Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 11

 

“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00904 дүгээр шийдвэртэй, “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 131 933 465 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

“ХХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “ХХХХ” ХХК-ийн байрыг түрээслэх түрээсийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний үүргээ талууд аль аль нь биелүүлээд явж байсан боловч “ХХХХ” ХХК нь хэд хэдэн удаа үүргээ зөрчиж 2015 оны 10 сар, 2015 оны 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Энэ нь 20 367 000 төгрөг болсон. Түрээсийн гэрээнд зааснаар 3 746 195 төгрөгийн алданги, ашиглалтын төлбөр 1 389 225 төгрөг, СӨХ-ны төлбөр 489 840 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэл нийт 25 992 260 төгрөгт нэхэмжлэл гаргасан. Үүнээс өмнө үлдэгдэл төлбөр болон ашиглалтын зардлаа төлөх шаардлага өгч гэрээг цуцлах асуудал ч ярьж байсан. “ХХХХ” ХХК-иас ямар нэгэн албан ёсны хариу өгдөггүй, төлбөр төлдөггүй, зөвшилцөх байдлаа илэрхийлэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна.

2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 48 826 882 төгрөг, алданги 28 679 894 төгрөг, ашиглалтын 2 147 274 төгрөг, СӨХ-ны төлбөр 287 055 төгрөг, нийт 79 941 205 төгрөг, өмнөх шаардлагатай нийлээд 105 933 465 төгрөг болсон.

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шаардлагаа дахиад нэмэгдүүлж 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл 2 сарын түрээсийн төлбөрийг тооцсон тул нийт 131 933 465 төгрөгийг “ХХХХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөр буюу нийт 39 000 000 төгрөг өгсөн. 2014 оны 5, 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөр бас төлсөн. Төлбөрийг сар бүрийн 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд нэхэмжлэхээр авч, улмаар 5 хоногийн дотор төлөхөөр заасан. Эхний саруудад буюу 2014 оны 8, 9, 10 дугаар сарын төлбөрийг 2-3 хоногоор хоцорч төлж байсан боловч зохицуулах боломжтой байсан. Үүнээс өөр ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад гэрээний үүргээ түрээслүүлэгч өөрөө зөрчсөн. Өөрөөр хэлбэл 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл 4 хоног, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл 5 хоног, 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдөр хүртэл 6 хоног, 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдөр хүртэл 4 хоног, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 13-ны өдөр хүртэл 6 хоног, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл 5 хоног, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл 8 хоног, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 7 хоног тог тасалж үйл ажиллагаа явуулах боломж байхгүй байхад төлбөр мөнгө нэхдэг байсан.

Манайх гарах хүртлээ ямар ч өр төлбөргүй байсан. Гэрээнд заасан үүргээ өөрсдөө биелүүлээгүй учраас бид 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн байрнаас гар гэсэн мэдэгдэх хуудас өгсний дагуу үйл ажиллагаагаа зогсоож, юмаа авч гарсан. Энэ бүхнийг цахилгааны болон техникийн инженерүүд мэднэ. Барилгын компани учраас суурин үйл ажиллагаа явуулдаг хүмүүс цөөхөн. Инженер техникийн ажилчид байдаг, бусад нь салбар компанидаа очиж ажилладаг. Ашигтай ажилладаг хугацаа нь зун, намар  учраас энэ хугацаанд бусад компаниуд барилгын материал оруулах гэх мэт ажлаа хийж гүйцэтгэдэг. Тухайн компанийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож, манайх үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Удаа дараа нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК-иас 131 290 508 төгрөг гаргуулан “ХХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 642 957 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 845 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 814 403 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд уг талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж байхад түрээслүүлэгч “ХХХХ” ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж 2014 оны 11 дүгээр сард 4 хоног, 2014 оны 12 дугаар сард 5 хоног, 2015 оны 2 дугаар сард 6 хоног, 2015 оны 4 дүгээр сард 4 хоног, 2015 оны 5 дугаар сард 6 хоног, 2015 оны 7 дугаар сард 5 хоног, 2015 оны 9 дүгээр сард 8 хоног, 2015 оны 10 дугаар сард 7 хоног, нийт 45 хоног шалтгаангүйгээр тог таслан бидний ажиллах нөхцөл боломжийг бүрэн хаасан.

Иймд бид ажиллах нөхцөл боломж байхгүй байсны улмаас түрээслүүлэгч талын бидэнд өгсөн түрээсийн талбайг чөлөөлөх тухай мэдэгдлийн дагуу уг байрнаас гарсан.
Өөрийн эд хөрөнгийг суллаж авах гэсэн боловч хаалга үүдээ цоожлон, дур мэдэн лацдан битүүмжилж биднийг байранд нэвтрүүлэх ямар ч нөхцөл боломж олгоогүй учраас бид 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш уг талбайд огт нэвтрээгүй. Шүүхээс бодит үнэн зөв мэдээлэл өгөх хариуцагч талын гэрч, төлөөлөгчдийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бидний эрх ашгийг ноцтой зөрчиж, нөгөө талд огт үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл зааж 131 933 465 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн хувьд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа эсхүл эд хөрөнгө ашигласантай холбоотой учирч буй хохирол болон олох боломжтой байсан орлогыг шаардсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

 

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ үед түрээсийн зүйл буюу ХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХ тоот 303.8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн өмчлөлд байсан эсэх нь тодорхой бус байна.

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарын гэрчилгээгээр 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дээрх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн ХХХХ бүртгэгдсэн байх тул тухайн гэрээг байгуулах үед уг хөрөнгө хэний өмчлөлд байсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал тодорхой болсноор талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, улмаар түүний үр дагавар зэргийг тодруулах боломжтой болно.

/хх-ийн 100-р тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан гэж гэрээний болон гэрээний бус үүргийн эрх зүйн аль ч үндэслэлээр шаардлага гаргасан уг эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн хугацаанд хамаарах үйл баримт тодорхой байх ёстой бөгөөд үүнийг зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгчийн тайлбарыг дангаар нь нотлох баримтаар үнэлэн дүгнэлт хийх боломжгүй байна. Дээрх байдлыг тодруулахаар хариуцагч тал ХХХХ, ХХХХ нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх тодруулалгүйгээр “гэрийн хаяг, утасны дугаар тодорхойгүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь учир дутагдалтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй юм.

 

Дээрх дурдсанаар талуудын хоорондын эрх зүйн харилцааг тодорхойлоход ач холбогдолтой хэргийн нөхцөл байдал бүрэн, бодитой тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00904 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 815 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА