Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 0989

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Н.Р, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Н.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00379 0294 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б овгийн Н.Р-ын, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Р нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Содон” хорооллын хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Toyota Prius” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан Г.Д жолоочтой “Toyota Axio” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Toyota Axio” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч  Б овгийн Н.Р-ын нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Содон” хорооллын хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэж заасныг зөрчин ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Toyota Prius” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэж заасныг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий уулзвар дээр зогсож байсан Г.Д-ийн жолоодож явсан “Toyota Axio” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч буюу энэ хэргийн хохирогч Н.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Р-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-9 дүгээр хуудас);

3. Насанд хүрээгүй хохирогч Н.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэрлэн дохиотой уулзвар дээр миний сууж явсан машин зогссон. Тэгсэн чинь “Приус 11” маркийн машин араас хүчтэй мөргөсөн. Тэр үед урагшаа шидэгдээд урд талынхаа сандлыг зүүн гараараа түшсэн, зүүн гар их өвдөж байсан... ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-11 дүгээр хуудас);

4. Насанд хүрээгүй хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрлэн дохио дээр зогсож байхад араас Приус-11 маркийн машин хүчтэй мөргөж бид нар урагшаа шидэгдсэн. Би урагшлахдаа салоныг нь мөргөсөн. Тэгээд хойд талд сууж явсан Е, Д 2 урд талын сандал мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас),

5. Насанд хүрээгүй хохирогч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэрлэн дохио дээр зогсож байхад хойд талаас машин мөргөсөн... Жолоочийн эсрэг талын хойд суудалд сууж явсан... Одоо эмчилгээ хийлгэж байгаа зардлаа төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас);

6. Иргэний нэхэмжлэгч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрлэн дохиотой 3 замын уулзвар дээр улаан гэрэл дохио асах үед зогсоод 5-6 секунд болж байхад T.Prius маркийн машин хойд талаас ирж мөргөсөн. Миний машиныг мөргөсөн залуу хорооллын эцсийн Вьетнам VIP засварт мөнгийг нь төлж миний машиныг засуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас),

7. Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...урд талд зогсож байсан машинаас нэлээн зайтай зогсож байхад манай найз Р урагшаа хөдлөөд урд талын машины араас мөргөөд зогссон. Тухайн үед Р ногоон асчихлаа гэж бодоод хөдөлсөн чинь буруу харчхаж гэж байсан. Би жолоочийн эсрэг талын хойд суудалд сууж явсан, гэмтэл учраагүй... ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47 дугаар хуудас);

8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7616            дугаартай: “...Н.Е-ын биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 49-50 дугаар хуудас);

9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7617 дугаартай: “...Н.Д-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 54-55 дугаар хуудас);

10. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7618 дугаартай: “...Н.А-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 59-60 дугаар хуудас);

11. “Ашид Билгүүн” ХХК-аас гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын: “...Toyota Axio Улсын дугаар: ****...Эзэмшигчийн нэр: Г.Д... Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 655,000 төгрөг...” гэсэн үнэлгээ (хх-ийн 73-74 дүгээр хуудас);

12. 109 дугаартай мөрдөгчийн: “...Toyota маркийн Prius-11 загварын **** улсын дугаартай автомашины жолооч Н овогтой Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, ...10.1. ‘Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа (хх-ийн 77-78 дугаар хуудас);

13. Шүүгдэгч Н.Р-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 94 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 92 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 95 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гээд яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорт бичгээр илэрхийлсэн, Н.Р хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 103 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэв.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Е-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Р-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Р-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Р нь Н.Е, Н.А, Н.Д нарын эмчилгээний зардалд 900,000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Рийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Р нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Н.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р-д оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Р-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Р нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний жолоочийн болон иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Р-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.БАТАА