Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2017/00053/И |
Дугаар | 73 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1962 оны 02 сарын 11-нд төрсөн, 55 настай, Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Бор бургаст нэртэй газар оршин суух Боржгон овогт Цамбын Ханджавын /РД:АГ62021105/ хүсэлттэй
Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Архангай аймгийн Барилга Угсралтын конторт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, тус аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 04 сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын салбарын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ханджав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1979 оны 03 сарын 15-ны өдрөөс 1988 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1988 оны 04 сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Гэрэлт зам нэгдэлд барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ханджав Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Архангай аймгийн Барилга Угсралтын конторт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, тус аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 04 сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын салбарын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Архангай аймгийн Барилга Угсралтын конторын даргын 1980 оны 04 сарын 21-ний өдрийн ажилтан, ажилчдад ээлжийн амралт олгох тухай 38 дугаар тушаалд:
1. ... б/Сонингомпилийн бригадын 1-д Ханджав ажлын 22 хоног,
- Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Архангай аймгийн Барилга Угсралтын конторын даргын 1982 оны 02 сарын 20-ны өдрийн ажилчин, албан хаагчдыг шагнах тухай 22 дугаар тушаал /Хавсралтад: Ханджав Гонгорсүрэнгийн бригад, 20 төгрөг/,
- Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Архангай аймгийн Барилга Угсралтын конторын даргын 1983 оны 06 сарын 22-ны өдрийн шагнал олгох тухай 89 дүгээр тушаал /Хавсралтын 2-д Ханджав 38=53/,
- Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа МХЗЭ-ийн Төв Хорооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медальт Архангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1984 оны 08 сарын 20-ны өдрийн илүү цагаар ажиллуулах тухай 152 дугаар тушаал /Хавсралтын 8-д Ханджав Угтаабаярын бригад/,
- Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа МХЗЭ-ийн Төв Хорооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медальт Архангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1985 оны 07 сарын 26-ны өдрийн шагнах тухай 150 дугаар тушаалд:
1. ... төлөвлөгөөгөө 111-131 хувиар биелүүлсэн ... Ханджав нарыг тус бүр баярын бичиг, 20 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай.
- Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Цамба овогтой Ханджавын тус аймгийн Барилга угсралтын конторт 1986-1987 онуудад нормчноор ажиллаж байсан үеийн цалингийн 06 дугаар тодорхойлолт,
- Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1988 оны 04 сарын 17-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 48 дугаар тушаалд:
4. Барилгын салбарын туслах ажилчнаар Ц.Ханджавыг 04 сарын 08-ны өдрөөс ... эхлэн түр авч ажиллуулсугай.
5. Барилгын ажилчин Ц.Ханджав ... нарт хөдөлмөр хамгааллын зааварчлага өгч, ажилласан өдрөөс нь эхлэн батлагдсан цалин хөлс олгохыг орлогч дарга инженер-механик Н.Дамдинсүрэн, ерөнхий ня-бо С.Нямсүрэн нарт үүрэг болгосугай.
- Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1989 оны 11 сарын 23-ны өдрийн нэмэгдэл чөлөө олгох тухай 112 дугаар тушаалд:
1. Барилгын ажилчин Ц.Ханджав 1989 оны 07 сарын 31-нд хүүхэд төрүүлж 56 хоногийн амралтаа эдэлсэн боловч цаашид хүүхдээ асрахаар хүсэлт гаргасан тул Ц.Ханджавд ээлжийн амралтыг 09 сарын 24-нөөс эхлэн 22 хоногоор, 10 сарын 15-наас 104 хоногийн нэмэгдэл цалинтай чөлөө олгосугай зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Ц.Ханджавын Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Архангай аймгийн Барилга Угсралтын контор болон тус аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Цамбын Ханджавын Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Архангай аймгийн Барилга Угсралтын конторт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, тус аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 04 сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын салбарын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Ханджавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН