Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00001

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ХХК,  

         Хариуцагч:  Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Ц.И нарт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн И ХХК-д 45 182 011 төгрөгийн төлбөр ногдуулсан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 170009290 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий И ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-ний захирал Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Ц.И нар манай компаний 2013 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 170009290 дугаартай татварын улсын байцаагчийн актаар 45 182 011 /дөчин таван сая нэг зуун наян хоёр мянга арван нэг/ төгрөгийн төлбөр ногдуулсан юм. Уг актыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Хөвсгөл аймгийн И ХХК нь 2013 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод байрлах С ХХК-иас 172 727 300 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг бэлэн мөнгөөр худалдан авсан юм.

2. Манай компаний нягтлан бодогч Т.Т нь 2013 оны 10 дугаар сарын НӨАТ-ын тайлан шивэхдээ С ХХК-ний бичиж өгсөн 14709080 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээллийг цахим тайлангийн мэдээллээс шалгахад хувиарлагдсан падаан байсан. Өөрөөр хэлбэл уг падаан нь хуурамч биш падаан байсан нь нотлогдож байсан. 2013 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн И ХХК нь С ХХК-иас бэлэн мөнгөөр барилгын материалын худалдан авалт хийсэн тул Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 170009290 дугаартай актаар ногдуулсан 45 182 011 төгрөгийн төлбөрийг манай компани хариуцахгүй, уг төлбөрийг С ХХК хариуцан гэж үзэж байна. ... Иймд Хөвсгөл аймгийн И ХХК-нд 45 182 011 /дөчин таван сая нэг зуун наян хоёр мянга арван нэг/ төгрөгийн төлбөр ногдуулсан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 170009290 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. С ХХК-иас И ХХК-ний худалдан авалт хийсэн талаарх шалгалтыг Цагдаагийн Ерөнхий газрын зохион байгуулалтай, гэмт хэрэгтэй тэмцэх газраас Татварын Ерөнхий газарт ирүүлсэн албан бичгийг үндэслэн хийгдсэн татварын улсын байцаагчийн хяналт шалгалтыг нэхэмжлэгчийн зүгээс  хууль бус хийгдсэн шалгалт юм гэж үзэж байна. И ХХК нь 2011-2013 онуудад 50-н ортой эмнэлгийн барилга барьж байсан ба барилгыг барихын тулд эхлээд өөрсдийн хөрөнгөөр босгоод, хүлээлгэж өгсний дараа улсын төсвөөс санхүүжилтийг нөхөж авдаг. Улсын комиссоос барилгыг хүлээж авах, хүлээж авахгүй байх гэх зэрэг олон шат дараатай үйл ажиллагаа хийгддэг. Ийм шат дараатай улмаас И ХХК нь өөрийн хөрөнгөөр барилгын материалыг худалдан авсан байдаг. Татварын Улсын байцаагчийн зүгээс И ХХК нь С ХХК-иас худалдан авалт хийгээгүй атлаа худалдан авалт хийсэн мэтээр бичиж, падаан авч хууль бус үйлдэл хийсэн хэмээн акт тавьсан байдаг. Гэтэл тухайн шалгалт нь Цагдаагийн байгууллагын захиалгаар хийгдсэн нь хууль бус юм.  Мөн тус падааныг Татварын хэлтсийн цахимд бүртгэхэд хууль ёсны дагуу худалдан авалт хийгдсэн нь харагддаг  юм. Татварын хэлтсийн цахимд бүртгэн хүлээн авч байхад татварын улсын байцаагч худалдан авалт хийгдээгүй атлаа хийсэн мэтээр падаан авсан байна гэж үзээд акт тавьсан нь үндэслэлгүй юм. И ХХК-ийн 2009-2013 оны хоорондох албан татвар төлөлтийг шалгаж, татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 170009290 тоот актыг гаргасан байдаг. Дээрх шалгалтын хүрээнд Хөвсгөл аймгийн Татварын улсын байцаагч нарын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны И ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтыг шалгаж, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар  нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулж, акт үйлдсэн ба уг акт нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэгдүгээрт: Татварын хэлтсээс албан ёсоор баталгаажуулсан регистртэй падаанаар худалдан авалт хийсэн байхад худалдан авагчийг үндэслэлгүйгээр буруутгасан нь үндэслэлгүй юм. Хоёрдугаарт: С ХХК нь уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байхад дахин И ХХК-иар төлүүлэх гээд байгаа уг асуудлыг шүүх анхаарч үзнэ үү. С ХХК нь төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байхад И ХХК-ийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн С ХХК нь төлбөрийг төлөхийг зөвшөөрснийг анхаарах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна” гэв.

Хариуцагч Татварын улсын байцаагч Г.М, Ц.И нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн И ХХК нэхэмжлэлдээ 2013 оны 10 дугаар сард С ХХК-иас 172727300 төгрөгийн бараа материалыг бэлэн мөнгөөр худалдан авсан гэсэнд танилцаад дараах тайлбарын гаргаж байна.

1. Дээрх худалдан авалтыг И ХХК нь бараа материал худалдан авахдаа бэлэн мөнгөөр авсан гэсэн боловч компаний кассаас 172 727 300 төгрөгийн зарлага гарсан баримт байхгүй санхүүгийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн журнал, бараа материал худалдаж авсан кассын бэлэн мөнгөний зарлагын баримт байхгүй байсан, эдгээр нь тухайн шалгалтын үед бараа материалыг бэлэн мөнгөөр худалдаж  авсан байх ямарч баримтаар нотлогдоогүй, тухайн байгууллагын нягтлан бодогч кассаас мөнгө гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэмэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварын хасч тооцохгүй” Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 /дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, 15.1.2 албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

2. И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компаний нягтлан бодогч Т.Т нь 2013 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан шивэхдээ С ХХК-ний бичиж өгсөн 0014709080 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээллийг цахим тайлангийн мэдээллээс шалгахад хувиарлагдсан падаан байсан. Өөрөөр хэлбэл уг падаан нь хуурамч биш падаан байсан нь нотлогдож байсан гэсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын 0014709080 дугаартай падаан Татварын ерөнхий газрын цахим тайлангийн системд борлуулагч талаас хувиарласан падаан байсан боловч, С ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тухайн харьяалах дүүргийн татварын хэлтсээс зохих журмын дагуу аван бусдад 2012-2013 онд зарж борлуулах замаар хий бичилт хийж байсан нь ЦЕГ-ын ЗБГХТГ-ын МБГазраас ирүүлсэн албан бичигийн 20144250004082 тоот хэрэгт дурьдагдаж нотлогдсон. Энэ С ХХК төсөвт төлөх НӨАТатвараас зайлхийх боломж олгож байгаа нь тайлбар нэгд дурьдагдсан хуулийн заалтуудыг зөрчсөн тул хууль зүйн үндэслэл болохгүй юм.

3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газар, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан прокурорын тогтоолд С ХХК-ний удирдлагаар ажиллаж байсан хүмүүс нь нэр бүхий аж ахуй нэгжүүдэд нэмэгдэн өртгийн албан татварын хуурамч бичилт хийлгэн онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийх боломж олгосноо хүлээн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Худалдан авагч тал нь НӨАТ-н тайлан бараа материал худалдаж аваад падаанаа авахад системд хувиарласан падаан гэж ярьж байна. Үүнийг бол татварын улсын байцаагч нар хуурамч падаан гэж хэзээ ч үзээгүй. Падаан дээр тавигдсан гүйлгээ нь хуурамч гэдэг дээр гол асуудал яригдсан. НӨАТ төлөгч компани нь тухайн үед Татварын хэлтсээс цаасан падаан авдаг байсан. Падаан дээр манай зүгээс хураамч гэж яриагүй. С ХХК нь олон газарт гүйлгээ хийж хуурамч баримт бүрдүүлж байсныг Цагдаагийн ерөнхий газар шалгаж нотлоод Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газар луу явуулаад хяналт шалгалт арга зүйн газар нь аймгийн Татварын хэлтэст И ХХК-ний 2014 оны санхүүгийн баримтанд шалгалт хийнэ үү гэсэн чиглэлийг өгсөн. Тухайн 2014 онд И ХХК нь 172.000.000 төгрөгийн худалдан авалт хийхэд НӨАТ-ийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид төлсөн мөнгө нь касс харилцахаар орж гарсаныг нягталж үзнэ гэсэн даалгаварыг өгсөн. Энэ шалгалт нь төлөвлөгөөт шалгалт биш хэсэгчилсэн шалтгалт юм. Төлөвлөгөөт шалгалтыг Татварын ерөнхий газраас баталж явуулсны дагуу хийдэг. Манай байгууллага нь Цагдаагийн ерөнхий газрын албан бичгийн дагуу энэ шалгалтыг хийсэн гэж үзэж болно. С ХХК нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Бусад байгууллагууд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үгүйг сайн мэдэхгүй байна. Падаан дээр хийсэн гүйлгээний талаар тайлбар хэлье. Татварын улсын байцаагч нь шийдвэр гаргаж, захиргааны хариуцлага тооцохдоо прокурорын тогтоолыг үндэслэж гаргасан байдаг. Тогтоол дээр С ХХК нь бусдад хуурамч хий бичилттэй падаан тараасан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг зүйлийг нэгдүгээрт үндэслэсэн юм. Хоёрдугаарт нь касс харилцахаас орсон гарсан гүйлгээ байна уу гэхээр И ХХК-ний захирал өөрийн биеэр Улаанбаатар хотод явж байгаад бэлэн мөнгөөр бараа материал худалдан авсан гэж байна. Бараа материал худалдан авсан үгүйг нь нотлох боломжгүй юм. Компаний захирал нь бэлэн мөнгөөр бараа материал худалдан аваад явуулсныг нь үгүйсгэхгүй. Актын төлбөр 45.000.000 төгрөгийн тавин хувь 22.500.000 төгрөгт эвлэрэх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-ний захирал Ц нь “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 170009290 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн байцаах газрын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-4061   дугаар  албан бичиг, хөндлөнгийн мэдээлэлийг үндэслэн  И ХХК /РД:2863133/-ний 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, шалгалтаар нийт 345,454,600 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.1.1,18.1.14.-д заасныг бусад хуулийн заалтыг зөрчсөнийг үндэслэн   татварын улсын байцаагчийн 2014 оны12 дугаар сарын 26-ний өдрийн 170009290  дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай”  актаар мөн Таварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.3, НӨАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь заалтыг баримтлан 34.545.460 төгрөгийн  нөхөн татвар, 8.636.365 төгрөгийн торгууль, 1.948,368.3 төгрөгийн алданги, 51.818.2 төгрөгийн хүү нийт 45.182.011.05 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Татварын улсын байцаагчийн 2014 оны12 дугаар сарын 26-ний өдрийн 170009290  дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актын үргэлжлэлийн хавсралтаар “уг ... татварын хяналт шалгалтаар нийт  172 727 300 төгрөгийн зөрчил илэрснийг үндэслээд:

1. 2013 онд 172 727 300 төгрөгийн худалдан авалтанд НӨАТатвар төлсөн гэж 17272730 төгрөгийн худалдан авалтын хасалт хийсэн зөрчилд 17 272 730 төгрөгийн нөхөн татвар, 3 454 546 төгрөгийн торгууль, 51 818 төгрөгийн хүү,

2. 2013 онд 172 727 300 төгрөгийг ААНОАТатварын тайланд зардал болгон хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчилд 17 271 730 төгрөгийн нөхөн татвар, 5 181 819 төгрөгийн торгууль, 1 948 363 төгрөгийн алданги, 51 818 төгрөгийн хүү, нийт  345 454 600 төгрөгийн зөрчилд 34 545 460 төгрөгийн нөхөн татвар, 8.636.365 төгрөгийн торгууль, 1.948,368.3 төгрөгийн алданги, 51.818.2 төгрөгийн хүү нийт 45.182.011.05 төгрөгийн төлбөр  ногдуулж төлүүлэхээр тогтоосон байна. /хх- 6-7 хуудас/

И ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 онд 161 142 510 75 төгрөгийн борлуулалтын орлоготой, ногдуулсан НӨАТ 161 142 100 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа үйлчилгээ 1085201957 төгрөг, худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн НӨАТ 108 520 100 төгрөг, эцсийн тооцоогоор 52 905 000 төгрөг төлөхөөр тайлагнасан байна.

Тус компаний албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд урд өмнө Татварын улсын байцаагч Ж.Л 2001онд шалгаж 1 285 700 төгрөгийн актын төлбөр, 2013 онд хэсэгчилсэн шалгалтыг ахлах улсын байцаагч Б.М нар шалгаж 16 805 200 төгрөгийн төлбөр ногдуулж байжээ. 

Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч И ХХК-нийг  С ХХК-иас 172 727 300 төгрөгийн бараа, материал худалдан авсан гэж 0014709080 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 2013 оны 4 дүгээр сарын тайланд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогыг бууруулж тооцсоныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэсэн заалтаар, баримтаар тогтоогдоогүй хуурамч бичилттэй гэж үзэн зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь И ХХК-иас төгрөгийн бараа, материал худалдан авч төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж  0014709080 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн нэхэмжлэгч И ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын тайландаа тусган тайлагнасан, нөгөө талдаа И ХКК нь мөн тайландаа тусган, бэлэн мөнгөний орлого, зарлагын талаар Ерөнхий журналдаа тусгасан баримт, 2013 оны 10 сарын  худалдан авалтын  дэвтэртээ тайлагнасан,  Жигдэнмядаг ХХК, ДМТМ трейд ХХК хооронд байгуулсан худалдан авсан бараа, материалын жагсаалт, зарлагын баримтууд  зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд байхад нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй гэж шууд дүгнэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр И ХХК нь уг падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авсан гэх тоосго, труба, усны хоолой, худгийн насос,   цахилгаан мотор,тоосго зэрэг материалаар  Булган аймгийн Булган суманд баригдаж буй 50 ортой төрөх эмнэлэгийн барилга угсралтын ажлын БУ-15/11 дугаартай  гэрээний дагуу 1 489 597 699  төгрөгийн ажил гүйцэтгэн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр  гэрээг дүгнэсэн акт, ажлын гүйцэтгэлийн тооцоогоор тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл И ХХК нь тодорхой ажил гүйцэтгэсэн, үүндээ  дээрхи худалдан авалт хийсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

          Ийнхүү нэхэмжлэгчийг  худалдан авалт хийж, ажил гүйцэтгэсэн болохыг хариуцагч татварын улсын байцаагч нар хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй ч зөвхөн И ХХК үйл ажиллагаа явуулаагүйг цагдаагийн байгууллага тогтоосон гэсэн үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч бичилттэй, С ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авалт хийгээгүй гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Хэдийгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж, баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэх асуудалд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2703 дугаар тогтоолд ... яллагдагч Я.Н нар нь ... И ХХК ...-ний нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийн, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ... гэж дүгнэсэн ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан өршөөж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирлыг иргэний журмаар нэхэмжлэн гаргуулахаар дурдсан, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичилт хийсэн гэх үйлдэл тогтоогдсон ч яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнээс үүдэлтэй хохирлыг буюу татвар, нөхөн төлбөрийг буруутай этгээдээс татварын байгууллага иргэний журмаар нэхэмжлэн гаргуулах боломжтой байхад И ХХК-иар төлүүлэхээр акт тавьсан нь нэг зөрчилд хариуцлагыг давхардуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

И ХХК нь 50 ортой эмнэлгийн барилгын угсралт, “Зүүн мөрөн”  хороолллын гүний худаг гаргах ажил, 320 хүүхдийн сургуулийн барилга угсралтын  ажил гүйцэтгэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж худалдан авалт хийснээ уг падаан, санхүүгийн анхан шатны баримтуудаа үндэслэн тайлагнасныг буруутгах боломжгүй, учир нь борлуулагч тал мөн борлуулалтаа тайлагнасан байхад падаан дээрх бичилтийг  хуурамч гэдгийг тус компани шалгах боломжгүй, ийм үүрэггүй байна.

          Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрхэн зөрчсөн болохыг тогтоогоогүй атлаа энэ заалтыг актдаа үндэслэсэн нь буруу байна. Мөн актад үндэслэл болгосон энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.14 дэх заалт уг зөрчилд ямар хамааралтай нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төлөлт болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах... зэрэг зөрчлийг тогтоох, шалгах ажиллагаа бүрэн хийгээгүй, зөвхөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зөрчил тогтоогдсон гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан И ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 170009290 дугаартай актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ЭНХТАЙВАН