Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч С.Н , түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Н д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, овогт С.Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н  нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадна байсан иргэн Б.Б ийн агуулах савд багтах эд хөрөнгө байнга буюу түр хадгалах зориулалт бүхий хүн ачаа тээвэрлэхэд зориулсан тусгай зориулалтын Субару импреза маркийн ******* улсын дугаартай автомашинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч урд салон дээрх түрүүвчтэй бэлэн мөнгө болох 595 600 төгрөг, эд зүйл хулгайлж 305.000 төгрөгийн нийт 900600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :            

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч С.Н гийн мөрдөн байцаалтанд өгсөн

..Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-7 дугаар гудамжинд айлд хоноод маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед гэр рүүгээ орхоор уруудаад явж байхад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадаа үүдэнд саарал өнгийн Субару импреза маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Хажуугаар нь гарах гээд явж байхад машин дотор жолоочийн урд талын салон дээр эмэгтэй хүний түрүүвч байхаар нь жолоочийн эсрэг талын хаалгыг татаад үзэхэд онгойсон нөгөө түрүүвчийг аваад уг гудамжны үзүүрт очоод үзэхэд дотор нь бэлэн мөнгө байхаар нь гэртээ очсон. Тэгээд гэртээ ирчихээд гэрээсээ гарч “Тумбааш “нэртэй дэлгүүр орох замдаа түрүүвчнээс бэлэн мөнгийг нь аваад бусад зүйлийг нь түрүүвчийн хамт байшингийн орой дээр шидчихээд явж байтал цагдаад баригдсан. Бэлэн мөнгөн 595,600 төгрөг байсан. Эд зүйлийн хувьд иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 2 ширхэг, Төрийн банкны виза карт 1 ширхэг, Хас банкны виза карт 1 ширхэг, Монедон гинж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, арьсан түрүүвч 1 ширхэг тус тус байсныг эзэнд нь буцаан өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-54/,

Хохирогч Б.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн

   ... 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч банк орох ажилтай болоод Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашаанаас ******* улсын дугаартай субару импреза маркийн тээврийн хэрэгслийг гаргаад машин дотроо нөхрөө хүлээгээд гарч ирэхгүй удаад байхаар нь нөхрөө дуудах гэж машинаа түгжилгүй гэртээ орсон. Гэртээ ороод  10 гаран минут болоод нөхөртэйгөө гарч машинаа унаад банк руу явж байхдаа түрүүвчээ санаад хайтал машинд байхгүй байсан, буцаж гэр рүүгээ очиж түрүүвчээ хайтал гэрт байхгүй байсан. Би түрүүвчээ машиныхаа урд салон дээр ил тавьснаа санаж алга болсныг нь мэдээд цагдаад хандсан. Миний түрүүвчинд бэлэн 595.600 төгрөг, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт 2 ширхэг, төрийн банкны виза карт 1 ширхэг, хас банкны виза карт 1 ширхэг, монедон гинж 1 ширхэг 2.1 граммтай, мөнгөн гинж 925 сорьцтой хэдэн граммтай байсныг нь мэдэхгүй байна,...алдагдсан эд зүйл болон бэлэн мөнгөө бүгдийг нь тоо ёсоор нь буцаан авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн №122 дугаартай шинжээчий ... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 305 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 34/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / хх-ийн 1-2/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 06-10/, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55/, эд хөрөнгөтэй эсэх лавалгаа /хх-ийн 60/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 61/, дипозит дансны хуулга /хх-ийн 64-66, 74/, шүүгдэгч С.Н н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 67/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 75/, яллах дүгнэлтэнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 77-78/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад шүүгдэгчийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх биш харин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэж зүйлчлэх үндэслэлтэй байна.               

Шүүгдэгч С.Н  нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадна байсан иргэн Б.Б ийн хүн ачаа тээвэрлэхэд зориулсан тусгай зориулалтын Субару импреза маркийн ******* улсын дугаартай автомашинд  байсан түрүүвчтэй бэлэн мөнгө болох 595 600 төгрөг, эд зүйл хулгайлж 305.000 төгрөгийн нийт 900600 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч С.Н гийн.. хашааны гадаа үүдэнд саарал өнгийн Субару импреза маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан хажуугаар нь гарах гээд явж байхад машин дотор жолоочийн урд талын салон дээр эмэгтэй хүний түрүүвч байхаар нь жолоочийн эсрэг талын хаалгыг татаад үзэхэд онгойсон нөгөө түрүүвчийг аваад уг гудамжны үзүүрт очоод үзэхэд дотор нь бэлэн мөнгө байхаар нь гэртээ очсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-54/,

Хохирогч Б.Б ийн... хашаанаас ******* улсын дугаартай субару импреза маркийн тээврийн хэрэгслийг гаргаад машин дотроо нөхрөө хүлээгээд гарч ирэхгүй удаад байхаар нь нөхрөө дуудах гэж машинаа түгжилгүй гэртээ ороод нөхөртэйгөө гарч машинаа унаад банк руу явж байхдаа түрүүвчээ санаад хайтал машинд байхгүй байсан, буцаж гэр рүүгээ очиж түрүүвчээ хайтал гэрт байхгүй байсан. Би түрүүвчээ машиныхаа урд салон дээр ил тавьснаа санаж алга болсныг нь мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/  зэргээс үзэхэд шүүгдэгч С.Н  нь хохирогч Б.Б ийн хүн ачаа тээвэрлэхэд зориулсан тусгай зориулалтын Субару импреза маркийн ******* улсын дугаартай автомашинд  буюу тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх үзэх тул тухайн автомашины кабинд нэвтэрсэн арга, саад, хамгаалалтыг даван туулсан, түгжээ хаалт, дохиоллыг эвдсэн, салгасан байдал, санаа сэдэлт зэргийг харгалзан үзэхээс гадна тухайн хохирогчийн тээврийн хэрэгслийг хаалга түгжээгүй байсан нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд дээрх хулгайн  гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу  хэрэгт  дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч  гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас С.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ

Иймд шүүгдэгч С.Н г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,    хуулинд заасан хариуцлага оногдуулав. 

Уг гэмт хэргийн хохирогч Б.Б  хулгайд алдсан бэлэн мөнгө болон эд зүйл болох нийт  900600 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч С.Н  нь  бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Н  нь хохирогч Б.Б ийн хулгайлсан бэлэн мөнгө 595600 төгрөг болон эд зүйлсийг буцааж өгч / хх-ийн 21-22/, хохирлыг барагдуулсан,  хохирогч Б.Б  нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Н  нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн бүртгэгдээгүй байна.

Шүүгдэгч С.Н  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч С.Н г  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн , гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан,  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт шүүгдэгч С.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт С.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч овогт С.Н  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Н г 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Н  нь шүүхээс оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч   С.Н д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.БАЙГАЛМАА