Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 355

 

                                                   

                                                Хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай


Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1963 оны 08 сарын 10-нд төрсөн, 53 настай, Архангай аймгийн Хашаат сумын Цайдам Дэлгэр овогт Доржпаламын Энхтүвшингийн /РД:АС63081010/ хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн   нар оролцов. 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Энхтүвшин шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  Архангай аймгийн Хашаат сумын Хүүхдийн цэцэрлэгт 1985 оны 09 сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сахиул, галч, няраваар  ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажилласан жилээ тогтоолгож чадахгүй байна. Иймд шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар  болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 
                                                                 
                                                                ҮНДЭСЛЭХ нь:

    Хүсэлт гаргагч Д.Энхтүвшин ажиллаж байсан байдал  тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 13-ны өдөр  тус шүүхэд гаргажээ. 
Хүсэлт гаргагч Д.Энхтүвшингийн ажиллаж байсан байдлыг зайлшгүй  шүүхийн шийдвэрээр  тогтоох шаардлагагүй байна. 
Учир нь түүний ажиллаж байсан Архангай аймгийн Хашаат сумын Хүүхдийн цэцэрлэг татан буугдаагүй,  үйл ажиллагаа явуулж байгаа тул Д.Энхтүвшингийн хөдөлмөрийн дэвтэрт холбогдох  бичилтийг хийх,  зөвтгөх,  засвар оруулах эрх, үүргийг тус цэцэрлэг хүлээнэ. 
Харин Хүүхдийн цэцэрлэг энэ үүргээ биелүүлэхгүй байгаа бол хүсэлт гаргагч Д.Энхтүвшин захиргааны хэргийн шүүхэд  албан тушаалтны  хууль бус ажиллагаанд гомдол гаргах эрхтэй юм. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэл  тогтоогдсон тул  Д.Энхтүвшингийн  ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123  дугаар зүйлийн 123.1-д заасныг  удирдлага болгон

                                ЗАХИРАМЖЛАХ  нь:
    
1. Хүсэлт гаргагч Д.Энхтүвшингийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Энхтүвшингийн  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөгийг орон нутгийн орлогын Төрийн сангийн 180000280976 тоот данснаас гаргуулж  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д  зааснаар  хүсэлт гаргагч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

          
                        
                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН