Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01560

 

 “Н” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01180 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1218 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Н” ХХК

         Хариуцагч: М.Жд холбогдох       

         Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 54.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч З.Ш, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2012-01-23-ны өдөр “Найман шарга интернэйшнл” ХХК-ийн захирал Н.Энхтуяа нь М.Жтай гэрээ байгуулж, компанийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамж, Бэрх уулын аман дахь 15000 м.кв талбай, амралт сувиллын зориулалт бүхий газрыг 300сая төгрөгөөр худалдсан. 2014-07-24-ний өдөр Н.Энхтуяа, М.Ж нар 243.740.000 төгрөгийг төлсөн талаар 20 гаруй төрлийн жагсаалт гаргаж тооцоо нийлсэн баримтыг үйлдсэн байдаг.   56.260.000 төгрөгийг Н.Энхтуяа авсан гэх  баримт байгаа учир уг хэмжээний мөнгийг нэхэмжлэхгүй. Н.Энхтуяаг гаргаж авахад 10сая төгрөг, Б.Чинтулгад өгөх газрын төлбөр  20сая төгрөг, Чинүүхээгээс 2.сая төгрөг, Рэмингтон буу 5сая төгрөг, өмгөөлөгч М.Энхжаргал 3.5сая төгрөг, Насан-Өлзийд 500.000 төгрөг, газрын байцаагчид 2сая төгрөг, ялын төлбөр 500.000 төгрөг, сэтгүүлд нийтлэл 700.000 төгрөг, Булганааг гаргахад 10сая төгрөг гэх  мөнгийг компани аваагүй тул  54.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч  хариу тайлбартаа: М.Ж нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамж, Бэрх уулын аман дахь 15000 м.кв амралт сувиллын газар эзэмших эрхийг худалдаж авсан. Гэрээний дагуу 300 сая төгрөг  төлөх үүрэг хүлээсэн. Тухайн үед “Найман шарга интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Н.Энхтуяа гэж хүн байсан. Түүнд 300сая төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд энэ талаар 2014-07- 24-ний өдөр М.Ж нь “Найман шарга интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагатай тооцоо нийлж, 243.740.000 төгрөг төлсөн талаар акт үйлдсэн. 2014-09-20-с 22-ны өдрийн хооронд 56.260.000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь Н.Энхтуяагийн гарын үсэг бүхий баримтаар нотлогдоно. 2014-07- 29-ний өдөр 10сая төгрөг, нийт гэрээний үүрэгт 300сая төгрөг  төлсөн учир 2014-09- 06-ны өдөр талууд төлбөр тооцоо нийлсэн. Нэхэмжлэгч  2014-07- 24-ний өдрийн актыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. Тухайн үед “Найман шарга интернэйшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Халиун, Э.Булганаа  маргаж байгаа бол компанийн гүйцэтгэх удирдлага болох Н.Энхтуяагаас хохирлоо шаардах ёстой. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01180 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Жгаас 54,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 710 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1218 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: 2014-07-24-ний өдрийн байдлаар Гачууртын амралтын төлбөрийг барагдуулсан гэх Н.Энхтуяа, М.Ж нарын үйлдсэн 243,740,000 төгрөгөөс Энхтуяаг гаргаж авахад 10сая  төгрөг,  Чинтулгад өгөх газрын төлбөр 20сая төгрөг, Чинүүхээгээс 2 сая төгрөг, Рэмингтон буу 5сая төгрөг, өмгөөлөгчид 3,5сая төгрөг, Насан- Өлзийд 500,000 төгрөг, газрын байцаагчид 2сая төгрөг, ялын төлбөр 500,000 төгрөг, сэтгүүлд нийтлэл 700,000 төгрөг, Булганааг гаргахад 10сая төгрөг гэсэн нийт 54,2сая төгрөг нь “Найман шарга интернэйшнл” ХХК-д огт төлөгдөөгүй, компанид хамааралгүй юм. Элгээр нь Н.Энхтуяад өгөгдөөгүй мөнгө, эд зүйл болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хуулбар, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан төлбөр тооцоо барагдуулсан талаарх баримт, бууны талаар цагдаагийн газраас авсан тодорхойлолт, Н.Энхтуяагийн өр төлбөрийн талаар хамгийн сүүлд буюу 2015-08-18-ны өдөр нотариатаар батлуулсан тодорхойлолт зэрэг баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон. Хариуцагч мөнгө болон эд зүйлсийг хэнд хэзээ өгсөн талаар нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  Иргэний хуулийн 236.5-г буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд нэхэмжлэлийг  хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Н ХХК нь 2018-01-16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, М.Жгаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 54,200,000 төгрөг гаргуулахыг шаардсаныг, /хх 1/ хариуцагч зөвшөөрөөгүй /хх 43/ байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

        Зохигчдын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Газар худалдах-худалдан авах гэрээ бичгээр хийгдэж, нэхэмжлэгчийг төлөөлөн Н.Энхтуяа нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хаягт байрлах 15000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлэх, М.Ж  300,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь тогтоогдож байна.

        Худалдан авагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн татгалзлыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.  

        Хоёр шатны шүүх зохигчдын хооронд газар эзэмших эрхийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 243, 260 дугаар зүйлд нийцжээ. 

         Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчаас 54,200,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөөгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүх нотлох баримтыг нэхэмжлэлийн хэмжээнд үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл, Иргэний хуулийн 211-р зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  шийдвэр, магадлалыг  хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01180 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1218 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 428.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ