Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0246

 

 

С.Ш-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.Ш, түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, гуравдагч этгээд Т.К, түүний өмгөөлөгч Т.Б

Нэхэмжлэгч С.Ш

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга

Хариуцагч Бугат сумын Тамгын газрын Газрын даамал

Нэхэмжлэлийн шаардлага: “Бугат сумын Засаг даргаас Т.Кд олгосон 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133  дугаартай газар эзэмших гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээ,Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамж, 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож,  С.Шт Бугат сумын Улаантолгой багийн Хүйтэн буйр дахь  700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахыг тус сумын газрын даамалд даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Ш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Хариуцагч С.А

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 110/2020/0059/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан “Бугат сумын Засаг даргаас Т.Кд олгосон 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133  дугаартай газар эзэмших гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээ,Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамж, 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож,  С.Шт Бугат сумын Улаантолгой багийн Хүйтэн буйр дахь  700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахыг тус сумын газрын даамалд даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7,23 дугаар зүйлийн 23.4.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 38 дугаар зүйлийн 38.1,38.4, 52 дугаар зүйлийн 52.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,4.2.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим  хэсгийг хангаж,  Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Шт Бугат сумын Улаантолгой багийн  Хүйтэн буйр  дахь  700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газар эзэмших гэрээ байгуулахыг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын  газрын даамалд даалгаж, үлдсэн хэсэг болох “Бугат сумын Засаг даргаас Т.Кд олгосон 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133  дугаартай газар эзэмших гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 030500039 дугаартай газар эзэмших  гэрчилгээ,Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамж, 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож… шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Ш, түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаар газрын гэрчилгээгээр Т.Кд Бугат сумын 2 дугаар багийн "Хүйтэн буурь" гэх нутагт 400 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн гэх боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулна гэж заасны дагуу гуравдагч этгээд Т.Кд маргаан бүхий газрыг газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж байхгүй байна. Харин уг маргаан бүхий газрыг газар эзэмших эрхийн 000633224 дугаар бүхий гэрчилгээгээр М.Ат Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 тоот шийдвэрийг үндэслэж, нэгж талбарын 030400515 дугаар бүхий, "Улаан толгой”, “Хүйтэн буйр" гэх нутагт 700 м.кв газрыг 30 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.2. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 38.4-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээ шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно- гэж заасныг үндэслэн тус сумын 2 дугаар багийн иргэн Н.Ты Улаантолгой багийн "Хүйтэн буурь” дахь өвөлжөөг түүний хүү Т.Кд 60 жилээр шилжүүлэн  эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаар бүхий гэрчилгээгээр нэгж талбарын 030400481 дугаар бүхий "Улаантолгой”, “Хүйтэн буурь” гэх нутагт 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хэрэгт Н.Ты өвөлжөөний газрыг хэзээ, ямар шийдвэрээр Т.Кд шилжүүлсэн нь тодорхойгүй, H.Taбысханд газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, 38.1, 38.2, 38.2.1, 38.2.2, 38.2.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр нөхцөл байдлаас үзэхэд гуравдагч этгээдэд газар эзэмших эрхээ шилжүүлсэн Т.Т хэзээ ямар шийдвэрээр, аль байршилд тухайн газрыг эзэмшсэнтэй холбоотой баримтууд байхгүй байна.

Харин С.Шын хувьд уг газрыг хууль ёсоор Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны A/119 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 38.1, 38.2, 38.2.1, 38.2.2, 38.2.3 дахь хэсгүүдэд шаардлага хангаж шилжүүлж авсан гэж үзэж байна.

3.3. Анхан шатны шүүхээс уг маргаан бүхий газрыг Т.Кд 400 м.кв, Шт 700 м.кв, нийт хоёр иргэнд 1100 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууц, хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ нь 0,07 га-гаас илүүгүй байна" гэсэн заалтыг зөрчиж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 110\ШШ2022\0003 дугаар шийдвэрт  өөрчлөлт оруулж Бугат сумын Засаг даргаас Т.Кд олгосон 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээ, Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0005875 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Ш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд бид нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсьегэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Т.К дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Бугат сумын 2 дугаар багийн иргэн, малчин Т.К би Бугат сумын Улаантолгой 2-р багийн нутаг дэвсгэр болох Хүйтэн буурь дахь өвөлжөөг 1998 оноос эхлэн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа билээ. Гэтэл Бугат сумын төвд амьдардаг М.А гэдэг хүн манай өвөлжөөнөөс баруун урьд зүгт 1017 метрийн зайтай орших өөр газрыг эзэмших болж, тэнд хашаа байшин барьж 1998-1999 оны үед нэг жил намаржаад түүний дараа хашаа хороогоо буулгаад аваад явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон. Гэвч М.А өөртөө байгаа давуу байдлаа ашиглан гэрчилгээгээ 2016 онд шинэчилж аваад, улмаар Өлгий сумын төвд амьдардаг, олон тооны адуутай гэх, Монгол Улсын гавьяат ажилтан цолтой С.Ш гэдэг хүнд тухайн үед Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан байнга будлиан хутгаж явсан Х.Х гэгчтэй хуйвалдан захирамж гаргуулан, 2017 онд сэмхэн шилжүүлсэн юм байна. Түүний дараахан Засаг дарга Х.Х нь албан тушаалын хэргээр шүүхээр хорих ял шийтгүүлээд явсан тул дараагийн түр орлон гүйцэтгэгч нар гэрчилгээ олгохоос татгалзаж ирсэн байдаг.

4.2. С.Ш нь захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ хийхийг Бугат сумын эрх бүхий албан тушаалтнууд нь түүний захирамжтай газар Сагсай сумын нутагт харьяалагдах болсон тул шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн тул шүүхэд хандаж, улмаар миний өвөлжөөний газрыг хүчингүй болгуулж, эзэн суухаар шүүхэд хандаж маргаан үүсгэж эхэлсэн болох нь хавтас хэргийн материал дотор авагдсан байгаа болно.

4.3. Бидний нутаглаж байгаа газрыг ерөнхийд нь нутгийн оршин суугчид нь Хүйтэн буйр гэж нэрлэдэг бөгөөд манай арын уулыг газрын зурагт “Хүйтэн сарвах" уул гэж тэмдэглэсэн байдаг.

4.4. Миний одоо амьдарч байгаа өвөлжөөнд Бугат сумын “Жаргалын зам" нэгдэл гэж байх үед Тилеухан, түүний хүү Т.Мельс нар амьдарч байгаад нэгдэл татан буугдаж, мал хувьчлагдах үед хувьцаагаа аваад /хашааны саравч, сууцны модон байшин/ өөр газар нутаглахаар явахад манай аав Н.Т 1994 онд очиж нутаглаад, улмаар би газрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн анхны жил буюу 1998 онд газрын гэрчилгээ бичүүлж аваад одоо хүртэл нутаглаж байна. Харин М.А гэгч нөхөр Бугат сумын төвөөс ирээд манай өвөлжөөний доод талд малын жижиг хашаа, 1 өрөө блокон байшин бариад 1 жил хагас дутуу намаржиж байгаад нүүж явсан, түүнээс хойш эргэж ирээгүй гэдгийг шүүхэд гэрчээр 1-3 удаа мэдүүлэг өгсөн тухайн үеийн багийн дарга болон бусад хариуцлагатай алба хааж байсан хүмүүсээс эхлээд жирийн малчин иргэд болох М.Г, Т.М, А.Х, Х.М, Т.М, Р.К, Б.Н, А.Х, И.Г, Х.С, Х.Х нар тодорхой хэлж мэдүүлсэн байдаг. 

4.5. Гэтэл захиргааны хэргийн шүүх өөрийн санаачлагаар цуглуулсан нотлох баримтаар М.А бид хоёр хоорондоо зайтай хоёр өөр газарт газар эзэмшиж байсан болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээс гадна М.Аийн өөрийнх нь мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, газрын зураг /карта/ зэрэг нотлох баримтаар ухаантай жирийн хүний ухаанаар бүрэн нотлогдож байхад шүүхээс илт бус гуйвуулан миний өвөлжөөний байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

4.6. Шүүх нь “Т.Кий оршин сууж байгаа газрыг анх хамтран ашиглаарай гэж тухайн үеийн эрх бүхий этгээдүүдээс тэмдэглэл хөтөлж шийдвэрлэсэн, тэгээд Н.Т бид хоёр хоорондоо тохироод уг чулуун хашаа бүхий газрыг Т өвөлжөөний зориулалтаар ашиглахаар болж, би энэ газраас 1017 метрийн зайтай өөр газарт бууж хашаа, байшингаа барьсан" гэж хэлсэн байгаа нь өөр газар газар эзэмших болсныг илтгэх нотлох баримт мөн боловч нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл түүний дээрх ганцхан үгийг нотлох баримт хэрэгт ганц ч байхгүй байгаа юм.

4.7. М.А гэгчийн зориуд төөрөгдүүлэх санаатай хэлсэн ганцхан үгийг үндэслэл болгоод нэгдлийн үед баригдсан чулуун хашаа бүхий газрыг М.А болон Т.К нарт өвөлжөөний зориулалтаар дундаа хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн байна гэж явцуу дүгнэлт гаргаж, аргаа барсандаа "эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй" гэсэн зарчмаар салахын тулд нэхэмжлэгч талын шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ малчин миний эрх ашгийг зориудаар хохироож байгаад нь гомдолтой байна.

4.8. Шүүх нэхэмжлэгч С.Шын гомдлыг заавал хангаж шийдвэрлэнэ гэвэл М.А-ийн 1998 онд анх гэрчилгээ бичүүлж авсан тэр газарт нь С.Шт шилжүүлсэн захирамжийн дагуу гэрчилгээ олгохыг холбогдох албан тушаалтанд даалгах ёстой байсан.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 110/ШШ2022/0003 дугаартай дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Бдараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн иргэн малчин Ты К нь "Хүйтэн буурь" хэмээх газарт 1998 оноос эхлэн өвөлжөөний зориулалттай газар эзэмшиж байгаа болох нь 1998, 1999, 2016 онуудад олгосон газар эзэмших гэрчилгээгээ болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотлогддог.

5.2. Харин Бугат сумын төвд амьдардаг, Ерөнхий боловсролын сургуульд багш, сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг ажил алба эрхэлж байсан Маукейн А нь мөн "Хүйтэн буйр" нэртэй газарт Т.Кий өвөлжөөнөөс баруун урд зүгт 1017 метр газарт байрлах жижиг толгойн энгэрт 700 м.кв газрыг эзэмших болж, тэндээ 1998 оны намар хэсэг хугацаанд нутаглаж байгаад, дараагаар нь тэнд барьсан задгай чулуун хашаа болон блокоор барьсан жижиг байшинг буулгаж авч явснаар эзэнгүй орхигдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Уг өвөлжөөний газрыг 1998 оноос хойш огт ашиглахгүй байж байгаад Бугат сумын засаг дарга Х.Хын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар шинэчлэн эзэмших шийдвэр гаргуулан, улмаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар Өлгий сумын иргэн С.Шт шилжүүлсэн байдаг. Захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ олгохыг Бугат сумын засаг даргад хандахад уг газар нь шинээр нэвтэрсэн Ланд менежер программаар хэмжилт хийхэд Сагсай сумын нутаг дэвсгэрт харьяалагдах болсон тул гэрчилгээ олгох боломжгүй гэж хариу өгсөн тул С.Ш нь шүүхэд хандаж маргаан үүсгэхдээ захирамж гарсан газар нь өөр сумын нутаг дэвсгэрт малчин Т.Кийн өвөлжөөний газрыг харьяалагдах болсон тул булаацалдсанаар маргаан үүссэн байдаг.

5.3. Харин иргэн М.А нь тухайн үед дээрх байршлын газарт гэрчилгээ бичүүлж авсан боловч тэр газрыг огт ашиглахгүйгээр гартаа зөвхөн гэрчилгээ бариад сууж байгаад 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шинээр 000633227 дугаартай гэрчилгээ бичүүлээд авчээ. Түүний дараа тус сумын Засаг даргаар Х.Х ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дугаартай захирамжаар 700 м.кв газрыг 29 жилийн хугацаагаар С.Шт шилжүүлсэн байна. Захиргааны хэргийн шүүхээс Х.Хаас гэрчийн мэдүүлэг авах үед ..М.А нь өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ С.Шт шилжүүлж өгөх талаар надад хүсэлт гаргасны дагуу захирамж гаргаж шилжүүлэн эзэмшүүлж байсан. М.Аийн эрхтэй гэх газар нь хаана байршилтай ямар газар вэ гэдгийг би мэдэхгүй. Би тухайн үед газрыг очиж үзэж байгаагүй..." гэжээ. Харин тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Х.Сембай нь М.Аийн эзэмшлийн газрыг С.Шт шилжүүлсэн байх ба уг А/119 дугаартай захирамж гарсныг би мэдээгүй...” гэж 2 удаа мэдүүлсэн байдаг.

5.4. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д "Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн, хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно" гэж заасан боловч Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаартай захирамжаар эзэмшдэг гэх газрыг иргэн М.А нь газар эзэмшигчийн хувиар өвөлжөөний зориулалтаар тухайн үеэс хойш эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд 2017 оны байдлаар түүнийг уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй ба М.Аийн тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь уг газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол 40.1-д зааснаар сумын Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон үндэслэл нь газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болохоор хуульчилсан байдаг.

5.5. М.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Шт шилжүүлсэн Бугат сумын Засаг даргын 2017 оны А/119 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй, тухайн засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах талаарх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчсөн байгаа нь илэрхий байсан тул Бугат сумын засаг даргаар ажиллаж байсан Х.Хын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/11 дугаартай захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эрх зүйн акт байсан тул түүнийг хүчингүй болгосон Бугат сумын засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/10 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй боловч, шүүх түүнийг энэ шийдвэрээрээ хүчингүй болгосон гэж дурьдсан боловч, үндэслэлээ огт дурьдаагүй байна

5.6. Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, ач холбогдол бүхий нотлох баримтыг үндэслэл болгоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

5.6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт: "Бугат сумын Улаан толгой 2-р багийн "Хүйтэн буйр" гэх газарт "Жаргалын зам" нэгдлийн үед нэг чулуун хашаа баригдсан, уг чулуун хашаа бүхий газарт Тилеухан, түүний хүү Мельс нар амьдарч байгаад 1992 онд нүүгээд явсан, 1995 оноос одоог хүртэл тухайн газарт Н.Т /агсан/ түүний хүү Т.К нар амьдарч байгаа байгаа, М.А нь энэхүү чулуун хашаа бүхий газарт амьдарч байгаагүй, харин тухайн газраас баруун урд талд 1 км гаруй зайтай газарт байшин, малын хашаа барьж, 1998-1999 оны хооронд 1 жил өвөлжсөн гэх үйл баримтууд гэрч М.Гайпберген, Т.Мельс, А.Хадыс, Х.Мектеп, Т.Мыса, Р.Каздробал, Б.Нуграж, М.А нарын мэдүүлэг /1р ХХ-ийн 73, 74, 184, 190, 194, 209, 214, 237 дахь тал, 2-р ХХ-ийн 81 дэх тал/ гуравдагч этгээдийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл /1-р ХХ-ийн 51-55 дахь тал/ зэргээр тогтоогдсон, энэхүү чулуун хашаа бүхий газар нь Бугат сумын нутаг дэвсгэрт, М.Аийн 1 жил өвөлжсөн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт тус тус хамаардаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1-р хавтас хэргийн 89, 90, 92-93/ дахь тал/ нотлогдсон болно" гэж үнэн зөв дүгнэлт хийжээ.

5.6.2. Гэтэл шийдвэрийн 6 дахь хэсэгт М.Аийн шүүхэд: "...Т.Кий оршин сууж байгаа газрыг анх хамтран ашиглаарай гэж тухайн үеийн эрх бүхий этгээдүүдээс тэмдэглэл хөтөлж шийдвэрлэсэн, тэгээд Н.Т бид хоёр хоорондоо тохироод уг чулуун хашаа бүхий газрыг Т өвөлжөөний зориулалтаар ашиглахаар болж, би энэ газраас 1017 метрийн зайтай өөр газарт бууж хашаа, байшингаа барьсан" гэж зөвхөн шүүхэд өгсөн тайлбарыг үндэслэл болгон Т.Кий өвөлжөөнөөс газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх М.Аийн өгсөн тайлбар мэдүүлгийг нотлох өөр ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хүчингүй болсон 1994 оны Газрын тухай хуулийн заалтуудтай холбон гуйвуулан тайлбарлаж, "М.А, Т.К нарт олгосон газар нь нэгдлийн үед баригдсан чулуун хашаа бүхий өвөлжөөний газар гэж үзэхээр байна" гэж дурьдаад "Хүйтэн буурь" дахь тус сумын иргэн Т.Мельсийн амьдарч байсан, нэгдлийн үед баригдсан чулуун хашаа бүхий газрыг М.А болон Т.К нарт өвөлжөөний зориулалтаар дундаа хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн болно" гэж дүгнэлт гаргаж, эзэмшүүлсэн газар нь байршлын хувьд хоорондоо 1 км гаруй зайтай газар болох нь тодорхой байхад Газрын тухай хуулийг илт буруу тайлбарлаж, үндэслэлгүй хийсвэр дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй байна.

5.6.3. Мөн 13 дахь хэсэгт: "Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.А болон Т.К нарт эзэмшүүлсэн газар нь 2 өөр газар биш...чулуун хашаа бүхий газар бөгөөд уг газрыг М.А, Т.К нарт эрх бүхий этгээдээс дундаа хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон" гэж мөн л дурьдсан боловч үүнийг нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байгаа юм.

Түүнчлэн шүүх хуралдаанд томилогдон оролцсон хөндлөнгийн этгээд болох иргэдийн төлөөлөгчийн зүгээс "Т.К нь Хүйтэн буйр гэх газарт 28 жил амьдарсан, А 1 жил амьдарсан, М.Аийн газар Т.Кий өвөлжөөнөөс 1 км-ийн зайтай юм байна, тухайн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг болох нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох үндэстэй байна" гэсэн утгатай дүгнэлт гаргасан байдаг.

5.7. Нэгэнт анх М.Ат эзэмшүүлсэн газар нь Сагсай сумын нутагт харьяалагдах болсон нь тогтоогдсон байхад нэхэмжлэгч нэхэмжлэлээ харьяаллын дагуу Сагсай сумын Засаг даргад хандаж гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан. Сумдын хилийн заагийг Улсын Их Хурлаар баталж тогтоодог тул дураар тогтоох боломжгүй юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэн нэг нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр магадлалаар "Газрын байршил давхцаж байгаа эсэхийг тогтоож, хэрэв давхцсан тохиолдолд хэн нь Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж байгаад дүгнэлт өгөх, хэрэв газрын байршил давхцаагүй нь тогтоогдвол нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай..." гэж дүгнэсэн байхад байршил давхацсан мэтээр дүгнэж шийдвэрлэснийг ойлгохгүй байна.

5.8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 110/WW2022/0003 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

6. Хариуцагч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангалгүй орхив.

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаас М.Ат 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар тус сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” гэх газарт 700 м.кв талбайг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд хожим  2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 000633224 дугаартай газар  эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ба 2017 оны 09 дүгээр сарын  27-ны өдөр уг эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээг М.А болон С.Ш нар байгуулснаар Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны  өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/119 дүгээр захирамжаар дээрх газрыг С.Шт шилжүүлсэн боловч Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар дээрх газар эзэмшүүлсэн А/119 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

2.2. Мөн маргаан бүхий газарт Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаас тус сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” гэх газарт 400 м.кв талбайг 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр 40 жилийн хугацаагаар Н.Тд өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд улмаар 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээ шинэчлэн олгосон байна.

2.3. Гуравдагч этгээд Т.Кий эцэг Н.Тд газар эзэмших эрх олгосон шийдвэр байгаагүй /олдоогүй талаарх лавлагаа хэрэгт бий/ гэх боловч шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс 1988 онд 133 дугаартай, 1999 онд 030500039 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг олгосны үндсэн дээр Н.Т уг газрыг эзэмшиж, улмаар Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамжаар уг газрыг хүү Т.Кд шилжүүлэн эзэмшүүлсэн, уг захирамжид газрын хэмжээг заагаагүй, харин уг захирамжийн дагуу олгосон 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээг 700 м.кв гэж заасан ба  газар эзэмших эрх шилжүүлсэн нь хэдийгээр хуульд заасан шаардлагыг хангаагүй боловч энэхүү захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэнийг буруутгах боломжгүй, ийнхүү газрын эрх шилжүүлсэн нь нэхэмжлэгч С.Ш болон өмнө нь маргаан бүхий газрыг эзэмшиж байсан гэх М.А нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

2.4. Түүнчлэн нэхэмжлэгч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан “Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг хүчингүй болгож, С.Шт Бугат сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахыг тус сумын газрын даамалд даалгах”-аар маргасан байна.

2.5. Энэ тохиолдолд хэдийгээр нэхэмжлэгч С.Шын газар эзэмших эрх түрүүлж үүссэн боловч Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь 700 м.кв талбайгаас өөрөөр ямар хэсгийг хамаарах газар олгосон эсэх нь тодорхойгүй, харин гуравдагч этгээдийн хувьд 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133  дугаартай газар эзэмших гэрчилгээгээр газар эзэмшихдээ эрх бүхий албан тушаалтны ямар шийдвэрээр газар эзэмшиж эхэлсэн болох нь мөн тодорхойгүй, нэгдлийн хөрөнгөөр барьсан уг маргаан бүхий чулуун хашааг хувьчилсан нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд хувьчилж өгсөн холбоотой материал байхгүй талаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тамгын газраас лавлагааг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхтэй гэх газраа “Улаантолгой багийн “Хүйтэн буйр” гэх газарт “Жаргалын зам”  нэгдлийн үед  баригдсан чулуун хашаа бүхий н.Тилеухан, түүний хүү Т.Мельс нар амьдарч байгаад нүүсэн гэх талбайг тайлбарлаж байх ба тухайн чулуун хашаа бүхий газрын байрлал өөрчлөгдөөгүй, 454 м.кв  талбайтай бөгөөд гэрчийн мэдүүлэг болон маргаан бүхий актуудаас үзвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хариуцагч Засаг даргаас өвөлжөөний газрыг хамтад нь эзэмшүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдээгүй байна.

2.6. Газрын тухай /1994 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг дундаа эзэмшиж болно”, 51 дүгээр зүйлийн 3-д “Бэлчээрийг ашиглахдаа түүний уламжлалт тогтолцоо болох өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа гэсэн ерөнхий хуваарийг баримтална. Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана” гэж тус тус заасан ба одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай /2002 оны/ хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус зааснаар өвөлжөө, хаваржааны доорхи газрыг иргэд дундаа хамтран эзэмшиж болохоор зохицуулсан.

2.7. Ийнхүү нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар өвөлжөөний зориулалтаар газар эзэмших тохиолдолд дундаа хамтран эзэмшиж болох ба гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо “...уг чулуун хашааг Т өвөлжөөний зориулалтаар ашиглахаар болж, таарамжгүй байдлаас болж би энэ газраас 1017 метрийн зайтай өөр газарт бууж хашаа, байшингаа барьсан" гэж хэлсэн байгаа нь өөр газар газар эзэмших болсныг илтгэх нотлох баримт мөн байхад нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн...” гэж дурьдсаныг хүлээж авах боломжгүй ба хэрэгт гэрчийн мэдүүлгүүдээр “М.А нь 1 жилийн хугацаанд маргаан бүхий газраас өмнө зүгт 1017 м зайтай байрлах Сагсай сумын нутагт өвөлжсөн” болох нь тогтоогдож байх боловч нэгэнт Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаас М.Ат 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн өвөлжиж буй газрыг олгосон, Сагсай сумын нутагт газар олгох боломжгүй тул энэ хугацаанд өөрт олгогдсон газар дээрээ нутаглаагүй нь түүнийг маргаан бүхий газрыг эзэмшээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, энэ үндэслэлээр даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

2.8. Өөрөөр хэлбэл, Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс иргэн М.Ат 1998 оны 36 дугаар Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь чулуун хашаа бүхий 700 м.кв газар эзэмшүүлсэн хүчин төгөлдөр захирамжийг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 000633224 дугаар бүхий газар  эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь түүнийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзээгүй болох нь нотлогдож байх ба уг гэрээ, гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч С.Шт шилжүүлсэн Бугат сумын Засаг даргын 2017 оны А/119 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцсэн бөгөөд уг захирамжтай гуравдагч этгээд маргаагүй тул энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.

2.9. Нөгөөтэйгүүр Газрын тухайн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно.” гэж зааснаар хэргийн оролцогчдын маргаж буй газар нь бэлчээрийн газар бөгөөд өвөлжөөний зориулалтаар эзэмшиж ашиглах тохиолдолд дан ганц иргэн, айлд өмчлүүлэх агуулгаар хуульчлаагүй бөгөөд тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болох хуулийн зохицуулалттай тул энэ тохиолдолд Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь харилцан тохирч, дундаа хамтран өмчилж, мал аж ахуйг эрхлэн амьдрах боломжтой учир анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэрийг гаргаагүй байна.

2.10. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд анхан шатны шүүх “...эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх  тул ...” хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд нөгөөтэйгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг захиргааны байгууллага мөрдөж ажиллах үүрэгтэй ба энэ тохиолдолд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг оролцуулан сонсох ажиллагааг хийж нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй, гуравдагч этгээд Т.Кий хүсэлтэд үндэслэн дүгнэлт хийсэн нь алдаа болсон байх тул уг захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2.11. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурьдаж буй “....Шын хувьд уг газрыг хууль ёсоор Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны A/119 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.1, 38.2.2, 38.2.3 дахь хэсгүүдэд шаардлага хангаж шилжүүлж авсан...” гэх тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч маргаан бүхий газрыг гуравдагч этгээдтэй дундаа хамтран эзэмших эрхтэй гэж шүүх дүгнэсэн учир газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зүйтэй.

2.12. Гэхдээ нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо С.Шт 700 м.кв, Т.Кд 400 м.кв эзэмшүүлсэн буюу нийт 1100 м.кв талбай нь хуулийн шаардлага хангахгүй хэмээн маргаж байх боловч анхан шатны шүүх ийнхүү дүгнэлт хийгээгүй, харин нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмших эрх бүхий газар нь нэг газар тул хамтран эзэмшүүлэхээр олгосон гэх утгаар дүгнэсэн болохыг дурьдаж байна.

2.13. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын үүднээс хариуцагч захиргааны байгууллагаас дээрх нөхцлийг тодруулан судалж, тухайн сумын нутаг дэвсгэрт хэргийн оролцогчдын хүсэлтийг харгалзан өөр газрыг шинээр олгож зохицуулахад энэхүү шийдвэр саад болохгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч С.Ш, түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, гуравдагч этгээд Т.К, түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Н.ДолГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА