Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 0979

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр, улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/, иргэний хариуцагч Ж.Ж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А, иргэний нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овгийн Н. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00202 0155 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овгийн Н .Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Толгойтын Нарангийн голын хуучин эцсийн замд Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс жолооч Н.А-ын жолоодон явсан Хюндай Аксент Верна маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч А.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ж овгийн Н.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ **  улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Толгойтын Нарангийн голын хуучин эцсийн замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Н.А-ын жолоодож явсан *** улсын дугаартай “Hyundai Verna Accent” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч буюу насанд хүрээгүй хохирогч А.Х-гийн бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Миний хүүхэд хагалгаанд орсноос хойш эрүү нь эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Одоо хүүхэд Турк улсад байгаа. Тухайн үед гаргасан хохирол төлбөрийг нэхэмжилнэ.  Хэмжээг нь баримтад дэлгэрэнгүй тусгасан байгаа. Үүнээс 500,000 төгрөгийг урьд хүлээн авсан, мөн эмнэлэгт хэвтэж байхад 200,000 төгрөг авсан, өнөөдөр нэмж 300,000 төгрөгийг авлаа...” гэсэн мэдүүлэг;

3. Иргэний нэхэмжлэгч Н.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би найзтайгаа уулзчихаад доошоо явж байтал хоёр хүн гар өргөхөөр нь халтуур хийе гэж бодсон. Тэгээд дэлгүүрийн гадаа зогсох гэж байтал шүүгдэгчийн жолоодож явсан машин урдуур дараад ороод ирсэн. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Машины хохирлын үнэлгээ 4,150,000 төгрөг болсон. Би машинаа 500,000 төгрөгөөр хаягдал төмөр авдаг хүнд тушаачихсан. Энэ мөнгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Мөн эмчилгээний зардал 451,000 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг;

4. Иргэний хариуцагч Ж.Ж-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хэргийн талаар тусгайлан хэлэх зүйлгүй. Манай нөхөр Н.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй боловч бидний дундын өмч байгаа юм. Бид хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг;

5. Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Зам ээврийн осол хэрэг гарсан газар нь Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Толгойтын Нарангийн голын хуучин эцсийн замд, “замын нөхцөл байдал нь асфальтан, тэгш шулуун, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв...” гэсэн тэмдэглэл (1хх-ийн 7-8 дугаар хуудас), ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 9-17 дугаар хуудас), жолооч Н.Б-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1хх-ийн 115 дугаар хуудас);

6. Насанд хүрээгүй хохирогч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 28-ны орой 18 цагийн орчимд найз Мандуухайн хамт Толгойтын Нарангийн голын эцсийн буудлын орчмоос машинд суусан. М бид хоёр машины арын суудалд сууж явсан. Машинд жолоочийн хажуу талын урд сандалд нэг ах сууж байсан. Мандуухай бид хоёр 107-р сургууль орох гэж явсан. Ингээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа замаар явсан, машин дунд зэргийн хурдтай явж байсан. Би гар утсаараа оролдоод доошоо тонгойгоод явсан. Миний сууж явсан машин гэнэт тоормослохоор нь харахад урдуур саарал өнгийн Тоёота Приус маркийн автомашин орж ирээд мөргөлдсөн. Тэгээд хэсэг хугацаанд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машинаас гарчихсан газар сууж байсан. Түргэн ирээд бид нарыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 21-22 дүгээр хуудас);

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... эрүү шанаа нь хугарсан, 1 шүд хугарсан. Зовуурьтай, хичээлдээ явахгүй байгаа. Таксинд сууж явж байхад таксины урдуур нь нэг машин орж ирээд мөргөлдсөн гэж хэлж байгаа. Гомдолтой байна, эмчилгээнд гарах зардлыг жолоочоор гаргуулна. Мөн бусад зардлыг нэхэмжилнэ. Хүүхдээ эрүүл саруул болгохыг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 27 дугаар хуудас);

8. Иргэний нэхэмжлэгч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 28-ны орой 18 цагийн орчимд Нарангийн голын эцсийн буудал дээрээс Х бид хоёр замын машинд суусан, машины арын сандалд сууж явсан. Ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа зөөлөн явж байсан. Гэтэл миний сууж явсан машины урдуур Т.Приус маркын автомашин ороод ирсэн. Хүүш гэж хэлэхийн завдалгүй түс тас хийгээд л явсан. Нэг ухаан ороход машины гадаа сууж байсан. Х бид хоёр 103-аар гэмтлийн эмнэлэг явсан. Миний биед гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 35-36 дугаар хуудас);

9. Иргэний нэхэмжлэгч Э.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А бид хоёр Нарангийн голын эцсийн буудал дээрээс хөдөлсөн. Зам дээр хоёр эмэгтэй хүүхэд гар өргөхөөр нь аваад машины арын сандалд суулгаад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа явсан. Доошлоод 2 км орчим газар явж байтал гэнэт саарал өнгийн Т.Приус маркийн автомашин миний сууж явсан машины урдуур зүүн гар тийшээ эргээд ороод ирсэн. А машины тоормос гишгээд баруун гар тийшээ жолоогоо дараад уг машинтай мөргөлдсөн. Нэг сэрсэн чинь түргэн ирчихсэн байсан. Түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Миний биед гэмтэл учирсан....” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 40-41 дүгээр хуудас);

10. Иргэний нэхэмжлэгч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машинаа жолоодож явсан. Т бид хоёр Нарангийн голын эцсийн буудал дээрээс хөдлөөд явж байгаад зам дээр гар өргөсөн 2 эмэгтэй хүүхдийг суулгаад ертөнцийн зүгээр хойноос урагшаа явсан. 2 км орчим явж байтал гэнэт саарал өнгийн Т.Приус маркийн автомашин миний урдуур зүүн гар тийшээ эргээд ороод ирэхээр уг машиныг мөргөхгүйн тулд тоормос гишгээд баруун гар тийшээ жолоогоо дарсан боловч тэр чигээрээ Т.Приус маркийн автомашинтай мөргөлдсөн. Нэг сэрсэн чинь түргэн ирчихсэн байсан. Тэгээд түргэний машинаар Т, хоёр зорчигчийн хамт гэмтлийн эмнэлэг явсан. Миний биед гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 45-46 дугаар хуудас);

11. Иргэний хариуцагч Ж.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэмтсэн хүүхдийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 66 дугаар хуудас);

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн: “...А.Х-д доод эрүүний ясны зүүн талын их биеийн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд болон доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун зовхи, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул, баруун гарын дунд хуруу, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх доод эрүүний ясны зүүн талын их биеийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй....” гэсэн дүгнэлт (1хх-ийн 80 дугаар хуудас);

13. “Hyundai Accent Verna” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, үнэлгээний тайлан (1хх-ийн 89 дүгээр хуудас),

14. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 334 дугаартай шинжээчийн: “...Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож

явсан жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Hyundai-Verna” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 195-196 дугаар хуудас);

15. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 55 дугаар хуудас),

16. Шүүгдэгч Н.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 110 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 110 дугаар хуудас), жолоочийн лавлагаа мэдээлэл (1хх-ийн 112 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Х-н биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Н.Б-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой буюу үүрэгтэй байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” нөхцөл байдал нь үндсэн шинжийг, харин “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” нөхцөл байдал нь хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-гийн бэлэн мөнгөний машинаас авсан мөнгөний баримт нь зардлын баримтад хамаарахгүй бөгөөд уг мөнгөний зарцуулалт нь баримтаар хэрэгт авагдсан байх тул түүний нэхэмжлэлийн үнийн дүнгээс 430,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Б, иргэний хариуцагч Ж.Ж нараас 504,360 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-д олгохоор, харин иргэний нэхэмжлэгч Н.А-ын автомашины эвдрэлийн үнэлгээний тайланг эргэлзээтэй хэмээн үзэж, тухайн үеийн зах зээлийн ханшийн дээд хэмжээгээр буюу 2,500,000 төгрөгөөр тогтоож, үүнээс машинаа хаягдал төмөрт тушаасан 500,000 төгрөгийг хасаж, автомашины хохирлыг 2,000,000 төгрөгөөр тогтоож, эмчилгээний болон бусад зардалд баримтаар нэхэмжилсэн 451,000 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 2,451,000 төгрөгийг шүүгдэгч Н.Б, иргэний хариуцагч Ж.Ж нараас гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.А-д олгохоор тус тус шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Н.А-ын тухайд, түүний жолоодож явсан *** улсын дугаартай 2003 оны “Hyundai Verna Accent” загварын тээврийн хэрэгслийн худалдан борлуулах зах зээлийн ханш нь (www.unegui.mn) хамгийн өргөн хэрэглээтэй худалдааны цахим хуудас дахь мэдээллээр 1,700,000 төгрөгөөс 2,500,000 төгрөг байх тул шүүх хөрөнгийн үнэлгээний тайланг эргэлзээтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу уг тээврийн хэрэгслийн үнэлгээг дээд ханшаар нь буюу 2,500,000 төгрөгөөр тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, иргэний хариуцагч Ж.Ж нар нь шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд тэд энэ хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч Н.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эдийн мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргуулах саналтай, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Энэ хэргийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаардаг. Н.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар нь хохирлын талаар санал, хүсэлтгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Миний үйлчлүүлэгч хувиараа бизнес эрхэлдэг, өөрийн үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан доод хэмжээгээр хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулах бөгөөд энэ нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийдвэрт нөлөөлөхгүй.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, болгоомжгүй гэм буруу болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэв.

Шүүгдэгч Н.Б-д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл, эсхүл шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг санууллаа.

Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ж овгийн Н. Б согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Н.Б-д мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүгдэгч Н.Б-д шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний **** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА