Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00002

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Ж.Б-н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл хэлтэст холбогдох, 

 Нэхэмжлэлийн шаардлага: “Эрхийн улсын бүртгэлийн Г-1712000077 дугаарт бүртгэгдсэн хөрөнгийг шилжүүлэн бүртгэхийг татгалзсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр нь иргэн Ж.Б-ын өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул уг хөрөнгийг Ж.Б-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий Ж.Б-ын  нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гэрч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2011 оны 09 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуульд, сургуулийн эмчээр ажиллаж байсан. Тэр үед би Мөрөн сумаас шилжин суурьшиж ажиллахаар очсон. Тухайн үед хашаа байшин худалдан авч амьдарна гэсэн бодолтойгоор шилжсэн. Миний  бие 2011 оны 10 сард Түнэл сумын иргэн Пүрэвжавын Сандагжавын санал болгосноор түүнтэй харилцан тохиролцож түүний өмчлөлийн Түнэл сумын 6 дугаар баг, 8-4 тоотод байршилтай “эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000069807 дугаар гэрчилгээ, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1712000077 дугаартай, нэгж талбайн 211400277 дугаартай гурван тал банзан хашаа бүхий 2400 кв.м газрыг тухайн үеийн мөнгөний ханшаар 600 000 төгрөгөөр худалдан авсан болно. Худалдах үед энэ газар нь бусдад түрээслэгдээгүй, барьцаалагдаагүй, нэг хүний буюу П.С-ын нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон, хамтран өмчлөгчгүй  газар байсан ба худалдагч тал болох П.С нь өөрөө тухайн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум руу шилжин суурьшихаар нүүж байгаа учир хашаагаа худалдаж байгаа талаараа тайлбарлаж байсан. Газар өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг хүсэхэд П.С нь “би гэр орноо нүүлгэж Эрдэнэт хүргэж төвхнүүлээд эргэж ирнэ, тэгэхдээ бичиг баримтыг чиний нэр дээр шилжүүлж өгнө” гэж амлаад газрын үнэ болох мөнгийг бэлнээр бүрэн тоолж аваад газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ надад өгсөн. Биднийг тохирч мөнгөө болон газар өмчлөх эрхийн гэрчилгээг өгч авалцаж байхад бидний дэргэд П.С-ын эхнэр С, Түнэл сумын иргэн Б гэдэг эмэгтэй байсан юм. Гэтэл С нь Орхон аймагт очоод буцаж ирж амжилгүй байсаар удалгүй 2012 оны 2 дугаар сард нас барсан. Түүнээс хойш талийгаачийн эхнэр нь болох С луу утсаар ярьж гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг хүсэхэд “Эрдэнэтээс Хөвсгөлд ирж очих зардлыг шилжүүл” гэхээр нь түүний данс руу мөнгийг нь шилжүүлсэн боловч ирээгүй. Ийм учраас би дээрх худалдан авсан газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй байсаар өнөөг хүрсэн, газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх тухай өргөдлөө Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан боловч “... уг хэрэг маргаантай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар дамжуулан шийдвэрлүүл” гэсэн хариуг өгсөн. Би энэ газрыг худалдан авмагц тэр сард нь багтааж хашаан дотроо 8х6 м хэмжээтэй палкан сууцны байшин барьж амьдарсан. Өнөөг хүртэл энэ газрын эзэмшил өмчлөлийн талаар ямар ч маргаан  гараагүй байхад ийм шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх газрын өмчлөх эрхийг иргэн Ж.Б миний нэр дээр шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгохыг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан албан тоотыг хүлээн авч үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн асуудлыг хариуцах албан тушаалтан буюу Л.Н-д асуудлыг тайлбарлан танилцуулсан. Гэтэл боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу шүүхэд хандсан. Иймд хариуцагч талын хариуг хүлээж  байгаа. Өмгөөлөгчийн зүгээс С гэх хүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулж өгөөч гэх хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суугч  Содном овогтой С-г гуравдагч этгээдээр татаж хэргийн материал болон бусад баримтуудтай танилцуулж өөрт нь эрх үүрэг тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар авсан байдаг. Энэ тайлбар дээр С: Миний нөхөр П.С нь 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Тэрээр надад гэрээслэлээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн 08-04 тоотод байрлах 92 м2 буюу 2.400 м газрыг өмчлөх эрхтэй гэж гэрээслэл үлдээсэн. Энэ гэрээслэлийг хуульд заасны дагуу улсын бүртгэлээр баталгаажуулж авч байсан гэж тайлбарласан байдаг. Гэвч энэ нь Монгол улсын иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 523.1, 523.3 дугаар зүйлийг зөрчсөн байдаг. Яагаад зөрчсөн гэж үзэж байна гэхээр 1 жилийн дараа тухайн гэрчилгээг үндэслэх ёстой. Гэтэл С Б-ыг хууль ёсны өмчлөгч биш гэж тайлбарладаг. С өөрөө гэрээслэлээр авсан гэж тайлбарладаг боловч гэрээслэл нь огт байдаггүй. Хаанаас ч олдохгүй байгаа. 523.1 дүгээр зүйлд зааснаар гэрээслэлийг заавал үзүүлэх ёстой байдаг. Улмаар нотариатаар гэрчлүүлэх ёстой гэж заасан байгаа. Иргэний хуулийн 523 зүйлд гэрээслэлийн хэлбэр гэж тусгасан байгаа. Үүнд гэрээслэлийг зайлшгүй бичгээр хийж, заавал нотариатаар гэрчлүүлнэ. Нотариат нь байхгүй бол тухайн засаг захиргааны буюу баг сумын Засаг даргаар гэрчлүүлнэ гэж тодорхой заасан байдаг. Энэ хуулийн шаардлага хангагдаагүй. Хэрэв хуулийн 523.1, 523.2-т заасан шаардлага хангаагүй бол гэрээслэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймд гэрээслэл 1 дүгээрт: байхгүй байгаа. 2 дугаарт: Гаргасан тайлбараа нотлох үүргээ өөрөө хариуцах үүрэгтэй. Захиргааны шүүхэд хүсэлтээ гаргаагүй байгаа. Шүүх хуралдаанд гэрчээр Бат-Эрдэнэ гуайг оролцуулж гэрчээр асуусан байгаа. Миний хүсэлтийн дагуу нотариатч О.Н гуайг гэрчээр байцаасан байна. Байцаалтад Н гуай өөрийн үйл ажиллагааг хууль ёсны ажиллагаа. Би нас барсны гэрчилгээ болон сонинд зарлуулсан зарыг үндэслэн баталж гэрчилгээ олгосон гэж байна. Гэтэл энэ хуулийн 523 дугаар зүйл Иргэний хуулийн 5 дугаар хэсэг 53 дугаар бүлэг гэж явдагт буюу 523.1 дэх хэсэгт гэрээслэлийг бичгээр хийнэ гэж заасан байгаа. Үүнд мөн үйлдсэн газар, он сар, өдрийг зааж нотариатаар гэрчилж сум багийн засаг даргад хандана гэж заасан байгаа. С нотариатчид хандсан байна. Гэвч үндэслэсэн гэрээслэл нь байхгүй. Гуравдагч этгээд тайлбартаа би гэрээслэлээр өвлөж авсан гэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр бүлэгт нотлох баримтын тухай бүхэл бүтэн зохицуулалт байдаг. С баримт бүрдүүлсэн гэдэг нотариатч шууд бусаар нотолж гэрчилгээ олгосон. Тийм учир Н гуайг шүүх хуралдаанд заавал байлцуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. 523.3 дугаар зүйлд энэ хуулийн 523.1, 523.2-т заасан шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байгаа. Үүнээс С-ийн гэрээслэлтэй гэдэг нь худлаа, Н гуайн мэдүүлэг худал байна. Түүний энэ үйлдэл нотариатчийн тухай хуулийг зөрчсөн. Энэ асуудлыг жич гаргаж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж байна. Гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт хоорондоо зөрүүтэй байна. Үүнтэй холбоотой баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргаагүй байгаа нь бүхэлдээ хууль бус үйл ажиллагаа гэдэг нь харагдаж байна гэв. Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тус газрыг Жигжид овогтой Б-ын нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтийг бүхэлдэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “иргэн Ж.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан өргөдөл гаргасан. Уг өргөдөл эрхийн улсын бүртгэлийн Г-1712000077 дугаарт бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар баг, 8 дугаар гудамж 04 тоотод байрлах 2400 кв.м талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  иргэн П.С /иц58042673/-ийн өмчлөлд бүртгэлтэй өмчилсөн газрыг тус өргөдлийг үндэслэн шилжүүлэн өгөхийг хүссэн. ЭХӨЭТХЭХБЭУБТХуулийн 4.2, 24.1, ЭХЭУБ хөтлөх журмын 5.1, 5.1.1, 5.1.4-т тус тус заасны дагуу гэрээ хэлцэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлэн бүртгэдэг. Иргэн П.С, Ж.Б нарын хооронд хийсэн гэрээ хэлцэл байхгүй тул Улсын бүртгэлд бүртгэх боломжгүй бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар Улсын бүртгэлийн хэлтсийг татах үндэслэлгүй байна.

Мөн П.С-ын гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.С  /ИЦ61090663/ нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-1712000077 дугаар бүртгэгдсэн өмчилсөн газрын гэрчилгээг гээсэн тухай Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гарган лавлагаа авсан байна. Иймд уг асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1-д зааснаар хууль хяналтын байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй юм” гэжээ.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 09 дүгээр сард иргэн Б Улсын бүртгэлийн байгууллагад хандан хүсэлт буюу өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг үндэслэн  өмчлөх эрхийн гэрчилгээг бичиж өгөхийг хүссэн. Би шүүхэд ханд гэх тайлбар хэлсэн байгаа. Улсын бүртгэлийн тухай хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2-1, 24.1, 5,1 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэд хоорондын дунд хийсэн гэрээ хэлцлийг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэж буюу эхний өмчлөгчийн эрх дуусгавар болж дараагийн өмчлөгчид шилжих ёстой. Гэтэл иргэн П.С нь уг газрыг 2005 онд өмчлөх эрхийг үүсгэн баталгаажуулж гэрчилгээ авсан байдаг. Энэ гэрчилгээг дараачийн өмчлөгчид шилжүүлэхийн тулд зайлшгүй нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хэлцэл байх ёстой. Гэтэл Ж.Б, П.С нарын хооронд хийсэн гэрээ хэлцэл байхгүй. Жишээ нь: худалдах, худалдан авах буюу арилжааны мөн бэлэглэлийн гэрээ гэх 3 гэрээ байдаг. Тэдгээрийн аль нь ч огт хийгдээгүй. Одоо Ж.Б гуайн хүсэлтэд өргөдлийг үндэслэн шилжүүлж өгөөч гэх асуудлыг манай байгууллагад тавьдаг. Бид өргөдлийг үндэслэн шилжүүлэх боломжгүй байдаг тухай удаа дараа тайлбарласан. Тийм учир Улсын бүртгэлийн байгууллага энэ удаа хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй зүйл гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд энэ талаар дурдсан байдаг. Үүнд: Хөрөнгийг өвлөж авсан этгээд дараачийн иргэнд шилжүүлэх ёстой гэж заасан байгаа. Энэ бол цэвэр иргэд хоорондын асуудал юм. Өмчлөх эрхийн гэрчилгээ 2 янз байдаг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ буюу бидний амьдарч буй орон сууц, болон хувийн сууцыг гэрчлэх улаан өнгийн эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ, харин газрын гэрчилгээнд эзэмших, өмчлөх гэх 2 зүйл байдаг. Маргаан бүхий гэрчилгээ нь өмчлөх эрхийн гэрчилгээ юм. Энэ нь улаан өнгийн гэрчилгээтэй ижил том гэрчилгээ байна. 92 м2 үл хөдлөх хөрөнгө гэж тайлбарлаж байсан. Бидний ярьж байгаа зүйл бол 2.400 м талбайтай газрын асуудал ярьж байгаа. 92 м2 үл хөдлөх хөрөнгө байсан уу гэвэл байсан. Энэ хөрөнгийг улсын бүртгэл хуульд заасны дагуу Түнэл сумын нутаг дэвсгэр дээрээс буулгаад Эрдэнэт хотод аваачиж өгч барьсан учир нотлох баримтыг үзүүлж  Хөвсгөл аймаг дахь хувийн хэргийг хааж энэ хэргийг шийдвэрлэсэн байдаг. Энэ нь яг эрх зүйн дагуу журмын дагуу явагдсан гэж ойлгож байгаа. Би эдний нэхэмжлэлийг 2.400 м газрыг бүхэлд нь өөрийн өмчлөлд авах гэж шаардлага гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ эднийх өмчлөх эрхийн тухайд эхнээс нь биш хамгийн сүүлийн шатнаас нь хөөцөлдөөд байна гэж үздэг. Эхлээд нотариатаар орж дараа нь гэрээ хэлцэл хийж өв залгамжлалаар орох ёстой. Тэгээд дараа нь бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авах ёстой. Гэтэл хамгийн сүүлийн шатнаас хөөцөлдөж улмаар манай байгуулууллагыг хариуцагчаар татаж байгаа нь хууль бус. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас урьтаж иргэн С, иргэн Б нар хоорондоо тохиролцож өв залгамжлалын гэрчилгээг С-д бичүүлж С-аас Б дээр гэрээ хэлцэл хийж өмчлөх боломж бүрэн бий гэж хэлэх байна” гэв.

Гуравдагч этгээд С.С шүүхэд гаргасан тайлбартаа: “ Миний бие Содномын С нь Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1961 онд төрсөн. 1981 онд нөхөр П.С-тай Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд гэр бүл болж, 30 жил хамт амьдарч 4-н хүүхдийн эцэг болсон. Бид хоёр 2007 онд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Түнэл суманд шилжин очиж суурьшан амьдарч байгаад 2011 онд амьдралын шаардлагаар Орхон аймагт шилжин амьдрах болсон. Миний нөхөр С нь 2007 онд Түнэл суманд шилжин очоод Түнэл сумын 6-р баг, 8-4 тоот хашааны газар аваад гэр бүлийн зориулалтын 07 га газар хувьчлан авч нөхөр маань дүү Э.Ч, хүү Ү нарын хамт 8х8 харьцаатай байшинг барьж тохижуулсан. 2011 онд хүү С.Б унаж татдаг болсон тул Орхон аймаг руу шилжин амьдрах болсон учраас өөрийн байшинг буулган Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 21-6 тоотод авчиран барьж амьдарч байна. Миний нөхөр П.С нь 2012 онд ажлын байран дээрээ зуурдаар нас барсан ба өөрийн эзэмшлийн Түнэл сумын 6 дугаар баг 8-4 тоот хувийн зориулалттай газрыг миний нэр дээр болгох гэрээслэл хийж өгсөн учир би хууль ёсны өмчлөгч юм. Миний эзэмшлийн Г-1712000077 дугаартай газрын гэрчилгээ Ү-1712000079 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулж авсан. Ж.Б нь миний нөхөр П.С-т бэлэн 600 000 төгрөг тоолон өгч тус газрыг худалдан авсан нь худлаа, бид хоёр цуг очиж мөнгө тоолж аваагүй. Миний хувьд ханьдаа итгэж олон жил амьдарч амьдралын хүнд ачааг  үүрэлцэж явсан. Миний нөхөр С нь намайг хэзээч хуурч байгаагүй хүнд худлаа хэлж хууран мэхлэж байгаагүй, үнэнч шудрага хүн байсан. Би Ж.Б-оос өөрийн эзэмшлийн гэрчилгээг авахыг хүсэж байна. Ж.Б нь өөрөө манайд охинтойгоо хамт амьдарч байсан ба өөрийнхөө зүгээс энэ хүнд их тус болж амьдрал ахуйд нь дэм болж л байсан гэж бодож явдаг. 2011 онд Орхон аймагт шилжин ирэхэд замын зардал бусад зардлыг сайн санаат Улаанбаатар хотын Солонгос хүмүүс, Есүс христийн сүмийхэн өгсөн, бид хоёрын зүгээс нэг ч төгрөгийн зардал гараагүй учраас уг хашааны газрыг зарах шаардлага байхгүй. ... 2018 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Түнэл суманд очиход уг газрыг өөр айлд зарж байшин барьсан байсан. Тиймээс миний газрын гэрчилгээг надад гаргуулж өгнө үү. Манай нөхрийн бүх тооцоогоо хийсэн бичгийг хавсаргав” гэжээ.

Гэрч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Энэ маргаан бүхий хашаанд сүмийн том байшин байдаг байсан. Түүнийг буулгаж Орхон аймаг руу авч нүүх гэж байгаа гээд “Хово” маркийн авто машин ирсэн зогсож байсан. Түүнээс өмнө хашаа байшингаа зарна гээд яваад байсан. Тухайн үед нь мөнгөтэй хүн байхгүй хашааг авах хүн олдохгүй байгаа сураг гарч байсан. Тэгээд тус машин байх үед хашааг нь Бүрантогтох авах болсон юм билээ. Тэгээд Бүрэнтогтох надруу залгаж мөнгө байна уу гэж асуусан би байна ирээд ав гэж хэлсэн. Удалгүй Саран нөхрийн хамт Бүрэнтогтох 3 ирээд Бүрэнтогтох надаас 500.000 төгрөг бэлэн тоолж авч С болон нөхөрт нь өгсөн. Тэд бензин тос авах гэж байсан юм билээ. Дараа нь маргааш нь дахиад 100.000 төгрөг нэхээд байна гээд надаас авсан. Эд хоорондоо өгч авалцсан талаар сайн мэдэхгүй байна. Нэхээд байгаа талаараа хэлж 100.000 төгрөг нэмж авсан. Тухайн үед Ж.Б-д наад хүмүүс чинь хол шилжиж байгаа юм байна. Чи явахаас нь өмнө газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм уу гэж хэлж байсан. Тэр үед газрын гэрчилгээгээ надад өгсөн байгаа учир асуудалгүй байх гэж Бүрэнтогтох ярьж байсан. Түүнээс хойш сураг нь С Орхон аймгаас ирж газрын гэрчилгээг шилжүүлэх гэж байгаа гэнэ. Очих  зардал байхгүй гэхээр нь 50.000 төгрөг шилжүүллээ, хонины мах явуул гэсэн байна явууллаа гэх зэрэг асуудал яригдаад байсан. Би газрын асуудлаа тэгээд шилжүүлсэн байх гэж бодсон, үгүй байж. Миний мэдэх зүйл энэ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь;

Иргэн Ж.Б нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн Г-1712000077 дугаарт бүртгэгдсэн хөрөнгийг шилжүүлэн бүртгэхийг татгалзсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр нь иргэн Ж.Б-ын өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул уг хөрөнгийг Ж.Б-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2005 оны 04 сарын 29-ны өдрийн 21 дүгээр “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар ... сумын төвд хавсралтанд заасан 110 өрхийн гэр бүлийн хэрэгцээнд 12,31 га  талбай бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчилж авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж... шийдвэрлэснээр тус сумын иргэн П.С нь 2010 оны 02 сарын 16-ны өдөр өөрийн биеэр ... бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар  /хх-22 дах хуудасны ар талд/ түүнд Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар / хуучнаар/ Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн 08-04 тоотод байршилтай, 211400277 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2400 кв.м газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1712000077 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-26 дугаар хуудас/

 П.С-ын өмчлөлийн дээрхи газарт түүний эхнэр С.С, иргэн С.Б нарын  өмчлөлийн 0000843 дугаар, Ү-1712000079 эрхийн улсын бүртгэлтэй гэрчилгээтэй, 96 кв.м үл хөдлөх хөрөнгө болох хувийн орон сууцыг 2007 онд барьж, П.С нь  гэр бүлийн хамт  амьдарч байсан байх бөгөөд улмаар 2011 онд гэр бүлийн хамт Орхон аймаг руу шилжин суурьшихдаа өөрсдийн өмчлөлийн хувийн орон сууцыг буулган авч, Орхон аймгийн Булаг багийн 21-ийн 6 тоотод уг байшингаа барьж суурьшжээ. /хх-50-54 дугаар хуудас/

Улмаар П.С нь 2012 оны 01 сарын 02-нд нас барсан /хх-48 дугаар хуудас/ байх бөгөөд түүний эхнэр С.С нь 2018 оны 09 дүгээр сары 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Нотариатчдын танхимын нотариатч О.Н-д хандсанаар  нөхөр П.С-ын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Түнэл  сумын 6 дугаар багийн 08-04 тоотод байршилтай, 211400277 нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2400 кв.м газрыг хууль ёсны эхнэр С.С-д 2018 оны 09 сарын 07-нй өдрийн 29 дүгээр “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г   /хх- 44 дугаар хуудас/ олгожээ.

Гэвч иргэн Ж.Б-оос “иргэн П.С-ын санал болгосноор түүнтэй харилцан тохиролцож, Хөвсгөл аймгийн Түнэл  сумын 6 дугаар багийн 08-04 тоотод байршилтай, 211400277 нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2400 кв.м газрыг тухайн үеийн ханшаар 600 000 төгрөгөөр худалдаж авсан, тухайн үед П.С-ын нэр дээр байсан, ба одоо уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад хууль хяналтын байгууллагад ханд гэсэн хариу өгсөн, С.С-ийн нэр дээр уг газрыг өмчлөгчөөр бүртгэсэн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлах боловч тухайн үед газар худалдан авсан, мөнгө шилжүүлэн өгсөн тухай ямар нэгэн хуульд заасан шаардлага хангасан гэрээ, хэлцэл байхгүй, хэдийгээр шүүх хуралдаанд гэрч С.Б: ”...уг газрыг худалдан авахаар мөнгө өгч авалцаж байсан... тухай мэдүүлэх авч”  энэ талаар буюу үл хөлдлөх хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлэн бүртгэхэд  үндэслэх баримт болох гэрээ, хэлцэл, гэрээслэл, өвлөх эрхийг нотлох бичгийн нотлох баримт байхгүй байх тул хариуцагчийг буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй байна. Тухайлбал:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1-д” Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд ... гэрээ, хэлцлийн нэр, төрөл, хөрөнгийн үнэ ... зэрэг мэдээллийг тусгасан байх, мөн хуулийн 11.2-д” Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хавсаргана” гэж заажээ.

Эрх бүхий улсын бүртгэгчийг /хариуцагчийг/ Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19.4.2-д “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан “ улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж заасан заалтыг зөрчсөн хэмээн дүгнэж улмаар  хуульд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэл хийсэн гэж буруутгах үндэслэлгүй байна гэж шүүхээс үзлээ.  

Иймээс хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд,   дээрхи хуулийн заалтаас үзвэл эрх бүхий улсын бүртгэгч нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн 8-04 тоотод байршилтай, 211400277 нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2400 кв.м газрыг Ж.Б-ын өргөдлийг үндэслэн түүний нэр дээр шилжүүлэн бүртгэх үйлдлийг хийгээгүй хариуцагч байгууллагын эс үйлдэхүй нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэх, буруутгах үндэслэлгүй тул  “Эрхийн улсын бүртгэлийн Г-1712000077 дугаарт бүртгэгдсэн хөрөнгийг шилжүүлэн бүртгэхийг татгалзсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр нь иргэн Ж.Б-ын өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул уг хөрөнгийг Ж.Б-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаж буй “...нотариатын үйл ажиллагаатай холбоотой маргаан”-ыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурьдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дугаар зүйлийн  19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлан иргэн Ж.Б-ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Эрхийн улсын бүртгэлийн Г-1712000077 дугаарт бүртгэгдсэн хөрөнгийг шилжүүлэн бүртгэхийг татгалзсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр нь иргэн Ж.Б-ын өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул уг хөрөнгийг Ж.Б-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай”  шаардлага  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЭНХТАЙВАН