| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 182/2016/0819/и |
| Дугаар | 59 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 59
Н.Батаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00819 дүгээр шийдвэртэй, Н.Батаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Батболдод холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах тухай, хариуцагчаас гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 800 000 төгрөгийг Н.Батаагаас гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.Батаа нь 2013 оны 11 дүгээр сард 2 000 000 төгрөгийг хариуцагч Т.Батболдод зээлүүлж мөнгийг өгсөн байдаг. Тухайн үедээ сард 10 хувийн хүүтэй гэж тохирч, 4 сарын турш, сарын хүүд 200 000 төгрөг, бүгд 800 000 төгрөг төлсөн байдаг. Үүний дараа мөнгөө төлөхгүй хойшлуулсаар байсан учир, бичгээр гэрээ хийгээгүй нь хүү, алданги тооцохгүй юм байна гээд 2014 оны 9 дүгээр сарын 06-нд зээлийн гэрээгээ бичгийн хэлбэрт оруулж хуулийн дагуу байгуулсан. Өөрөөр хэлбэл өмнөх зээлээ баталгаажуулж, харилцан тохиролцож гэрээ хийсэн.
Хариуцагч өөрөө зөвшөөрч гэрээнд 2014 оны 9 дүгээр сарын 06-наас 2015 оны 1 дүгээр сарын 06-ныг хүртэл 4 сарын хугацаатайгаар, сард 10 хувийн хүүтэй, хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Гэрээг хийснээс хойш нэг удаа 200 000 төгрөг төлөөд өөр төлбөр хийгээгүй. Зээлийн мөнгийг Батболдын эхнэр, дүү нар төлдөг байсан гэдгийг нэхэмжлэгч хэлдэг боловч нийтдээ 1 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд гэрээний дагуу зээл болон хүү, алданги нийт 3 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Т.Батболд нь 2011 оны 11 дүгээр сарын 23-нд нэхэмжлэгчээс 2 000 000 төгрөгийг зээлж авсан талаар маргахгүй. Зээлийн эргэн төлөлтөнд сар бүр 200 000 төгрөгийн хүүг 39 сарын турш, нийт 7 800 000 төгрөгийг төлсөн. Өөрөө болон эхнэр Ш.Долгормаа, дүү Ш.Одгэрэл, П.Энхболд зэрэг хүмүүсээр Батаа гуайн гэрт нь аваачиж өгдөг байсныг эдгээр хүмүүс гэрчээр мэдүүлэг өгч нотолж байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэгч 3 600 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Т.Батаа нь өөрийн Энхээ гэдэг охин, цагдаагийн хамт ирж баривчлуулана, машиныг чинь чирч аваачна гэх зэргээр дарамталж уг гэрээг хийлгэн нотариатаар гэрчлүүлсэн ба уг гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг тоолж өгөөгүй гэдгийг өөрөө зөвшөөрч тайлбарласан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2013 оны 11 дүгээр сард зээлсэн гээд буруу яриад байна, 2011 оны 11 дүгээр сарын 19-нд 2 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэдэг, хариуцагч болохоор 2011 оны 11 дүгээр сарын 23-нд авсан гэдэг, тухайн үед мөнгө хүлээлгэн өгсөн баримт байдаггүй. Гэвч хариуцагч 2 000 000 төгрөгийг зээлж авснаа зөвшөөрч, хүү, алданги төлөх ёсгүй ч 39 сарын турш сард 200 000 төгрөг төлсөөр 7 800 000 төгрөг болсныг 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Н.Батаагийн өөрийн гараар бичсэн сар бүр 200000 төгрөг хүүд авч байгаа гэсэн тодорхойлолтоор нотлогддог. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.Батаагаас 2011 оны 11 дүгээр сарын 23-нд амаар харилцан тохиролцон 1 сарын хугацаатай зээлсэн 2 000 000 төгрөгийг эргүүлэн төлөхдөө 2011 оны 12 дугаар сараас 2015 оны 2 дугаар сар хүртэл сар бүр 200 000 төгрөгийн хүү тооцон төлсөн. Нийт 39 сарын туршид 7 800 000 төгрөгийг өгсөн. Үүнээс үзэхэд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хүү тооцох эрхгүй, үндсэн 2 000 000 төгрөгийн зээлээ бүрэн төлөөд илүү 5 800 000 төгрөг төлсөн тул уг мөнгөөр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд нэхэмжлэгчээс буццаан нэхэмжилж байна.
2014 оны 9 дүгээр сарын 06-нд байгуулсан зээлийн гэрээ нь Н.Батаагаас дарамт шахалт үзүүлж, аргагүйн эрхэнд хийсэн гэдгийг гэрч Ш.Долгормаа гэрчилдэг. Н.Батаа өөрөө ч сар бүр 200 000 төгрөг авч байгаа гэдгээ зөвшөөрч тодорхойлолт хийсэн нь тооцоо нийлсэн баримт гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Н.Батаагийн бичсэн гар бичмэл баримтыг үндэслээд байна. Хариуцагч уг баримтыг өөрөө гаргасан, үүнд нийт 7 800 000 төгрөг өгсөн гэсэн бичиг нь Н.Батаагийн бичиг биш талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Бусад хэсгийг нь нэхэмжлэгч бичсэн гэдгийг зөвшөөрдөг. 2014 оны 9 дүгээр сарын 06-нд бичгээр гэрээ хийж өмнөх зээлийг баталгаажуулсан. Үүнийг дарамт шахалт үзүүлж хүчээр хийлгэсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Батболдоос 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 600 000 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч Т.Батболдын 5 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 108 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Шүүхээс гэрч Ш.Одгэрэл, П.Энхболд нар нь Н.Батаад мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь шүүх хуралдаанд дээрх гэрчүүд “...мөнгө хүлээлгэн өгсөн талаар баримт өгдөггүй байсан дараа нь ах Т.Батболдтой тооцоо нийлнэ гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлсэн нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохигчдын хоорондоо тооцоо нийлсэн болохыг давхар нотолж буй баримт ба болж өнгөрсөн үйл явдлыг баримтжуулахыг хуулиар хориглоогүй.Т.Батболд нь 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аман гэрээ байгуулан авсан 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь зөвхөн бэлнээр авна гэсэн байдаг тул өөрөө болоод эхнэр н.Долгормаа, тухайн үед Т.Батболдынд амьдарч их сургуульд суралцаж, одоо ч амьдар ч байгаа хамаатны хүүхэд болох Ш.Одгэрэл, дулааны улирлуудад Увс аймгаас Улаанбаатар хотод ирэн барилгын ажил хийж хариуцагчийнд амьдардаг байсан П.Энхболд нараар Н.Батаагийн гэрт нь сар бүр 200 000 төгрөгийг хүргэж өгдөг байсан талаар мэдүүлдэг ба үүнийг Н.Батаа үгүйсгээгүй.
2011 оны 12 дугаар сараас эхлэн 2015 оны 02 дугаар сар хүртэл нэг ч сар тасралтгүй 39 сарын турш нийт 7 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг нотлох зорилгоор Н.Батаагийн өөрийн гараар бичигдсэн баримтыг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож шүүхэд гаргаж өгсөн ба дээрх баримтыг шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2011 оны 11 дүгээр сард Т.Батболд нь 2 000 000 төгрөг зээлсэн сар бүр 200 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл төлснөөр ирсэн гэх агуулга бүхий баримтыг өөрийн гараар үйлдсэн нь хариуцагчаас хэдэн төгрөг авсан болохоо илэрхийлсэн хэргийг шударгаар шийдвэрлэхэд зайлшгүй үнэлэгдэх шаардлагатай баримт юм. Учир нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохигчдын хооронд хийгдсэн бичгийн баримтад 2 тал 2-лаа хүсэл зоригоо иэрхийлсэн. Тухайлбал Н.Батаа нь ямар зориулалтаар зээл өгөх болсон, хэрхэн төлөгдсөн талаар, хариуцагч Т.Батболд нь нийт хэдэн төгрөг төлсөнөө тооцож талууд гарын үсэг зурсан байдаг. Дээрх баримтын доод хэсэгт бичигдсэн нийт 7 800 000 төгрөг төлсөн гэх бичвэрийг хариуцагч бичсэн болохоо зөвшөөрдөг ба тухайн баримтыг үйлдэхэд гэрч Ш.Долгормаа нь давхар нотолдог. Талуудын хооронд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдаж хууль буюу гэрээний дагуу Т.Батболдод үүрэг үүсээгүй, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр төлсөн 5 800 000 төгрөгийг шаардах эрхтэй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаарх үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Н.Батаа нь хариуцагч Т.Батболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 800 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.Батболд нь 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Н.Батаагаас 2 000 000 төгрөгийг зээлж, улмаар 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 4 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулсан дээрх зээлийн гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг бодитоор хариуцагчид шилжүүлээгүй гэж дүгнэж, зээлийн хүү болон алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байх бөгөөд шүүхийн энэ дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа гэрч Ш.Долгормаа, Ш.Одгэрэл, П.Энхболд нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үндэслэлээ болгожээ. Гэрчүүдийн мэдүүлэг нь хариуцагч Т.Батболдод нэхэмжлэгчээс зээлсэн 2 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэдгийг эргэлзээгүй нотлох хэмжээний баримт болохгүйгээс гадна, өөр нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Хариуцагч 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1 000 000 төлсөн болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд үлдэгдэл 1 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй юм.
Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 2 000 000 төгрөгийг төлсөн, зээлийн хүүд 5 800 000 төгрөг илүү төлснөөр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагаа нотлож гаргасан тодорхойлолтоос үзвэл 7 800 000 төгрөг өгсөн талаарх бичиглэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №4780 тоот шинжээчийн дүгнэлтээр нөхөж бичсэн нь тогтоогдсон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00819 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Т.ТУЯА