Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 910

 

       2020            08            17                                          2020/ШЦТ/910

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн,

улсын яллагч М.Сансарсайхан,

шинжээч Г.Гантөмөр,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон (үнэмлэхийн дугаар 0509) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хоёр хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ОСНААУГ-ын Баруун түгээх төвд цахилгааны инженер ажилтай, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А мээрэн овогт НО

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Онь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Баруун түгээх төвийн цахилгааны инженерээр ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Ус дулаан дамжуулах 124 дүгээр төвийн үйлдвэрлэлийн талбай бүхий ажпын байранд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”- ийн 71, 74, 935-д заасан шаардлагуудыг хангуулаагүй, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2, ажилтны эрх үүрэг 2.2.1, 2.2.5-д заасан болон цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолтоор (ХАБЭА-н стандарт шаардлагуудыг мөрдүүлж ажиллах, Ус дулаан дамжуулах төвийн цахилгааны тоног төхөөрөмжийн газардуулганд байнгын хяналт тавих, засварын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах) гэж тогтоосон үүргийг биелүүлээгүйгээс цахилгаанчин Г.У гэрэлтүүлэг засварлах, солих ажил үүрэг гүйцэтгэхээр А хэлбэрийн 1.9 м өндөртэй шатан дээр гарч ажиллах үедээ унаж гавал тархины гэмтлийн улмаас нас барсан бөгөөд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Омэдүүлэхдээ:

“...Тухайн үед 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилга өгөөд ажилд нь гаргасан. Талийгаач бид 2 ус дулааны сүлжээний 131, 133 дээр камерын утас шалгаж үзчихээд дараа нь 124 дээр очиж гэрэлтүүлэг хийхдээ яаж хийхийг хэлсэн. Манай ус дулааны шугам сүлжээний газрын ажилтнуудад каск, энгэрийн бүс бүгд байдаг. Тэгээд эхний гэрэлтүүлэг дээр каск, бүс зүүгээгүй байсан. Манай машинист шатыг нь барьж өгч байгаад эхний гэрэлтүүлгийг хийчхээд дараагийн гэрэлтүүлгийг хийх гээд шатнаас буугаад унтраалгаар унтраачихсан байсан. Тэгээд удирдлагын самбар дээр дуу чимээ гараад байхаар нь явахаасаа өмнө каскаа өмсөж, бүсээ зүүгээрэй гэсэн шаардлага тавьсан боловч шатнаас буусан байсан болохоор анзаараагүй. Намайг удирдлагын самбар дээр үзлэг, шалгалт хийж байхад золгүй явдал болсон. Дээшээ шатан дээр гарч юм хийж байхдаа савж унасан байдалтай байсан. Би тухайн үед очоод анхны арга хэмжээ авах гээд шууд цахилгаанчныг дуудаад шууд эмнэлэг орж яаралтай түргэн тусламж авсан. Эмнэлэгт ороод анкет бөглөсөн. Тухайн үед талийгаач өөрөө ярьж чадаж байсан болохоор асуухад нь толгой жоохон өвдөж байна гэж хэлээд эмч дээр ороод регистрийн дугаар, овог, нэр, утасны дугаар, гэрийн хаягаа хэлж өгөөд толгойдоо оёдол хийлгэсэн. Дараа нь эход харуул гээд эход харуулах гэсэн. Ар гэрээс нь хүн байхгүй байсан тул өөрөөр нь утасны кодыг нь гаргуулаад эхнэр рүү нь залгасан. Танай хүн чинь шатнаас уначихлаа гэж хэлсэн. Гэрээс чинь ирэх хүн байна уу чи жоохон хүүхэдтэй юм чинь яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд хадам ээж рүү нь залгасан. Тухайн болсон зүйлийн талаар ХАБ-ын инженертээ хэлсэн. Тэгээд удалгүй ХАБ-ын инженер гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Цахилгаанчинтайгаа хамт хоёулаа байж байгаад эхо, эмира дээр очиж зургийг нь авахуулаад нааш цаашаа нэлээн явсан. Тэгж байх хооронд ээж нь ирээд цуг бид нар яаралтай түргэн тусламж руу орох гээд цэвэрлэгээний өрөө рүү орсон. Цэвэрлэгээний төлбөр 45.000 төгрөгийг сувилагчийн данс руу хийсэн. Тэгээд дотогшоо нэг хүн хамт орно гээд ээж нь орсон. Орсон хойно нь ээжтэй нь утсаар ярьж мэдээлэл авч байсан. Ойролцоогоор 22 цагийн орчимд талийгаач нас барсан гэж хэлсэн...” гэв.

            Шинжээч Г.Гантөмөр мэдүүлэхдээ: “...Хохирогчид зааварчилга өгсөн байна гэсэн байна. Энэ нь өдөр тутмын зааварчилга өгсөн гэсэн баримт дээр гарын үсэг байсан. Стандартаараа ажлын байрны давтан зааварчилгааг өгөх маягт байдаг. Шүүгдэгч нь маягтын дагуу зааварчилга өгөх ёстой байдаг. Зааварчилга өгсөн хүний нэр, албан тушаал, зааварчилга авсан хүний нэр гарын үсэг заавал байх ёстой. Энэ шаардлагыг хангасан гэж үзсэн. Байгууллагаас нь ээлжийнх нь инженер зааварчилга өгөх үү эсвэл цахилгааны инженер зааварчилга өгөх үү гэсэн эрх зүйн талаас зохицуулсан зохицуулалт байхгүй байсан. Уг зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан болон цахилгааны ажилтан нь хариуцах үүрэгтэй байдаг. Улсын байцаагчийн хөдөлмөрийн аюулгүй байдал түүний эрх үүрэг гэж байдаг. Мөн үйлдвэр ослын акт, түүнтэй холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхээс уг хэрэгт хамааралтай жагсаалтыг үндэслэж дүгнэлт гаргасан. Ямар хувцас хэрэглэл хэрэглэх талаарх мэдээллийг тухайн салбарын хүн нь өөрөө мэдэгдэж хангуулах үүрэгтэй. Нийтийн ажилтны дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон энэхүү гэрээгээр хүлээсэн ажлын тодорхойлолтод заасан ажлын үүргийг чанд биелүүлэх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгчийн хувьд хуульд тогтоомж, журамд заасан үүргийг зөрчсөн гэж үзсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх ёстой. Харин хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүгд мөрдөж ажиллана. Тухайн цахилгааны инженер цахилгааны талбай дахь бүх хүмүүст мөрдүүлнэ. Тавиас дээшгүй ажилтнуудад нэг инженер байх ёстой. Гэхдээ байгууллага өөрөө зохицуулна. ...Цахилгаанчин, цахилгааны инженер 2 хамтраад ажиллах нөхцөл үүсэхэд цахилгааны инженер амаар зааварчилга өгсөн байдаг. Ажлын байранд 3 шатны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулах хүснэгт байгаа. Тиймээс заавал бичгээр өгөх шаардлагатай. Хяналт тавих хүн нь хөдөлмөр аюулгүй байдлын инженер хангуулж ажиллах ёстой...” гэв.

 Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас),

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 242-245 дугаар хуудас),  

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ахын ажилладаг хүмүүст болон байгууллага нь ажил хийлгэж байж ямар нэгэн хөдөлмөр аюулгүй байдлыг хангасны дараа ажилд гаргах ёстой гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

4. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Оинженер над руу залгаад “У шатнаас уначихлаа машинтайгаа хүрээд ир” гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны хойд талын 124 дүгээр баруун түгээх төвд очсон.  О инженер дахиж хаана явж байна гэж асуухаар нь би яг орж байна гэсэн чинь үүдэн дээр ирээд зогсчих гэхээр нь би машинаа үүдэн дээр зогсоосон. Би оролгүй гадаа байж байтал Уыг хоёр талаас нь сугадаад гарч ирэхээр нь би очоод дамнаж өргөөд машины арын суудал дээр суулгасан. Тухайн үед толгой өвдөөд байна гээд нүдээ аниад яваад байсан. Эмнэлэг хүрэх хүртлээ хойд талын сандал дээр хажуу талаараа хараад хэвтээд явсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82-84 хуудас),

5. Гэрч Ё.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...ажил дээрээ байж байтал У нь ажлын байрны гэрэлтүүлэг хийх гээд ойролцоогоор 2 метр орчим өндөртэй A хэлбэрийн шатан дээр гараад дээрээсээ 2 дахь гишгүүр дээр гарч алцайгаад зогссон. Үүдний хаалганаас чигээрээ хоёр дахь эгнээнд шинээр прожектор байрлуулсан байсан тул хоёр дахь эгнээний гэрлийн утсанд байсан суурьтай лампыг авч нэгдүгээр эгнээнд хийх гэж байсан...Би хамт самбар доторхийг хараад О инженер тайлбарлаад зогсож байтал пид гэсэн чимээ сонсогдсон. Тэгээд О инженер шууд гүйгээд явахаар нь би гайхаад хартал У газарт дээшээ хараад уначихсан байдалтай байсан. О инженер надад цус гараад байна алчуур норгоод аваад ир гэж хэлэхээр нь би цаашаа гүйгээд алчуур норгоод аваачаад өгтөл О инженер дагз хэсгийг нь алчуураар дараад байсан. Би харахад дагзнаас нь цус гарч байсан...Уыг унахад шат нь унаагүй байрандаа үлдсэн. Уыг унасан хойно нь харахад дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би яг унаж байхыг нь хараагүй учир яаж унасныг нь дүрсэлж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

6. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Яагаад гэхээр О гэдэг хүн манай нөхрийг 16 цагийн үед унасан гэсэн гэтэл яагаад 103 луу залгаагүй, мөн 18:30 минут болж байхад гэмтлийн эмнэлэгт манай нөхрийг гэмтлийн эмнэлэгт аваачсан, бас над луу манай нөхрийн гар утсаар залгаад хүүхэд нь хэр том болж байна намайг юу байна баахан юм асууж байгаад надад хамгийн сүүлд нь надад танай нөхөр чинь уначихлаа А шатнаас гэхдээ зүгээрээ гээ чи ирээд хэрэггүй гээд хэлээд байсан тэгээд манай хадам ээжийг дуудуулсан юм. Бас манай нөхрийн гуталны баруун талын өсгий аймар элэгдсэн байна газар чирсэн юм шиг байна лээ. Иймд би маш их гомдолтой О гэх хүнийг сэжиглэж байна. Иймд энэ хүнийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

 7. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга авч гарын үсэг зурж баталгаажуулах ёстой, хөдөлмөр аюулгүй ажиллагааны хувцасны ханцуй, энгэр бүрэн товчилж өмссөн байх, хөндийрүүлэх бүрээстэй бахь, отвёрка, резинэн иштэй, мөн бээлий, хөдөлмөр хамгааллын каск өмссөн байх ёстой байдаг юм. Энэ бүгдийг даргалж ажиллаж байгаа инженер шаардлага заавар, дүрэм журмын дагуу хийх ёстой байдаг юм . ’’ гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75-79 дүгээр хуудас),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 888 дугаар:

1. “...Талийгаачийн цогцост дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, зүүн тал бөмбөлгийн духны урд хэсгийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальс доор голомтлог цус харвалт, дагзны хуйхны шарх, цээжний зүүн талын 3, 4, 5, 6-р хавирганы зөрөөтэй шууд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Талийгаачийн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.

4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.

5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 95-103 хуудас),

 

9. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ХАБ-17/20 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...цахилгааны инженер албан тушаалтай НОнь Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 71, 74, 935-д заасан шаардлагуудыг хангуулаагүй, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2, ажилтны эрх үүрэг 2.2.1, 2.2.5-д заасан болон цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолтоор  /ХАБЭА-н стандарт шаардлагуудыг мөрдүүлж ажиллах, Ус дулаан дамжуулах төвийн цахилгааны тоног төхөөрөмжийн газар дуулганд байнгын хяналт тавих, засварын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах/ гэж тогтоосон үүргийг биелүүлээгүйгээс осол болсон байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас Г.Уад гэрэлтүүлэг засварлах, солих ажил үүрэг гүйцэтгэхээр А хэлбэрийн 1.9м өндөртэй шатан дээр гарч ажиллах үед хамгаалалтын дуулга малгай, өндрийн хамгаалах бүс хэрэглээгүй /олгосон эсэх нь тодорхойгүй/ түүнийг бэхлэх холбох аюулгүй /хийц хэсэгт урьдчилан бэхэлсэн хамгаалалтын татлага хийх/ нөхцөлөөр хангаагүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 133-136 хуудас),

10. Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

 “...Тэгээд бид хоёр 133 дугаар төвөөс гараад 1 дүгээр хорооллын ус дамжуулах 124 төв рүү очсон, энэ үед талийгаач дээрх гэрлийг хийсэн, харин А шатыг машинист Б доороос нь түшиж байсан. Харин хуучин буусан гэрлээ урд талын эгнээнд хийе гэж ярилцаад байж байхад, талийгаач А шатнаас буусан байсан. Дараагийн гэрлийг хийхээс өмнө талийгаачийг каск өмс гэж хэлсэн, цаашаа самбар руу явж бүдүүвчний удирдлагын самбарыг онгойлгож үзсэн. Тэр самбар дээр юм дуугараад байхаар нь очиж онгойлгоод би машинисттай юм яриад зогсож байх зуур “юм унах шиг дуу чимээ гарсан, энэ үед талийгаач У шатан дээр гарч зогсож байгаад доошоо унасан бололтой газар хэвтэж байсан”. Б хамтаар талийгаачийг 2 талаас нь сугадаад зөөлөн алхуулаад Хашбатын машины арын суудал дээр Уыг зөөлөн хэвтүүлээд би урд талд нь суугаад улмаар Гэмтлийн эмнэлэг дээр очсон юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 156-158 хуудас),

11. Шүүгдэгч Н.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар тал), хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 185-187 хуудас), ажил байдлын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 193-1194 хуудас), хохирол төлбөр төлсөн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 36-45 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

 Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.От холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н.Онь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Баруун түгээх төвийн цахилгааны инженерээр ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Ус дулаан дамжуулах 124 дүгээр төвийн үйлдвэрлэлийн талбай бүхий ажпын байранд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”- ийн 71, 74, 935-д заасан шаардлагуудыг хангуулаагүй, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2, ажилтны эрх үүрэг 2.2.1, 2.2.5-д заасан болон цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолтоор (ХАБЭА-н стандарт шаардлагуудыг мөрдүүлж ажиллах, Ус дулаан дамжуулах төвийн цахилгааны тоног төхөөрөмжийн газардуулгад байнгын хяналт тавих, засварын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах) гэж тогтоосон үүргийг биелүүлээгүйгээс цахилгаанчин Г.У гэрэлтүүлэг засварлах, солих ажил үүрэг гүйцэтгэхээр А хэлбэрийн 1.9 м өндөртэй шатан дээр гарч ажиллах үедээ унаж гавал тархины гэмтлийн улмаас нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх5-11), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх242-245), гэрч Б.Х мэдүүлэг (хх82-84), гэрч Ё.Б мэдүүлэг (хх-67), гэрч Б.Б мэдүүлэг (хх45-46), гэрч Г.Г мэдүүлэг (хх75-79), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 888 дугаар дүгнэлт (хх95-103), 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ХАБ-17/20 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх133-136х), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонбатын мэдүүлэг (хх21-22х), шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх156-158) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Н.Онь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Баруун түгээх төвийн цахилгааны инженерээр (1хх189-192) ажиллаж байхдаа шууд харьяалагдах цахилгаанчин Г.Уаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Ус дулаан дамжуулах 124 дүгээр төвийн үйлдвэрлэлийн талбай бүхий ажпын байранд гэрэлтүүлэг засварлах, солих ажлыг хийх гүйцэтгүүлэхдээ цахилгаанчдыг өдөр тутмын болон мэргэжлийн удирдлагаар хангах, ХАБЭА-н стандарт шаардлагуудыг мөрдүүлж ажиллах чиг үүргээ биелүүлээгүй, мөн Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”- ийн 71-т “...дуулга малгайг бүчлэж өмссөн байна.”, 74-т “өндөрт ажил гүйцэтгэхдээ хамгаалах бүс заавал хэрэглэнэ.”, 935-т “тулгуурт хамгаалалтын бүсний оосрыг бэхлэх боломжгүй ажлын үед тулгуур хэсэгт урьдчилан бэхэлсэн хамгаалалтын татлагыг хэрэглэвэл зохино.”-д заасан шаардлагуудыг хангуулаагүйгээс амь хохирогч нь А хэлбэрийн 1.9 метр өндөртэй шатан дээрээс унаж гавал тархины гэмтлийн улмаас нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг шинжийг хангасан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн дээрх зүйл, хэсэг тохирсон байх тул тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

 Энэ гэмт хэргийн улмаас талийгаач Т.Уын оршуулгын зардалд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газараас 37.942.776 төгрөгийг (хх-37-45) хохирлыг төлж барагдуулсан байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонбатаас “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Н.Онь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

 II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлын харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Н.Онь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.От “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 Эрүүгийн тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.