Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2017/00054/И |
Дугаар | 40 |
Огноо | 2017-02-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2-р баг, Хярын өтөг гэх газар оршин суух Цорос овгийн Хүрэл-Очирын Энхжаргалын /РД:АИ61101703/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Энхжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ажилласан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр засвартай бичснээс болж ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний эвлэлийн батлах болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Төвшрүүлэх сумын аж ахуйн үйлчилгээнд 1986 оны 10-р сарын 02-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Б.Энхжаргал миний бие Архангай аймгийн Төвшрүүлэх сум сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээнд 1986 оноос 1991 оныг хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээрх тамга бүдэг, гарын үсэг зөрчилтэй байна гэсэн. Ажилд томилогдсон тушаал нь байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь байхгүй байгаа учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Би улсад нийт 20 жил ажилласан. Иймд миний Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээнд 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Энхжаргал нь Архангай аймгийн Төвшрүүлэх сум сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд Ахуйн үйлчилгээний төвийн ажилчдыг 1986 оны 10-р сарын 1-нээс тасалбар болгон Аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын мэдлээс гаргаж, Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйд Ахуйн үйлчилгээний төвийн мэдэлд шилжүүлсүгэй. Хавсралтанд: Х.Энхжаргал, албан тушаал эрхэлсэн ажил-оёдолчин гэсэн “Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвийн удирдах ажилтныг томилж, ажилчид шилжүүлэх тухай” Архангай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 10 сарын 29-ний өдрийн 304 тоот тушаал,
1.2. Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвийн хамт олон 1989 оны жилийн төлөвлөгөөт зорилтыг үзүүлэлт бүрээр сарын өмнө давуулан биелүүлж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг сайшаан тэмдэглэж, тус төвийн зарим тэргүүний ажилчин 40 хүнийг Аймгийн төвийн үйлдвэрт урьж, үйлдвэрлэлийн ажиллагаатай танилцуулж, үзвэрээр үйлчилж, хүн тус бүр 10 төгрөгний үнэ бүхий бэлгээр дурсгал болгон шагнасугай. Хавсралтанд: оёдолчин Энхжаргал, бэлгийн үнэ, мэндчилгээ-10 төг гэсэн “Төвшрүүлэх сум Сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвийн зарим ажилчдыг урамшуулан шагнах тухай” Архангай аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 01 сарын 06-ны өдрийн 11 тоот тушаал,
2. Х.Энхжаргалын 1979 оны 6 сар, 9-12 сар, 1980 оны 1 сараас 12 сарыг дуустал, 1988 оны 06 сараас 1989 оны 12 сарыг дуустал татвар төлснийг бичиж тэмдэг дарсан 409850 тоот үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
3. Гэрч Ц.Баасандуламын: “Архангай аймгийн Төвшүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төв нь Архангай аймгийн ахуй үйлчилгээний төвийн харьяа Төвшүүлэх сумын ахуй үйлчилгээний салбар байсан бөгөөд 1986 онд Төвшүүлэхийн сангийн аж ахуйд Ахуйн үйлчилгээний төв байгуулагдахад би нягтлан бодогчоор анх очиж ажиллаж, уг ажлаа 1991 оны 09 сарын 07-ны өдөр хүртэл хийсэн. Х.Энхжаргал нь Архангай аймгийн Төвшүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвийг салбар байхад нь ажиллаж байсан. Намайг Төвшүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 08 сарын 01-нд ажилд ороход Х.Энхжаргал нь тус төвд оёдолчноор ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн би Х.Энхжаргалтай 1991 он хүртэл Төвшүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд хамт ажилласан. Энэ хугацаанд Х.Энхжаргал нь өөр газар ажиллаж байгаагүй, тасралтгүй Төвшүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилласан” гэх мэдүүлэг,
4. Гэрч У.Туулын: “Би Архангай аймгийн Төвшүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор 1986 оны 11 сард ажилд ороход Х.Энхжаргал нь тус ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажилладаг байсан. Тэр үеэс би Х.Энхжаргалтай 1991 он хүртэл Архангай аймгийн Төвшүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор хамт ажилласан. Х.Энхжаргал нь Архангай аймгийн Төвшүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвөөс өөр газар ажиллаж байгаагүй, тасралтгүй Төвшүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилласан” гэх мэдүүлэг,
5. 1986 оны 08 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвийн ня-бо-оор томилон ажиллуулав, Архангай аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 8-р сарын 3-ны өдрийн 229-р тушаалаар; 1991 оны 09 сарын 07-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Төвшрүүлэх сумын Ахуй үйлчилгээний ня-богийн үүрэгт ажлаас чөлөөлж Төвшүүлэх дэх Нандин-Эрдэнэ хувийн үйлдвэрт шилжүүлэв, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр тушаалаар гэж бичиж, тамга дарагдсан гэрч Ц.Баасандуламын 089205 тоот хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
6. 1986 оны 11 сарын 05-ны өдөр Төвшрүүлэх сумын Ахуйн үйлчилгээний төвд түр оёдолчноор авч ажиллуулав, Төвшрүүлэх сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1986 оны 10 сарын 05-ны өдрийн 03 тоот тушаалаар; 1992 оны 01 сарын 04-ний өдөр хоршооны оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлж, Өргөө ХЭАА-н мэдэлд шилжүүлэв, Өргөө ББХК-ий даргын 1992 оны 01 сарын 04-ний өдрийн 02 тоот тушаалаар гэж бичиж, тамга дарагдсан гэрч У.Туулын 200555 тоот хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
7. ... 1986 оны 10 сарын 01-ний өдөр Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд Ахуйн үйлчилгээний төв байгуулагдсан тул сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвийн мэдэлд шилжүүлэв, Архангай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 10-р сарын 29-ний өдрийн 304 тоот тушаалаар; 1986 оны 10 сарын 02-ны өдөр ахуй үйлчилгээний төвд оёдолчноор авч ажиллуулав, Ахуй үйлчилгээний төвийн даргын 1986 оны 10-р сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар; 1991 оны 12 сарын 18-ны өдөр аж ахуйн нэгж өөрчлөгдсөн тул ажлаас чөлөөлөв гэж бичиж, тамга дарагдсан Х.Энхжаргалын 1978 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,
8. Тус архивын сан хөмрөгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төв, мөн Өргөө хоршооны материал шилжиж ирээгүй тул Хүрэл-Очирын Энхжаргалд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 510 тоот тодорхойлолт зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Х.Энхжаргалын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ц.Баасандулам, У.Туул нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан, гэрчүүдийн Архангай аймгийн Төвшрүүлэх сум сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсан тэдний хөдөлмөрийн дэвтэрт хийсэн бичилтээр тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Х.Энхжаргалын Архангай аймгийн Төвшрүүлэх сум сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан нь Архангай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 10 сарын 29-ний өдрийн 304 тоот тушаал, Архангай аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 01 сарын 06-ны өдрийн 11 тоот тушаал, 409850 тоот үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Ц.Баасандулам, У.Туул нарын нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Х.Энхжаргалын Архангай аймгийн Төвшрүүлэх сум сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор1986 оны 10 сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн болох нь Х.Энхжаргалыг 1986 оны 10-р сарын 1-нээс томилон ажиллуулсан “Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвийн удирдах ажилтныг томилж, ажилчид шилжүүлэх тухай” Архангай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 10 сарын 29-ний өдрийн 304 тоот тушаалаар тогтоогддог.
Хэрэгт хүсэлт гаргагчийн ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээнд 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан” гэх тайлбар, гэрч Ц.Баасандулам, У.Туул нарын мэдүүлэг, 1990 оны 01 сарын 06-ны өдрийн 11 тоот тушаалыг үндэслэн Х.Энхжаргалыг Архангай аймгийн Төвшрүүлэх сум сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор 1991 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Х.Энхжаргалын Архангай аймгийн Төвшрүүлэх-сум сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорос овгийн Хүрэл-Очирын Энхжаргалыг Архангай аймгийн Төвшрүүлэх сум-сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА