| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2017/0149/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 38
|
|
Прокурор Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг
Шүүгдэгч Д.Б
Хохирогч М.А
Хохирогчийн өмгөөлөгч С.Алтантуяа
Нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Агийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Д.Бөд холбогдох 1712000270005 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Их зам хорооллын 4-415 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Алхан овогт Данаасүрэнгийн Батмөнх /РД:АО82011616/
Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 9 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Гүнж хорооллын 02-16А тоотод “Өөрийн ээж, ах нарыг доромжиллоо” гэх хувийн шалтгааны улмаас иргэн М.Атай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бөд холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ан овогт Д-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж;
Хохирогч М.А нь эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилснийг хангахгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж;
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч М.Агийн гаргасан давж заалдах гомдолд:
“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 124 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч А овогт Д-гийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хохирогч миний зүгээс ял хөнгөгдсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд миний эрүүл мэнд эрх чөлөөнд халдан улмаар толгойн тус газар чих шанаа руу гараараа цохисны улмаас баруун шанаа, чихний зөөлөн эдэд няцралт, баруун чихний хэнгэргэн хальс үрэвссэн, цоорсон, цуурсан, дээд уруул хэгзэрсэн зэрэг гэмтлүүд учирсан бөгөөд одоо миний чих дүлийрч, булаг гоожин, үрэвссэн, байнгын толгой өвдөөстэй, өвчин намдаах, эмчийн бичиж өгсөн эмнүүдийг уугаастай, халуун газар хэт суух, байх, ажиллахад хүндрэлтэй болсон. Мөн эмчилгээний зардалгүйгээс болж Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж, анхны тусламж авсан боловч 2 сая төгрөгийн хагалгаанд орж, эмчлүүлнэ гэхээр нь эмч нарын зөвлөгөөг аваад эмчилгээний зардалгүйгээсээ болоод эргэж ирсэн болно. Цаашид мөнгө төгрөг цуглуулж байж эмчилгээнд явах санаатай, энэ залуу өөрийнхөө ухамсраар эмчилгээний зардал өгчихгүй байгаа юм даа, давж заалд, гомдлоо гарга, юу олж долоодгийн гээд мөнгөтэй хүмүүст тохой чинээ ч гэмшил болдоггүй юм байна. 2017 оны 06 сараас өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүйгээс гэр бүлийн эдийн засаг хүндэрч, улам бие муудаж, эмчилгээ хийлгэх мөнгө төгрөг алга байна, одоогоороо өмхийрсэн дүлий чихтэй явж байгаа гомдлоо уламжилж байна. Эрүүл саруул, бие бялдар сайтай хүчтэй залу 500.000 төгрөгөөр торгуулчихаад хөгшин миний хажуугаар уучлалт ч гуйхгүй, доромжилж яваад нь гомдолтой байна. Хүний эрүүл мэндийг юугаар ч нөхөж болдоггүй юм байна. Иймд шүүгдэгч Д.Бөд оногдуулсан ял хөнгөдсөн байгаад давж заалдах гомдол гаргаж байна. Цаашид иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах болно.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
“Хохирогч М.Агийн гомдлыг дэмжиж оролцож байгаа. Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
”Нэгдүгээр саналаа дэмжиж байна. Нотлох баримтаа гаргаж өгвөл Д.Б мөнгийг нь төлнө гэж байгаа. 500.000 төгрөгөөр торгосон ялыг хөнгөдсөн гэж үзэхгүй байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг өөрчилж, ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт оруулах саналтай байна. М.А эмчилгээ хийлгэж байгаа учраас тогоочийн 300.000 төгрөгийн цалин хаана нь ч хүрэхгүй байгаа. Өөрөөсөө 10 гаруй насаар эгч хүнээсээ сайн дураараа уучлалт гуйж эмчилгээний зардал мөнгийг нь өгвөл их хэрэгтэй байна.” гэв.
Хохирогч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд миний эрүүл мэнд эрх чөлөөнд халдан миний толгой руу цохисон. Цохисны улмаас миний чих дүлийрч, булга гоожин, үрэвссэн, байнгын толгой өвдөж нойргүйдэлтэй байна. Байнга өвчин намдаах, эмчийн бичиж өгсөн эмүүдийг уудаг. Мөн эмчилгээний зардалгүйгээс болж Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж, анхны тусламж авсан боловч 2 сая төгрөгийн хагалгаанд орж, эмчлүүлнэ гэхээр нь эмч нарын зөвлөгөөг аваад эмчилгээний зардалгүйгээсээ болоод эргэж ирсэн. Намайг цохиж унагаагүй магасдаж унагаасан гэж ярьсан байсан. Би тогоочийн ажил хийдэг. Халуун газар байж, ажиллахад хүндрэлтэй болсон. Ажиллаа хийж чадахгүй байсаар сая 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа орсон. Улаанбаатар хот руу эмчилгээнд явж чихээ шаруулах болон чихний дусаагуур тусаах эмчилгээ хийлгэсэн. Хагалгаанд орох гэсэн боловч мөнгө байхгүй улмаас орж чадаагүй ирсэн. Хагалгааны зардал 1.500000 төгрөг хэрэг болж байгаа. Цаашид мөнгө төгрөг цуглуулж байж эмчилгээнд явах санаатай, Д.Б өөрийнхөө ухамсраар эмчилгээний зардал өгчихгүй давж заалд, гомдлоо гарга, юу олж долоодгийн гээд хэл амаар намайг доромжилсон.” гэв.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тухайн үед би 70 настай ээжийгээ өмөөрч тийм үйлдэл гаргасан. Манайд тухайн үед М.А согтуу орж ирж ээжийг хэл амаар доромжилж урдаас нь салаавч хүртэл гаргаж байсан. Тэр үйлдлийг нь зогсоох арга тэрнээс өөр олдоогүй. Би хажуу талын орон дээр хэвтэж байхад хохирогч 40-50 минут миний ээжийг доромжилсон. Өөрөө адилхан эмэгтэй хүн байж тийм үйлдэл гаргах нь зүй бус байсан. Тийм учраас би ээжийгээ хамгаалахын тулд хохирогчийг түлхсэн. Миний тэр үйлдлээс болж тэр гэмтэл учир нь гэж бодохгүй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Бөд холбогдох хэрэгт гаргасан хохирогч М.Агийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 9 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Гүнж хорооллын 02-16А тоотод “Өөрийн ээж, ах нарыг доромжиллоо” гэх хувийн шалтгааны улмаас иргэн М.Атай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Д.Бөд холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Алхан овогт Данаасүрэнгийн Батмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв болно.
Хэдийгээр анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэж байх үед 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хариуцлага нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагаас хүнд байсан боловч хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илүү хөнгөрүүлж буй эрх зүйн үр дагавар юм.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б нь 2017 оны 06 сарын 09-ны өдөр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба үйлдэл төгссөнөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд дээрх хуулийн заалтыг үндэслэн Архангай аймгийн прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсныг өөрчилж, шүүгдэгч Д.Бөд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 9 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Гүнж хорооллын 02-16А тоотод “Өөрийн ээж, ах нарыг доромжиллоо” гэх хувийн шалтгааны улмаас иргэн М.Атай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Бийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Бөд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Д.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Харин хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтыг шүүгдэгч Д.Бөд холбогдох хэргийг Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй гэж,
2 дахь заалтыг шүүгдэгч Алхан овогт Данаасүрэнгийн Батмөнхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,
3 дахь заалтыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй гэж,
4 дэх заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.