Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2017/00025/И |
Дугаар | 51 |
Огноо | 2017-01-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: эрэгтэй, 1954 оны 05 сарын 01-нд төрсөн, 63 настай, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хөндлөн нэртэй газар оршин суух Өндөр овогт Самбуугийн Санжаасүрэнд /РД:АО54050118/ холбогдох
малын үнэ 1369000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүний төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэрэгтэй холбоотой баримт манай байгууллагад байхгүй. Байгууллагын өр авлагын дансанд 1369000 төгрөгийн өр бичигдсэн байгаа учир уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлье гээд нэхэмжлэл гаргасан. С.Санжаасүрэн нь Засаг даргын Тамгын газарт 6 жил малчнаар ажилласан. С.Санжаасүрэнг 2010 онд 16 хонь, ямаа дутагдуулсан гэж дансны жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Байгууллагаас С.Санжаасүрэнтэй хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан боловч байгууллагын архивд холбогдох баримт материал нь байдаггүй. Манай байгууллага 2010 оноос хойш 6 жилийн хугацаанд энэ өрийн асуудлаар С.Санжаасүрэнтэй уулзаж, өр төлбөр барагдуулах талаар шаардаж байгаагүй. С.Санжаасүрэн тухайн үед өр авлага цайраад 500000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан гэдэг тайлбар өгдөг. Байгууллагын зүгээс уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч С.Санжаасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: ... Би тэр үед 500000 төгрөг төлсөн. Дараа нь намайг ажлаас халсан талаар дуулсан. Ингээд дахин надаас нэхэхгүй болохоор нь гэнэт ажлаас халагдсан мөнгийг суутгасан юм байх гэж бодоод өдийг хүрсэн. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар 2010 оны 10 сараас өдийг хүртэл энэ төлбөрийн талаар надтай нэг ч удаа яриагүй. Иймд хугацаа хэтэрсэн тул би төлөхгүй гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ажил олгогч ажилтны учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээ эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.
Хариуцагч С.Санжаасүрэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт малчнаар ажиллаж байхдаа 2010 онд 1369000 төгрөгийн хохирол учруулжээ. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар С.Санжаасүрэнгээс малчнаар ажиллаж байхдаа учруулсан хохирол болох 1369000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/
Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-д зааснаар С.Санжаасүрэнд холбогдох 1369000 төгрөг гаргуулах тухай Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН