Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2017/00080

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

xэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Улаан загалмайн хашаанд оршин суух, Жинчин овогт Өлзийбатын Өлзийжаргалд холбогдох 503421 төгрөг гаргуулахыг хүссэн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамж-47, Өөрийн байр-2 тоотод оршин суух, 2072572 дугаарын регистртэй, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30516407 тоот гэрээ байгуулан 99907737 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 503421 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 15420 төгрөг төлсөн болно...” гэжээ.

Хариуцагч Ө.Өлзийжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Өлзийбат овогтой Өлзийжаргал нь Мобиком корпорацитай гэрээ байгуулан 99907737 дараа төлбөрт дугаар дээр Samsung Galaxy J7 гар утсыг зээлээр авсан ба зээлийн төлбөр болон хэрэглээний төлбөр нийт 503421 төгрөгийг төлөх нь үнэн болно. Уг төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө төлж барагдуулна. Миний бие энэ асуудлаар давж заалдах гомдол болон анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нэргүй 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Өлзийбат овогтой Өлзийжаргалын төлбөр 503421 төгрөгийг нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө барагдуулна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ө.Өлзийжаргалаас 503421 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 503421 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15752 төгрөгний 50 хувь буюу 7876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7876 төгрөгийг улсын орлогоос, 7876 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 503421 /таван зуун гурван мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийг хариуцагч Ө.Өлзийжаргал төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15752 төгрөгний тал хувь буюу 7876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7876 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ө.Өлзийжаргалаас 7876 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА