл болсон гэж тайлбарладаг гуравдагч этгээдтэй ч ойлголцолд хүрч эрүүл мэндэд нөлөөлсөн гэх нөхцөлийг арилгасан болохыг Ш.Оюунчимэг тайлбартаа дурдсан байгаа зэргээс үзэхэд захирамжийн зорилго болох иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчин нөхцөл алдагдаагүй байгаа болно.

Дээрх байдлаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/322 дугаар захирамжийн П.Б-д холбогдох хэсэг хуульд нийцээгүй байхад анхан шатны шүүхээс буруу дүгнэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт “дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн” өөрчлөлтийг оруулав.

Нэхэмжлэгч П.Б “... сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй ... маргаан бүхий А/688 дугаар захирамжийн П.Бхолбогдох хэсэг нь 179 дүгээр хавсралтад байгаа ба маргаан бүхий газрын хаяг 4 дүгээр хороо гэж бичигдсэн ... бодит байдал дээр 3 дугаар хороонд байрладаг ... П.Б үл хөдлөх хөрөнгө юм гэдгийг нотолж байгаа гэтэл “Бавуу трейд” ХХК-ийн нэр дээр гараад ирсэн ... энэхүү компани нь П.Б компани мөн боловч ... хуулийн этгээд нь тусдаа эрх эдэлж үүрэг хүлээдэг ... 9 дүгээр байрны оршин суугчдад хохиролтой, эрүүл мэндэд хохиролтой эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй  ... байсан жижиг сажиг зүйлсийг засчихсан ... 50 м.кв газрыг чөлөөл гэсэн энэхүү газар нь яаж хэмжиж гарсан талаар тодруулахад хариуцагчаас хэрхэн хэмжсэн талаар баримт гаргаж өгөөгүй ...” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамжийн П.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн маргаан бүхий А/688 дугаар захирамж -аар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-ыг тус тус үндэслэн Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан байх бөгөөд уг захирамжийн хавсралтын 179 дэх хэсэгт “Энхтайвны өргөн чөлөө, 4 дүгээр хороо, Улсын Их дэлгүүрийн хойд талд байрлах “Б” ХХК нь Нийтийн эзэмшлийн Зам талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьсан “50 м.кв” гэж тэмдэглэжээ.

Нэхэмжлэгч П.Б өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий тухайн үл хөдлөх эд хөрөнгөө өргөтгөсөн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04/0430 дугаар “Тусгай зөвшөөрөл” , Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын Үйлчилгээ эрхлэх 3/229 дүгээр гэрээ  зэрэг байгууллага, албан тушаалтнаас хоол үйлдвэрлэл, ресторан, кафе чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан, энэ чиглэлээр тус байранд үйл ажиллагаа явуулдаг, “Б” ХХК /РД:/-ийн захирал нь нэхэмжлэгч П.Б гэх зэрэг үйл баримтуудтай талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 000107744 дүгээр гэрчилгээ , /П.Б-г Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 9 дүгээр байрны 1 тоотод байршилтай орон сууцны зориулалт бүхий 17 м.кв талбайтай нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж бүртгэсэн/, уг орон сууцны зориулалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглахаар өөрчилсөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны зориулалт өөрчлөх тухай” А/151 дүгээр тушаал , үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 88.65 м.кв талбай гэж өөрчилж бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000723674 дүгээр гэрчилгээ  зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.Б-н өмчлөлийн барилга нь бодитоор ямар хэмжээтэй болох нь тодорхойгүй, үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн “... эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэргүйгээр өөрийн ... 17 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан орон сууцандаа өргөтгөл хийсэн байна ...” гэж дүгнэснийг, хариуцагчийн маргаан бүхий захирамжийн нэхэмжлэгчид хамаарах хэсэг /хавсралтын 179 дэх хэсэгт “Энхтайвны өргөн чөлөө, 4 дүгээр хороо, Улсын Их дэлгүүрийн хойд талд байрлах “Б” ХХК нь Нийтийн эзэмшлийн Зам талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьсан “50 м.кв” гэж тэмдэглэсэн/ үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Мөн хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 000107744 дүгээр гэрчилгээ , Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000723674 дүгээр гэрчилгээ  зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.Б-н өмчлөлийн гэх үл хөдлөх эд хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн “3” дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг болох нь тогтоогдож байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны маргаан бүхий А/688 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн “4” дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “... “Б” ХХК-ийн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл, “50 м.кв” талбайг чөлөөлөхийг даалгасан нь, түүнчлэн уг үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн хөрөнгө байхад хариуцагч маргаан бүхий шийдвэрт ...” “Бавуу трейд” ХХК-ийн хөрөнгө”  гэж заасан нь ойлгомжгүй, шийдвэр зөрчилтэй, биелэгдэх боломжгүй гэж үзэхээр байна.

Хэдийгээр хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/3535 дугаар албан бичиг -ээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж -ийн хүрээнд Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”-ыг зөрчиж нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй объект барьсан гэж тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалт /Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө/-ын дагуу иргэн П.Б 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдсэн байх боловч энэ нь дээр дурдсанчлан хариуцагчийн шийдвэрт үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон байршлыг зөв тодорхойлоогүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

Хавтаст хэрэгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчийн “... нийтийн эзэмшлийн талбайд барьсан өргөтгөлийн хэмжээ нь сууриараа 50 м.кв болж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 88.65 м.кв гэж бичигдсэн байсан. Уг гэрчилгээнд заасан хэмжээнд өргөтгөлийн хэсэг орсон эсэх нь үл хөдлөх эд хөрөнгийн план зургаас харагдана ...” гэх гэрчийн мэдүүлэг , Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “... “Б” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлд хамаарах газрын хэмжээг зохих судалгаа явуулан мэргэжлийн программын тусламжтайгаар тогтоосон ...” гэх 01-06/3769 дүгээр албан бичиг зэрэг баримтууд авагдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өргөтгөлийн хэлбэрийг сансрын зургаас аваад түүн дээр хэмжилт хийсэн” гэж тайлбарласан байх боловч эдгээр баримтуудаар нэхэмжлэгч П.Бг өөрийн эзэмшлийн барилгадаа нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр “50 м.кв” өргөтгөл барьсан гэх хариуцагчийн шийдвэрийн үндэслэлийг эргэлзээгүйгээр нотлох баримт болж чадахгүй, хариуцагчаас шийдвэр гаргахын өмнө энэ талаарх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно”, 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн амьдрах орчин, үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчид анх өмчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө нь хэрхэн, ямар байдлаар өөрчлөгдсөн, нэхэмжлэгч ямар хэмжээгээр нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьсан, уг өргөтгөлийн улмаас оршин суугчдын эсхүл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн эсэх, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг багасгасны улмаас нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх зэрэг нөхцөл байдлууд тодорхой бус энэ тохиолдолд шүүх хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх боломжтой ажиллагааг нөхөн тодруулах замаар маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах боломж, хүрээнээс хэтэрсэн эдгээр тодорхой бус нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгэж, зохих нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны маргаан бүхий А/688 дугаар захирамжийн нэхэмжлэгч П.Б-д холбогдох хэсгийг 3 сараар түдгэлзүүлж шийдвэрлэв.

 Шүүхийн тогтоосон хугацаанд захиргааны байгууллага нэхэмжлэгчийн өмчлөлийн барилга ямар хэмжээтэй болох, үйл ажиллагаа явуулахдаа өргөтгөн барьсан гэх талбай нь бодит байдалд ямар хэмжээтэй болох, хариуцагчаас хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчлийг арилгуулахаар захирамж гаргахдаа иргэн эсхүл хуулийн байгууллагын хэнд хандан гаргах, нэхэмжлэгчийн тайлбар, маргаан бүхий захирамжид заасан зөрчлүүдтэй холбоотой нөхцөл байдлыг шалгаж тодруулж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу уг маргаан бүхий шийдвэрийн нэхэмжлэгч П.Б-д холбогдох хэсэг хүчингүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 491 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамжийн П.Б-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, 2 дахь заалтын дараа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамжийн *******д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, Шийдвэрийн “3” дахь заалтыг “4” болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ