| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0211/Э |
| Дугаар | 571 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Агар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 571
2020 09 03 2020/ШЦТ/571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Д.Агар,
хохирогч нарын өмгөөлөгч А.Кадирбек,
шүүгдэгч А.Ө, түүний өмгөөлөгч П.Дүгэрээ,
шинжээч Ц.Бадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт А Ө холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903014350095 дугаартай 187/2020/0211/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... оны ......дугаар сарын ......-нд Баян-Өлгий аймагт төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, И овогт А Ө /РД:......................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч И овогт А Ө нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны 5 цаг 35 минутын орчим Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Американ грилл хаус” зоогийн газрын зүүн талын замд 55-03 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын шон мөргөсний улмаас зорчигч Х.К , Ш.К нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч И овогт А Ө нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны 5 цаг 35 минутын орчим Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Американ грилл хаус” зоогийн газрын зүүн талын замд 55-03 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас замын шон мөргөсний улмаас зорчигч Х.К , Ш.К нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч А.Ө-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-14/
3. Хохирогч Ш.К-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар 15-ны өглөө манай ээж Баян-Өлгий гээд онгоцны буудал руу явна гэсэн. Тэгтэл миний түрээсэлж байгаа байрны эзэн Ө нь би хүргээд өгье угаасаа 2 хүн гаргаж өгнө гэхээр нь би за за өглөө 5 цагт хөдлөе гэж хэлсэн. Тэгээд А.Ө нөгөө хүнээ дагуулаад түрээсэлж байгаа гэрт ирээд ээж бид 2-ыг аваад явсан. Машины хойд талд 2 хүн суусан байсан. Тэгтэл ээж урд талд суух гээд хаалга татахад онгойхгүй байсан. А.Ө ээжийг хойд талд суучих гээд энэ хаалга онгоогойгүй байгаа юм чинь миний талаар ороод урд суучих гэсэн. Тэгэхээр нь жолоочийн маш их хурдтай явж байсан. Тэр үед би яасан их хурдтай явж байгаа юм бэ зөөлөн яваарай гэж хэлсэн. Тэгээд Энхтайваны гүүр уруудаад нэг гэрлийн шон харагдсан, нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Миний зүүн талын хөл гуя хэсгээрээ хугарсан. Толгойд гэмтэл авч оёдол тавьсан. Цээжиндээ мөн гэмтэл авсан байгаа. Жолоочид гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/
4. Хохирогч Х.К-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар 2019 оны 12 дугаар 16-ны өглөө 4 цагт босоод цайгаа уугаад явахдаа бэлдэж байсан ба охин Күмисгүл надтай хамт нисэх буудал ороод буцаад ажилдаа явах гэж байсан. Тэгээд нөгөө залуу ирээд гар утас руу дохисноор бид нар гадаа гарахад машинд үл таних 2 эмэгтэй машинд сууж байсан. Тэгээд Күмисгүл жолоочийн хажууд суудалд суугаад би арын хаалгаар Күмисгүлийн ард талд суусан. Тэгээд бид нар нисэх буудал руу явж байхад уг машин нэлээн хурдтай явж байсан тул би болон миний хажууд сууж байсан ахимаг насны эмэгтэй хүртэл жаахан аяархан яваарай гэж хэлж байсан. тэгж хэлээд удаагүй байтал машин маань замын хажуу талд байсан шонгийн модыг мөргөсөн. Уг ослын улмаас миний 4 хавирга хугарч мөн толгойн зүүн талын шанаа тус газар маань зүсэгдэж гэмтэл авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/
5. Иргэний нэхэмжлэгч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага Хан-Уул дүүргийн гэр хороолол болон төв зам дагуух гэрэлтүүлэг ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг. Ерөнхийдөө төв зам буюу Энхтайвны гүүрнээс урагшаа, Маршлын гүүрнээс баруну урагш, нарны гүүрнээс урагшаа, гурвалжингын гүүрнээс урагшаа, Яармагийн зам дагуух бүх гэрэлтүүлгийг хариуцан ажилладаг. Шон далийсан, кабелын утас тасарсан, гэрэлтүүлгийн толгой буюу асдаг гэрэл нь шатсан буюу хагарч дахин ашиглах боломжгүй болсон байгаа. Манай Новелнэтворк ХХК нь өөрөө үнэлгээ хийлгэсэн бөгөөд нийт 650.000 төгрөг гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/
6. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 5 цагийн орчим Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг нисэх гээд Жамалганы хамт Дэлүүн сумын 2 хүний хамт онгоцны буудал орох гээд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооноос бид 4 Ө гэх залуугийн машинаар онгоцны буудал явсан. Тэгээд бид Энхтайвны гүүрээр явж байхад гэнэт л халтирч машин гэрлийн шон мөргөсөн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/
7. Гэрч Д.Ж-нымөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар 16-ны өглөө 5 цагийн орчим Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу ирэх гээд өглөөний 8 цагийн нислэгт суухаар охин Сайрангүл хамт Дэлүүн сумын 2 хүний хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооноос бид 4 Ө гэх залуугийн машинаар явсан. Тэгээд Энхтайваны гүүр өнгөрөөд явж байхад машин гэнэт халтирч гулдраад гэрлийн шон очоод мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 682 дугаартай дүгнэлт: “...Х.К-ын биед зүүн 5,6,7 дугаар хавирганы далд хугарал, бүсэлхийн 2,3,4 дугаар нугамын зүүн хажуугийн хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархи доргилт дух, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хуггацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 85-86/
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №683 дугаартай дүгнэлт: “...Ш.Кумисгулын биед зүүн дунд чөмөгний дээд 1/3-ийн далд хугарал, баруун 1,3,4,5 хавирганы нэг шугамаар 2 дугаар хавирганы хоёр шугамаарх далд хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархайн зулайн хуйх, зүүн хацарт няцарсан шарх зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 88-89/
10. Техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар 11-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт: “..Nissan wihgroad маркийн 55-03 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ауесхан овогтой Ө нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хйихээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна..” гэх дүгнэлт /хх-ийн 94-95/
11. Шүүгдэгч А.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай байрыг түрээслэн суудаг Сайрангүн ээжийн хамт 16-ны өглөө Нисэх буудал орох гэж байсан. Тэгэхээр нь би машинаар хүргээд өгье гэж хэлсэн. Тэгсэн Күмисгул гэх манай бас нөгөө байрыг түрээслэн суудаг хүн ээжийн хамтаар Нисэх буудал орох байсан юм. Тэгэхээр нь би тэр хэдийг аваад хүргэж өгнө гээд 16-ны өглөө 13 дугаар хорооллоос аваад Нисэх буудал руу явсан. Би Ниссан вингроад маркийн 55-03 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон талбайн уулзвараар урагшаа Энхтайваны гүүрээр гарч байхад хэсэг зүүрмэглэсэн юм. Гэнэт хурд аваад ирэхээр нь сэрсэн чинь замын баруун талд байсан шонгийн мод мөргөөд зогссон. Би машинаас бууж ирээд машин дотор сууж явсан хүмүүсийг буулгаад урд сууж байсан зорчигчийг буулгах гэсэн чинь хаалга онгойхгүй байсан. Онцгой байдлаас ирж байж урд хаалгыг онгойлгож нөгөө хүнийг буулгасан. Тухайн үед хажуугаар явж байсан машины жолооч эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирээд бүгдийг нь эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ө нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№682,683/, Техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар 11-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч А.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны 5 цаг 35 минутын орчим Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Американ грилл хаус” зоогийн газрын зүүн талын замд 55-03 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын шон мөргөсний улмаас зорчигч Х.К , Ш.К нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч А.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Өийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Х.К , Ш.К нарын өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “...1.000.000 төгрөг төлж барагдуулсан ба 352.082 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан...гомдол саналгүй...” гэсэн хүсэлт, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт.../ зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт А Ө ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Өэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өээс нийт 352.082 /гурван зуун тавин хоёр мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулж 176.041 /зуун далан зургаан мянга дөчин нэг/ төгрөгийг хохирогч Х.К ад, 176.041 /зуун далан зургаан мянга дөчин нэг/ төгрөгийг Ш.К нарт олгож шийдвэрлэсэн болно.
Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт А Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт А Ө ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Өэд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.Өэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өээс нийт 352.082 /гурван зуун тавин хоёр мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулж 176.041 /зуун далан зургаан мянга дөчин нэг/ төгрөгийг хохирогч Х.К ад, 176.041 /зуун далан зургаан мянга дөчин нэг/ төгрөгийг Ш.К нарт олгосугай.
6. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг танилцуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Өэд сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Өэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР