Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01555

 

Ү.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00826 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1134 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ү.З

         Хариуцагч: А.Бд холбогдох        

         Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод 700 м.кв талбай бүхий газрыг А.Бын эзэмшлээс чөлөөлүүлэх, байшинг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч А.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Ц, өмгөөлөгч Д.П, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015-10- 09-ний өдрийн А/434 тоот захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар олгосон. Гэтэл зуслангийн газар дээр 2017 оны 10 дугаар сараас А.Б нь зөвшөөрөлгүйгээр дүнзэн торх босгосон. Энэ талаар газрын албанд хандаж шалгуулахад газар давхацсан ямар нэг маргаан байгаагүй. Газрын албанаас А.Бд газар чөлөөлүүлэх албан шаардлагыг 2017 оны 12 дугаар сард хүргэж, гарын үсэг зуруулсан. Гэвч байшин баригдсан. Иймд А.Бын барьсан дүнзэн байшинг буулгаж, газар чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

      Хариуцагч хариу тайлбартаа: Манай охин Д.Болортуяа бид хоёр зуслангийн газар авахаар ярилцаж байгаад Шарга морьтод байрлалтай 4 айлын газар зарна гэсэн зарын дагуу М.Азжаргалтай утсаар ярьсан. М.Азжаргалын ээж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтод хэсгийн ахлагч М.Алтанцэцэг гэдэг хүн тухайн газрыг үзүүлсэн. Тухайн газар хойд талаараа төмөр хашаатай, урд талдаа модон жорлонтой хашаа байсан. Ингээд аятайхан газар байсан тул энэ 4 айлын газрыг сонгоод, 2017-02- 15-ны өдрийн газрын кадастрын зураг үзүүлсэн. 2017-10-07-нд М.Алтанцэцэгтэй уулзахад бид газрынхаа материалыг өгсөн, одоо газар олголт зогссон, 2018 он гаргаад зуслангийн газар олгож эхэлнэ гэсэн. Ингээд охин н.Болортуяа, М.Азжаргалтай гэрээ байгуулж, 2,5 сая  төгрөг  өгсөн, газрын гэрчилгээ гарсны дараа 2,5 сая төгрөг өгөхөөр болсон. 2017 оны 10 дугаар сараас би байшингаа барьсан. Гэтэл 2017-10-30-ны өдөр З.Цэлмэг над руу утсаар ярьж манай газар дээр байшин барьлаа гэсэн. Тэгээд би М.Алтанцэцэг рүү яриад та надад хүний газар өгсөн байна гэхэд тийм зүйл байхгүй гэсэн. М.Алтанцэцэгийг газрын албан дээр очиж шалгуулъя гэхээр өөрөө очихгүй байсан. Манай байшинг барьж байсан хүмүүс газрын маргаантай асуудал үүслээ гэхэд барьж байсан байшингаа зогсоосон. Би өөрөө ч хохирсон, хүний газар байсан бол байшин барихгүй байсан гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00826 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах Ү.Згийн эзэмшлийн газар барьсан 2 давхар дүнзэн байшинг буулгаж, А.Бын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1134 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульд заасан. Мөн хувь хүний нууцтай холбоотой эсхүл өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхэд хүсэлт гаргаж шүүх бүрдүүлэх хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн  төлөөлөгч З.Цэлмэг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/434 тоот шийдвэрийг үндэслэн Шарга морьтын зусланд 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон гэх газрын гэрчилгээний хуулбарыг хэрэгт гаргаж өгсөн байна. Би  Засаг даргын 2015 оны  А/434 тоот шийдвэр гарсан эсэхэд эргэлзэж, шүүх уг шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж өгнө үү гэхэд  шүүх татгалзсан. Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/434 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтийг иргэн М.Алтанцэцэг Нийслэлийн Засаг даргад гаргахад “иргэн Ү.З  дүүргийн Засаг даргын 2008 оны 162 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй байсан ба газар нь замын трассд орсон тул зүүн урагшаа шилжүүлж зургийн өөрчлөлт оруулсан” гэсэн хариу ирсэн. 2015 оны А/434 тоот шийдвэрийн талаар /огт дурдагдаагүй/ хариу ирээгүй байдаг. Иргэн М.Алтанцэцэг Захиргааны хэргийн шүүхэд Ү.Зн тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан эсэх болон захирамж гарсан нөхцөлд түүнийг хүчингүй болгох талаар хүсэлт гарган, захиргааны хэрэг үүсгэсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ү.З 2017-12-21-ний өдөр А.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд 700 м.кв газрыг чөлөөлүүлэх, баригдсан байшинг буулгахыг шаардсан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Ү.З нь маргааны зүйл болсон газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болох нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон байна.

       Газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.        

      А.Б нь Ү.Згийн эзэмшлийн газарт байшин барьсан нь тогтоогдсоноос гадна хариуцагч тухайн газрыг эзэмших эрхтэйг нотлох ямар нэг баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Газрын тухай хуулийн 25, 26, 27-р зүйлийн зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.  

       Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг хэлэлцэж 2018-02-08-ны өдөр 102/ШЗ2018/02246, 2018-03-07-ны өдөр 102/ШЗ2018/03443 дугаар захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 123, 105 дугаар зүйлийг зөрчөөгүй байх тул энэ тухай гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох  үндэслэлгүй байна. 

       Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00826 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1134 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ