Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01556

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00620 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1199 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.Б

         Хариуцагч: И.Чд холбогдох       

         20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч А.Э, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: И.Ч 2014-10-03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу надаас 20 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирсон боловч 18 сая төгрөг зээлүүлсэн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5,6 сая төгрөг, 3 сарын хүү 5,4 сая төгрөг, алданги 9 сая төгрөг нийт 20 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

        Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 20 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу 18 сая төгрөг зээлж, гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан.Сар болгон Б.Бгийн дансанд төлөлт хийж байсан.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ : 2014-10-03-ны өдрийн  гэрээний дагуу үндсэн зээлд 18сая төгрөг, зээлийн хүүд 5,4 сая төгрөг төлөх ёстой байсан. Б.Бг мөнгөө нэхэх бүрд нь үлдэгдэл байгаа гэж бодож төлөөд явсан ба одоо баримтаар нэгтгэн бодож үзэхэд нийт 12,312,350 төгрөг илүү төлсөн байна. Иймд 12,312,250 төгрөг Б.Б үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00620 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан Б.Бгаас 9,412,500 төгрөг гаргуулан И.Чд олгож, сөрөг нэхэмжлэлээс 2,899,750 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 399,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 210,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б.Бгаас 165,550 төгрөг гаргуулан И.Чд олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1199 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 281, 236 дугаар зүйлд хэргийн үйл баримт талуудын хооронд үүссэн гэрээтэй холбоотой маргааны хүрээнд зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй.  И.Ч зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед үндсэн зээлийг Б.Бд төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч гэрээний дагуу үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөх үүрэг үүснэ. Гэтэл энэхүү үйл баримтын хүрээнд хоёр шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн зээлийг тодорхой бус хугацаагаар цувуулан төлж болох, зээлдэгч ийм эрхтэй мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

          Б.Б 2017-08-22-ны өдөр шүүхэд хандаж, 2014-10-03-ны өдрийн зээлийн  гэрээний үүрэгт нийт 20,000,000 төгрөгийг И.Час нэхэмжилсэн байна. /хх 1/ 

         Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй сөрөг нэхэмжлэл гаргаж, 2014-10-03-ны өдрийн гэрээний дагуу илүү төлсөн гэх 12,312,350 төгрөгийг шаарджээ. 

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангадаа “... И.Ч үндсэн зээлд 18.000.000 төгрөг, хүүд 5.400.000 төгрөг, алдангид 4.522.500 төгрөг, нийт 27.922.500 төгрөг төлөхөөс 37.335.000 төгрөг төлсөн байна...И.Ч үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 27.922.500 төгрөгийг Б.Бд төлөхөөс 37.335.000 төгрөг төлсөн тул илүү төлсөн 9.412.500 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг хангана...” гэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Талууд хоёр гэрээ байгуулсан нь тогтоогдсон бөгөөд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

        Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд, заасан хэмжээгээр буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

        Нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу хариуцагчид 18,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой хэмжээнээс илүү мөнгөн хөрөнгийг зээлдэгчид төлсөн нь хэрэгт буй баримтаар нотлогджээ.  

       Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчаас төлбөл зохих үндсэн зээл, хүү, алдангийг тооцсон ба тооцооны алдаа гаргаагүйгээс гадна нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд үнэлсэн байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

       Анхан шатны шүүх И.Чд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 281, 282, 232, 236, 492 дугаар зүйлийн зохицуулалтад  нийцжээ.

       Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00620 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1199 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 305.013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ