| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0872/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/917 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/917
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Ж.Отгончимэг,
хохирогч В.О,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Бод холбогдох 2008018440998 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ... дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, Б овогт Г.Б /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод гэртээ хамтран амьдрагч В.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гараараа нүүр нүд рүү цохиж, хутгаар цээжинд нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
Мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч В.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж 2019 оны 05 сар, 2019 оны 09 саруудад, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа байнга үйлдэн зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Оыг зодсон. Мөн 2019 оны 5 сард түлхчихсэн чинь орны толгой мөргөөд толгойгоо хагалсан. 2019 оны 9 сард үстсэн, 2020 оны 2 сард машины түлхүүрийн асуудлаас маргаад нүүр лүү нь гараараа цохисон. Ер нь хардалтаас болж ийм асуудал үүсдэг.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч В.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Бтой архи хамт ууж байхад миний нүүр лүү цохиж зодсон. Заазуур аваад ална гээд байхаар нь салгаж аваад далд хийсэн. Тэгтэл хутга аваад хаана чинь дүрэх юм бэ гээд байхаар нь би албал алахгүй юу гээд тэр хутгыг нь өөрийнхөө цээжийг хатгасан юм. Өмнө нь намайг бас зодож байсан. 2019 оны 5 дугаар сард миний нүүр лүү цохиж зодсон, 2019 оны 9 сард үстээд нүүр лүү цохисон. 2020 оны 2 дугаар сард бас л адилхан үстээд зодсон. Ер нь намайг гэнэт л зодоод эхэлдэг. Бид 6 жил хамт амьдарсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Намайг зодох үед хажууд хүн байгаагүй, харсан хүн байхгүй. Өмнө нь бид 2 эгчийн хашаанд миний 5 ханатай гэрт хамт амьдардаг байсан, сүүлд нийтийн байраар амьдрах болсон юм. Зодох үедээ миний толгойг хагалж байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөн талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч В.Оын мэдүүлэг /хх-ийн 10-12х/, гэрч В.Нгийн мэдүүлэг /хх-ийн 23х/, гэрч В.Хын мэдүүлэг /хх-ийн 27х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5072 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30х/, яллагдагч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 52, 70-71х/, Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103х/, Г.Бын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 41х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107х/, үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа /хх-ийн 39х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 41х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-45х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хохирогч В.Отай 2016 оноос хойш 6 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа ба 2019 оны 5 дугаар сараас эхлэн хохирогч В.Оыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож бие махбодын хүчирхийллийг тодорхой давтамжтайгаар үйлдэн бэртэл гэмтэл учруулж байсан болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал,
Яллагдагч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч В.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж:
-2019 оны 05 сард ор луу түлхэж унагаж толгойг нь хагалсан,
-2019 оны 09 сард гудамжинд үстэж чирэн чулуугаар толгойг хагалсан,
-2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нүүр лүү нь гараараа цохиж зодсон,
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод гэртээ байхдаа гараараа нүүр нүд рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь:
Хохирогч В.Оын өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод гэртээ найз залуу Бын хамт байж байсан чинь манай найз Б ...орой 21 цагийн үед уусан архиныхаа халуунд намайг гэнэт үснээс зулгаахаар нь би “битгий миний үснээс зулгаа л даа, би маргааш ажилтай шүү дээ” гэсэн чинь “чиний ажил гэж юу байдаг юм” гээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгэхээр нь би “миний нүүр лүү битгий цохиоч” гэсэн чинь намайг ор луу түлхэж унагаагаад орон дээр хэвтүүлж байгаад миний дээр гарч суучхаад миний хоолойг боогоод байсан чинь би ухаан алдаад уначихсан байсан. ...Тэгээд би бүтэн сайн өдөр эгчдээ хэлээд гэртээ дуудсан юм, тэгсэн эгч ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Шанаа хавдаж, толгой их өвдөж байсан. Мөн Б над руу хутга гаргаж ирчхээд чиний хаана чинь дүрэх юм бэ гээд миний урдаас хутга бариад зогсоод байхаар нь би өөдөөс нь намайг албал алаач дээ гээд хутганых нь үзүүрээр цээж рүүгээ жаахан дүрчихсэн юм. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Б бид хоёр 2016 оны 09 сард танилцаад үерхэж байгаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Ханын материалын тэнд айлын хашаа түрээслээд хамт амьдрах болсон.
2019 оны 05 дугаар сард 3, 4 дүгээр хорооллын эцэст Зочид буудалд /нэрийг нь мэдэхгүй байна/ Б намайг дуудахаар нь очсон чинь Б хоёр найзтайгаа хамт архи, пиво уугаад сууж байсан ба Б надаас архинаас хийж өгөхөөр нь би уучхаад одоо явлаа гэсэн чинь Б намайг ор луу түлхэж унагаагаад би толгойгоо хагалаад ухаан алдаад сэрэхэд их цус гарсан, тэр орой Б өөрөө цагдаа, түргэн хоёр дуудаад зугтаагаад яваад өгсөн байсан. Тэгээд би гэмтэл орж толгойдоо оёдол тавиулаад гэмтлийн цагдаад бүртгүүлээд маргааш ирье гээд тэр чигтээ яваад өгсөн.
Тэгээд 2019 оны 09 сардаа намайг гэрт байхад Б согтуу орж ирээд ямар ч шалтгаангүйгээр гудамжинд үстэж унагаагаад чирээд хашаанд оруулж чулуугаар миний толгойг хагалж зодсон.
2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 12-14 тоотод гэртээ байхад Б согтуу гэрт ирэхдээ нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгсэн Б хашааны гадаа ахынх нь машин байсан чинь би машиныг нь бариад аваачиж өгнө, чи надаа машины түлхүүр өгөөдөх гэхээр нь би өгөхгүй, чи согтуу байж машин барьж яах гээд байгаа юм гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод харааж зүхээд миний нүүр лүү гараараа цохиж үүдэн хоёр шүд хугалж нэг шүдийг минь хөдөлгөөнтэй болгочихсон байсан. Мөн миний нүүр лүү гараараа цохиж нүүр хавдаж хөхөрсөн байсан. Тэр үед нь би цагдаад дуудлага өгөх гэсэн чинь намайг битгий цагдаад өгөөч, би шүдийг чинь янзлаад өгнө гэж хэлэхээр нь би чимээгүй өнгөрөөсөн юм. Тэгээд тэр үед манай эгч миний хоёр шүдийг янзлуулж өгсөн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 23-нд дахиж намайг зодохоор нь би эгчид хэлээд өргөдөл өгүүлсэн юм. Надад ямар ч баримт байхгүй, би эмчилгээ хийлгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч В.Нгийн: “...В.О нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зодуулсан байсан. Би 3 хоногийн дараа гэрт нь түрээсийн байранд нь ирсэн чинь Б нь гараад явчихсан, харин В.О ганцаараа байхаар нь би юу болсон бэ гэтэл Б намайг зодчихлоо гэхээр нь би чамайг зүгээр байхад чинь зодсон юм уу гэтэл намайг ажилд явуулахгүй, чи ямар ажил хийдэг юм бэ гээд зодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
Гэрч В.Хын: “...О, Б нар нь хамт амьдардаг ба Б, Оыг ажилд нь явуулахгүй гэж зодсон гэсэн. Өмнө Б, Оыг цохиж зодож байсан гэж О өөрөө надад хэлж байсан гэхдээ эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5072 дугаартай шинжээчийн: “...В.Оын биед цээжинд хатгагдсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх нь шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30х/,
Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...В.Отай үерхээд 5 жил болж байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа ямар нэгэн хүүхэд байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод найз бүсгүй В.Оын хамт ...авчирсан архийг нь хувааж уугаад бид хоёр маргалдаж эхэлсэн. В.О хэд хоногийн өмнө хоёр залуутай хамт архи уусан гэж сонссон болохоор би архиныхаа халуунд тэр явдлыг нь мэдээд уурлаад В.Оыг цохиж авсан.
2019 оны 05 дугаар сард хорооллын эцэс нэг буудалд байхад нь маргалдаж байгаад В.Оыг түлхсэн чинь орны толгой мөргөөд толгойгоо хагалахаар нь би түргэн дуудаж өгчхөөд яваад өгсөн.
2019 оны 09 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалд байхад зодож байсан. 2020 оны 02 сард Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байхад би архиныхаа халуунд ахынхаа машиныг аваачиж өгнө гээд В.Оаас машиных нь түлхүүрийг нэхсэн юм, тэгээд өгөхгүй гэхээр нь нүүрэн тус газар нь гараараа цохиж үүдэн шүдийг нь гэмтээсэн юм. Тэр үед ямар нэгэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй цагдаад шалгуулаагүй.
Мөн 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ таксины мөнгө байвал өгчих гэсэн чинь байхгүй гэхээр нь би толгой руу нь цохиж авч байсан. Тэр үед би цагдаагийн байгууллагаар шалгуулаад хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.
...В.О надаас эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг нэхээгүй болохоор би мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл,
шүүгдэгч Г.Б нь хохирогч В.Оыг зодсон гэх цаг хугацаануудад хажууд нь байж тухайн үйл явдлыг харсан, үзсэн гэрч байхгүй хэдий боловч гэрч В.Н, В.Х нар нь “хохирогч В.Оыг зодуулдаг” байсан талаар сонсож байсан талаараа мэдүүлэгтээ дурдсан, мөн хохирогч нь өөрийн зодуулсан гэх цаг хугацаа, хэрхэн зодсон, ямар бэртэл гэмтэл авч байснаа тодорхой дэс дараатай мэдүүлсэн нь шүүгдэгчийн мэдүүлэгт мөн адил дурдагдсан, хохирогчийг дээрх цаг хугацаануудад зодож байснаа үгүйсгээгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Б, хохирогч В.О нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 5 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Г.Б нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг 3-аас дээш удаа үйлдсэн, хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, элдэв хараалын буюу ёс бус, бүдүүлэг үгээр дайран давшлах, дээрэнгүй хандах, гутаан тохуурхах, басамжлахад чиглэгдсэн үг ба үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул Г.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч В.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Иймд шүүгдэгч Г.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч В.О нь шүүгдэгч Г.Боос өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Бод оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,
Хохирогч нь “...саналгүй” гэж,
Шүүгдэгч нь “...миний буруу учир, прокурорын санал болгосон ял дээр хэлэх тайлбар алга” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийнхаа эсрэг байнгын шинжтэй бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийдэг, санаачлагаараа хохирол төлөх, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч байгаагүй, мөн шүүгдэгч Г.Бын хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /240:8=30 хоног/ буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Г.Бын биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Г.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутай тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Быг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ