Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 49

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1965 оны 07 сарын 02-нд төрсөн, 52 настай, Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багт  оршин суух Дуулга овогт Цэгмэдийн Цэрэнлхамын /РД:АК65070209/  хүсэлттэй 
    Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1980 оны 03 сарын 25-ны өдрөөс 1983 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1983 оны 04 сарын 08-ны өдрөөс 1983 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бригадад барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ш.Санжмятав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа  нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Цэрэнлхам шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Ш.Санжмятав  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цэрэнлхам нь Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1980 оны 03 сарын 25-ны өдрөөс 1983 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд төлчин, малчнаар ажиллаж байгаад дараа нь 1983 оны 04 сарын 08-ы өдрөөс 1983 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Булган сумын барилгын бригадад барилгачнаар ажиллаж байсан. Иймд Ц.Цэрэнлхамын дээрх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Цэрэнлхам Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1980 оны 03 сарын 25-ны өдрөөс 1983 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1983 оны 04 сарын 08-ны өдрөөс 1983 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бригадад барилгачнаар тус тус  ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 03 сарын 25-ны өдрийн өвчний бус шалтгаанаар хорогдсон малын тухай 24 дүгээр тогтоол /Хавсралтын 26-д Цэрэнлхам хорогдсон үхэр 1, тэргүүлэгчдийн шийдвэрээр төлүүлэх нь үхэр 1/, 
- Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 10 сарын 15-ны өдрийн болзол дүгнэх тухай 77 дугаар тогтоол /Хавсралтад: Цэрэнлхам төлчин/, 
- Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 08 сарын 24-ний өдрийн болзол дүгнэх тухай 80 дугаар тогтоол /Хавсралтын 3-д Цэрэнлхам сүүний талаар 06 сард: төлөвлөгөө 1036, гүйцэтгэл 1293, биелүүлэх хувь 104, биелүүлсэн хувь 124, олгох шагнал 30 төгрөг, 07 сард: төлөвлөгөө 1552, гүйцэтгэл 1722, биелүүлэх хувь 104, биелүүлсэн хувь 110, олгох шагнал 30 төгрөг, шагналын дүн 60 төгрөг/, 
- Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн даргын 1983 оны 04 сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 43 дугаар тушаалд:
1. Цэвэрлэгчийг өвчтэй байх хугацаанд түр ажиллаж байсан Цэрэнлхамыг  1983 оны 04 сарын 08-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй. 
2. Цэрэнлхамыг  барилгын бригадад  барилгачнаар томилсугай зэрэг болно. 

Иймд хүсэлт гаргагч Ц.Цэрэнлхамын Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дуулга овогт Цэгмэдийн Цэрэнлхамын Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1980 оны 03 сарын 25-ны өдрөөс 1983 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1983 оны 04 сарын 08-ны өдрөөс 1983 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бригадад барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Цэрэнлхамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

                      
                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН