Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 57

 

Б.Энхцолмоны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01006 дугаар шийдвэртэй, Б.Энхцолмоны нэхэмжлэлтэй, хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Миний бие Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газарт 2008 оноос барилгын хяналтын инженер, төсөвчнөөр 8 жил тасралтгүй ажилласан. Тус байгууллагад ажиллах хугацаанд ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын А/36 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө Мэдэгдэх хуудас гардуулаагүй. Тушаал гарсны маргаашаас заримт ажилтан, ажилчдыг ажил олгогч дуудаж ажилд нь буцаан авсан байдаг. Мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Өдрийн сонины №125(5390) дугаарт барилгын инженер, төсөвчин цахилгаанчин зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан зэргээс үзвэл хууль зөрчиж халсан нь нотлогдож байна.

Иймд Б.Энхцолмон миний бие ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ нь Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 онд УИХ хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэж, Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний 501 дүгээр тогтоолын 7 дахь заалтаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-г аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан.

Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4-т зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан. Эдгээр тогтоол гарсан даруйд ажил олгогчийн зүгээс тус газар аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаа, үүнтэй холбоотой бүтэц өөрчлөгдөх, орон тоо хасагдах талаар нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу дараагийн ажлын байраа олж бэлдэх агуулгаар урьдчилан мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д зааснаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг эцэслэн батлахгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан.

Нэхэмжпэгчийн хувьд ажиллаж байсан ажлын байр нь байхгүй болсон учир Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаалаар ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Барилгын засвар, үйлчилгээ зэрэг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг үндсэн бүтцээс хасч, шаардлагатай тохиолдолд гэрээгээр гаднаас үйлчилгээ авч байхаар тус газрын дүрэмд заасан тул өмнө ажиллаж байсан хүмүүсээ эн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан.

Нэгэнт ажилчид гэрээгээр хамтран ажиллахгүй тул бид барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрэгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхцолмонг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газрын төсөвчин-инженертэй адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар цалинтай тэнцэх олговорт 4 249 160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхцолмонд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхцолмонгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газраас 82 937 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитой, хэрэгт хамааралтай байдлаар үнэлсэнгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасангүй. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын дарга нь Засгийн газрын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон А/97 дугаар тушаалыг хэрэгжүүлсэн. Хэрэв А/97 дугаар тушаалыг гаргасан атлаа бүтцийг тэр даруйд нь батлаагүй бол энэ нь эрхэлсэн сайдын эрх хэмжээний асуудал бөгөөд хариуцлагыг тухайн сайд хүлээх ёстой. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын дарга уг асуудлаар шийдвэр гаргагч биш гагцхүү тушаал зааврыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээд. Хариуцагч ямар орон тоог хасагдахыг мэдэхгүй атлаа нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн нь үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн урьдчилан мэдэгдэх тухай зохицуулалт нь тухайн орон тоо хасагдаж байгаа ажилтанд дараагийн ажлын байраа олж бэлдэх хугацаа олгох үндсэн зорилготой бөгөөд хариуцагч 5 сарын өмнө мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны доод хязгаарыг зөрчөөгүй. Мэдэгдэл өгөхөөс өмнө болон хойш байгууллагын шуурхай хуралдаан бүрт орон тоо ямар нэг хэмжээгээр хасагдах тухай тогтмол яригдаж, нэхэмжлэгч үүнийг мэдэж байсан. Дээд шатны байгууллагын шийдвэр гаргах үйл явц удааршралтай, өмнөх А/97 тушаалтай уялдаагүй байх нь тус газрыг буруутгах үндэслэл болохгүй.

Мөн “барилгын инженер н.Ариунболдыг Өдрийн сонинг ашиглан шүүх барилгын инженер ажилд тогтоосон гэх талуудын тайлбараас үзвэл дээрх сонингийн зарын дагуу барилгын инженерийн ажилд н.Ариунболдыг тогтоосон байна. Иймд нэхэмжлэгч Б.Энхцолмонг Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт төсөвчин инженертэй адил чанарын өөр албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Сонины зарыг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үнэлэх шаардлагатай, ижил шатны өөр шүүгчийн гаргасан шийдвэрийг туйлын зөв мэтээр үнэлж хэрэгт ач холбогдол өгсөн нь үндэслэлгүй юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар батлагдсан бүтэцэд барилгын инженерийн орон тоо байхгүй, мөн төсөвчин инженертэй адил чанарын орон тоо байхгүй. Дээрх тушаалын агуулга нь Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар зөвхөн менежментийн удирдлагаар хангах, барилгын чиглэлийн ажлыг тухайн шаардлагатай нөхцөл үүссэн үед гаднаас гэрээгээр ажиллах хүч авч ажиллуулахад оршино. Иймд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхцолмон, хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байр хасагдсан, нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэл гардуулсан” гэх үндэслэлээр маргажээ.

 

Хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Энхцолмонг төсөвчний үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэсэн байна.

/хх 9-10, 73-74/

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дугаар тогтоолоор “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг, Аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоол, түүний хавсралтаар дүрмийг нь баталж, бүтэц орон тооны дээд хязгаарыг
Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор заасны дагуу Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 189 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоог баталж нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр буюу төсөвчний албан тушаал хасагдсан талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагчийн хувьд дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг нэхэмжлэгчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан гэх боловч үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаа, журмын дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл бий болоогүй байхад буюу тухайн байгууллагын бүтэц, орон тоог зохицуулах эрх бүхий этгээдийн шийдвэр гарахаас 6 сарын өмнө өгсөн мэдэгдэх хуудсыг дээрх хуулийн шаардлагад нийцсэн гэх үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх ажил олгогчийг тухайн ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ хэрэгжүүлэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заасантай нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Т.ТУЯА